Хайх зүйлээ бичнэ үү

Иан Куртис: "Би ямар нэг тодорхой зүйлийн тухай бичдэггүй. Би маш гэнэтийн болоод ухамсаргүй байдлаар үгнүүдээ бичдэг."

1978 оны арваннэгдүгээр сард нийтлэгдэж байсан уг ярилцлагыг та бүхэнд орчуулан хүргэж байна.

Энэ хамтлагийн нэрийг “Joy Division” гэнэ. 77 оны эхээр хүч түрэн гарч ирсэн бүрхэг, бүүдгэр дүр төрх бүхий Манчестерийн залуус. Яг одоо Манчестерийн “Russell” клубд баасан гарагийн орой, бямба гарагийн үүр болж. Харин цугласан хүмүүс эелдэг бус байв. Тэд уламжлалт баасан гарагийн үдшийг согтож бас хамтлагт анхаарлаа хандуулалгүй өнгөрүүлж байсан юм.

Тэдний дуу эхлэлээсээ маш чанга бас харанхуй, яг л “Black Sabbath” хамтлагийн эхэн үе шиг сонсогдсон. Харин дууны үгс толгой руу минь зүсэн орж байлаа.

“I was there in the backstage, when the first light came around,

I grew up like a changeling to win the first time around,

I can see all the weakness, I can pick all the faults.

But I concede all the faith tests just stick in your throats

Би олон дуу хөгжим сонсож, цуглуулж явахдаа хэзээ ч үүн шиг чанга дуунуудтай таарч байсангүй. Цомгийн хоёр дахь дуу чанга боловч экспериментал төрлийнх байв. Өөр хамтлаг дуучинтай харьцуулахад хэцүү ч магадгүй “Wire”-тай төстэй. Үнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай. Энэ бол “An Ideal For Living” гэх нэртэй цомог байсан юм.

30 цагийн дараа би “Rehearsal Room Number Six” гэх өрөө рүү сэтгэл зовнилтойгоор явж орлоо. Тэнд Joy Division болоод менежер нь болох Роб Греттон нар байсан юм. Би асуувал тохиромжтой асуултуудыг толгойдоо бодсоор л байсан. Өрөө маш хүйтэн, ямартай ч байж болох хэмжээнээс хэт доогуур, яг л мөсөн хонгил шиг байв. Би тэнд суугаад, хамтлагийн гишүүдийн нэрсийг эхлээд цуглуулсан юм. Иан Куртис, Бернард Альбрехт, Питер Хүк, Стивен Моррис. Ямар ч нээлттэй харилцаа өрнөж чадаагүй таван минутын дараа бид ойрхон уушийн газар орохоор шийдлээ.

-Цомгийн дээр “songs by Joy Division” гэж бичсэн байсан. Та нар хамтдаа дуунуудаа бичдэг үү? Хэн дуунуудын санааг гаргаж ирдэг вэ?

Иан Куртис: “Янз янз л. Ямар ч байсан хөгжимлөг л байдаг.”

Бернард: “Бид ихэнхдээ бөмбөрийн цохилтоор эхэлж, басс гитар нэмэгдэн, түүн дээр нь би орж, Иан харин үг нэмэн дуулж эхэлдэг.”

Иан: “Тийм ээ, надад дууны үг дүүрэн жижиг дэвтэр байдаг. Тэгээд би тохируулаад л нэмдэг юм. Маш олон үг байдаг болохоор яг тохирох ая гарч ирэхэд ашиглаад л явдаг. Зарим нь янз янзын өөр үгнүүдээс бүрддэг. Жишээ нь ‘Leaders of Men’ дуу байна. Энэ дууны зарим хэсгийн үг бараг хоёр гурван жилийн настай.”

-Дууны үгнүүд нь ямар утгатай вэ?

Иан: Би ямар нэг тодорхой зүйлийн тухай бичдэггүй. Би маш гэнэтийн болоод ухамсаргүй байдлаар үгнүүдээ бичдэг.

Стивен: Хэрэв ямар нэг тодорхой зүйлийн тухай бичсэн бол хуучимсаг эд л болох байсан.

Иан: Тийм шүү, би тайлбар, утга зэргийг бусад хүмүүс өөрсдөө бодож олоход зориулаад нээлттэй орхичихдог.

Тэд надаас ямар нэг зүйл нуух гэж оролдоод байна уу гэж өөртөө бодоход хүрэв.

-“Joy Division” гэхэд хүмүүс шууд л автоматаар Нацисттай холбоотой зүйл боддог. Энэ магадгүй танай хуучин нэр “Warsaw”-аас болдог юм болов уу? Энэ тухайд юу гэмээр байна?

Бернард: Warsaw нэрийг бид зүгээр л сонгосон. Учир нь энэ юуны ч төрлийн нэр биш. Бид өөрсдийгөө “The” буюу хэн нэгэн гэж дуудуулахыг хүсээгүй.

