Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Криптовалютын хувьсал довтлон айсуй - ТАВТАЙ МОРИЛ

Биткойн бол криптовалютын ердөө нэг хэсэг.


Криптовалютад хөрөнгө оруулахад хялбар болгох аппликэйшн бүтээж буй Монгол стартап гаднаас таван сая орчим ам.долларын(10 гаруй тэрбум төгрөг) хөрөнгө оруулалт татаж буй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархлаа. Криптовалютын эргэн тойрон дахь шинэ тутам мэдээлэл өдөр хоногоор бус цаг тутам шинэчлэгдэж байна. 

 

Ердөө 10 гаруй хоногийн өмнө “Крипто үндэстэн” чуулга уулзалтаас цахим мөнгө болон түүний технологийн талаар мянга гаруй хүн ойлголт, мэдээлэлтэй болсон билээ. Мөн биткойны олборлолт болон үнийн савлагаа, эрсдэл, хэрхэн худалдаж авах гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Тэгтэл монголчуудын дундаас криптовалютын хөрөнгө оруулалтыг хялбаршуулах аппликэйшн бүтээх баг хэдийнэ гараад иржээ.

"Coinseed"-ийн багийн гишүүдтэй танилц. Тэд АНУ-д боловсрол эзэмшсэн залуучууд юм. Л.Сүхбат болон Э.Тэмүгэ нь улсын лабратори нэгдүгээр сургуулийн төгсөгчид. Улсын математикийн олимпиадад олон жил шагналт байр эзэлсэн Э.Тэмүгэ ангийн найз Л.Сүхбаттай хамтарч шинэ стартап эхлүүлжээ. 

Ерөөс криптовалютын эргэн тойронд бизнесийн орон зай асар их байна. Нэг хэсэг нь шинэ криптовалют хийх төсөл хэрэгжүүлж байхад түүнийг зах зээлд нэвтрүүлэх хялбар арга зайлшгүй шаардагдаж байгааг өөр баг нөхөж байна. Зарим нь блокчейн технологид үндэслэгдсэн биткойнд хөрөнгө оруулж, мөнгөө хэд дахин үржүүлж байна. Харин нөгөө хэсэг нь биткойн олборлож эхэлжээ. 

Монгол төдийгүй дэлхий  нийтийн анхаарлын төвд буй криптовалюттай холбоотой инээдтэй гэмээр үйл явдал ч өрнөж байна. Гадил жимсээр баталгаа гаргах криптовалют зах зээлд нэвтэрч буйгаас эхлээд эдийн засаг нь дампуурсан Венесуэлийн Ерөнхийлөгч хүртэл криптовалютад найдлага тавьж, шинэ цахим мөнгө хийх талаар мэдэгдлээ. Бас болоогүй ээ, Петро хэмээх криптовалютаа алт болон нефтээр баталгаажуулах тухай Н.Мадуро амласан байна.

Энэ мэтээр мэдээлэл шинэ тутам шинэчлэгдэж байна. Блокчейн технологи, криптовалют, биткойны талаар таны мэдэх ёстой бүх зүйлийг хүргэж байна.  

Биткойны тэрбумтнууд ба “Ард”-ын Ч.Ганхуяг

Олны анхаарлыг хамгийн их татаж буй сэдэв бол биткойн. Биткойныг хэн зохион бүтээсэн, үүсэл хөгжил гэх мэт танин мэдэхүйн асуултыг алгасаад хүмүүс хэрхэн мөнгөө үржүүлж буйг хамтдаа харцгаая. 

Бөмбөрцгийн хэмжээнд яривал Винслеввусын ихрүүд биткойноос их хэмжээний ашиг хийж, тэрбумтан болсон анхны хүмүүс боллоо. Дөрвөн жилийн өмнө 11 сая ам.доллар биткойнд хөрөнгө оруулсан Тэйлер болон Камерон Винслеввусыг “The Social Network” киноны нэг хэсэг гэдгээр уншигч Та сайн таних байх. 

