Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

FuckUp #4: Бүдэрсэн ч боссон 4 ӨӨР ТҮҮХ

Амьдрал алдаа төөрөгдөл, бүдрэлтээр дүүрэн… Харин тоосоо гөвөөд босох уу? Тэр чигтээ нуран унах уу?


Амьдрал алдаа төөрөгдөл, бүдрэлтээр дүүрэн… Харин тоосоо гөвөөд босох уу? Тэр чигтээ нуран унах уу? гэдэг хувь хүний сонголт билээ. Харин бид заавал өөрсдөө алдаж бус бусдын алдаанаас суралцаж,  “гашуун туршлага”-аас нь суралцаж яагаад болохгүй гэж?

Унаж бүдэрч явсан ч өөр өөрсдийн хэмжээнд амжилтыг бий болгож чадсан 4 эрхэм өөрсдийн “бүтэлгүйтлийн” түүхээ хуваалцдаг “FuckUp Nights” арга хэмжээнд UB.LIFE зочиллоо. 4 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа тус үдшийн энэ удаагийн зочдоор Монголдоо танигдсан бизнес эрхлэгч, бүтээгч, үүсгэн байгуулагчид түүхээ хуваалцсаныг онцлууштай. Тэд одоогийн амжилтаа бүтээхийн тулд ямар “FuckUp Night” буюу бүтэлгүйтлийг туулсан бол? 

#1 ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙХЭД ЗОВЛОН Ч ЖАРГАЛ.

Ц.Бат-Оргил “ОННЦ ДҮМД” анимейшн бүтээлийн дуу оруулагч, фонын зураач, дууны эвлүүлэгч. 

Бүтэлгүйтэл #1 “Хоёр жил цалингүй ажилласан нь”

Сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч өөрийн хүсэл зорилгын дагуу эвлүүлэг, найруулагчаар олон телевизэд ажилласан. 2 жил нэг байгууллагад ажилласан ч ердөө 60 мянган төгрөгийн цалин авах тохиолдол ч байв. 

Сургамж: Зөвхөн мөнгөөр үнэлж болохгүй мэдлэг чадвар бий гэдгийг ойлгосон. Залуу хүн юу ч хийсэн өөрт аз жаргалтай, юм сурч байвал хийх л хэрэгтэй. 

Бүтэлгүйтэл #2 “Хүссэн дүрдээ гологдсон өдрүүд” 

Анх Дамбжаагийн дүрийг өөрөө авахсан гэж “шунаж” байсан ч найруулагчийн хүсэл шаардлагад нийцэхгүй байсан тул хэсэгтээ л “мөрөөсөл” болсон юм. “Яаж хоолойгоо хувиргаж болох уу? Яаж дүрээ сайн гаргах уу?” гэж удаан хичээллэсэн. Удалгүй өөр жүжигчин сонгон шалгаруулалтад орохоор ирэхэд нь давхар өөрийгөө найруулагчид мэдрүүлэх, “сурталчлах” үүднээс дүрээ танилцуулах мэтээр өөрөө дүрдээ орж жүжиглэсэн юм. Ингэхэд найруулагчид ихэд таалагдан, хүссэн дүрээ өөрийн болгож чадсан.

Сургамж: Хийж чадах зүйлдээ зоригтой байж, хүссэн үр дүнд хүртлээ хичээллэх хэрэгтэйг мэдэрсэн. 

#2 ОЛОН ЗҮЙЛ РҮҮ "ДАЛЖИГНАЖ" ХЭРЭГГҮЙ 

С.Түмэнгэрэл “Өгөөж чихэр боов” ХК-ийн Ерөнхий захирал 

Бүтэлгүйтэл #1 Бүх наймаа “дампуурч”, оргүй хоосон болов.

Зах зээлийн шилжилтийн үеэр бусдын адил ганзагын наймаа хийж бизнес эрхэлж байлаа. Залуу насны алдаа оноо хүний насан туршийн анд нөхөр юм уу даа. Хамгийн том бүтэлгүйтэл бол Бээжингээс маш эрэлттэй куртка оруулж худалдаалж байхад тохиосон гарз юм. Тухайн үед куртка биш өөр хувцас, гутал “даруулчихсан”-аас болж, бүх мөнгөө алдаж, “дампуурч” байлаа. 

Сургамж: Хүний чадах чадахгүй олон зүйл бий. Тэр бүрээс хамгийн сайн чадахыгаа л хийгээд бусдыг нь орхи. Нэг үгээр олон зүйлрүү “дальжигнаад” байвал юу ч үгүй хоцорно. 

Бүтэлгүйтэл #2 Танилаа ажиллуулаад, өөрөө хохирсон нь.

Компани хөл дээрээ тогтсон үед танил тал, төрөл төрөгсдөөсөө "Тэрийгээ нэг ажилтай болгож үз” гэдэг үг их сонссдог байлаа. Нэг удаа хамаатныхаа хүнийг хамгийн өндөр цалинтай ажилд оруулаад өг гэхээр нь томилж орхисон юм. Ингээд л алдагдал хүлээж, ёстой нэг “гороо амссан” даа. 

