Хайх зүйлээ бичнэ үү

Mother! бүтээлийнх нь тухай ярилцжээ.

Өнгөрсөн оны сүүлээр "Requiem for a Dream", "Black Swan", "Mother!" зэрэг киноны найруулагч Даррен Аронофски "Time" сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Есдүгээр сард нээлтээ хийн шуугиан тарьсан "Эх!" киноныхоо тухай ярилцжээ.

- Mother! бүтээл тань кино шүүмжлэгчдийг талцуулж чадсан час хийсэн бүтээл болсон. Энэ киног яагаад одоо хийх болов?

- “Black Swan” киноны дараа аймшгийн төрлийн киног дахин бүтээх гэсэн хүслээс минь эхэлсэн юм. Гэрт урилгагүй ирж буй хүмүүсийг харуулсан кино хийх нь сайн эхлэл болно гэж бодсон. Учир нь зочид хэтэрхий их удаж, төвөг тарих үед ямар байдгийг бид бүгд л мэднэ. Бас таны гэр биш, минийх ч биш, бид бүгдийн амьдарч буй "гэр"-ийн тухай үзүүлэх нь сонирхолтой гэж бодсон.

- Та эх дэлхийг ярьж байна уу?

-Бид бүгдийн эхийн тухай. Бидэнд амьдрал өгсөн эх. Би байгаль эхийн өнцгөөс, түүний биднийг гэсэн хайр, бидэнд өгсөн агуу бэлгийн тухай мөн хүмүүс түүнийг хэрхэн шаналган зовоож буй тухай кино бүтээхийг хүссэн.

- Би үзэж байх үедээ “The Giving Tree” номын тухай бодсоор л байсан. Жэннифер Лоуренсын бүтээсэн дүрээс хүмүүс хүссэн бүхнээ авсаар, эцэст нь түүнд юу ч үлдээгүй тухай. Танд энэ нөлөөлсөн үү?

- Тэгсэн. Энэ бол түүхэн дэх хамгийн нөлөө бүхий чухал хүүхдийн номуудын нэг. Энэ үнэхээр эмгэнэлтэй зохиол. Анх санаагаа гаргаж байхад энэ ном толгойд минь байсаар байсан гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ дараахан нь би энэ ном зүгээр л надад мэдэгдэлгүйгээр нөлөөлсөн болохыг олж мэдсэн.

- Та өөр юунаас уг зохиолынхоо санааг олж авсан бэ?

-“The Exterminating Angel” гэх агуу сюррелист Луис Бунюэлийн кино байдаг. Оройн хоолны үдэшлэгт уригдсан зочид ямар нэг сонин шалтгаанаар бүгд нэг өрөөнд түгжигддэг. Үүгээрээ тэр нийгэмд ямар нэгэн зүйлийг ойлгуулж тайлбарлах боломжтой болсон юм. Би хүмүүсийн арга замаар хэрхэн байгаль орчны асуудлыг харуулах тухай бодсоор байсан. Түүхэн дэх хамгийн том хүрээг хамарсан ойн гал түймрийн тухай ойлгох үнэхээр хэцүү. Энэ яг юу гэсэн үг болохыг ойлгох гэж оролдох нь абстракт зүйл. Бид болж буй бүхэн, дүр зургийг хардаг ч ухаж ойлгож, өөр дээрээ тусган авч чаддаггүй. Гэхдээ хэн нэгэн хүрч ирээд тамхины цогоор хивс түлэн, цоолбол үүнийг бүгд ойлгоно. Би байгаль орчинтой холбоотой асуудлуудыг хүмүүсийн үйлдлээр харуулахыг зорьсон.

- Би түүнийг зүгээр л орхиод яваасай гэж бодсоор л байсан шүү. Гэвч мэдээж тэр чадахгүй гэдгийг мэдсэн.

