Хайх зүйлээ бичнэ үү

“Солиот эх” киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа.

“Солиот эх” киноны ерөнхий найруулагч, гол дүрийн жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа. 


-“Солиот эх” киноны нээлтийн үеэр та үзэгчдийн дунд сууж харагдсан. Киногоо дуустал нь хамт үзсэн үү? 

-Яг үзэгчдийн дунд суугаад киногоо үзэхэд анхаарал төвлөрч өгөхгүй хэцүү, их сонин мэдрэмж төрж байсан. Хүн өөрийгөө урдаас харах хэцүү, ялангуяа өөрийн тоглолтыг. Энэ хэсэгт тэгдэг байж, арай өөр тоглох байж гэж харамсаад, нуруу руу юм гүйгээд ерөөсөө тогтож чадаагүй. Уран бүтээлдээ 100% ханана гэж байдаггүй. Тэгж байтал Д.Цэрэндарьзав эгч хажууд зэрэгцэж сууж байснаа миний гараас атгахад нэг их халуун мэдрэгдэж, яг тэр мөчид би өөрийнхөө гарыг цэв хүйтэн, бие маань царцсан мэт хөшчихсөн байсныг мэдэрсэн. Уг нь би их халуун гартай хүн байхгүй юу. Гэтэл тэр мөчид анх удаагаа би өөрөөсөө тийм хүйтнийг мэдэрсэн. Тэр атгалтанд маш гоё хайр, уран бүтээлч хүний ханьсах, үггүйгээр ойлголцох тэр сэтгэл хамт байсан. 

Нээлтийн дараа яг кино багаараа үлдээд, том ажлын ард гарсан хүмүүс зовлон, жаргалаа хуваалцаад сууж байхад Цэрэндарьзав эгч маань гараас дахин атгахад миний гар хав халуун байсан. Хоёр бие рүүгээ инээмсэглээд, зөвхөн бид хоёрын ойлгох тэр “харилцан яриа” болсон доо. 

-Та тайз, дэлгэцийн олон бүтээлд тоглосон ч гэсэн энэ удаагийн догдлол тань цоо шинэ, онцгой байж дээ. 

-Уран бүтээлийн нээлт хийхэд ямар ч хүн сандардаг, тайван биш болдог байх. Би лав хэн нэгнээр нуруу руугаа цохиулмаар юм шиг санагдаж, жирийн биш байдалд ордог. Гэхдээ би өмнө нь хэзээ ч бүх биеэ цэв хүйтэн болохыг мэдэрч байгаагүй. 

Би ер нь их мэдрэмтгий. Судас тариа хийхэд жишээ нь надад эмний амт нь амтагддаг. Ийм тохиолдол байдаг гэж эмч нар хэлдэг. Юм уухдаа зүгээр залгичихгүй хэл, тагнай бүх эд эсээрээ амталж уугаад сурчихсан. Энэ нэг их олигтой юм биш л дээ, жишээ нь гашуун юм уухад бол аймаар (инээв). 

-“Солиот эх” киноны нээлтийн үзвэрийн дараа уран бүтээлчдийг тайзнаа зарлахад таны нэрийг хэлмэгц бүгд босч зогсоод, халуун алга ташилт бэлэглэсэн. Энэ бол мэргэжлийн гоё таашаал байсан байх даа? 

-Тэр их сонин мэдрэмж байсан. Тайзны ажлын хувьд “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Ромео Жульетта”-гийн дараа зритель танхимаас гарахгүй, удаан алга ташдаг тийм жүжгүүд байсан. Харин киноны хувьд анх удаагаа... Магадгүй Онон продюсер, манай киноны маркетингийн албаныхан энийг мэдрэхийн тулд намайг хамгийн сүүлд гаргасан болов уу. 

Тэр нүднүүд их өөр байсан. Бүгд нэг тийм сонин үелзэлд, яг энэ цаг, энэ мөчөөс ихэнх нь хол очсон мэт тийм нүднүүд над руу харж байсан. Би тэр нүднүүдийг хараад хэлэхээр зэхсэн үгнүүдээ хэлж чадаагүй. Хэлэх ч шаардлагагүй, миний нэмэлт үгс утгагүй ч юм шиг санагдсан. Энэ их сонин мэдрэмж. 

