Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

С.Баасанбат: Хүчирхийлэл үйлдэх үзэл хандлага өөрчлөгдсөн цагт л үйлдэл өөрчлөгдөнө

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ярихдаа бид зөвхөн нэг талын асуудлыг л хөндсөөр ирлээ. Харин одоо хүчирхийлэл үйлдэгчдийн тухай ярих цаг ирсэн байна.


Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ярихдаа бид хохирогчийг хамгаалах, хохирогчид үзүүлэх үйлчилгээ гэх зэргээр зөвхөн нэг талын асуудлыг л хөндсөөр ирлээ. Харин одоо хүчирхийлэл үйлдэгчдийн тухай ярих цаг ирсэн байна. Хариуцлага тооцох, зан үйл, дадал зуршлыг нь өөрчлөх зэргээр хүчирхийлэл үйлдэгчидтэй ажиллаж эхлэхгүй л бол хохирогчийг хамгаалах тухай асуудлыг мянга яриад хүчирхийллийг таслан зогсоож чадахгүй. Энэ асуудлаар “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбаттай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд “Зан үйлийн албадан сургалт”-д хамрагдах хуулийн заалт орж ирсэн. Үүний гол үзэл баримтлал, бодлого юу вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол барих хорихдоо гол биш. Харин олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх, соён гэгээрүүлэх, гэр бүлийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах өвөрмөц хэрэгцээг харгалзан боловсруулагдсан хууль.  

Гэр бүлийн хүчирхийлэл бол эхнэр нөхрийн үнэрхэл тунирхал, зөрчил зөрөлдөөнтэй холбоотой, өөрсдөө шийдвэрлэчих хэмжээний асуудал биш. Тийм учраас төр энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хөндлөнгөөс оролцох ёстой. 

Хэн хэндээ эрсдэл учруулж болохуйц, “Гурван Д” буюу Давтагддаг, Даамжирдаг, Далд явагддаг хохирогчийн сэтгэл зүйд хайр, айдас, итгэл найдварын мэдрэмж төрүүлж байдаг, нэг хүнээс хүчирхийлэл энхрийллийн харилцааг нэгэн зэрэг хүртэж байдгаараа байнгын эргэлзээ төрүүлж, “чөтгөрийн тойрогт” эргэлдэж, сэтгэцийг цочроож гэмтээж, архагшуулдаг хоруу чанартай эрүүл бус хаалттай харилцааны тухай асуудал юм.  

Гэр бүлийн хохирогч хүчирийлэл үйлдсэн хүнээ  арга барагдаж, хүчин мөхөсдсөн, бэртэл гэмтэл авсан, согтуугаар агсам тавьсан үед л цагдаад мэдэгддэг. Гэсэн хэдий ч  хохирогчид хүчирхийлэгчдийг баривчлуулж, хориулаад байхыг хүсдэггүй. Харин зөвхөн хүчирхийлдэг зан үйлийг засаж, хамтдаа айх айдасгүй амар амгалан амьдралаа үргэлжлүүлэхийг, аль эсвэл салсан ч эргээд өөрт нь дарамт учруулаад байхгүй болгож өгөөсэй л хүсдэг. Энэ хэрэгцээг харгалзан хуульд тусгайлан оруулж өгсөн байдаг.

-Хүчирхийлэл үйлдэх зан үйл засрах боломжтой юу?

-Засарна. Хүчирхийлэл үйлдэгчийн хувьд өөрийгөө хянах, шүүн тунгаах чадваргүй психоз буюу сэтгэцийн эмгэгүүд, архинд донтох эмгэг, солиорол, тэнэгрэл, психопат буюу нийгмийн эсрэг шинжтэй төрх үйлийн эмгэггүй л бол засрах, ухамсарлах боломжтой. Судалгаанаас үзэхэд 98 хувь нь эрүүл сэтгэцтэй, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Манай  улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60-70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байсан. 

