Хайх зүйлээ бичнэ үү

мин

16 өдөр 16 блог: Бусдад “ҮГҮЙ” гэж хэлэхээс өмнө

Бид эрхээ хамгаалахын тулд “үгүй” гэж хэлэх нь зүйтэй хэдий ч бусдад үгүй гэж хэлдэгчлэн өөрсдөдөө ч мөн “үгүй” гэж хэлж сурах нь чухал.


Өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн амьдралд нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд талаас олон эерэг өөрчлөлт гарч, эрүүл мэндийн үзлэг оношлогооны үйлчилгээ сайжирч, УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэж, эх хүүхдийн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт гэх мэт үзүүлэлт дээшилсэн. Гэсэн хэдий ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэх нь нийгэмд тулгамдаж буй асуудал хэвээр байна. Энэ жилийн хувьд охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хүрээнд consent буюу зөвшөөрөл мөн эмэгтэйчүүд “үгүй” гэж хэлэх эрхтэй сэдвийн хүрээнд 16 өдрийн аян зохион байгуулагдаж энэхүү товч эргэцүүллийг та бүхэнтэй хуваалцах боломж гарсанд баяртай байна.

ЮУНЫ ТҮРҮҮНД, ТА ӨӨРИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХЫН ТУЛД БУСДАД “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛДЭГЧЛЭН ӨӨРТӨӨ ХЭР ИХ “ҮГҮЙ” ГЭЖ ХЭЛДЭГ ВЭ?

Бид эрхээ хамгаалахын тулд “үгүй” гэж хэлэх нь зүйтэй хэдий ч бусдад үгүй гэж хэлдэгчлэн өөрсдөдөө ч мөн “үгүй” гэж хэлж сурах нь чухал. Энэ нь бидэнд аливаа хүнд нөхцөл байдалд орохоос урьдчилан сэргийлэх боломж олгохоос гадна өөрийн үнэ цэнээ илүү ихээр ойлгож мэдэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Ихэнх тохиолдолд бид бусдыг өөрчлөх гэж оролдох нь тийм ч их амжилт олдоггүй учир аливаа өөрчлөлтийг хүн өөрөөсөө эхлэх нь ухаалаг эхлэлийн үндэс болов уу.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр эмэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж буурч байгаа хандлага ажиглагдах болсон бөгөөд энэ нь эмэгтэйчүүд бид өөрсдөө хэн гэдгээ умартсанаас үүдэж байж мэдэх юм. Урьд нь нийгэмд хүн үнэ цэнэтэй байсны энгийн жишээг дурдахад: ахмад хүнийг өөрийн аав эсвэл ээж шиг төсөөлж хүндэлж харьцах, өрөөлийн гэлтгүй балчир бага насны хүүхэд амнаасаа зохисгүй үг гаргавал хүүхдээ мэт зэмлэн засдаг байсан сан.

Гэтэл өнөөдөр хүнийг “танилцмаар хөөрхөн царай явж байна”,“унтмаар секси гоё бие явж байна”,“зугаацмаар хөнгөмсөг хүүхэн”, “ашигламаар ядарсан эмэгтэй” гэж харах, өөрөөр хэлбэл хүнийг субьект бус объект болгох нь олширч, энэ нь хэвийн зүйл мэт болон хувирчээ. Энгийнээр хэлэхэд, уг хүнээс identity буюу хувь хүний “тодорхойлолтыг” салгасаар байгаа нь харамсалтай. Бид юуны түрүүнд ээж аавын төрүүлж өсгөсөн нандин охид, хэн нэгний эгч эсвэл дүү, хэн нэгний хайртай хань, хүүхдүүдийн халамжит ээж билээ!

Нэг өдөр хажууд явсан хосын яриа тод сонсогдсон бөгөөд залуу нь бүсгүйтэйгээ ярих тоолондоо хараал урсгаж байв. Ямар ч хүн өөртэй нь, эсвэл өөрийнх нь дэргэд ёс бус үг хэллэг, авир гаргаж байхад тааламжтай байхгүй нь ойлгомжтой. Тиймээс эмэгтэйчүүд бид ийм байдалд орохгүйн тулд тааламжгүй байгаагаа илэрхийлж сурах хэрэгтэй юм. Өөрийг тань үл тоомсорлосон, үл хүндэлсэн харилцааг тэвчих, хүлээж авах хэрэг юун? Түүний оронд “Би ийм харилцааг хүлээж авахгүй, үгүй” гэж өөртөө хэлж, өөрийгөө хүндэлж, хил хязгаараа хамгаалах нь зохистой.

