Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: "Сандогоос Сандуй хүртэл"


Хүрээний сүүлчийн амбан Сандуй нэртэй харчин хүн байсан гэдэг юм. Түүнийг хөөгдсөнөөс 105 жилийн дараа хуучнаар бол хүрээний, одоогоор бол нийслэлийн ИТХ-ын даргаас Ц.Сандуйг хувьсгалч тодотголоо мартсан намынхан авч хаяв.

Сүүлчийн мөчийг хүртэл түүний аз нь татаад байсан юм. Ердөө нэг хоног тэсчихсэн бол маргааш нь прокуророос 60 тэрбумын хэргийг хаасан гэж зарлах байв. Аз хариагүй, татсан л хэрэг. Ц.Сандуй үнэхээр мэдээлэлгүй байв уу, эсвэл золио юу?

Ердөө жилийн өмнө түүний азын од гийж байсан шүү дээ. Сонгуулийн санхүүжилтийг төрийн албан тушаалыг урьдчилан зарах маягаар босгох түүний төлөвлөгөө МАН-д 60 тэрбум төгрөг, улмаар ялалт авчирсан билээ. Тэр тусмаа Монголын ардчилсан хувьсгалын буурал эцэг, “максим пулемётчин” Э.Бат-Үүлийг АН-тай нь, нийслэлийн намтай нь дөрвөн уулын дунд бут ниргэсэн гавьяа үнэндээ Ц.Сандуйнх. Газар зарахаас өөр юмгүй, ноомой, ердийн л түшмэл гэж түүнийг “голж” байсан нь буруу байсан юм. Гудамжинд дөрвөн жил болохдоо босож тэмцэх чадваргүй болсон МАН-ынхан ядаж жагсаал ч хийж чадахгүй амьтны элэг доог болж байсан. Бүх эрх мэдэл, санхүү АН-ынхны гарт орсон үед МАН хэмээх их иддэг орос машин шиг нүсэр бүтцийг хөдөлгөхөд овоохон “шатахуун-мөнгө” шаардлагатай байв.

Эргэлзэж тээнэгэлзээд, дороо эргээд байдаг шийдвэргүй М.Энхболдоос ялгаатай нь энэ залуу менежер маш шийдэмгий бөгөөд ёс зүйгүй тактикч байжээ.

Хотод тавьсан зам, суулгасан шон, тарьсан цэцгийнхээ хүчинд гарцаагүй ялна гэж итгэсэн Э.Бат-Үүл хувьсгалчийн алдраар түрээ барьж, УИХ дахь намын бүлгээ мөн адил хувьсгалч Ерөнхийлөгчтэй элбэж дарамталж байгаад жижигсгэсэн мажоритар тойргоор сонгуульд орох болсон нь АН-ын стратегийн алдаа байв. Бас нийгмийн шинжтэй хотын ИТХ-ын сонгуулийг улстөрийн шинжтэй УИХ-ын сонгуультай зэрэгцүүлж явуулснаар АН бүх хүчээ дөрвөн уулын дунд бүслүүлэн “хядуулав”. Өнөө их дуутай АН-ын улстөрчид бутран зугтав.

Үнэндээ Э.Бат-Үүл хотын хүчээр ялалт авчраад түүгээрээ түрээ барьж УИХ-д жин дараад, улмаар Ерөнхийлөгчид дэвших тооцоотой байсан ч юм билүү? Тэр хэрийг бодох чадвартай “дээд” эрэмбийн улстөрч. Гэхдээ л тэр газрын ченж хийдэг нусгай пацанд нугаслуулсан юм. Мөн гай яа!

Хэрэв энэ хоёр сонгуулийг салгаж хийсэн бол АН УИХ-ын сонгуульд ялагдлаа ч нийслэлийн сонгуульд арай ч ингэж сүйрчихгүй байсан юм. Орон нутгийн нэртэй дүүргийн сонгуульд сүр сүлдээ гээж, эмх цэгцээ алдсан АН амжилт олох нөхцөл байгаагүй, тэгээд ч МАН-ын шүдлэн чоно шиг залуус ялалтынхаа гал цогоор АН байтугайг хүүчээд гарахад бэлэн байжээ. 2016 оны сонгуулиар Ц.Сандуй өөрөө сүлжээний талаар “ам алдаж”, түүнээс болж хотын даргын суудлаа алдсан ч дараалсан ялалтын уухайнд тэр нь дарагдан баларсан.

Гэвч сонгуулиас хойш нэг жил амсхийсний дараа АН биш иргэд сэхээ авчээ. Ямар ч найдваргүй сонгуульд орсон АН-ын нэр дэвшигч, бүх талаар илүү харагдаж байсан М.Энхболдыг холбоотонтой нь салам цохив. “Бүх талаар хүчирхэг байна гэдэг бүх талаар сулын шинж” гэсэн Күнзийн мэргэн сургааль ахин биеллээ олов. Нүүдэлчид яагаад ялдаг вэ гэх мөнхийн асуултад бас нэг баталгаа нэмэгдэв.

Өмнөх сонгуулийн гялалзсан алдраар намынхаа бүдүүн даргатай золгохдоо “томчуулын өмнө” магтуулж, тэдний дээхнэ үүд харан сууж байсан залуугийн өмнөх ялалтын алдар энэ удаад өөрийнх нь хөлийг тушиж, хүзүүг ороов.
Хэрэв сонгуульд нууц алба оролцоод эхэлбэл хэдэн тэрбумтай, ямар албан тушаалтай, хэр том шүхэр дор нуугдсанаас үл хамаарч сүйрч болдгийн жишээ Ц.Сандуй болсон юм. Нийслэлд мөнгөөр бороо оруулаад ч нэмэр болсонгүй, өмнөх сонгуульд ажилласан сүлжээ нь найдваргүй болон задарч, өөрөө унав.

Тэр нууцыг задлагч Доржзодовын араас биечлэн хөөцөлдөөгүй, бүгчихсэн. Энэ үед л жинхэнэ мөн чанар нь нарийн, аймхай, асуудлыг өөрөөсөө зайлуулагч, амархан барьц алддаг хүн болох нь харагдсан билээ. Далд байхдаа дарангуйлагч, ил гарвал хэн ч биш... Харин өнөө алдартай муйхар зөвлөхөө илгээсэн нь дайран дээр давс үрэхийн үлгэрээр өөрийг нь дуусгасан билээ. Үнэндээ Москвад төгссөн, өндөр боловсролтой аюулгүй албаны мэргэжилтэн “амьд” үлдэхийн тулд ямар том бүтцийг эвдлэн нурааж болохын жишээ нь Ц.Сандуйн хотын намын хорооны нуралт болсон юм. Тагнуулч бүтэлгүйтэл нь алдар суу авчирдаг золигийн ажил билээ л.

Ингээд суу алдар Доржзодовт, харин шившиг нь Ц.Сандуйд үлдэв. Ингээд бодвол тэр од биш солир байж. Гэхдээ МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан бол түүний улстөрийн дардан зам ингэж тасрахгүй байсан...

"Baabar.mn" сайтын нийтлэлч А.Баатархуяг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
40
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.