Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

16 өдөр 16 блог: Хүсэл

Би аав ээжийнхээ хүслээр гэхээс илүү өвөөгийнхөө хүслээр төрсөн хүүхэд нь.


Би аав ээжийнхээ хүслээр гэхээс илүү өвөөгийнхөө хүслээр төрсөн хүүхэд нь. Дөнгөж оюутан болоод арван наймтнуудын омголон, дэврүүн үе дээрээ явсан хосууд гэнэт төлөвлөөгүй хүүхэдтэй болчихсондоо итгэлгүй байхад өвөө маань зөрсөөр байгаад төрүүл гэж ятгасан гэдэг. Хичнээн төрүүлнэ гэж бодоогүй хүүхэд ч гэлээ төрүүлэхгүй гэж бас бодоогүй байсан учраас гэнэт л нэг бяцхан амьтан гараад ирсэнд хөөрсөн сэтгэлээр маш их баярласан байх гэж боддог. Тэр үед хоёулаа оюутан байсан болохоор сургуулиа шууд орхичихож болохгүй ээж минь эгчээрээ намайг харуулуулахаар үлдээсэн юм. Дөнгөж төрөөд удаан ч хөхүүлж чадаагүй болохоор хөх нь чинэрэх бүртээ хүүхдээ санаж уйлдаг байсан гэдэг. Аав маань ч найзууддаа хүүтэй болсноороо онгирч, санахдаа дотор нь давчиддаг байсан гэж боддог.

Харин би ээжийнхээ мөөмний оронд эгчийнхээ үсийг хуруугаараа имэрч, уйлж зовоохгүй өссөн гэж ярьдаг. Нэгэнт л хүүхэдтэй болчихсон болохоор хоёр талаас эцэг эхүүд зөвлөж, хосууд ч дуртайяа гэрлэсэн билээ. Аз жаргалтай залуу хосын уур амьсгалаар шаргалтах шинэ гэртээ, өөрсдийг өвчиж төрсөн хөөрхөн хүүгээ харж баясаад сайхан амьдрал эхэлсэн юм. Ээж удалгүй сургуулиа орхиж, харин аав маань хил хамгаалах байгууллагад шалгагчаар ажиллаж эхэлсэн билээ. Гэвч бидний аз жаргалтай амьдрал нэг их удаан үргэлжлээгүй ч юм уу, бага насны дурсамж бүдэг бадагхан санагддагаас ч болсон юм уу хэн мэдэх вэ зурвас хийгээд л өнгөрчихсөн дөө. Аав архинд донтож орой бүр хэрүүл, зодоон хийдэг болсон нь миний дурсамжид цөөхөн ч ээжийн минь залуу насанд хичнээн жилийн хар бараан дурсамж үлдээснийг хэлж мэдэхгүй юм. Аав, ээж хоёр маань удалгүй салж хоёр тийш болж өөр өөр хүмүүстэй нийлцгээсэн дээ. Түүнээс хойш би хэн нэгний хүүхэд гэхээс илүү өөр өөрийнхөө төлөө гэсэн бэртэгчин, өөртөө итгэлгүй нэгэн болж өссөн гэхэд болно.

Энэ бүгдийн эцэст хэрвээ ирээдүйгээ төлөвлөсөн бол, хэрвээ үнэхээр өөрийнхөө хүсэлдээ итгэлтэй байсан бол, хэрвээ хариуцлага гэж үнэхээр ойлгодог байсан бол гэж боддог. “Хэрвээ”-гүй ирээдүйгээ төлөвлөж, өөрийгөө мэддэг, “Магадгүй”-тэй бүхэн “Үгүй” ч байж болохыг ойлгодог сон бол... Хэрвээ тийм байсан бол магадгүй маш олон асуудал шийдэгдэх байсан биз ээ. Би “магадгүй”-гээс төрсөн хүүхэд шиг маш олон хүний сэтгэлд төрсөн хүчирхийлэл, дарамт, сэтгэлийн зовлон хичнээн том болж өссөн байгаа бол. Энэ харьцуулахад тийм ч тохиромжтой биш байж болох юм, гэвч хүсэлгүй бүхэн хэн нэгний ирээдүйг төсөөлсөн шиг нь биш нөхцөлд аваачдаг болохоор үүнийг сайн бодож үзээсэй билээ.

Сэтгэл тогтворгүй үе эсвэл өөрийнхөө үнэхээр хүсэж буйг мэдэхгүй байгаа хүнд хүчээр тулгах нь зөвхөн өөрийн тань хүсэл болохоос түүний хэн нэгний жинхэнэ хүсэл биш гэдгийг ухамсарлах нь өөрийнхөө ч өмнө хүлээх том хариуцлага юм. Энэ дэлхий олон түмэн хүний хүслийн жимээр холбогдсон жижигхэн үйл явдлуудын хэлхээс билээ. Үүнд таны зөв хандлага маш том нөлөөтэй гэдгийг бодоорой. Та зүгээр жаахан л бодлоготой байж чадваас хэдэн мянган сайхан ирээдүйн эхлэлийг бүтээх болно. Эсвэл хэдхэн мөчийн бодлоггүй үйлдлээрээ хэдэн зуун муухай ирээдүйн эхлэлийг ч тавьж болно. Энэ бүгд таны “хүсэл”-ээс л шалтгаална.


Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 өдрийн аянд зориулан энэхүү блогийг бичсэн Б.Билгүүн нь график дизайнер, "Щ" ба "Altogether" номын зохиогч юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
18 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
3
19 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
19
6
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.