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербергт санаагаа алдсан гэж заргалдаад, шүүхэд ялалт байгуулсан ихрүүд биткойны үнийг цаашдаа улам өснө гэдэгт итгэлтэй байгаа гэж “Bloomberg”-т ярьжээ. Тэд биткойны үнэ одоогийн төвшнөөс 20 дахин нугарах боломжтой гэж хэлсэн байна. Цаашдаа ч биткойнд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй гэнэ. 

Тэгвэл Монголын хувьд “Хас”-ын гэх нэрээр олны танил болсон ч өдгөө “Ард”-аар овоглогдож буй Ч.Ганхуяг биткойнд хөрөнгө оруулалт хийснээ олон нийтэд нээлттэй хэлж байна. Тэрбээр “Биткойнд хөрөнгө оруулаад алдахгүй байх магадлал алдахаасаа 10 дахин их” гэж өгөөжийг нь үнэлжээ.

Дашрамд хэлэхэд,  Ч.Ганхуягийн үүсгэн байгуулсан “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаат компани криптограф, блокчейн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, ойлголтыг олон түмэнд хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх, зах зээлд  криптовалютыг нэвтрүүлэх зорилгоор “Ард бит” төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд “Крипто үндэстэн” чуулга уулзалт зохион байгуулахад мянга гаруй хүн оролцсон. 

Ч.Ганхуягаас гадна Монголд олон хүн биткойн олборлож эсвэл хөрөнгө оруулж байгаа тухай “Крипто үндэстэн” чуулга уулзалтын үеэр ярьсан. Зохицуулалтгүй бизнесийн хувьд чухам хэдэн хүн олборлож буйг хэлэхэд бэрх ч албаны хүмүүс зарим олборлогчтой уулзсан гэнэ. Тухайлбал, Монголбанкны Мөнгөний бодлогын газар, Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Зарим хүн цалингийн зээл аваад биткойн олборлох төхөөрөмж БНХАУ-аас захиж авсан байналээ. Зээл гарах хугацаа, тээвэрлэлт гэх мэтээр цаг алдсанаас болж дараагийн загварын, хүчтэй машин гарчихдаг гэсэн” гэв. 

Ямартай ч Монголд биткойн олборлох болон хөрөнгө оруулж буй хүний тоо нэмэгдсээр байна. 

“Ард” санхүүгийн нэгдлээс зохион байгуулсан хурлын үеэр биткойны олборлолттой холбоотой үлгэрийн гэмээр санааг ч ярьж байлаа. Тус хуралд www.bitcoin.com-оос урилгаар оролцсон Стэйрлин Люхан “Биткойн олборлох үед их хэмжээний дулаан ялгардаг. Энэ дулаанаар халаалт шийдэх замаар утаанаас салж болно” гэв.

Эргэн сануулахад, “Крипто үндэстэн” хурлын үеэр биткойны ханш 10 мянга гаруй ам.долларт хүрсэн байв. Хурлаас хойш арав гаруй хоног өнгөрөхөд ханш хэдийнэ 17 мянган ам.долларт хүрчээ. Сонирхуулахад, www.google.com-оос “bitcoin price” гэж хайхад нэг биткойн 40.6 сая төгрөгтэй тэнцэж байгаа тухай тооцоолол нүдэнд шууд тусна. 

Ерөөс биткойн дэлхий нийтийн анхаарлыг татаж буй цахим мөнгөний хувьд ханшийн савлагаа ихтэй таваар болж байна. Өчигдөр гэхэд л биткойны ханш нэг өдрийн дотор хоёр мянган ам.доллараар уруудсан юм. Тиймээс ч богино хугацаанд биткойноос ашиг хийж болдогтой адил эрсдэл ихтэй гэдгийг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь зохицуулалтгүй хөрөнгө оруулалт учраас буух эзэн, буцах хаяггүй гэсэн үг. 