-Тэр үед та “Би энгийн кино хийе гэж хүссэн. Энгийн, ойлгомжтой хэрнээ та бидний санадаггүй, анзаардаггүй тэр зүйлийг гаргахыг зорьсон” гэж хэлж байсан. Харин кино бүтээх явц тийм “энгийн” байгаагүй гэж бодож байна. 

-“Солиот эх” кинонд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн. Манай багийнхан бүгд энэ зохиол, уран бүтээлдээ дурлаж ажилласан. Амаргүй байсан уу гэвэл, тийм ээ. 

Гол дүр маань өөрөө байгалийн хүнд нөхцөлд, явах ёстой үйлдлүүд нь тухайн хүнээс амар юм шаардаад байдаггүй хэцүү гүйцэтгэлтэй. Жишээ нь, тэр хүрмэн чулуун дундуур нүцгэн хөлөөрөө байтугай нимгэн ултай гуталтай явахын эцэсгүй байсан. Олон дубль давтана, нарнаас, үүлнээс, жүжигчний тоглолтоос шалтгаалан хэд дахина. Тэр тоолонд эхний ритм унтарна, анхны байсан сэтгэгдэл, эмоци сарнина. Түүнийг тогтоон барихын тулд хүссэн хүсээгүй өөрөөсөө “хүчээр” маш их энерги гаргах шаардлагатай болж байсан. 

Энэ киноны натур дээр хамгийн сүүлд унтдаг хоёрхон хүн байсан. Нэг нь дүрсээ оруулж, шалгадаг эвлүүлэгч, дууны оператор Мөөгий, нөгөө нь дүрсийг давхар шалгаад маргаашийн зураг авалтаа боддог би. Эртдээ л гэхэд шөнийн 02.00-03.00 цагт унтаж, хамгийн түрүүнд босох ёстой. Нойр багатай болохоор энерги алдана, тэр нь тоглолтонд нөлөөлөх гэнэ. Гэвч нойргүй хоносон юм чинь ингэж муу тоглоно гэж болохгүй учраас хичээнэ. Амаргүй үе зөндөө байсан. “Яах гэж энэ дүрд тоглов оо” гэж бодох үе ч байсныг нуухгүй. 

-Найруулагчийн хувьд дэбют кино байсан байх тийм үү. Дээр нь ийм их ажиллагаатай гол дүрийг гаргана гэдэг хэцүү байсан биз? 

-Ороод гарчихдаг дүр байсан бол өөр хэрэг. Гэвч энэ бол голын гол дүр, тийм учраас надгүй зураг гэж бараг байхгүй. Тийм учраас би дунд нь шантарсан. Бүр анхнаасаа манай киноны продюсер Онон “Чи л тоглохгүй бол энэ киног хийхгүй” гэж намайг шахсан. Тэгэхээр нь “Тэгвэл өөр найруулагч олоод би гол дүрээ бүтээе” гэхэд бас зөвшөөрөөгүй. Энэ бол нарийн ажиллагаатай дүр, энэ киног эмэгтэй хүн л найруулж чадна. Өөр найруулагч авбал чи урдуур нь ороод, энэ болохгүй байна, ингэнэ гэж дайраад бүтэхгүй, би чамайг мэдэж байсан гэсэн. Хүссэн хүсээгүй чи найруулна, гол дүрээ бүтээнэ, өөр яриа байхгүй гэж надад тулгасан. Тэгээд би ойлгосон л доо. Энэ бол хариуцлага. “Х-ТҮЦ”-ийн хувьд “Болсон явдал”-аас хойших удаан хугацааны дараа бүтсэн кино. Нээрэн хэндээ итгэж өгөх вэ гэж, гомдвол өөртөө л гомдъё гээд л орсон. 

-Дүр жүжигчин хоёрын тохироо бүрдэх тэр огтолцол бол маш ховор байх. Хүмүүс киноны трэйлэрийг үзээгүй ч гэсэн энэ дүрд Одончимэг тоглосон гэдэг цуу л хүмүүсийг театрын гадаа дугаарлуулж байсан. Таны хувьд ч гэсэн энэ дүр бусад дүрээс их онцгой байсан болов уу гэж бодож байна. 

