Хайх зүйлээ бичнэ үү

Чөлөөт бөхийн тамирчин, спортын мастер Н.Эрхэмбаяртай түүний үеэл ах Н.Эрдэнэбаярын тусламжтайгаар ярилцлаа.

 

Бидний эргэн тойронд эх орныхоо нэрийг өндөрт өргөж, амжилт бүтээлээр дүүрэн амьдарч буй эгэл даруухан залуус олон. Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг олон улсад мандуулсан чөлөөт бөхийн тамирчин, спортын мастер Н.Эрхэмбаяртай түүний үеэл ах Н.Эрдэнэбаярын тусламжтайгаар ярилцлаа. 100 хувийн сонсголгүй хэдий ч тэрбээр өөрийгөө дайчлан сүүлийн 10-аад жил чөлөөт бөхөөр тууштай хичээллэж байгаа юм.


 
Спортын мастер Н.Эрхэмбаярын сүүлд гаргасан томоохон амжилтаас нь дурдвал, 2016 онд Иран улсын Тегеран хотноо болсон Диф (сонсголгүй) иргэдийн чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн 54 кг-ын жинд зодоглон түрүүлж, эх орныхоо далбааг мандуулсан юм. Мөн өнгөрсөн 2017 оны долоодугаар сард Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан 97 улсын 3000 гаруй тамирчин хүчээ сорьсон Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 23 дахь удаагийн Олимпийн наадам /Deaflympics/-д чөлөөт бөхийн төрөлд оролцож, мөнгөн медаль хүртсэн билээ. Өнгөрсөн аравдугаар сард Өвөрмонголд болсон олон улсын тэмцээний 65 кг-ын жинд барилдаж, алтан медаль авчээ. 

 


-Юуны түрүүнд Алтан гадас одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Хүндэтгэлтэй сайхан шагналыг гардан авч байх үеийн сэтгэгдлээсээ хуваалцана уу? 

 

-Сэтгэл маш их өндөр байсан. Алтан гадас одонгоор шагнуулах үеэр ээж маань Өвөрхангайгаас ирж, нагац хоёр ах цугтаа ирж баяр дээр минь баяр нэмсэн. Бид маш их баяртай байсан даа. Ээжийгээ баярлуулсандаа маш их баяртай байлаа.

 

-Өөрийг тань сайн танихгүй, гаргасан амжилтыг нь мэдэхгүй хүмүүс сошиал сүлжээгээр  нэлээд шүүмжлэлтэй хандах шиг болсон. Үүнд эмзэглэсэн үү?
 

-Шагнал гардсаныхаа дараа талбай дээр зургаа авахуулсан л даа. Ганцаараа зургаа авахуулахдаа гараа халаасандаа хийсэн нь хүмүүст таалагдаагүй болов уу. Зарим хүмүүс ийм залуу хүн Алтан гадас одон авсанд дургүйцсэн юм шиг байсан. Гэхдээ үүнд эмзэглэсэн зүйл байхгүй. Гаргасан амжилтыг минь үнэлэх нэгэн байхад үнэлэхгүй хүмүүс ч байх нь тодорхой болохоор сошиалд гарсан сөрөг зүйлсийг хэтэрхий эмзэглэж хүлээж аваагүй.  

 

 

-Чөлөөт бөхөөр хичээллэх болсон түүхээсээ хуваалцана уу. Энэ спортод дурлаж, хичээллэх болсон шалтгаан нь юу байсан бэ? 
 

-Би Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн дасгалжуулагч Э.Баттүшиг багшийн удирдлага дор багаасаа хичээллэж байгаа. Анх сумын заан Э.Мөнхбаяр гэж үеэл ах минь намайг дагуулж,Э.Баттүшиг багшид аваачиж байсан. Хичээллээд 10-аад жил болж байна. Амжилттай сайн хичээллэхэд Э.Баттүшиг багш минь, хоёрдугаар сургуулийн дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Тусгай бүлгийн багш Х.Пүрэвсүрэн болон анги хамт олон минь надад үргэлж тус дэм болдог. 

 

-Тамирчин хүнд Олон улсын тэмцээн уралдаанд явахад санхүүгийн бэрхшээл ихээхэн тулгардаг. Энэ бэрхшээлийн ард хэрхэн гарч байна вэ. Тусалж дэмждэг байгууллага байдаг уу? 
 

-Тэмцээн уралдаанд явахад шаардлагатай зардал мөнгөний асуудалд хоёр багш маань, ангийнхан минь их тусалдаг. Иранд болсон тэмцээнд явахад Монголын Дифхолбоо, аймгийн Засаг дарга болон сайхан сэтгэлт хүмүүсийн дэмжлэгээр амжилттай оролцоод ирсэн. Тусалж дэмжсэн байгууллагууд ч бий. Бүгдэд нь баярласан сэтгэлээ илэрхийлье. 

 

-Гэр бүлээ танилцуулна уу. Таниас өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
 

-Би нэг ах, нэг эмэгтэй дүүтэй. Ах маань Замын-Үүдэд гэр бүлээрээ ажиллаж амьдардаг. Ээж, дүү хоёр нутагтаа амьдарч байгаа. Ээж тогооч, дүү минь төгсөх ангийн сурагч. Ах маань жүдогоор хичээллэдэг байсан нь намайг бөх сонирхоход нөлөөлсөн.

 

-Энэ олон жил тасралтгүй нэг спортоор хичээллэхэд шантрах үе хэр олон тохиолдож байсан бэ. Болъё гэж бодож байв уу? 
 