Роб Греттон: Нацисттай холбоотой зүйл рүү эргээд ороход, хэрэв хүмүүс энэ төрлийн зүйл рүү үсэрч орон бодож байгаа бол сайн л хэрэг. Би заримдаа хүмүүсийг хэтэрхий нэгэн хэвийн, энгийн байна гэж боддог юм.

Бернард: Хүмүүс бүгд л аливаа зүйлийг радикал талаас харах гээд байдаг. Хэрэв тэд үнэхээр л өөрчлөлт хийх тухай бодсон бол энэ нь ерөөсөө ч юу ч биш юм гэдгийг харах л байсан.

Роб: Та нэг шүүмж дээрээ, ‘Joy Division Наци-түүхийн хэв маягийг агуулсан хэвээрээ л байна’ гэсэн байсан. Энэ ямар утгатай юм бэ?

-Үзэж буй хүмүүсийн дундуур эргэлдэж, тайзан дээр хэрхэн харагдаж байгаа зэргээс л мэдрэгдсэн юм. Иан Куртис “Рудольф Хессийн тухай та нар бүгд мартчихаа юу?” гэж “Electric Circus” цомгийнхоо дууны эхэнд хашхирдаг шүү дээ.

Роб: Тэд тайзан дээр нууцлаг бас нэлээн бүрхэг харанхуй дүр төрхтэй харагддаг байж болно л доо. Гэхдээ яагаад хүмүүс Нацисттай холбоод байгаа юм бэ?

Иан: Бүгд л биднийг Нацистууд гэдэг.

-Үгүй ээ, би та нарыг Нацистууд гэж хэлээгүй. Би зүгээр л та нарыг Нацистын түүхийг нэлээн сонирхдог бололтой гэсэн.

1978 онд гарсан “They Walked In Line” дуун дээр:

“Бүгд дүрэмт хувцсаа ямар сайхан өмсөө вэ,

Бүгд л согтож, цаг өнгөрөөхийн тулд алж хядсан,

Нэгэн шугамаар зэрэгцэн алхаж явахдаа тэд,

Хийсэн хэргийнхээ гэм нүглийг бүгд л өмссөн байна

Бернард: Хүн бүхэн л тэгдэг. Гэхдээ маш идэвхтэй ялгаварлан үзэгч байсан Жимми Пэрситэй харьцуулсан.

-Яагаад?

Бернард: Та тэгж боддоггүй нь ийнхүү миний бодлыг батлаад өглөө. “Sham 69”-ийн эхлэлийг хэн ч санадаггүй. Бас тэр үед түүний юу хэлж байсныг ч бас. Одоо тэр өнгөрсөн үеэсээ өөрийгөө холдуулан, хамаагүй болгох гэж оролдож байгаа. Гэхдээ л түүний дууны үгс гайхалтай хэвээрээ л дээ. (Бүгд инээлдэв)

-Та нар Лондонд тоглосон уу?

Роб: Үгүй ээ. Бид илүү олон дуутай болтлоо хүлээхийг хүссэн. Ойрын ирээдүйд бол гайгүй байж болох ч би тийм зүйл рүү бол орж чадахгүй нь.

-Та нарыг шинэ давалгаанд яг л хүнд металлд ойр байгаатай ижилхэн тун ойртсон гэж хэлбэл зүгээр үү?

Роб: Хэлж мэдэхгүй нь. Гэхдээ бид Манчестер дахь поп руу чиглээгүй ганц хамтлаг. Санал нэг байна уу?

-“The Fall” хамтлагийн тухайд юу гэмээр байна?

Роб: Өө нээрээ, тэднийг мартчихсан байна.

Иан: Та “The Fall”-д дуртай юу?

-Тийм ээ, миний дуртай хамтлаг.

Роб: Би тэдний тухай үнэндээ мэдэхгүй. Тэд цугласан олныг эрхлүүлдэггүй, анхаарлыг нь татах гэж хэт оролддоггүй учир бидэнтэй л адил гэж хэлмээр байна. Ер нь яагаад үзэгчдийг тэгтэл нь эрхлүүлж, анхаарлыг нь татах гэж оролддогийг ойлгодоггүй юм.

Ингээд бидний яриа дуусав. “Дараа уулзъя” гэж хэлээд би уушийн газрыг орхиж гарав. Би жаргалтай байв. Бүр гадаа зогсож байсан нохойг хүртэл эрхлүүлсэн. Учир нь Joy Division Манчестерийг толгойлох хамтлаг гэдгийг мэдсэн болохоор би баяртай байсан юм. Манчестер өнгөрсөн зун нуран уналт руугаа явсан байж болох ч одоо хоёр дахь дахин сэргэлтэд ойртон, бэлтгэгдэж байна.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.