Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

2017 оны нөлөө бүхий 50 хүн: Оюу толгойн ажилчид


Нийслэл хотоос маань 600-гаад километрийн зайд өмнийн говьд орших “Оюу толгой” компанид гадаад дотоодын 13 мянга гаруй хүн ажиллаж байна. Эдгээр хүний цаана хань ижил, үр хүүхэд, гэр бүл нь байгаа гэж бодох төдийд л энэ компанийн нийгэмд үзүүлж буй хөрөнгө оруулалтыг үнэлж баршгүй мэт санагддаг. 

Оюу толгойнхон өдөр, шөнөөр ээлжлэн ажиллах ажилчдынхаа аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьдаг нь тус компанийн амжилтын эх ундарга гэлтэй. Тамирчин, дасгалжуулагч бидэнд их спортод амжилт гаргах үндэс нь бэлтгэл, сургуулилалт байдагтай адил уурхайчин хүнд аюулгүй ажиллагаа эрхэм байдаг болов уу. Ажилчид нь өдөр бүр гэртээ эсэн мэнд, эрүүл саруул очдог, осол гэмтэл, өвчлөлөөс ангид ажлын байр бий болгох нь “Оюу толгой” уурхайн гол зорилго. Ийм ч учраас уурхай дээр очсон хэн ч эхлээд Аюулгүй ажиллагааны зөвлөмжтэй танилцах ёстой. Үүнийгээ ч ягштал баримтлах нь чухал. Менежментийг нь гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулан ажиллаж байна. Монголчууд хамгийн орчин үеийн, хамгийн аюулгүй орчинд ажилладгаа дэлхий нийтэд харуулж, бусад томоохон уул уурхайн компаниудад үлгэр жишээ болохуйц ажиллаж байгаа нь бахархмаар. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, “Оюу толгой” компани 2017 оны гуравдугаар улиралд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт нь 0.25 байгаа нь “Рио тинто” группийн хэмжээнд төдийгүй уул уурхайн салбарт хамгийн бага гэмтэл, бэртэл тохиолддог, аюулгүй ажиллагааг сайн хангадаг уурхайн нэг болжээ.  
Хүн төрөлхтөн зэсийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашигладаг. Бидний гэрийг гэрэлтүүлэх цахилгаан, дэд бүтэц, дэлхий ертөнцийг холбох технологид ч зэсийн гүйцэтгэх үүрэг хэмжээлшгүй. Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн гурван хувийг дангаар хангах төлөвлөгөөтэй “Оюу толгой” үйлдвэрлэл уурхайгаас эхэлнэ. Ордын нийт хүдрийн 20 хувийг Ил уурхай, 80 хувийг гүний уурхайгаас олборлох юм. Зэсийн хэрэглээний 30 хувийг дангаар хангах Чили улсад орших “Эскондида”, “Чукикамата”-гийн дараа орох дэлхийн гурав дахь том уурхай Монголын говь нутагт бий болно. Зэсийн нөөцөөрөө “толгой цохих” Оюу толгой ордын бүтээгдэхүүн олон улсын түүхий эдийн зах зээлд анхаарлын төвд оршин байгаа. 

“Оюу толгой”-н ажилчид зэс олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гарган Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Ингэж ажиллахдаа тэд байгаль орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүйн төлөө дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр стандарт баримталж, Өмнөговийн түүх, өв соёлыг хамгаалахад орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахыг чухалчилдаг юм билээ. 

Нэлээд хэдэн жилийн өмнө би “Оюу толгой” компанитай холбогдож байлаа. Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 онд “Оюу толгой” компанийн элч тамирчин болж, хамтран ажилласны хувьд тус компани үндсэн ажил үүргээсээ гадна байгаль орчин, боловсролын салбарт төдийгүй улс орны нэрийг гаргах спортын салбарт ч хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарладаг гэдэгт итгэлтэй байдаг.  Лондонгийн олимпийн наадам монголчуудын хувьд нэгэн онцлогтой байсан юм. “Рио Тинто” олон улсын уурхайн групп “Лондон-2012” наадмын түншээр сонгогдсон учир тэд эх орны минь газар шорооноос гарсан зэс тэргүүтнээр хийсэн медалиар шилдгүүдийн энгэрийг мялааж байлаа. Энэ олимпоос Монгол Улс нийт таван медаль хүртэж түүхэн амжилт гаргасан.
Анх 2012 оны арванхоёрдугаар сард Баяжуулах үйлдвэрээ нээж, 2013 оны долдугаар сард зэсийн баяжмалаа экспортод гаргасан түүхтэй. Монголын түүхэнд өмнө нь байгаагүй томоохон хэмжээний хөрөнгө оруулалттай “Оюу толгой” компани нь одоо ч Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь болсоор байна.
Ажилчдынхаа аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, цаг мөч тутам илүү сайжруулж байдаг “Оюу толгой” хэмээх их айлын амар амгалан байдал мөнхөд үргэлжилж, эрүүл саруул хөдөлмөрлөх их үйлс нь орд шигээ ундарч, бялхан байг ээ. 

Бичсэн: Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Ганболдын ДОРЖЗОДОВ
2
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Дорждугарын ГАНТУЛГА
3
2017.12.28
2017 оны нөлөө бүхий 50 хүн: Батын ХУРЦ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
23
27
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.