Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Зах зээлийн “Засгийн газрын” нээлттэй байдал ба мэдээллийн “хөөс”


Энэ сарын 22-нд Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдах тухай мэдээ тарлаа. Хурлын үеэр бодлогын хүүг дахин бууруулах эсэхийг хэлэлцэх товтой ч олон нийтийн дунд тийм ч их хүлээлт үүсэхгүй байгааг уншигч Та анзаарч буй биз ээ. Тэгтэл АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн системийн арванхоёрдугаар сарын 15-нд хийсэн мэдэгдлийг дэлхийн эдийн засаг амьсгаа даран хүлээсэн. Үүний шалтгааныг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Д.Дуламсүрэн “Төв банк бол зах зээлийн Засгийн газар. Тиймээс Төв банкнаас гаргасан мэдэгдэл бизнест нөлөөлдөг” гэв. Харин сайн эсвэл саараар гэдгийг зах зээл өөрөө шийдэж байна. 

Монголын хувьд эдийн засагтай холбоотой мэдэгдлийн дараах муу үр дагавар сайнаасаа хурдан тархдаг онцлогтой. Жишээлбэл, экс Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зурагтаар ярьсны дараа төгрөг ам.долларын эсрэг нэг сарын дотор дунджаар 157 төгрөгөөр унаж, дэлхийн хамгийн муу мөнгөн тэмдэгтээр шалгарч байлаа.

Төгрөгийн уналт үүгээр ч зогсоогүй. Олон улсын зах зээлд гаргасан бондуудын эргэн төлөлтийн тов ойртож, Валютын сантай хэл амаа ололцоогүй үед ам.долларын ханш нэг өдрийн дотор 200 гаруй төгрөгөөр чангарсныг уншигч Та мартаагүй болов уу. Тухайн үед Монголбанкнаас Гадаад валютын албан нөөц дөрвөн сарын импортын хэмжээг хангахуйц түвшинд бий гэдгийг удаа дараа мэдэгдсэн ч төгрөгийн уналтад дорвитой нөлөө үзүүлсэнгүй. Харин 70 гаруй сая ам.долларын интервенц хийсний дараа л төгрөг тогтворжсон билээ. 

Харамсалтай нь эдийн засагтай холбоотой энэ мэт муу үйл явдал өрнөсний  дараа нөхцөл байдлыг улам ч дордуулах яриа хөөрөө Төрийн ордонд яригддаг жишиг бий болжээ. Нэг хэсэг ам.долларын хадгаламжийг хязгаарлана гэж дуугарч байсан гишүүд өдгөө зээлийн хүүнд хязгаарлалт тогтоох тухай ээлжит суртал ухуулгаа олон нийтийн сүлжээнд хийж байна. 

Мэдээллийн “хөөс” ба мэргэжлийн бус хүмүүс

Зээлийн хүүнд хязгаарлалт тогтоосноор олон нийт бага хүүтэй зээл авах боломжтой гэж хоёр хуудас бүхий хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тайлбарлаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын сэнтийд заларч байсан туршлагатай улстөрчийн хувьд банкны хүүгийн талаарх мэдлэг сайтай байх дүр төрхтэй хүн юм. Нийгмийн хамгааллын сангуудад байршдаг олон тэрбум төгрөгийн хөрөнгө Монголын болон гаднын банкны хадгаламжид байршдаг билээ. 

Гэтэл зээлийн хүүнд хязгаарлалт тогтоовол арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллага нь жижиг аж ахуйн нэгжүүдтэй харилцахаа болих тухай эдийн засагчид тайлбарлаж байна. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүднээс эрсдэлтэй зээл хүсэгчдэд мөнгө өгөхгүй гэсэн үг. Үр дүнд нь ломбард болон өдрийн зээлийн эрэлт улам ч нэмэгдэх сөрөг үр нөлөө гарч болзошгүй болжээ. Үүнийг эдийн засагчид системээс гадуурх зээл гэж нэрлэдэг аж. Харин Монгол Улсад системээс гадуурх зээлийн орчны тухай судалгаа, статистик хараахан байхгүй байна. 