- Учир нь тэр гэртээ байгаа. Энэ бол аллегори буюу бэлгэдэл. Та өөрийн эрхгүй үүнд татагдан орж байгаа юм. Бас тэр дурлаж, хайрласан. Бүсгүй маш ихээр татагдаж байгаадаа өөрийгөө буруутгах мэдрэмж аваад зогсохгүй тэр эрийг хайрлахыг маш их хүсэж, түүнийхээ төлөө ямар ч зовлонг хамаагүй туулж, шаналж зовохоо хүлээн зөвшөөрч байгаа юм. Ийм төрлийн мэдрэмжийг хүмүүс үнэхээр мэдэрдэг. Би ийм хүмүүсийг мэднэ.

- Mother! кино тань хүмүүс зарим дүрийг шүтэн биширч, дараа нь үгүй хийж байгааг харуулдаг. Энэ нь нэр алдар гэх зүйлийн үр дагаврыг үзүүлэх гэсэн оролдлого уу?

- Үнэнийг хэлэхэд, би энэ тухай бодоогүй юм байна. Үүнийг би Жэннифер Лоуренс, Хавьер Бардем, Мишель  Пфайффер зэрэг өөрсдийн амьдралдаа яг л ийм зүйлтэй нүүр тулж буй хүмүүсийг оролцуулан тоглуулснаар гарч ирсэн зүйл гэж бодож байна.

-Хүчирхийлэлтэй холбоотой дүрсийг оруулахаар болохдоо та яг юунд зааг тавьж, ямар дүрслэл үзүүлэхээ хэрхэн сонгосон бэ?

-Хүчирхийлэл болон бэлгийн дур хүслийг ямар ч шалтгаангүй ашигладаг асуудал надад би. Энэ бол маш амархан агаад кинонд ашиглахад маш аюултай зүйлс. Би хүчирхийлэл гэх зүйл яг юу вэ гэдгийг үнэнээр нь л харуулахыг зорьдог. Үүнд ямар нэг уран тансаг зүйл байхгүй. Гэхдээ сонин болгоны эхний нүүрийг уншаад үзэхэд л дэлхийд ямар аймшигтай зүйлс болж байгаа нь шууд харагддаг. Гэвч бид үүнийг ойлгодоггүй. Энэ киноны хүч нь дөрвөн алдартай жүжигчнийг оролцуулж, хүчирхийллийн хэсгүүдийг танд үзүүлэхэд байгаа юм. Энэ бол маш хүчирхэг нөлөө. Тав тухтай төрлийн кинонууд байдаг. Гэхдээ би тийм хүрээнд ажилладаггүй. Би үнэхээр тэр мэдрэмжүүд угтаа ямар байдгийг, яаж мэдрэгддэгийг бусдад тултал нь мэдрүүлэх дуртай.

 

 

-Зарим кино шүүмжлэгчдийн хэлсэн шиг та өөрийгөө Хавьер Бардемын бүтээсэн дүрээр хардаг уу?

 

-Би өөрийгөө Жэннифер Лоуренсын бүтээсэн дүрийг илүү ойлгодог гэж хардаг боловч хүмүүсийг яагаад тэгж бодсоныг ойлгож байна. Би кино бүтээдэг, харин тэр дүр бол зохиолч. Энэ бол эгоны хувьд холбоог харуулж буй хэрэг. Гэвч би үнэндээ бүх дүртэй л холбоотой. “Black Swan” кинон дээр би балетчин байсан. “The Wrestler” кинон дээр би бөх болсон. “Pi” кинон дээрээ математикийн донтон байсан.

 

-Жэннифер буюу түүний бүтээсэн дүрийн өнцгөөс киноны үйл явдал өрнөдөг. Бас камер түүнтэй ямагт маш ойр байсан. Эрэгтэй хүний хувьд та хэрхэн эмэгтэй дүрийн өнцгөөс киног харуулахаар болсон бэ?