-Магадгүй тийм байх. Жүжигчний амплуа гэж байдаг, тэр нь хүн бүрт янз янз. Хүмүүс намайг зөөлөн, эерэг талын дүрээр хүлээж авдаг. Гэтэл би эсрэг дүрд тоглохыг хүсдэг л байхгүй юу. Би нэг удаа тайзан дээр эсрэг дүрд тоглож байсан. Олон эрчүүд хольж сольдог, аягүй айхтар, сүйхээтэй, хонжоо хайгч, амьдралаас юм атгаж байж л үлддэг, хүмүүсийг ашиглаад л өнгөрдөг тийм эмэгтэйн дүр. Надад тэр болгон эсрэг дүр ирдэггүй учраас би маш их хичээсэн, нөгөөтэйгүүр үзэгчид ч сайн хүлээж авч, миний тоглолтын үеэр алга ташдаг байсан. Гэтэл дараа нь нэг хүн над дээр ирээд “Одончимэг ээ, би чамайг ийм байдлаар харахыг хүсэхгүй байна. Чи ахиж ийм дүрд битгий тоглооч” гэж гуйсан. Энэ үг надад их сонин санагдсан. Миний жүжигчний ажил, хүсэл, тэр хүний хүлээж авах ойлголт өөр байсан л даа. Сонин байгаа биз? Дараа нь бас нэг хүн гудамжинд таараад “Одноо чамайг би охидууддаа үлгэр жишээ болгож ярьдаг. Бид гэр бүлээрээ чамд хайртай. Гэтэл чи юунд тоглочихов оо?” гэж хэлсэн. 

-Энэ үгс таньд нөлөөлсөн үү? 

-Нөлөөлөх гэхээсээ илүү би энэ тухай бодож байх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Тэрнээс хойш нээрэн л эсрэг дүрийн санал ирэхэд энэ үгс орж ирдэг болчихсон. Би бол дүрээ сайн гаргалаа, эсрэг дүрд тоглож үзлээ гэж баярлаж байхад энэ хүмүүсийн хэлсэн үг надад цохилт болж байгаа юм чинь. “Чамайг иймээр хармааргүй байна...” гэдэг үг. Урлагийн хүний нөлөөлөл хүчтэй, нийгэмд хүлээсэн өөрөө ч мэдэлгүй үүрэг байдаг гэдгийг ингэж ойлгож байлаа. 

Магадгүй энэ киноны солиот эхийн дүр үзэгчдийн надаас хүлээгээд байсан тэр зүйл байсан болов уу. Миний амплуа таарч, би энэ дүрд наалдах байх, Одончимэг тоглосон байлаа гэхэд ямар ч зохиогүй хүнийг тоглуулчихаж гэсэн яриа гарахгүй байх гэж бодсон. 

-Энэ дүрд өөрийгөө та яаж бэлдсэн бэ? 

-Би урд нь “Алганы хээ” кинон дээр төрөхөөс болоод галзуураад, дараа нь гэхдээ эдгэрдэг эмэгтэйн дүрд тоглож байсан. Тэр үед надад маш их хэрэг болсон хоёр материал байдаг. Чингэлтэйгийнхэн бүгд мэднэ дээ, манай гудамжинд, хэдхэн хаалганы цаана нэг ухаан нь заримдаа самуурдаг эмэгтэй амьдардаг байсан. Тэр гэр орондоо маш тустай, өглөө үхрээ хариулчихна, үхрээ саачихна, ихэнхдээ бидэнтэй яг л зүгээр хүн шиг ярина. Өвчин нь хөдлөхөөр хүүхдүүд их шоглоно. Заримдаа эрүүл болчихно, энэ маань зүгээр болчихож гэж бодоод өгсөн чихрийг нь хуваагаад идчихнэ. Галзуу хүнээс чихэр авч идлээ гээд ээж, ааваасаа банга хүртдэг байсан ч ихэнх тохиолдолд түүний галзуу гэдгийг бид мартчихдаг байсан.  Хаа нэг орж гардаг, өвчин нь хөдлөхөөрөө доогуураа нүв нүцгэн гараад үхрээ туугаад явчихдаг. Тэрүүгээрээ л өвчтэй гэдэг нь мэдэгддэг тийм эмэгтэй. Галзуу хүн гэхээрээ л нүдээрээ өнцөг үүсгээд, шүлсээ гоожуулаад, “уу, аа” гээд чарлаад явдаг биш. Энэ бол том эндүүрэл. 

