Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Урлагийн ертөнцөөр аялах нь: Баяртай "Viva Arte Viva!"

Венец хотоор тархан байршдаг олон улсын 100 гаруй үзэсгэлэнг зургаан сарын туршид 615.000 хүн үзсэн нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.


Парисын Помпеду Төвийн ерөнхий куратор Кристин Маселийн удирдлага дор "Viva Arte Viva" нэртэйгээр зохион байгуулагдсан Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биенналь 2017 оны 11-р сарын 26-ны өдөр албан ёсоор хаалтаа хийлээ.

Венец хотоор тархан байршдаг олон улсын 100 гаруй үзэсгэлэнг зургаан сарын туршид 615.000 хүн үзсэн нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Нээлтийн өмнөх хаалттай үзвэрийг 23,531 онцгой зочид үзэж, 5000 орчим сэтгүүлч ажиллажээ. Олон улсын гол үзэсгэлэнд 120 уран бүтээлчийг урин оролцуулсан бол 86 орон өөрийн үндэсний павильоноор оролцжээ. Эдгээрээс 30 орон Жиардинид байрлах түүхэн павильонуудад, 23 орон Арсеналд, 33 орон Венец хотоор тархан байрлах павильонуудад үзэсгэлэнгээ гаргасан.

(Венецийн биенналийн ерөнхий куратор Кристин Масел Монголын төслийн удирдагч Б.Гантуяагийн хамт)

Энэ жилийн онцлох үзэсгэлэн яах аргагүй Алтан Арслангийн шагналт Герман улсын павильоны уран бүтээлч Анне Имхофтын Фауст нэртэй үзэсгэлэн байлаа. Амжилтаар дүүрэн ч өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус эрдэмтэн Фауст өөрийн зүрх сэтгэлийг хязгааргүй мэдлэг, түүнээс авах таашаалаар солихоор чөтгөртэй тохиролцоо хийснээр мөнхийн тамд унадаг тухай Германы алдарт Фауст домгийн өнөөгийн хувилбарыг нэн орчин үеийн илэрхийлэх хэллэгүүдээр дамжуулан гайхамшигтай харуулж чаджээ. Орчин цагийн хүмүүсийн амжилт, эрх мэдлийн төлөөх улайрал нь хэрхэн тэднийг ганцаардал, харилцаа хоорондын хүчирхийлэлд түлхэн оруулж байгааг хөдөлгөөн, дуу авиагаар 4 цагийн туршид зугуухан үзүүлэх үйл хөдлөлийн үзүүлбэр нь шилэн шалтай, уначихмаар эвгүй мэдрэмж төрүүлсэн орон зайнд болдог.

Арав гаруй эрэгтэй, эмэгтэй залуусын үйл хөдлөл нь, дуу авиатай хослон эрч хүч, чадал, эмзэг, тэнцвэргүй байдал, өвдөлт, шаналал, гуниг бүгдийг өөрийн эрхгүй мэдрүүлнэ. Ийм олон мэдрэмжийг зэрэгцүүлэн төрүүлэх боломж үнэхээр ховор биз ээ. Браво Анне Имхофт!  

Хөх тэнгэрийн дор төөрөгсөд

Энэ жил Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар Монгол улс 2 дахь удаагаа албан ёсоор оролцов. Эх орноо төлөөлөн Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар “Lost in Tngri” буюу “Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ Венецийн төв хэсэгт байрших Istituto Santa Maria della Pietà-д дэлгэн үзүүлсэн юм. Хотын гол талбай Сан Марко, биенналийн чухал хэсэг Арсенал хоёрын дунд 500 метр хүрэхгүй зайд далайн эрэг дээр орших Монгол улсын павильоныг үзэхээр 100.000 гаруй урлаг судлаачид, сонирхогчид, уран бүтээлчид хүрэлцэн иржээ.

“Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн нь өнөөгийн монгол оронд нүүрлээд буй нийгэм, эдийн засаг, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөндсөн ба уран бүтээлч Ш.Чимэддоржийн “Би шувуу” хэмээх буун толгой бүхий 60 дэглийн өрөг, О.Энхтайваны ”Үйлийн үр” видео ажил, Г.Мөнхболорын 2010 оны зуданд нэрвэгдсэн малын гавлын ясыг ашиглан туурвисан ”Идэхийн үйл” өрөг бүтээл, Ж.Болортүвшингийн ”Хүчирхийлэгдсэн нь” видео ажил, Ц.Даваажаргалын ”Дахин оршихуй” нэртэй дуу авиаг павильоны 4 өрөө болон гадаах цэцэрлэгт хүрээлэнд тараан байршуулжээ. Эдгээр ажлуудаас диваажинг санагдуулах онгон дагшин байгальдаа нүүдлийн ахуй соёлоо түшиглэн амьдарч ирсэн монголчууд сүүлийн 20 гаруй жилийн туршид тансаг амьдрал, тав тух, эд баялгийг эрхэмлэн өөр төрлийн диваажингийн хайгуулд мордож, өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа хайр гамгүй ашиглан хүн хүнээ, байгаль орчноо устган сүйтгэж, хоёр төрлийн диваажингийн дунд төөрөлдөн хөл алдаж өөрийгөө гээж буй монгол орны дүр төрхийг харж болно.