-Зан үйлийн сургалтын хамгийн гол онцлог юу вэ? 

-Энэ бол мэдлэг олгох сургалт биш, зөв бурууг шүүх, тэгэх ёстой ингэх ёстой гэж сургааль номлол айлддаггүй, хуулиар далайлгаж айлгах ажил огт биш. Хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг, өдөөдөг бүр бага балчираасаа эхлэн тогтож ирсэн үзэл бодол, итгэл үнэмшилд задлан шинжилгээ хийж, эсэргүүцлээс эргэцүүлэх, бодож эхлэх, хүлээн зөвшөөрөх, өөрчлөгдөх шийдвэр гаргах, үйлдэл хийх, дахих, дадал болгох гэх мэт гурваас долоон үе шатыг дамжиж, ингэхдээ тухайн хүний үнэт зүйл дээр дэнчин тавьж, нарийн дараалал схемээр ажилладаг сэтгэл зүйн нарийн технологи юм. Энэ ажлыг ерөнхий сэтгэл судлал төгссөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, магадгүй нийгмийн ажилтан магистр, доктор ч хийхгүй, тэд тусгайлан бэлтгэгдэж байж хийдэг ажил.

-Таны бодлоор энэ сургалтыг үндэсний  хэмжээнд яаж нэвтрүүлэх хэрэгтэй вэ ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2016 онд батлагдаж 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж байгаа. Уг хуулинд албадан ба сайн дурын гэсэн хоёр хувилбартай сургалтад хамрагдах хуулийн хариуцлагын нэг хэлбэр болж орж ирсэн. 

Албадан саатуулах байранд 7-30 хоног баривчлагдан саатуулагдаж буй иргэд ба Гэмт хэргийн тухай болон бусад холбогдох хорих ангид  ял эдэлж буй иргэдэд ШШБЕГ-ын болон ЦЕГ –ын сэтгэл зүйчид, Хүүхэд, гэр бүлийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн цагдаагийн ажилтнууд энэхүү 50 цагийн 20 цуврал сургалтыг  хийхээр төлөвлөгдөж, бэлтгэгдэж эхлээд байна.    

Бидний энэ яриад байгаа сургалт бол илүү эрчүүдийн сэтгэл зүй, жендэрийн буюу нийгэмд тогтсон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үүрэг үнэлэмж, үзэл хандлага, зан үйлийг засах чиглэлээр тусгайлан боловсрогдсон байгаа.

Цаашид  хүүхдээ хүчирхийлдэг эцэг эх, асран хамгаалагчдын эрхийг түтгэлзүүлэх, хасах хүртэлх эрхзүйн асуудал хөндөгдөж байгаа бөгөөд мөн л албадан ба сайн дурын сургалтад хамрагддаг болно. Эхнэр нөхөр хоорондын хүчирхийллээс эцэг эхийн сургалтын агуулга огт өөрөөр, тусгайлан боловсруулагдаж, мэргэжилтнүүд тусгайлан бэлтгэгдэх учиртай гэдгийг зориуд хэлье. Манайхан зан үйлийн сургалтыг мэдлэг олгох, харилцааны боловсрол олгох сургалттай хольж хутгаж ойлгоод байдаг. 

Одоогийн байдлаар Японы Хүүхдийг Ивээх Сан, Дэлхийн зөн байгууллагууд  Эерэг хүмүүжлийн арга сургалтын хөтөлбөр боловсруулаад туршаад эхэлчихсэн байгаа.  Цаашдаа илүү зан үйл заслын чиглэл рүү нарийн мэргэжлийн болж хөгжинө гэж найдаж байна.  

-Энэ заалт яг одоо бодит амьдрал дээр хэрэгжиж, үр нөлөөгөө өгч чадаж байна уу?