 Блокчейн мандтугай

Биткойн болон бусад криптовалютын суурь технологи болох блокчейнийг ашиглаж аливаа мэдээллийг үнэн зөв, найдвартай тараан байршуулж болох юм. Тодорхой хэлбэл, энэхүү технологийг ашигласнаар кодчилогдсон-валютаар хэнээс, хэнд хэдэн кодчилсон-валют шилжүүлснийг хадгалж авах боломжтой юм. Ямар ч админ энэ мэдээллийг устгаж чадахгүй гэдгээрээ онцлог. Энгийнээр хэлэхэд тухайн сүлжээнд холбогдсон хэн ч бай Бат, Дорж хоёрын гүйлгээний мэдээллийг харах боломжтойгоос гадна тэд хийсэн гүйлгээгээ устгаж болохгүй гэсэн үг. 

Тэгвэл энэхүү технологийн тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Биткойн бол шинэ бизнес, боломж. Энд эрсдэл үүрч болно. Харин блокчейн бол шинэ технологи. Үүнийг мандтугай гэж хэлмээр байна” гэж хэлсэн нь олны анхаарлыг татаж байна. Тэрбээр энэхүү технологид суурилж дижитал элчин сайдын яам нээх тухай яриад, дижитал элчин сайд томилох боломжтой гэж Гадаад харилцааны яамны хурлын зааланд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр  мэдэгдсэн юм. Харамсалтай нь, түүнийг хүсэл эрмэлзэл дүүрэн саналаа хэлж байх торгон мөчид тус яамны зааланд wi-fi ч байхгүй байсныг тэмдэглэх хэрэгтэй. 

Д.Цогтбаатар сайдын яриа уншигч танд боломжгүй мэт санагдаж байвал дараах жишээнд анхаарлаа хандуулна уу.  Уул уурхайн бизнес эрхэлдэг н.Золбоо гэх залуу “Крипто үндэстэн” хурлын үеэр “Ашигт малтмал, газрын тосны газрын өргөдлийн дугаар олгох ажилд блокчейн технологийг ашиглавал авлигал, хээл хахуулийн асуудлыг шийдэж болох юм” гэж хэлсэн юм. Уг саналыг олон хүн дэмжсэний дотор Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг байсан. Тэрбээр н.Золбоогийн саналыг олон нийт болон албаны хүмүүст уламжилж байна. 

Криптовалютын Монгол дахь ирээдүй 

Монголд хүртэл биткойнтой адил криптовалют гарах гэж буйг уншигч Та сонссон уу? Эгэрэг гэх энэхүү цахим мөнгөний тусламжтайгаар дэлхийн аль ч өнцөг булангаас маш бага шимтгэлээр мөнгө шилжүүлэх боломжтой болох гэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх заалттай Цахим төлбөрийн системийн тухай хуульд зааснаар нэг эгэрэг нэг төгрөгтэй тэнцэх юм байна. 

Уг платформыг санаачлагч М.Хасчулуу банкны салбарт өөрчлөлт авчирах уг үйл явдлын талаар “Бид Монголд цахим мөнгө гаргаж үйлчилгээнд нэвтрүүлэх зорилготой. Одоогоор туршилтын ажил дууссан” гэж хэлсэн юм. 

Тэгвэл АНУ-д боловсрол эзэмшсэн монгол залуучууд хамтарч www.coinseed.co гэх стартап амжилттай эхлүүлсэн тухай нийтлэлийн эхэнд тэмдэглэсэн. Уг стартап нийлбэр дүнгээр 10 орчим тэрбум төгрөг гаднаас босгож байгаа гэсэн. 

Энэ мэтээр биткойн болон түүний суурь технологи болох блокчейний хувьсгалаас Монгол хоцроогүйг нотлох баримт ар араасаа цуварсаар байна. Интернет болон ухаалаг гар утас хүн төрөлхтний амьдралд өөрчлөлт авчирсантай адил блокчейн технологид суурилсан криптовалютууд бидний амьдралыг хялбарчлахаар довтлон айсуй. ТАВТАЙ МОРИЛ! 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2018.04.08
НӨАТ тайлангийн хуулийн хугацаа дуусахад 2 хоног үлдлээ
2
2017.12.28
Дарханы төмөрлөгийн үйлдвэр шилдгээр шалгарчээ
3
2017.12.20
Монголын талаас болж Замын-Үүд - Эрээний хамтын ажиллагааны бүсийн ажил гацжээ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
18
20
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.