Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Тэд бидний тухай: Монголчууд хэрхэн ДУУРИЙН УРЛАГИЙГ эзэгнэв?

“The Guardian” сайтын сэтгүүлч Кейт Моллисоны Монгол орноор аялан сурвалжилсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


“The Guardian” сайтын сэтгүүлч Кейт Моллисоны Монгол орноор аялан сурвалжилсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. 

THE GUARDIAN: Сүүлийн жилүүдэд монголчууд дуурийн урлагт нөлөө бүхий амжилт гаргах боллоо. Харин яаж? Энэхүү нууцыг мэдэхээр сэтгүүлч Кейт Моллисон мянган милийг туулан Монгол орныг зорьлоо. 

Кардифф хотноо болсон Дэлхийн дуулаачдын тэмцээний эцсийн шатны үзүүлбэрийн үеэр дуурийн багш Мэри Кинг нулимс дуслуулан суусан. Яагаад вэ? гэж үү? Монголын баритон дуулаач Ганбаатарын Ариунбаатарын тоглолт түүнийг гайхшруулсан хэрэг. Өргөн мөр, өндөр нуруутай, нүүр дүүрэн инээмсэглэсэн 29 настай залуу дуулаачийн хоолойн цар хүрээ, хүч чадал шүүгч олны анхаарлыг эрхгүй татсан билээ. Россини, Верди, Чайковскийн бүтээлүүдийг дуулсан Г.Ариунбаатарын тоглолтын дараа Кинг “Гүн гүнзгий, хүч чадалтай хоолой, төрх байдал нэгэн дор цогцолсныг харах гайхалтай” гэж уулга алдсан юм. 

Үнэхээр ч Г.Ариунбаатарын намтар түүх дэлхийн бусад нэр хүндтэй дуулаачдаас огт өөр. Тэр Монгол түмний нэгэн адил мал хариулан, малчны гэрт өссөн нэгэн.  Хүүхэд ахуй цагтаа Г.Ариунбаатар өдөр бүр 60 гаруй миль газрыг  морьтой туулан, уудам талыг дуулан өнгөрөөдөг байжээ. Тэр нийслэл Улаанбаатар хотод их сургууль эзэмшихээр 2 жил хичээллэсэн ч, сургалтын төлбөрөө төлөх чадваргүйн улмаас таксины жолооч болж ч байсан аж. Харин нэгэн орой цагдаагийн дарга түүний таксинд суун ярилцсанаар Г.Ариунбаатарт боломж нээгджээ. Тэр Улаанбаатарын цагдаагийн чуулганд орж, их сургуульд ч суралцан, Орос, Европыг зорин дуулах болсон байна. 

Түүний энэхүү намтар түүх сонирхлыг минь татаж, гурван сарын дараа би дуу хураагуур, хэрэгслээ цүнхлэн Улаанбаатарыг зорьсон юм. Үүнээс өмнө Монголын тухай Чингис хаан, говь цөл, хоёр бөхт тэмээ, хөөмийн аялгуу, хурдан адуу гэх мэт ерөнхий ойлголттой төдий байв. Гарт минь байсан номонд Монгол улс эрт цагт дэлхийн талыг эзэлж явсан их гүрэн байсан хийгээд өдгөө Орос, Хятад гэх хоёр их гүрний голд тусгаар тогтнон амьдардаг гэж бичсэн байлаа. Мөн “Айрагнаас татгалзах нь бүдүүлэг зангийн илрэл. Учир нь айраг нөхөрлөлийн илэрхийлэл” гэж бичжээ. 

Харин миний гол асуулт болох “Монголд яагаад дуурийн урлаг чухал вэ?” гэх асуултын хариу энд байсангүй. 2015 онд Чайковскийн нэрэмжит тэмцээнд эрэгтэй гоцлол дуулаачийн төрөлд Г.Ариунбаатар ялалт байгуулсан. Харин Э.Амартүвшин Кардиффийн эцсийн шатанд үлдсэн бол өнгөрсөн жилийн тэмцээнд дуурийн дуучин Б.Батжаргал оролцсон гээд сүүлийн үед монголчуудын амжилт бахдам байлаа. 