Би бас өөрөө Шар хадны эмнэлэгт хэвтэж байсан. Аав намайг ядаргаанд орлоо гээд зориуд 14 хоног хэвтүүлж байхад би хоёрын зэрэг галзуу найзтай байсан. Өглөө цайгаа уучихаад гарч ирээд өдөр болтол буу халаад сууж л байсан. Эхнийхийг нь галзуу гэдгийг мэдэлгүй өдөр хүртэл ярьчихсан. Сүүлд нь энэ бол галзуурчихсан, бүр хурцын хурцад байдаг гэдгийг мэдсэн. 

-Шар хаданд хэвтэж байх тэр үедээ жүжигчин хүн учраас сонирхож, хэргээр ярилцаж, ажиглах тохилдол байсан уу?  

-Тэр бол тодорхой. Тэр залуутай би гурав хоног ярьсан, тэрнээс хойш өнөөх маань үзэгдэхээ больсон. Зориудаар нүдийг харахын тулд, ааш аягийг нь мэдэхийн тулд зүгээр л ажиглалтаар... Энэ бол миний дүрд асар их хэрэг болсон. 

-Зохиол уншаад таалагдах нэг хэрэг, кино болгох хүртлээ автах өөр хэрэг. Энэ зохиолыг анх яаж олж авсан бэ? 

-Сайн зохиолын эрэл хэцүү. “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг бид орчуулагч Д.Болдбаатар гуайгаас авч байсан. Тэгээд бид кино хиймээр байна, гоё зохиол юу байна вэ гээд ахиад яваад очиход өөрийнхөө орчуулсан “Гэгээ”-гийн сургамжит өгүүллэгүүд номыг санал болгосон. Онон бид хоёр тэр номыг тус тусдаа авч яваад, ажил дээр уулзахад хоёуланд маань “Солиот эх” өгүүллэг их таалагдсан байсан. Тэгээд л тэр дороо шийдэж, Д.Болдбаатар ахаас зохиолчтой нь холбогдоод өгөөч гэж гуйсан. Эхэндээ олоогүй, тэгээд зөндөө эрэл сурал болж, Гадаад харилцааны яам, Бээжин дэх консулын газар гэхчлэн хөөцөлдөөгүй газар байхгүй. Тэгж их ажил болж байж арай гэж зохиолчийг олсон. Багш хүн юм билээ. Ван Хэн Житэй олон хоног хэлэлцсэний эцэст зохиолоор нь үүсмэл бүтээл хийх албан ёсны эрхээ худалдаж авсан. 

-Зэрэмийн дүр дээр та найруулагчийн хувьд хэр их ажиллав? Т.Бархүүгийн гүйцэтгэл хүмүүст их хүрсан байсан. 

-Зэрэмийн дүрд анх бид өөр хүн харсан байсан. Гэвч тэр хүн маань бидний саналыг тодорхой шалтгаанаар хүлээж аваагүй. Бид тохиролцоонд хүрээгүй гэсэн үг. Бархүү чинь энэ жүжигт чихээсээр орж ирсэн юм шүү дээ (инээв). Анх харсан жүжигчнээ л хүн авах гээд байдаг юм билээ. Кино багийнхан маань Бархүү чинь байж болдоггүй юм уу, яагаад татгалзаад байгаа юм гэхээр үгүй ээ, Бархүү бишээ гээд л Онон бид хоёр яваад байсан. Манай Бараа ч гэсэн жүжигчин олов уу, тэр байж болохгүй юу гэхчлэн хүн хайлцаад л явсан гэсэн үг. Тэгээд эцэс сүүлд нь, за Бархүү чи хамтлагаа авар гээд л хүчээр тулгасан даа. 

-Зэрэмийн дүр Т.Бархүүгийн оргил ажлуудын нэг байсан болов уу. Үзэгчид хүртэл түүнийг, улмаар авъяасыг нь өөр түвшинд харч эхэлсэн байх. 