Сургамж: Мэдэхгүй хүнийг ажиллуулсан нь миний буруу байсан. Үүнээс хойш ямар ч ажилд тухайн хүний хэн байхаас үл хамааран ур чадварыг л голчлох болсон. 

Ерөөс алдаа гаргах нь амьдрал дээрх суралцах үйл явцын чухал хэсэг. Олон удаагийн оролдлого, бас бүтэлгүйтлийн эцэст хувьсал бий болдгийн нэгэн адил амьдрал алдаа төөрөгдөл, зайлшгүй бүдрэлтээр дүүрэн.

-”Хорин настай өөртөө өгөх зөвлөгөө” номоос. 

#3 ЧИ Л ӨӨРИЙГӨӨ АВАРНА 

Ц.Амгалан “Гоодаль” сэтгүүлийн үүсгэн байгуулагч

Бүтэлгүйтэл #1 Нэг л өдөр гар, хөл мэдээгүй болсон.

2005 онд анх “Гоодаль” сэтгүүлээ үүсгэн байгуулж, эрхлэн гаргаж, дийлэнх бичвэрүүдийг өөрийн гараар бэлтгэдэг байлаа. Хоёр гаруй жил тасралтгүй амжилттай ажилласан ч нэг л өдөр орноосоо босч чадахгүй болтлоо өвдсөн. Сэтгүүл ч үйл ажиллагаагаа зогсоож, уналтын байдалд оров. Хамгийн том уналт минь энэ байв. 

Сургамж: Амьдрал хэврэг зүйл. Харин сэтгэлийн хат хамгийн чухал гэдгийг ухаарсан. Унасан ч босох сэргэх хүчтэй байх ёстой. 

Бүтэлгүйтэл #2 Хайртай хүн чинь чиний эсрэг зогсох өдөр ирдэг. 

Итгэлийн үүдээ нээсэн хүн нэг л өдөр миний тухай баримтыг өөрийн минь эсрэг ашиглах үе ирсэн. Өөр нэгэн том уналт минь энэ. 

Сургамж: Ямар ч үед хүн өөрөө өөрийгөө л аварна. Бусад хүмүүс биш хүн л өөрөө өөрийгөө өөрчилдөг. 

#4 ӨНГӨРСӨН ХОЙНО НЬ БИТГИЙ ХАРАМС.

Б.Жаргалсайхан “Буян” ХХК-ийн Ерөнхий захирал

Бүтэлгүйтэл #1 Хүүгээ, дараад нь ээжийгээ алдаад “нуран унасан” үе.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Эцэг хүний зөн гэж байдаг. Том хүүд минь ямар нэг зүйл тохиолдох гэж байгаа мэт санагдах болж, удалгүй “Хүү тань алуулчихлаа” гэх харуусалт мэдээг сонссон юм. Төд удалгүй ээж минь бурхны орныг зорилоо. Амьдралын хамгийн бэрх даваа тэр үе байсан. 

Сургамж: Эрт орой хэзээ нэгэн цагт бидний хайртай хүмүүс биднийг орхин оддог. Тиймээс дэргэдээ байхад нь хайрла. Бурхан болсон хойно нь над шиг ном хуруулж, хамгийн тансаг цэцэгсээр ижийгээ хучлаа ч буян болно уу гэхээс босч ирэхгүй. 

Бүтэлгүйтэл #2 Чамаас шалтгаалахгүй зүйлээр хичээл зүтгэлээ үгүй хийлгэсэн нь.

Нам төрийн ажлаар гадаад дотоод явахдаа олон улсын төлөөлөгчид, тэрбумтан бизнес эрхлэгчидтэй их уулзана. Тэр бүрт Монголдоо ямар боломж авчрах вэ? гэж эрэлхийлж байв. Олон улсын хөрөнгө оруулагчид өөрийн төслөө Их хурлаараа батлуулаад ирвэл 100 хувь дэмжинэ гэдэг байсан ч нам, улс төрийн хагаралдаанаар бүтээгүй нь өөр нэгэн уналт, бүтэлгүйтэл байв. 

Сургамж: Чамаас шалтгаалахгүй, олон нийтийн шийдэх хэрэг гэж бий. Тэр бүрт уян хатан, ухаалаг хандах хэрэгтэй. 

"FuckUp Mongolia"-гийн чадварлаг залуус 4 дэх удаагаа энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Sky17-д цугласан залуус зочидтой танилцан ярилцаж, нэгэн үдшийг үр бүтээлтэй, инээд хөгжөөнтэй өнгөрүүлсэн юм. 

"FuckUp" үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
“Miss AI” цахим тэмцээн $20000 шагналтай
2
Уржигдар
Жирийн элбэнх Япон орныг хоосруулах шахсан түүх
3
4 өдрийн өмнө
Фото: Дубай усанд автлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
1
37
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.