Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Movie review: "Солиот эх" энгийн л нэг "уйлуулдаг кино" биш


Нээлтээ хийсэн цагаасаа хойш үзэгчдийг мэлмэрүүлэн уйлуулж, шуугиан тариад байгаа “X-ТҮЦ” продакшны бүтээл “Солиот Эх” МУСК-г үзэхээр шийдэж, эхлэхээс нь цагийн өмнө очтол үзвэрийн суудал битүү зарагдсан байсан бөгөөд азаар нэг суудал сул таарч, завшаан тохиов. Кино эхлэхийг хүлээн “Өргөө-1” кино театрын II танхимын үүдэнд хана налан дугаарлаж зогсохдоо өмнөх үзвэрээр мөн л “Солиот Эх” киног үзэж дуусаад нүд нь бүлцийж, нулимс нь цийлгэнэсэн охид, эмэгтэйчүүд, ээжүүдийг угтаж, бас үдэж зогслоо. Танхим руу орохоор хүлээж буй “манайхан” зөрж гарах хүмүүсийн нүдийг цоо ширтэн “Хэр их уйлсан байна?” гэсэн аятай сонжих нь нэг талаар эвгүй, бүдүүлэг ч гэмээр сэтгэгдэл төрүүлнэ. 

Уг киног гарах болсонтой холбогдуулан сайтуудаар эх зохиолыг нь буюу Хятадын зохиолч Ван Хэн Жи-гийн “Солиот Эх” хэмээх ижил нэрт өгүүллэгийг Д.Болдбаатарын орчуулгаар уншигчдад хүргэсэнтэй таарч, уншаад авсан юм. Зохиолыг нь уншаад төрсөн сэтгэгдлээс болоод ч тэр үү, хэт их эмгэнэлтэй, хүчилсэн мэт кино болсон байх даа хэмээн таамаглаж байсан ч киноны явцад найруулагчийн болон жүжигчдийн гүйцэтгэл, дүрслэл, дүрүүдийн мөн чанарын тэнцвэртэй байдлууд сэтгэлд хүрч “Солиот Эх” нэрнээс төрсөн “солиотой хүчилсэн” кино байх даа гэсэн бодол маань зөөлөрсөн юм.

Хамгийн түрүүнд мэдээж гол дүрийн жүжигчдийн гүйцэтгэл сайн байсныг дурдах хэрэгтэй байх. Жүжигчин, найруулагч Ишдоржийн Одончимэг хэдийгээр хошин урлагийн төрөл жанраар уран бүтээлээ түлхүү туурвидаг ч Монголын тайз, дэлгэцийн урлагийн тоотой хэдхэн шилдэг эмэгтэй жүжигчдийн нэг гэдгийг олон түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Ялангуяа И.Одончимэгийн бусад жүжигчдээс ялгарах онцлог нь хүний сэтгэлийн нарийн мэдрэмж, торгон мөчүүдийг мэдрэмжтэй, эмзэг хэрнэ хэтрүүлэггүй, баланстай (бодитой) харуулж чаддаг нь яах аргагүй уг хүний төрөлхийн авьяас чадварын илрэл.

Анх киног зорьж очихдоо л гол дүрийн бүсгүйгээс хэт өндөр хүлээлттэй байсан болоод ч тэр үү зарим нэг энгийн  сценүүд дээр арай л “хүчтэй” тоглолт харагдаад байх шиг санагдаж, дотроо шүүмжлээд авсан. Гэвч найруулагч, жүжигчин бүсгүй маань өөрийн сэтгэл шингэсэн уран бүтээлдээ авьяас чадвараа зуун хувь дайчлан, ачааны хүндийг үүрч киногоо бүтээсэн нь тодорхой харагдаж байлаа.

Солиот эх Номоогийн дүр кинонд хэт их драм, уянгын халил нэмж байсан бол Зэрмийн хүйтэн хөндий  хэрнээ  дотоод зөрчилтэй дүр нь бодитой уур амьсгал бий болгож, тэр их уянгын халилыг тогтоон барьж тэнцвэржүүлж байлаа. Миний бодлоор гол дүрээс гадна Зэрмийн дүрийн хөгжүүлэлтийг зохиолчид болон жүжигчин Бархүү “гүн” хийж чадсан нь киног илүү үзүүштэй болгоход гол нөлөө үзүүлсэн мэт. Гэвч заримдаа Зэрмийн “хөмхий зуусан” төрх арай л орц нь ихэдчихээгүй байгаа гэсэн болгоомжлол төрж байсныг нуугаад яахав.