Монголын павильоны комиссараар Их хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Төслийн удирдагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, куратороор Ё.Далх-Очир ажиллаж Ром, Берлин дэх ЭСЯ-д төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв. Түүнчлэн төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр үндэсний агаарын тээврийн МИАТ компани, Хас банк, Эрэл Групп, Макс Групп, Швейцарын хөгжлийн агентлаг, Моннис групп, Шангрила Улаанбаатар ХХК, Монре даатгал, Mahoney Liotta, Батс өргөө, Ард даатгал болон бусад хувь хүн компаниуд ажиллажээ.      

Дүрслэх урлагаас мөн чанарыг хайгсад

2015 онд хагас сая хүн Венецийн биенналийг үзсэн бол энэ жил 615.000 хүн үзжээ. Харин тэдгээрийн 31% нь 26-аас доош насных байсан байна. Венецийн биенналийн ерөнхийлөгч Паоло Баратта: “Олон нийтэд контемпорари урлагийг үзэж сонирхох хүсэл нэмэгдэж байна, түүнээс гадна тодорхой хэв загварыг олон нийтэд хүчээр тулган нэвтрүүлэх зорилготой дуу, дүрсээс татгалзан ертөнцийн мөн чанар, үнэнийг урлагаас хайгсад олширч байгааг харахад үнэхээр таатай байна” хэмээн хаалтан дээр хэлжээ.

Харин ерөнхий  куратор Кристине “Зөрчилдөөн, мөргөлдөөн, цочролоор дүүрэн өнөөгийн ертөнцөд хүн хүнээрээ байх шаардлага, хүнлэг байхын үнэ цэнийг бидэнд урлаг сануулж байна. Урлаг өөрөө бодол эргэцүүллийн чухал суурь болдог, энэ утгаараа уран бүтээлчдийн үзэл бодлын илэрхийллийг өнөө цагт илүү чухалчлан авч үзэж ярилцдаг болоод байна. Хэдийгээр ирээдүй тодорхой бус ч дэлхий нийт уран бүтээлчдийн санаа бодлыг тусган цаашдын алхмыг хийх нь зүйтэй. Яагаад гэвэл уран бүтээлчид бол дотоод мэдрэмж нь хамгийн өндөр хөгжсөн хүмүүс байдаг” хэмээн нээлтийн үеэр хэлсэн байдаг. 

Viva Arte Viva бол уран бүтээлчдийн сэтгэл зүйн байдал, үзэл бодол, тэмцэл, хашхирааны илэрхийлэл байсан юм. Кристине Маселийн удирдсан олон улсын нэгдсэн үзэсгэлэн нь “Уран бүтээлчид ба ном”, ”Аз жаргал ба айдас”, ”Нийтлэг зүйлс”, ”Дэлхий ертөнц”, ”Уламжлал”, ”Dionysian”, ”Бөө”, ”Өнгө” гэсэн 8 төрлийн павильоноос бүрдэж, үзэгчдэд дотоод мөн чанараас хязгааргүй хүртэл аялах боломжийг олгожээ.  

Венецийн биенналийг дэлхийд алдар нь түгсэн уран бүтээлчид, урлагийн мэргэжилтнүүд, цуглуулагчид, дэмжигсэд, улс төрийнхөн ирж үзсэнээс гадна жүжигчин Annette Bening, Susan Sarandon, Sonia Bergamasco, Jasmine Trinca, Greta Scarano, Melvil Poupaud, Yorgos Zois, Ricky Tognazzi, түүнчлэн Ildiko Enyedi, Edgar Wright, Céline Sciamma, Rakhshan Banietemad, Rebecca Zlotowski, Ami Canaan Mann, Mark Cousins, Fien Troch, Michel Franco, Giuseppe Piccioni зэрэг кино найруулагчид, David Stratton, Geoff Andrew, Andrés Duprat зэрэг шүүмжлэгчид, зохиолчид; Ryūichi Sakamoto, Albert Lee зэрэг хөгжмийн зохиолчид үзэж сонирхсон байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
47
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.