Монгол улс 1921 онд ЗХУ-ын туслалцаатайгаар тусгаар тогтнолоо зарласан. Ингээд нэр бүхий ардын дуучид Орос, Герман, Польш зэрэг орныг зорьж дуурийн чадвар эзэмшжээ. Одоо бол дуурийг голчлон Улаанбаатар хотод тоглоно. 1963 онд “Евгений Онегин”-ээр эх түүхээ эхлүүлсэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр бол Монголын дуурийн урлагийн гол тайз. Шаргал тоорын өнгөтэй эл барилга төв талбайн дэргэд байрлана. Үүсгэн байгуулагдснаасаа хойш хөгжин, өнөөдөр бол 285 гаруй ажилчид, албан хаагчидтай болон өргөжиж, жилд дунджаар 100 гаруй тоглолт хийх болжээ. Өнөөг хүртэл нийт 2022 удаагийн тоглолт уг тайзнаа амилаад байна. ЗХУ-ын дэмжлэгээр дуурийн үндэс Монголын хөрсөнд тавигдсан ч монгол түмэн үүнийг цэцэглүүлэн хөгжүүлж байна. 

Залуу антропологич Ш.Туяа үүнийг тайлбарлахдаа “Манайх шиг жижиг үндэстэн өвөрмөц содон соёлоороо дэлхийд танигдах хэрэгтэй” гэсэн юм. Тэрээр Монгол Улс хоёр хөршөөсөө соёлын хараат байхыг хүсдэггүйг дурдаад Оросын бий болгосон салбараар монголчууд тэднийг ялан гарч байгааг онцолсон юм. 

Хөөмий Монголчуудын хоолойн цар хүрээ тодорхойлно. Энэ бол төрөлхийн авьяас билэг, удаан хугацааны дасгал сургуулилт шаарддаг нарийн урлаг юм. Би анх удаа хөөмийчдийг дэргэдээс нь сонсож үзлээ. Яг л салхин чимээ аялгуулах шиг уянгатай юм. Хөөмийч В.Батзоригийн аялгууг сонсоход ер бусын байв. Түүний хоолойноос би салхи, цас, агаар зүслэх бүргэдийн дэвэлтийг мэдэрсэндээ хэсэг гайхширсан билээ. 

Хөөмийн талаар дэлгэрүүлэн судлахаар би Ховд аймгийг зорилоо. Үзэсгэлэн төгс хосолсон гайхалтай нутаг юм. Зам зуур буудаллан нутгийн иргэдээс зам асуух төдийд л тэд нүүдэллэн яваа хүнийг цайлдаг монгол ёсоор айраг цагаагаар дайлж байв. Ингээд Чандмань сумд ирэхэд нутгийнхан бяцхан “үдэшлэг” буюу найр наадам хийж байхтай таарлаа. Гэрийн хойморт настай эр ач охиноо өвөртөө суулган эртний тууль хайлж байх нь өгүүлшгүй гайхалтай. 

Тэднээс асуухад алсад сүүдэртэх уулс, газар нутгаа санан дурсах сэтгэлээс "уртын дуу" үүссэн аж. Аль нутагт төрснөөс хамааран уртын дуу дуулах нь хүртэл өөр өөр байдгийг тэд онцолж байв. Г.Ариунбаатар болон Монголын бусад дуучдын хоолойн цар хүрээг би үнэхээр тодорхойлж мэдэхгүй юм. 

Удалгүй би судлаач Б.Хасчулуунтай уулзаж, нутгийнх нь дуурийн дуулаачдын нууцлаг чадвар юу болохыг тодрууллаа. Түүний хэлж буйгаар хүний биеийн өндөр, идэж буй хоол, цэвэр агаар, яс угсаатных нь өнөө хүртэлх үүх түүх гээд олон талын хүчин зүйл нөлөөлдөг аж. Тэрээр “Бид Чингис хааны үеийнх шиг дэлхийг байлдан дагуулах боломжгүй ч дэлхий цуурайттал дуулж яагаад болохгүй гэж?” гэж хэлсэн юм.

Олон улсын тэмцээнд нэрээ гаргасан Г.Ариунбаатар эх орондоо нэгэнт алдаршжээ. Эрх баригчид түүнийг дэлхийн дуурийн урлагийн тайзнаа эх орныхоо нэрийг гарган, орчин үеийн, хөгжингүй орон болохыг баталж байна хэмээн үнэлж байна. Г.Ариунбаатар эх орноосоо өөр газарт амьдрах бодолгүй байна. Түүний гэр бүл одоо ч хөдөө нутагт мал хариулан амьдардаг. “Тэдэнтэйгээ хамт байх надад дуулах урам зориг өгдөг. Би хаана ч байсан эх орноо сэтгэлдээ төсөөлөн дуулдаг”

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Олны өмнө ярихдаа “мартагдамгүй” байхад туслах 8 зөвлөгөө
2
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
3 өдрийн өмнө
Видео: АНУ-д гүүр нурсны улмаас 20 гаруй хүн гол руу унаж сураггүй алга болоод байна
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
17 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
24
31
0
0
0
0
0