-Сонсооч, бид бүгд л хүмүүс. Кино урлагийн гоо сайхан нь хэрэв тухайн кино танд нөлөөлөхөөр сайн хийгдсэн л бол та Ираны зургаан настай охин эсвэл Эдинбургийн 80 настай хөгшний тухай мэдэж, тэдний амьдралаар амьдарч болоход оршиж байгаа юм. Өсвөр насны хүү байхдаа би зөвхөн эрэгтэй хүний царай, эрэгтэй хүнтэй холбоотой зүйлс л зурдаг байлаа. Дараа нь киноны сургуульд ороод, “Би хэзээ ч эмэгтэй хүний өнцгөөс аливаа зүйлийг хийж үзээгүй юм байна шүү дээ. Оролдоод үзэх хэрэгтэй юм байна” гэж бодсон. Тэгээд уг киног хийхдээ ч бас би эмэгтэй хүнтэй хамтарч ажилласан шүү дээ. Би хэзээ ч, “Боль! Эмэгтэй хүн үүнийг ингэж хийхгүй” гэж хэлэхгүй. Магадгүй, “Юу болоод байна?” л гэж асуух байх. Гэхдээ би жүжигчнийг эмэгтэй хүнийхээ талаас өөрийн хийхийг хүссэн зүйлээ тухайн дүрд нэмж оруулахыг зөвшөөрдөг.

-Кино библийн хэсгээс авсан байсан. Та яагаад “Noah” болон “Pi” зэрэг кино шиг шашинтай холбоотой асуудлыг ахин дахин хөндөх болов?

-Дэлхий дахинд холбогдох түүх домог гэж байдаг. Хүн төрөлхтний эхлэл, эрт дээр үеэс л ахин дахин яригдсаар ирсэн хуучны түүхүүд ч бий. Үүнд хүч чадал шингэсэн байдаг юм.

-Тэгэхээр та симболизм буюу бэлгэдэл зүйд татагддаг байх нь?

Икарус гэж хэлэхэд л та тухайн түүх юуны тухай болохыг шууд санаж байгаа. Тэр үнэхээр лааны тосон далавчаар нар өөд ниссэн эсэх тухай бид маргаж чадахгүй. Хэрэв энэ тухай маргасан бол уг түүхийн утга санааг алдаж, төөрч орхих байсан. Бэлгэдэл гэх зүйлийн ачаар хүмүүсийн амьдралд хамааралтай зүйлсийн тухай ярих боломжтой болдог.  

-Mother! кино нээлтээ хийхтэй давхцан АНУ-ын түүхэн дэх хамгийн аймшигтай хоёр хуй салхи дэгдсэн шүү дээ.

-Хамгийн аймшигтай. Харви бол АНУ-ын хувьд хамгийн муухай аянган шуурга байсан. Мөн Канадад хамгийн аймшигтай ойн гал түймэр болсон. 2016 онд дэлхийн түүхэн дэх хамгийн халуун зун болж өнгөрсөн бол түүнээс арван жилийн өмнө мөн л тухайн үеийн хамгийн халуун зун болсон. Энэ зүгээр нэг давхцал биш.

-Та их бухимдсан сонсогдож байна.

-Би үнэхээр бухимдаж байна. Би эцэг хүн. Өвөө минь надад болон эгчид маань илүү сайхан амьдралыг бэлэглэх гэж Америкт ирж байсан. Харин би түүнийг нь үр хүүхдүүддээ өгөх аргагүй болоод байна. Гэхдээ би ирээдүйн тал дээр өөдрөг үзэлтэй байдаг. Харанхуйд уусах үед хүн гэрлийг харж чаддаг гэж би боддог. Кино маань хүмүүст ямар нэг зүйл хийх урам зориг өгөөсэй.

-Энэ кино эцэстээ өөдрөг үзлийг харуулсан гэж та боддог уу?

-Би үүнийг нүсэр мэдрэмжээр дамжсан тайтгарал гэж бодож байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.