Гол дүрүүд нэг нь хэлгүй, нөгөө нь үг дуу цөөтэй болхоор хоорондоо харилцан яриа бараг байхгүй, ер нь л киног бүхэлд нь харилцан яриа багатай бүтээсэн нь И.Одончимэг болон Т.Бархүү нарын тоглолтыг илүү хүчтэй гаргаж, тодруулж өгчээ.

Хүүхэд байхаасаа л олон содон дүрийг нь харж өссөн жүжигчин Д.Цэрэндарьзав гуайгаа сэтгэлийн хаттай, буурал эмгэний дүрээр өргөн дэлгэцээр дахин харсан нь мөн гайхалтай сайхан байлаа.

“Солиот Эх” хэмээх хэт их ч гэмээр эмгэнэлтэй, түвэггтэй зохиолыг найруулагч Одончимэг өөрийн тэнцвэртэй мэдрэмжээр дарж, хэтрүүлэг багатай, баланстай бүтээл болгохоор няхуур, хянамгай ажилласан нь тод мэдрэгдэж байсан юм. Кино сонирхогчийн нүдээр намагт шигдэж буй хэсэг болон хадан цохионоос унасан шалтгаан, чоно буцаж буй хэсгүүд бага зэрэг үнэмшилгүй байсныг эс тооцвол ийм тийм гээд шүүмжилчих жижиг том алдаанууд илт харагдахгүй байсан нь уран бүтээлчдийн нягт нямбай ажлыг харуулж байгаа юм.  

Кино зохиолыг бичихдээ Н.Онон, И.Одончимэг нар хятад ахуй, хятад хүний тухай өгүүлэх уг зохиолыг 1900-аад оны Монголын нийгэмд тун аятайхан буулгасан бөгөөд кино зураглаач, зургийн баг тэр үеийн нийгэм, хүний амьдралыг, дүрслэл, өнгө будгаар чамгүй сайн, үзүүштэй бүтээжээ.

Жонон хамтлагийн гишүүн Б.Цогбаярын хөгжим, хуур хөгжмийн аяс киноны уур амьсгалд бүрэн автуулж, гайхалтай сайхан зохицож байсныг мөн заавал дурдах ёстой.

Киног үзэх явцад хэд хэдэн үзэсгэлэнтэй, бас хүчтэй сценүүд нүдэнд тусаж байснаас дурдвал :

Кино зураг авалтыг Архангай аймгийн Тариат суманд хийж, Хорго орчмын үзэсгэлэнт Байгалын дүрслэлийг дэлгэцнээ буулгаж харуулсан нь сайхан санагдаж байлаа. 

Галзуу солиотой хүүхэнтэй ойртож, хүүхэдтэй болохыг даалгаад эмгэнийг явсан хойно гутарч, бухимдсан Зэрэм  нааш цааш холхиж байснаа гэртээ орж, харин учрыг үл мэдэх галзуу Номоо гадаа хана налан суухдаа, гэрийн цагаан ноос сэмлэж, салхинд үлээн зугаацаж буй хэсэг.  

Мөн зэрэмдэг зүс царай, үгээгүй ядуугийн балгаар бүсгүй хүнтэй амрагийн харьцаа үүсгэж, хань ижилтэй болж чадаагүй Зэрэм үүр шөнөөр гадаа гарч, гар хангалга хийж байгаа хэсэг.. зэрэг сценүүд хүчтэй сэтгэгдэл төрүүлэв.

Бяцхан хүү, нүцгэн уулын бэлд ургасан өнчин модны хэвлийд байх хонхорхойд суун тоглож, ээжийгээ төсөөлөх нь эхийн хэвлийг бэлгэдсэн метафор агуулсан мэт содон мэдрэмж төрүүлж байсныг дурдах хэрэгтэй байх.

Нэг талаар энэхүү кино нь “сенсаацтай” нэрээр монголчуудын эмзэг, нандин, популяр сэдэв болох “эхийн хайр”-ын тухай харуулсан нь олонх үзэгчдийг татаж, уйлуулж байгааг үгүйсгэхгүй боловч нөгөө талаар уран бүтээлийн хувьд зөвхөн уйлуулах л гэж бүтээсэн биш, хөлс хөдөлмөр нь шингэсэн, чанартай бүтээл болж чадсан гэдгээрээ үзсэн хүмүүс ам сайтай, сэтгэл хангалуун байгааг дурдах хэрэгтэй болов уу. 

Нийтлэлийг бичсэн Б.Мөнх-Оч 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
9 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
3
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.