Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Ирландын мафи МакГрегорын толгойг $900000-р үнэлэв

Конор энэ мөнгийг төлөх ёстой, үгүй бол алуулах гэнэ.


Ирландын Дублин хотын Крамлин дүүргийн нэгэн уушны газар саяхан 4 хүн оролцсон зодоон болжээ. Гэрчийн этгээдүүдийн хэлснээр зодооныг UFC холбооны аварга Конор МакГрегор эхлүүлсэн байна.
“Тэнэг амьтан. Түүнийг ард түмэндээ үнэнч хэмээн би өчигдөр оройны зодоон болтол хүндэлдэг байлаа. Харин тэр хүрч ирээд л ямар ч буруугүй залууг зодсон” гэж гэрчийн этгээдийн нэг болох Лиза Леонард твиттер хуудсандаа бичсэн байна. Бас нэгэн гэрч Карл Николсон ч “Энэ явдлын дараа Конорыг хүндлэхээ больсон. Би бааранд уугаад сууж байтал МакГрегор хүрч ирээд хөөрхий залуугийн толгойг цохьсон” гэж ярьсан.

Хэрүүл маргаан МакГрегороос эхэлжээ. Тэр нэгэн залууг зодсон бөгөөд энэ үед Конортой муудалцсан залууд туслахаар 50 настай эр иржээ. Тэр салгах гэж оролдсон ч Конорт бас зодуулсан гэх мэдүүлэг ч байгаа юм.
Орон нутгийн Цагдаагийн газраас хэргийн талаар мэдэж байгаа ч мөрдлөгө явуулахгүй гэж мэдэгдсэн. Учир нь хэн ч гомдол гаргаагүй аж.
Craziestsportsfights.com сайт дээр хэрэг явдлыг сайн мэдэх нэгэн гэрчийн ярианы бичлэг тавигджээ. Түүний хэлснээр МакГрегор найзыг нь сүрдүүлсэн этгээдийн учрыг олохоор “Black Forge” бааранд ирсэн гэнэ.
“Конор орж ирээд Райан Бернийг зодсон. Берн бол Пэт, Пауло Тимминсүүдтэй нийлдэг залуу. Тэд Конорын найз Энди Маррейгийн гэрт хүмүүс илгээсэн. Тэнд юу болсныг мэдэхгүй ч хэдэн долоо хоногийн өмнө МакГрегор Тимминсүүдийг зодсон” гэж тэр ярьж байна.

Харин хаанаас мафи гараад ирдэг билээ?

Нэгдүгээрт, Конорын найз ч, түүний гэрт очсон хүмүүс ч бүгд нутгийн гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой хүмүүс гэнэ.
Хоёрдугаарт, зодоонд оролцсон гэгдээд байгаа 50 настай эр бол Кинэн хэмээх мафийн том толгойлогчийн бүлгийн гишүүн Грэм Уиланы хамаатан.
Кинэний бүлэг нь Ирландын хамгийн том мафийн бүлгийн нэг бөгөөд хар тамхи, зэвсгийн наймаа хийдэг аж. Бүлгийг үүсгэн байгуулагчдын нэг нь боксын тэмцээн явуулдаг промоутер хүн. The Sun-ий мэдээлснээр Кинэний бүлгийн 59 хүн Лас-Вегаст очиж, МакГрегор, Мейведерийн тоглолтыг үзсэн гэнэ.

Мафитай орооцолдсоноор МакГрегор ямар аюулд учрах вэ?

UFC-д тулалдаж байсан тамирчин Брендон Шауб баталгаатай эх сурвалжийн мэдээ хэмээн “Кинэний бүлэг Конорын толгойг 900 мянган доллараар үнэлсэн” гэж ярьж байна. Конор энэ мөнгийг төлөх ёстой, үгүй бол алуулах гэнэ.  
Эрүүгийн хэргийн эксперт Пол Уильямс МакГрегорийг 48 цагийн дотор Ирландаас зугатах хэрэгтэй гэж зөвлөөд “Мафид Конор хэн гэдэг огт хамаагүй. Тэд түүнийг муу усны нүхэнд хаях болно” гэжээ.