Өөртэйгээ үл хүндэтгэлтэй харьцахыг зөвшөөрөхгүй байхын учир нь та хүндэтгэл авах эрхтэй нэгэн юм. Энэ нь та өөрийнхөө тухай хоосон эсвэл хийсвэр бус бодит үнэлэмж, хайр, хүндлэлд суралцах талаар бөгөөд өдөр бүр та өөрийгөө хэрхэн яаж  харахаар тодорхойлогдоно. Үүнд төлөвшил, хүмүүжил орохоос гадна тэр бүр ач холбогдол өгдөггүй зүй бус үйлдлүүд нь эмэгтэйчүүд бидний үнэ цэнийг унагаж байдаг. Бусадтай эрүүл бусаар өрсөлдөх, зөв бусаар харьцах, эрхэмлэх үнэт зүйлсгүй байх, өөртөө сэтгэл хангалуун бус байх зэргийг энд дурдаж болно. Тухайлбал,  хэрхэн биеэ авч явах нь хүнээс ямар харилцаа хандлага авахыг шийдэхэд нөлөөлдөг хэдий ч бидний жинхэнэ үнэ цэнийг бусад нь биш, харин бид өөрсдөө бий болгодогт гол учир оршино.

Үнэ цэнийн тухайд хэтрүүлсэн ч биш эсвэл дутаасан ч биш харин яг бодит үнэ цэнээ ойлгох шаардлагатай. Үзэмжээр далдлагдсан өнөөгийн нийгмийн үнэлгээгээр бол хэрэв эмэгтэй та секси сайхан биетэй бол “сайхан нь”, сошиал медиагаар их тандалттай бол “хамгийн нь”, томоохон байгууллагад өндөр боломжийн ажил эрхэлдэг, олон найзтай бол “амжилттай нь”, сураггүй газар үйлчилгээний ажилтан хийвэл “ядарсан нэгэн” болж, хэн нь хэт сэргэлэн зан гаргаж урдуур хойгуур гүйнэ тэр нь “чадсан нь” гэж бодож байна уу? Энэ бүгд бодит бус үнэлгээ бөгөөд эдгээр нь таны үнэ цэнийг тодорхойлох ёсгүй юм. Өөрийн жинхэнэ үнэ цэнээ мэдээгүйн улмаас бид бусадтай боловсрол, өмссөн зүүсэн, явсан газар, хийж буй ажил, орлого зарлага, авъяас чадвар, ололт амжилтаар шууд харьцуулалт хийж эхэлдэг. Эдгээрийн аль нь ч таныг тодорхойлох, эсвэл бусдад өөрийгөө нотлох зүйл биш юм.  Амьдралд өөрийн бодит үнэлгээгээ олж амжилгүй нийгмийн бий болгосон бодит бус үнэлгээнд төөрөх нь элбэг. Энэ бол таны амьдрал учир та өөрөө өөрийгөө үнэлж сурахгүй бол бусдад үнэлүүлэх гэсээр өөрийнхөө жинхэнэ үнэ цэнээ алдаж мэднэ.

Анхаарах зүйл гэвэл “үгүй” гэдэг нь зөвхөн эцсийн мөчид хэлэх үгийн тухай биш юм. Та өөрийн эрхэм үнэ цэнээ мэддэг бол эрх мэдэл, байр сууриар далайлгагч, оюун санааны дарангуйлагч хэн нэгнээр хил хязгаараа тогтоолгох бус, өөрт тавих хил хязгаарыг өөрөө тогтоож, өөрийн сайн сайхны төлөө “үгүй” гэж хэлэх цаг иржээ.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блог нийтлэлийг бичсэн Ч.Цэлмүүн Нийгмийн Эрүүл Мэндийн Докторант, дуучин юм. 16 өдрийн аян нь жил бүрийн 11 сарын 25-нд буюу Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх өдрөөс эхлэн 12 сарын 10-нд буюу Дэлхийн хүний эрхийн өдөр хүртэл 16 өдрийн турш үргэлжилдэг билээ. 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
2
13 цагийн өмнө
Криштиано Роналду цар тахлын үеийн цалингаа нөхөж авахаар заргалдаад яллаа
3
15 цагийн өмнө
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
3
28
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.