-Огт хэрэгжихгүй байгаа гэж хэлэхгүй ч, яг шинжлэх ухааны үндэслэл, стандартаараа хэрэгжиж чадахгүй байгаа. Иймд манай байгууллага мэргэжил, арга зүйн тусламж үзүүлэх зорилгоор, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын гарын авлага, сургагч бэлтгэхээр ажиллаж байна.

Сургалтдаа 21 аймгийн цагдаагийн сэтгэл зүйч, хорих ангийн сэтгэл зүйч, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн байцаагч, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд зэрэг холбогдох байгууллагуудын хүмүүсийг хамруулан, нэгдсэн ойлголтод хүрч, энэ хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй, мэргэжлийн төвшинд явуулах тал дээр анхаарал хандуулж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг яаж хулгай, дээрэм хийж, гудамж талбайд танхайрч байгаа хэрэгтнүүдээс ялгаж авч үзэх тухайд бид бүгд ярилцах хэрэгтэй байгаа юм. Ингэж байж л бид зан үйлийн сургалтаас үр дүн хүлээж, хүчирхийлэл үйлдэгчийг засран, өөрчлөгдөх зам руу нь татан оруулж чадна.

Бид арваннэгдүгээр сарын 20-нд хуулиар тусгайлан үүрэг хүлээсэн байгууллага, мэргэжилтнүүдийг нэгдсэн ойлголтод хүргэн семинар зохион байгуулсан. Цаашдаа энэ чиглэлээр тусгайлан үүрэг хүлээсэн, 21 аймгийн мэргэжилтнүүд, тэр дундаа Цагдаагийн албан тушаалтнуудыг, дараагийн ээлжинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын сэтгэл зүйч нар, нийгмийн ажилтнууд, энэ чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа төрийн бус байгууллагуудыг сургагч бэлтгэх сургалтдаа татан оролцуулна.

-Эхнэр, нөхөр хоёулаа бие биеэ гэмтээсэн тохиолдол гардаг. Ийм үед хэн хохирогч, хэн хүчирхийлэл үйлдэгч вэ?

-Ийм нөхцөлд мэдээж тодорхой асуумжууд болон хоёр талын мэдүүлгээр тогтооно. Гэхдээ хамгийн гол нь хэн хэнээсээ илүү айж байна, хэн хэнийгээ илүү буруутгаж чадаж байна, хэн сэтгэл хөдлөлөө дарж, хэн нь илүү хүчтэй гаргаж байна, хэн нь илүү бэртэл учруулж байна, хэн нь гол шийдвэрээ гаргаж байна, хэн нь хүсвэл энэ асуудлыг зогсоож чадах вэ гэдгийг тогтоосны дүнд аль нь хохирогч болохыг тогтоож болно.

Гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт бүр өнгөрсөн явдлуудыг нь харгалзан авч үзэх шаардлагатай. Хэзээнээс, ямар давтамжтай, ямар тохиолдолд вэ гэдэг нь хохирогч, хүчирхийлэгчийг тодорхойлоход нэн чухал.

Манай цагдаагийн асуумжуудад “Хэн нь эхэлсэн бэ” гэж асуудаг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллийн асуудалд хэн эхэлсэн нь чухал биш. Гэр бүлийн хүчирхийлэл даамжраад эхлэхээр хохирогч бэртэж, гэмтэхээсээ өмнө өрсөх хэрэгтэй гэсэн командтай болчихсон байдаг. Байнга зодуулдаг хүн бие болон сэтгэл зүйн цочролд ордог болохоор толгойд нь үргэлж “Аюул! Аюул!, Аюул!” гэсэн дохио ажилладаг. Хохирогч байнга өөрийгөө хамгаалах бэлэн байдалтай байдаг гэсэн үг.

Гэр бүлийн хүчирхийлэл дараах циклээр явагддаг. Эхлээд асуудал хуримтлагдана, тэгж явсаар нэг өдөр тэсэрнэ, зодоон, орилоон хашхираан болно.

