Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Конор МакГрегорын 100 сая долларын дараахь амьдрал

Ирланд залуу тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн байна


Холимог тулааны UFC холбооны аварга Конор МакГрегор, мэргэжлийн боксын домог Флойд Мейведейр нарын тулаан түүхэн дэх хамгийн их ашиг олсон тоглолтын нэг болсон билээ. Нийт орлого 600 сая гаруй доллар болсон бөгөөд ийм их орлого олоход ирланд залуугийн гүйцэтгэсэн үүрэг их байлаа. Конор энэ тулаанаас 100 гаруй сая доллар авсан гэх бөгөөд түүнээс хойш рингэнд гараагүй байгаа. “Зууны тулаан”-ы дараа тэр юу хийж байна?

Зарлага

Спортын түүхэн дэх хамгийн их мөнгө олсон хүн юу хийнэ гэж бодож байна? Тэр тусмаа Конор шиг тансаглах дуртай хүн. Ирланд залуу тэр дороо л мөнгөө үрж эхэлсэн байна. Эхлээд Ибица аралд очиж, найзынхаа хуримын ёслолд оролцсон. Навчин тамхи зуун, Газрын дундад тэнгист далбаат завьтай зугаалж яваа зураг нь цахим сүлжээгээр цацагдсан.
Үе үе найзуудаа бүх мөнгийг нь даан, хүлээн авалт үдэшлэг хийдэг болсон.

Нэгэн тийм зугаалгын үеэр Конор Оросын тэрбумтан Андрей Мельниченкогийн далбаат онгоцыг олж харсан юм. 500 сая долларын үнэтэй гэх тус хөлгийг сайн харахын тулд МакГрегор бүр тулж очжээ.
“Дэлхийн хамгийн үнэтэй далбаат хөлөг. Орос тэрбумтных гэнэ. Энэ хөлгийг хараад миний нүд нээгдсэн. Би хангалттай баян биш юм байна гэж бодсон” гэж Конор цахим хуудсандаа сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өнгөрсөн жилийн зун МакГрегор “Оны хамгийн орлоготой тамирчдын жагсаалт”-д Криштиану Роналдуг даван гарна гэж амалсан. Нэр төртэй биелүүлсэн. Одоо түүний зорилго 2018 онд орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлэх. Өөрийн нэрийн костюм, виски, "McGregor Entertainment”-ийн бизнес төслүүд, ивээн тэтгэгчдээс орж ирэх мөнгө гээд хараад байхад энэ зорилго ч тийм биелэхээргүй эд биш юм.

Хүүхдээ загалмайлсан

Ой ч хүрээгүй байгаа Жек Конороо загалмайлахын тулд тэр Дублиний захад байдаг дундад зууны Луттреллстоун цайзыг хөлсөлсөн. Цайзын эргэн тойронд амьтны хүрээлэн, парктай. Ёслолд түүний хамаатан садан, анд нөхөд гэсэн 100 орчим хүн оролцсон.

Энэ үеэр тэр “Хүүгээ том болохоор тамирчин болгоно. Би дасгал хийлгэж эхэлсэн. Тавхан сартай ч тэнцвэрээ олдог, суудаг болоод байгаа. Миний хүү том амжилтад хүрэх онцгой хүүхэд гэдэгт би эргэлзэхгүй байна. Түүнийг заавал тулаанч бол гэж шахахгүй. Өөрөө хүсвэл би мэдээж баярлана. Ер нь тэр өөрөө ирээдүйгээ шийднэ. Гэхдээ ямар ч гэсэн сайн зодолддог эр хүн болно” гэж мэдэгдсэн юм.

Өөрийнхөө тухай киноны нээлтэд оролцсон

Энэ зун Холливудын “Universal Pictures” студиэс МакГрегорийн тухай баримтат кино хийсэн. Кино Конорын тулааны урлагаар хичээллэж эхэлж байгаагаар эхлэн Флойдтой хийсэн тулаанаар дуусдаг. Кинонд түүний эхнэрээс гадна UFC холбооны тэргүүн Дана Уайт,  Арнольд Шварцнеггер, UFC-ийн тулаанч Жозе Алдо нар оролцсон байна. 11 дүгээр сарын эхээр болсон нээлтэд Конор өөрийн биеэр очсон.

