Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Доржсүрэнгийн СУМЪЯА


Бид эмэгтэй хүмүүс, бидний сонголт хэзээ ч амар байдаггүй … "Титаник” киноноос

Анх би тамирчин хүний амьдралаар кино зохиол бичих санаатай Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ахад хандтал Д.Сумъяаг санал болгож билээ. Түүнтэй уулзахаар Спортын төв ордны ойролцоох цайны газар хүлээж суухдаа асуух зүйлсээ бэлдэн бага зэрэг догдолж, мөн сүрдэнгүй байснаа нуух юун. Би спортоос их хол өссөн хүн.

"Гэтэл сая л бэлтгэл дууслаа" гэсээр үүргэвч үүрсэн, хацар нь улаа бутарсан жаахан охин ороод ирэх нь тэр. Зөөлхөн нам дуугаар эмх цэгцтэй ярьдаг, даруухан охинтой анх ингэж танилцаж билээ.  
Гэтэл тэр даруухан охин маань яг дэвжээн дээр гарахаараа ямар их эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, шулуун харцтай, хөдөлгөөн бүр нь хурц шийдэмгий, өөр хүн болж хувирдгийг хараад  гайхширч байлаа. Хамаг дотоод энерги, хүч чадал, тэсвэр тэвчээрээ нөөж, хэрэгтэй цагт тэр бүхнээ гаргадгийг нь барилдааных нь явцад анзаарч, бас мэдэрсэн. 

“Цагаан хадаг” киног хийх болсон хамгийн том шалт­гаан бол залуу үед үлгэр дуурайл болох тамирчин, түүний эгэл атлаа эгэлгүй амьдралыг олонд харуулж, залуу хүн мөрөөдлийнхөө төлөө тууштай явж чадвал ялалт, ам­жилт хэрхэн ирдгийг үлгэр болгон үзүүлэх  байлаа.

Бид ч зөв хүнээ сонгожээ гэдгийн анхны уулзалтаараа л мэдэрч, маш их баярласан. “Аав маань дугуй засна аа. Хангалуун биш ч боломжийн амьдарч ирсэн. Анх жүдогийн дугуйланд бүртгүүлээд явж эхлэхэд кимоно авч өгөх мөнгө аавд минь байгаагүй. Нэг улаан бэлтгэлийн өмд цамцтай, улаан хацартай охин л өдөр бүр бэлтгэл рүүгээ яарч очдог байлаа. Хичээлээсээ тарж ирээд гэрээ цэвэрлээд, хоолоо бэлдэж тавьчхаад ордон руугаа буцаад  гүйнэ. Олуулаа учир гурилтай хоол их хийдэг байлаа. Олон гурил хавтгайлна. Нэг гурилыг тэдэн минутанд хавтгайлна гээд бүр тооцчихсон байдаг байлаа. Үгүй бол бэлтгэлээсээ хоцорно шүү дээ. Гүйгээд очиход бие халчихсан, шууд бэлтгэлээ эхэлж болдог байлаа. Тэгж байтал аав надад 15000 төгрөгөөр анхны минь кимоног авч өгөхөд хагартлаа баярлаж яг жинхэнэ жүдочин болсон санагдаж билээ…” гэж инээмсэглэн ярьсан. Тэгснээ санаа алдаад “Би их сонин, томоохон тэмцээний өмнө бэртчих гээд байдаг талтай. 2012 оны Олимп, Астанагийн дэлхийн аваргын өмнө бас л бэртчихсэн. Бэртэл бол тамирчин хүний хамгийн хүнд даваа. Сэтгэлээрээ чанга, итгэлтэй байхгүй бол ялагдах магадлал нэмэгддэг. Биеийн бэлтгэл бүрэн хангагдсан ч сэтгэл санаа тогтворгүй бол хэцүү. Дэвжээн дээр гараад “ялагдчих вий” гэж хоромхон зуурт бодох төдийд л өрсөлдөгчийн мэхэнд орчихсон байдаг. Ялагдал гэдэг зүйлийг эцсийн мөч хүртэл бодож болдоггүй…” гэж хэлэхэд нь дөлгөөн даруухан атлаа сэтгэлийн хат суусан хүнийг тамирчин гэдэг юм байна даа хэмээн бодож суусан. 

Эмэгтэй хүний хувьд тийм сонголт хийх амаргүй. Бөх гэдэг ерөөс эр хүний л ажил мэт. Гэхдээ тэрээр сонголтоо зөв хийсэн. Үзүүлсэн амжилтуудыг нь бодохоор тэр зорилго, сонголтдоо үнэхээр үнэнч байжээ гэж бодогдоно. Тамирчин хүмүүст л байдаг тэр их тэвчээр, өөртөө итгэх итгэл, мятрашгүй ган зориг, цуцашгүй хөдөлмөрийн жишээг би Д.Сумьяагийнхаа амьдралын түүхээс, бэлтгэл сургуулилт дээр нь очоод харсан зүйлсээсээ мэдэж билээ. Эцэст нь, ялалт гэдэг өөрийгөө л ялахын нэр юм байна гэдгийг тэр биеэрээ үлгэрлэн үзүүлж чадсан. 

Д.Сумьяа маань 2017 оны нөлөө бүхий 50 эрхэмд багтсанд баяртай байна. Бие болоод сэтгэлийн асар их тэсвэр хатуужлыг үзүүлж, энэ их амжилтад хүрч, Монгол­доо болон Дэлхийд манлайлж байгаа түүгээр бахархахгүй байхын аргагүй. Манлайлал бол нөлөөлөл юм. 

Бичсэн: "Цагаан хадаг" киноны зохиолч, ерөнхий продюсер Т.Номуунзул. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
4 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
6 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
9 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
17
46
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.