Асуудал намжсаны дараа гэмшил явагдана, уйлна, дуулна, уучлалт гуйна. Ахиж ийм асуудал гаргахгүй гэж бие биедээ амлалт өгөөд, хайртай дуртайгаа ярилцаад “бал сарын үе” эхэлдэг. Хэсэг хугацааны дараа ахиад л асуудал нь хуримтлагдана. Тэгээд л өнөөх үйл явдлууд давтагдана.

Өөрөөр хэлбэл, гол асуудлаа шийдэж чадахгүй явсаар нэг битүү тойрогт орчихдог гэсэн үг. Энэ тасралтгүй үргэлжлэх тойрог дунд хэн ч эхэлж мэдэх аюултай. Ингэхээр хоёр тал хоёул эрсдэлтэй нөхцөлд ороод эхэлдэг. Ийм нарийн төвөгтэй асуудлыг гудамж талбайн танхайн хэрэгтэй зүйрлэх боломжгүй.

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь багадаа зодуулж, хүчирхийлэл дунд өссөн хүмүүс байдаг. Үүний шалтгааныг та бидэнд тайлбарлаж өгөөч?

-Хүчирхийлэл бол сул доройн шинж, эцсийн үйлдэл.  Хүчирхийлэл үйлдэх болсон шалтгаануудыг тодорхойлохын тулд олон төвөгтэй асуултад хариулах шаардлагатай болно. Гэр бүлийн хүчирхийлэгчдийн дийлэнх хувь нь яагаад эрчүүд байна вэ? Яагаад эрчүүд мэдрэмжээ илэрхийлж чаддаггүй вэ, тэд яагаад давхар баг өмсөж явдаг юм, хүчирхийллийг яагаад эрх мэдэл, хүч чадал гэж ойлгоод байна вэ? гээд маш олон асуудал урган гарч ирнэ. Хүчирхийлэл үйлдэгч хэдий чинээ чанга хашгирч, аюултай үйлдэл гаргаж байна дотоод сэтгэлдээ төдий чинээ сул дорой байдлыг мэдэрч байдаг.

Эрэгтэй хүн юм байж охин шиг уйллаа, гонгинолоо, эр хүн хатуу чанга байх ёстой гэх зэрэг нийгэмд тогтсон бичигдээгүй хуулиуд эргээд эрчүүдийг хүүхэд байхаасаа эхлээд л мэдрэмжээ илэрхийлэхгүй нуудаг болгоход хүргэдэг. Дотроо айдас, эргэлзээтэй хэрнээ гаднаа юу ч болоогүй мэт дүр эсгэж явах нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн үг. Айсан хүн хүн ална гэдэг үг байдаг шүү дээ. Гэхдээ хүн бүр хүчирхийлэгч болдоггүй, тэд бас сонголт хийдэг.

-Олон улсын хэмжээнд хүчирхийлэгчдийн зан үйлд өөрчлөлт оруулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлдэг вэ?  

-Бид Авсралийн “No To Violence ”,  АНУ –ын Дулут, Швед, Солонгоcын хөтөлбөрүүдийг судалсан.  Миний бие Австралид “Зан үйлийн сургалт” – ын үйл явцыг зочин судлаачаар оролцож ажиглаж байхад сургалтын уур амьсгал эхэндээ хүйтэн хөндий, эсэргүүцэлтэй, бүгд л хэлмэгдээд ирсэн мэт байсан дунд үедээ хүн бүр сэтгэлээ нээж, уйлж, мэдрэмжээ илэрхийлж,  төгсгөл хэсэгт бүгд гайхмаар халуун дулаан уур амьсгал бүрдэж, сэтгэл зүйч нартаа мэхийн ёслоод л гардаг юм билээ. Бүлгээрээ долоо хоногт нэг удаа тогтсон цагт, тогтсон хугацаанд, тогтсон газартаа, тогтсон эрэгтэй эмэгтэй сэтгэл зүйчид гурван сарын турш ажиллаж байж ийм үр дүнд хүрдэг. Ингэсэн хүмүүс гэртээ очоод уурлаад, заналхийлээд байх уу. Энэ сургалтын агуулга бол сэтгэлийн дотоод гүн рүүгээ нэвтрэх, өөрийгөө танин мэдэх, нинжин сэтгэлээ сэрээх, бодит үнэнтэйгээ тулгарч, ойлгож,  ингэснээрээ  бусдыг  ойлгох, асуудлаа үр дүнтэй шийдвэрлэх сэтгэлийн хаттай, сэтгэл төвшин, итгэл төгс болж өөрчлөгдөж байгааг нүдээрээ харж, надад энэ хөтөлбөрийг боловсруулж, эх орондоо нэвтрүүлэх зүрх зориг төрсөн юм.  