Ижил хүйстнүүдээс уучлал гуйсан

Оросын тулаанч Артем Лобов бол Конорын эртний анд, бэлтгэл хангагч нь. Аравдугаар сарын 21-нд Польшид болсон тэмцээнд Артем Америкийн Андре Филид ялагдсан. Лобовыг дэмжихээр очсон Конор тулааны дараа “Би чамайг түүнийг боогоод ялчих байх гэж бодож байлаа. Фили бол гомо. Бүгд түүнийг гомо гэдгийг мэднэ” гэж хэлж байсан нь бичлэгт үлдсэн.

Барууны хэвлэлээр энэ талаар маш их шуугисан. Ингээд тэр уучлал гуйхаас өөр аргагүй болсон билээ. “Би ижил хүйстнүүдийг доромжлохыг хүсээгүй. Би ижил хүйстнүүдийн хуримыг эртнээс дэмжиж ирсэн. Хэлсэн үгэндээ уучлал гуйж, энэ бүхнийг мартаад цааш хөдөлмөөр байна” гэж Конор ярьсан.

Шүүгчтэй муудалцсан

Польшид болсон тэр тэмцээнд Конор хэлсэн үгнээсээ гадна хийсэн үйлдлээрээ бас олны анхаарлыг татаад авсан. Лобовын тулааны үеэр тэр байн байн үзэгчдийн суудлаас босон, хашгарч байв. Шүүгч түүнд сануулга өгөхөөс өөр аргагүйд хүрсэн.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа Ирландад болсон “Bellator 187” тэмцээн дээр багийн анд Чарли Уордыг дэмжихээр очсон. Уорд хүнд цохилтоор ялсны дараа МакГрегор баяр хүргэхээр торонд орсон нь шүүгчид таалагдаагүй, зогсоох гэж оролдсон.

Харин эсрэгээрээ шүүгч Конорт огт таалагдсангүй, тэр шүүгчтэй нэгийгээ үзэхээр дөхөн очсон ч хүмүүс салгаж, зарим нь Конорын нударганы амтыг амссан. Дараа нь шүүгч Марк “Конор намайг Бирмингемд хайж олно шүү” гэж сүрдүүлсэн гэж ярьж байв.

Дараагийн өрсөлдөгчөө сонгож ядаад л

МакГрегор хэдэн жилийн өмнө UFC-д хувь эзэмшинэ гэж ярьж байхад итгэх хүн байгаагүй бол одоо түүний нөлөө маш их байгаа тул  Дана Уайт ч энэ талаар бодож эхлээд байгаа.

Мейведертэй тоглосныхоо дараа Конор маш олон өрсөлдөгчийн нэрийг дурссан. ОХУ-д Хабиб Нурмагомедовтой, UFC-ийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа Тони Фергюсонтой, Пол Малиньяжитэй боксын тоглолт, Флойд Мейвезертэй холимог тулааны дүрмээр, Жастин Гетжи гээд л олон төсөл түүний толгойноос урган гарч байлаа.
Зарим үед зодог тайлна гэж ч хэлж байсан удаатай.

Гэхдээ түүнийг хүмүүс зодог тайлуулахгүй бололтой. Их мөнгө олдог болохоор нь түүнтэй тулалдахыг хүсэх хүн олон. Конорыг ирүүл тулаанд дуудагчид дунд тун сонин хүмүүс ч бий. Усанд сэлэлтийн олимпийн аварга Майкл Фелпс түүнийг усан зам дээр өрсөлдөхийг урьж, 50 метрийн өмнөөс ч сэлж болно гэж хэлсэн. 44 настай боксчин Оскар де ла Хойя ч түүнийг боксын тулаанд дуудаж, 2 дугаар үед унагаана гэж амлаад байгаа.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
18
35
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.