-Шантарч байсан үе байхгүй. Чөлөөт бөхөөрөө тууштай хичээллэж, амжилтанд хүрэхийг хүсдэг. 

 

-Одоо Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд орох юм билээ. Бэлтгэл ханасан уу?
 

-Э.Баттүшиг багш Өмнөд Солонгос руу сургалтанд явчихсан учраас шигшээ багийнхантай хотод бэлтгэлээ хийж байгаа. Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэтэд энэ сарын 11-14-нд болно. Би 61 кг-ын жинд барилдана. Маргааш Эрдэнэт явна. Ноднин өсвөрийн ангиллаасаа хасагдаж, залуучуудын ангилалд орсон. 

 

Дасгалжуулагч Э.Баттүшигийн хамт

 

-Энгийн хүмүүстэй барилдахад бэрхшээлтэй зүйл хэр их тулгардаг вэ?
 

-Сонсголгүй болохоор багшийнхаа зааварчилгааг харахын тулд анхаарлаа сарниулчих гээд байдаг. Энэ хооронд өрсөлдөгчдөө оноо алдах магадлалтай. 

 

-Үлгэр дуурайлал авдаг, хүндэлж явдаг ямар тамирчин байдаг вэ?
 

-Г.Мандахнаран ах шиг л мундаг тамирчин болохыг хүсдэг. 

 

-Чөлөөт бөхөөс гадна ямар спортод дуртай вэ, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
 

-Чөлөөт цагаараа сагс тоглох, ууланд гарах дуртай. Хол байгаа найзуудтайгаа фэйсбүүкээр харилцдаг даа.

 

-Бэлтгэл сургуулилалтаа хийхэд хүндрэлтэй зүйл байдаг уу?
 
-Өөрөө хүсэж, тэмүүлж хичээллэж байгаа болохоор хүндрэлтэй зүйл байдаггүй. Тэмцээн уралдаанд явахад мөнгө санхүүгийн бэрхшээл гардаг ч гэсэн багш нар, анги хамт олон болон Дифхолбоо, сайхан сэтгэлт хүмүүсийн тусламжтайгаар болоод л байна. 

 


 
-Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилалт хийхийн тулд байнга хотод ирэх шаардлага гарч, байрлах орон байрны асуудал гардаг тухайгаа ярьсан байсан.
 
-Хотод ирэх шаардлага байнга гардаг. Энд ирэхээрээ үеэл ахтайгаа байр хөлсөлж, амьдардаг. Энэ байрандаа өнгөрсөн тав дахь өдөр нүүж ирсэн. Өмнө нь өгсөн ярилцлагад байрны асуудлыг нэлээд дөвийлгөөд биччихсэн байна лээ. Одоо энэ тухай дахиад ярихаар хүмүүст орон сууц, байр нэхэж байгаа юм шиг сэтгэгдэл төрөх вий гэж санаа зовож байна.
 
-Нууц биш бол Олон улсын томоохон тэмцээнд оролцож, амжилт гаргаад ирэхэд улсаас урамшуулал хэр олгодог вэ?
 
-Сая Дэлхийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны 23 дахь удаагийн Олимпийн наадмаас мөнгөн медаль авахад улсаас 30 сая төгрөг олгоно гэсэн ч таван сая төгрөг авсан. Дифхолбооноос тайлбарласнаар хувиар тооцож, гаргахад гар дээр олгогдох дүн нь таван сая төгрөг юм билээ.    
 
-Уучлаарай, ямар нэгэн ослоор сонсголоо алдсан юм уу?
 
-Бага байхад тархи хөдлөөд аав, ээж хоёр олон хүнээр нэг өдөр толгой бариулснаас болж, сонсголоо алдсан гэдэг юм. 


-Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хэрхэн дэмжээсэй гэж хүсдэг вэ?
 
-Хүн бүхэн тэгш эрхтэй байгаасай гэж хүсдэг. Бидэнд ч гэсэн хүсэл мөрөөдөл, авьяас чадвар бий. Багахан дэмжээд өгөхөд л бид өөрсдийн хүчээр амьдрах чадвартай.

 

-Цаашдын зорилгоосоо хувалцана уу. Тав, арван жилийн дараах Эрхэмбаярыг ямар байна гэж төсөөлж байгаа вэ?
 

-Мундаг тамирчин болж, Олимпоос алтан медаль авах зорилготой байгаа.

 

-Олон залуус, хүүхдүүд өөрөөр тань бахархаж байгаа байх. Амжилтыг тань хараад тамирчин болохоор шийдэж байж ч магадгүй. Тэдэнд хандаж зөвлөгөө өгнө үү?
 

-Би одоохондоо залуу, туршлага муу тамирчин. Гэхдээ аливаа зүйлд чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүссэн л бол тууштай байгаарай гэж захъя.

 

-Спортын их үйлсэд нь өдрөөс өндөр амжилт хүсье. Дэлхийд данстай мундаг тамирчин болоорой. 
 

-Баярлалаа.  

 


 

Ярилцлагын үеэр түүний үеэл ах Н.Эрдэнэбаяр дүүгийнхээ амжилтаар үргэлж бахархдаг төдийгүй Н.Эрхэмбаяр төлөв даруу зантай, бөх хүний жудагтай, нийтэч хүү гэдгийг ярьж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч энгийн хүмүүстэй ч барилддаг гэдгийг нь онцолсон юм. Гэсэн хэдий ч Монголын нийгэмд энгийн тамирчны гаргасан амжилт, хөгжлийн бэрхшээлтэй тамирчны гаргасан амжилтыг урамшуулахдаа ижил тэгш байдаггүйд шүүмжлэлтэй ханддагаа нуусангүй. 

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.