-“Энэ өөрөөсөө болж зодууллаа”, “Хүчирхийлэл болох нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн” гэх хохирогчийг буруутгах үзэл нийгэмд түгээмэл байдаг...

-Шулуухан хэлэхэд хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн дийлэнх нь “Манай эхнэр их муухай ааштай. Тэр муухай ааш нь намайг зодохоос өөр аргагүйд хүргэдэг”, “Эхнэр араар тавьдаг”, “Эхнэр маань эхнэр хүн шиг байж чаддаггүй, арчаагүй, залхуу” гэх зэрэг шалтгаануудыг хэлдэг. Хэдэн зуун ч шалтгаан тоочиж болно. Тэглээ гээд эхнэртээ “гар хүрэх”, хүчирхийлэх нь хуулиар хориглосон үйлдэл. Хохирогчийн буруу байлаа ч, “Өө. Аргагүй, аргагүй. Нөхөр/Эхнэр чинь ийм юм бол зодохоос өөр яахав” гэдэг байж боломгүй хэрэг. Зодоон, цохионоос өөрөөр асуудлыг шийдвэрлэх олон сонголт бий.

-Та дээр гэр бүлийн хүчирхийллийг тасралтгүй үргэлжилдэг тойрог гэж ярьсан. Тэгвэл нэгэнт тэр тойрог дунд орчихсон хүмүүс хэзээ зайлшгүй арга хэмжээ авч, тэндээсээ гарахгүй бол асар аюултай нөхцөлд байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

-Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ингэчихэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдоод уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”, “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно.

Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүн ч “Энэ надад хор өгчих вий дээ”, “Миний эсрэг юу хийчих бол” гэсэн айдас, түгшүүрийн байдалтай болоод эхэлдэг. Энэ үед гэр бүлийн харилцаа  гүнзгий өвчилсөн байдаг гэсэн үг.

Ийм нөхцөлд хүүхэд ч бас давхар гэмтэж байдаг. Хүүхэд ээж, ааваасаа бие биеэ хэрхэн хайрладгийг сурдаг. Хайртай ээжийг нь хайртай аав нь зодож байхыг харж байгаа хүүхэд хайр, халдлага хоёрыг нэгэн бүхэл зүйл гэсэн ойлголттой болно. Хожим тэр хүүхэд өөрөө гэр бүлийн амьдрал зохиохдоо аз жаргалтай амьдралыг зохионо гэдэг хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл бол үе дамжсан хор уршигтай зүйл.

-Тэгвэл багадаа хүчирхийллийг харж, мэдэрч өссөн хүүхдийн бодол сэтгэлгээг засаж, өөрчлөх боломж хэр их байдаг вэ?