Бага хүүтэй бүү хэл өдрийн зээл авахдаа тулах үр дүнтэй энэхүү нөхцөл байдлыг МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч Б.Болд-Эрдэнэ мэдээллийн “хөөс” гэж томъёолж байна. Тэрбээр “Хамгийн түгээмэл ташаарсан мэдээлэл нь “хөөс” буюу тухайн үйл явдал, агуулгын жинхэнэ үнэн шалтгаан, мөн чанарыг далдалсан эсвэл уг асуудал шийдвэрийн гол утгыг төөрөгдүүлэх зорилгоор түгээж буй мэдээ, баримт болно” гэж Төрийн байгууллагын мэдээлэл харилцаа гарын авлагад тэмдэглэжээ. Мөн мэдээллийн “хөөс”-ийг ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс үйлддэг гээд олон нийтийн санаа бодолд нөлөөлөх зорилгодоо хүрдэг ч илчлэгдэх магадлалтай гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүнд хязгаарлалт тогтоох тухай хуулийн төсөл болон үүнийг тойрсон мэдээллийн урсгалыг мэргэжлийн бус хүмүүс хийж байна. 

Тэгвэл ээлж дараалан мэдээллийн “хөөс” тархаж буй энэ үед Төв банк юу хийх хэрэгтэй вэ? 

Хаалттай вант улсаас нээлттэй болох зам

Энэ жилийн хувьд Монголбанк түүхэндээ анх удаа Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө судлаачдын санал бодлыг тусгах нээлттэй хурал зохион байгуулсан юм. Энэ оны есдүгээр сарын 25-нд болсон уг хурлын үеэр “Де факто” нэрээр олны танил болсон эдийн засагч Д.Жаргалсайхан “Монголбанк гэх хаалттай вант улс нээлттэй болж байна” гэж хэлсэн нь өнгөрсөн хугацаанд Төв банкинд өрнөсөн үйл явдлыг олон таван үггүй дүгнэсэн өгүүлбэр байлаа. Түүхэнд тэмдэглэгдэх уг үйл явдлын гэрчээр Монголбанкны газар, нэгжүүдийн захирал оролцож, судлаачдын асуултад нээлттэй хариулсан юм.

Үүнээс гадна олон нийтийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулсан олон аяныг Монголбанк зохион байгуулсныг ЭНД дарж харна уу. Эссе бичлэгийн уралдаан, илтгэлийн тэмцээн гээд иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулж буйн үндсэн шалтгаан нь мэдээллийн “хөөс”-ийн тархалтыг бууруулж, хүлээлтийг оновчтой удирдах зорилготой нь уялдаж байна.  Тиймээс ч Монголбанк 2018 оны Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд “Ирээдүйд чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, бодлогын үр нөлөөг дээшлүүлэх үүднээс бодлогын нээлттэй, ил тод байдлыг хангаж, олон нийттэй харилцах сувгийг хөгжүүлж, боловсронгуй болгоно” гэсэн зорилт оруулсан байна. 

Тэгвэл Б.Болд-Эрдэнэ багш “Эдийн засаг, санхүүгийн мэдээллийн ажлын гол бай, чиглэл нь эмэгтэйчүүд болно” гэв. Харин эрчүүдэд эдийн засаг, санхүүгийн “ухаантан” нь сөрөг, эсрэг санагддагийг тэмдэглээд овсгоотой, тэмүүлэлтэй залууст хандсан мэдээллийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Гаднын орны Төв банкуудын хэрэгжүүлж буй сайн жишээнүүд ч байдаг аж. Энэ тухай Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Австралийн Төв банк эдийн засгийн сэдэвт тэмцээн уралдаануудыг идэвхтэй явуулж шагнаж урамшуулдаг бол Англи, Герман, Чех гэх мэт улсын Төв банк  гадны орны мэргэжилтнүүдийг ч үнэгүй сургаж өгдөг тусгай хөтөлбөртэй байдаг” гэж Төв банкны олон нийттэй харилцах харилцааны хувьсал нийтлэлдээ тэмдэглэжээ. Мөн гаднын Төв банкууд үүнийн тогтвортой байдлаас гадна санхүүгийн тогтвортой байдлын ач холбогдлыг онцлох болов гэж тэмдэглэсэн байна. Мөн хэвлэлийн хурлын үнэ цэнэ хэзээ ч байгаагүй өндөр түвшинд хүрснийг онцолжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
46
35
39
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.