МакГрегор энэ талаар юу бодож байгаа бол?

UFC холбооны ерөнхийлөгч Дэйна Уайт зодооны маргааш “МакГрегор муу юманд орооцолджээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэж болно гэж бодож байна. Боксын дэлхийн аварга асан Жейк ЛаМоттагийн ах бас л эвгүй гарын хүнийг зодож орхисон ч асуудлыг шийдэж чадсан. Гэхдээ би энэ бүх шуугиан үнэн эсэхэд эргэлзэж байна. Конор алдартай хүн тул гудамжинд гарч ирэхэд л хүмүүс цуглаад ирэх ёстой. Одоогийн байдлаар Конорын менежертэй яриагүй л байна. Цуурхал болгоныг шалгаж үзэх цаг алга” гэсэн мэдэгдэл хийсэн.

Конорын эцэг Тони хүүд нь огт аюул заналхийлээгүй гээд “Энэ бүхэн шал утгагүй хоосон яриа. Бидэнд айх юм байхгүй. Бид хууль дүрмээ дагадаг гэрбүл байсан, цаашдаа ч тийм байх болно. Энэ түүхийн 95 хувь нь худал. Үлдсэн 5 хувь нь хэтрүүлэг. Конор одоо гэртээ хүүтэйгээ цуг байгаа. Бид зул сарын баяртаа бэлтгэж байна” гэсэн юм.
Конор энэ долоо хоногт хурд хэтрүүлсэн хэргээр шүүхэд дуудагдсан. Шүүхийн хаалгаар гарч ирэхэд нь сэтгүүлч нар энэ талаар асуухад “Хүрч ирээд намайг барих гэж оролдоод үзэг л дээ” гэж хариулсан.

МакГрегор өмнө нь гэмт хэргийн ертөнцтэй холбогдож байсан уу?

Шууд биш ч тийм гэж хариулж болно. 2015 оны дөрөвдүгээр сард Конор Пол Кавана хэмээх гангстерийн оршуулгын ёслолд оролцсон. Цуурхал яриагаар Полыг Кинэний дээрэмчид алсан гэдэг. МакГрегор Полын хамаатан боксчин Жейми Каванатай найз. 2015 онд Жейми Дублинд тэмцээнд орох байсан боловч жин үзэлт дээр буудалцаан болж, тэмцээн цуцлагдсан. Буудалцаанд Кинэний бүлгийнхэн оролцсон байна.
Цахим сүлжээнд МакГрегорыг хар тамхины наймаачин Дэвид Бирнтэй авахуулсан зураг тарсан. Тэд хамтдаа Crumlin Boxing Club-т хичээллэж байсан бөгөөд Бирн Конорын Жозе Альдотой хийсэн тоглолтыг үзсэн байдаг. Удалгүй Бирн алуулсан юм. Crumlin Boxing Club-ийн дасгалжуулагчийн ярьснаар МакГрегор, Бирн хоёрыг спорт л холбож байсан гэнэ.
Конорын дасгалжуулагч Жон Кавана номондоо МакГрегор холимог тулаанаар анхныхаа ялагдлыг амссаны дараа Конортой нүүр тулан хатуу ярилцсан гэж бичсэн байдаг. Жон Конорт эвгүй сэжигтэй хүмүүстэй нөхөрлөж байгааг чинь мэдэж байна, дэмий юм хийж болохгүй шүү гэх зэргээр загнаж, Конор засарна хэмээн амлаж байсан талаар гардаг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.02
Дэлхийн хамгийн агуу тулаанч эмэгтэй Аманда Нуньес
2
2019.01.01
Видео: Флойд япон "жаалыг" зодоод 9 сая доллар авлаа
3
2018.12.31
Мейведер өшиглүүлэх болгондоо 5 сая доллар авна
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
30
49
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.