-Хүн амьдралынхаа эхний долоон жилд эцэг, эхээсээ бие биеэ хайрлахыг сурч авдаг. Эхний гурван жилдээ бусдыг хайрлах хайр, нинжин сэтгэлийг ээжээсээ сурч, унаган хайр, нинжин сэтгэл бүрэлдэн тогтдог. Гэтэл энэ үед хүүхэд мэдрэх ёстой хайраа мэдэрч чадаагүй бол тэр хүүхдийн өөрийгөө болон бусдыг хайрлах мэдрэмж нь арай өөр болж төлөвшинө. Иймд хүн амьдралынхаа эхний үед мэдэрч, бүрэлдэн тогтсон зүйлсийг өөрчлөхөд амаргүй.

Эх хүн хүүхдэдээ тэр нинжин сэтгэл, бусдыг болон өөрийгөө хайрлах хайрыг сургахын тулд эхний есөн сар өдөржин, шөнөжин хамт байж, хөхүүлэх нь зүйтэй. Ингэвэл хүүхэд айдас түгшүүргүй, амар амгалан, тогтвортой хайрыг мэдэрч чадна. Үүний дараа хүүхэд эцгийнхээ хайрыг мэдэрч эхэлдэг. Энэ хоёр хайрыг хослон мэдэрсэн хүүхдийн сэтгэл зүй бүрэн бүтэн болдог. Өөрөөр хэлбэл нинжин сэтгэлтэй хүн өөртөө болон өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг хайрлаж чаддаг. Харин хайр, халдлага хоёрыг нэг зүйл гээд ойлгочихсон хүн хожим эхнэртээ гар хүрч байгаагаа хайрлаж байна гэж ойлгоно. Тэгэхээр хүчирхийллийг таслан зогсоохын тулд өнөөдөр аль хэдийнэ 20, 30 нас хүрчихсэн хүнтэй ажиллахаас илүү долоо хүртэлх насанд нь эцэг эхчүүд хүүхдэдээ гар хүрэхгүй, хоорондоо хүчирхийлэл үйлдэхгүй байх нь амин чухал. Тэгсэн цагт 20 жилийн дараа гэр бүлийн хүчирхийлэл 80 хувиар буурна гэсэн тооцоо бий. Энэ бол хүчирхийллээс урьдчилан сэргийлэх маш том арга.

-Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий болоод байна. Таны бодлоор энэ зөв үү?

-Улаан сарнай өргөстэй байдаг болохоор бид улаан цэцэг болгоныг хараад өргөстэй байх вий гэж эмээх сэтгэл зүйн алдаатай хүртэхүй хүнд байдаг. Үүнтэй адил хүчирхийлэл үйлдэгчид бол аймшигтай гэмт хэрэгтэн гэж итгэх нь хэт туйлширсан нийгмийн ойлголт. Хүчирхийлэл үйлдэгч хэн ч байж болно. Бид, бидний эцэг эх, ах дүү, найз нөхөд, хань ижил гээд хэн ч байх боломжтой асуудал. Хүчирхийлэгчид гэсэн тусгай ангиллын хүмүүс гэж байхгүй. Энэ бол нийгмийн асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд соён гэгээрүүлэх ажил маш чухал байгаа. Үүнд дор хаяж 20-60 жилийн хугацаа шаардана. Хувь хүний өөрчлөлт дунджаар 2 жил явагддаг гэж үздэг бол нийгмийн хандлага доод тал нь 20 жилд өөрчлөгдөнө. Өнөөдөр хүчирхийлэл үйлдэж болохгүй гэдгийг мэдэж, ухаарч ойлгосон хүн үр хүүхдэдээ өвлүүлнэ. Энэ нийгмийн өөрчлөлтийн үндэс суурийг анхнаас нь зөв тавьж байж бидний хүссэн нийгэм бүрэлдэн тогтоно. Харин эхлэлийг буруу тавих юм бол хүчирхийлэлгүй нийгмийг бүтээх гэж 200 жил ч болж мэднэ. Энэ бол Дулмаа, Дорж хоёрын асуудал биш. Нийгмийн бүх эрэгтэй, эмэгтэй, гэр бүлийн гишүүдийн асуудал юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Өчигдөр
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
3
24
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.