-Жүжигчин хүн авьяастай байж болно. Гэвч үүний хажуугаар ухаан гэж юм бий. Энэ хоёр нийлэх их ховор тохиол. Манай Бархүүд энэ хоёр чанар байдаг. Тийм учраас энэ дүр дээр сайн тоглосон. 
Бараа энэ кино руу сэтгэлзүйн хувьд ямар ч бэлтгэлгүй орсон. Ямар ч бэлтгэлгүй хүн гэдэг чинь аймаар байхгүй юу. Өөрөө ч гэсэн бидний саналыг сонсоод шоконд орсон, эхнээсээ өөрийгөө гэж бодоогүй, бэлэн биш байсан учраас балмагдсан. Түүний дүр бараг үг хэлдэггүй. Үгтэй юм гэдэг маш амар байдаг, үгээр бүх юмаа илэрхийлнэ. Харин үггүй дүр гэдэг жүжигчнээс дотоод тээшийг алдалгүй барьж явах маш хэцүү чадварыг шаарддаг. Тэр тээшийг нэг газар алдахад л дуусаа. 
Жүжигчин болгон гол дүрд тоглодоггүй юм. Асар олон жүжигчин байна, гол дүрд тоглодог жүжигчин гэж тусдаа байдаг. Тусдаа нь юундаа байдаг гэхээр тэр дотоод тээшийг таслахгүй авч явж чаддаг мэдрэмжтэй холбоотой. Хөөрхөн хөөрхөн чимхлүүр дүр дээр сайн ажилладаг хэрнээ гол дүрд тоглодоггүй жүжигчид байдаг. Намайг ингэж хэллээ гээд хүмүүс буруугаар ойлгохгүй болов уу. Энэ бол үнэнээс үнэн. Тэр дотоод даац, дотоод шугам, дотоод тээшийг эхнээсээ дуусан дуустал алдахгүй үзэгчээ барьж явдаг жүжигчин тусдаа төрдөг. Бараад уг жүжигчний байгалиас өгсөн өгөгдөл байсан, дээрээс нь маш их хариуцлага гэдгийг мэдэрсэн. Өөр хүмүүст тэр хэзээ ч зөвшөөрөхгүй байсан шүү дээ. 

Киноны ажил эхлэхийн өмнө биднээс “Надад итгэж байна уу?” гэдэг нэг л асуулт асуусан. Бид учраа хэлэхэд “За би дайрлаа”  гээд л орсон доо. Энэ л үг байсан байх гэж бодож байна. 

-Эх зохиол хятад хэл, хятад ахуй соёл дээр бичигдсэн. Үүнийг орон зай, цаг хугацаа, соёлын хувьд шилжүүлж, Монгол хөрсөн дээр буулгах ажил ямар байсан бэ? 

-Авьяастай хүнд амархан байх, дор нь, дор нь биччих биз. Би тийм хүн биш, зовж байж буулгасан. Надад амар байгаагүй. Хятад ахуй дээр бичигдсэн зохиолыг уншихад тэр гацааны амьдрал нүдэнд харагдтал буудаг ш дээ. Гэтэл манай хөдөөний амьдрал, сумын төв их өөр, сонин орчин. 

Суманд аваачих уу, яг хөдөө аваачих уу, эсвэл саахалтын голоо дагасан айлууд дунд буулгах уу гээд нүдэндээ харж байгаа байхгүй юу... Янз бүрээр бодсон. Тэгээд цаг хугацааны хувьд шилжилтүүд оруулъя, эхлээд ганц гэрээрээ байг, дараа нь амьжиргаа нь дээшлээд нэг баян эзний хажууд хэдэн хонь ямаа бараадаад байг, дараа нь бүр хувьсгал ялсны дараа хамгийн дотно айлтайгаа хоёр гэрээрээ тусдаа байя гэхчлэн шийдсэн. 

-Та хөдөөгийн амьдралтай хэр ойрхон өссөн бэ? 

-Би Өвөрхангайд төрсөн. Ерөөс өвөл цаг өнгөрөнгүүт хөдөө очдог, хүйтрэхээр буцдаг тийм л хүүхэд байсан. Би хөдөөний ахуйг маш сайн мэднэ, жинхэнэ халуун үхрийн баасанд нүцгэн хөлөө хийж дулаацуулж явсан охин байхгүй юу. Өглөө эрт адуунд яв гэхээр явдаг л байсан. Морь унана, хонь ямаагаа саана. Тийм учраас хөдөөгийн ахуй надад хүнээр заалгаад, хэлүүлээд байхаар онхи ондоо юм бол биш. 

Түүхийн тухайд, би багаасаа түүх сонирхдог байсан. 10 жилд байхдаа онцгойлж түүхийн дугуйланд явдаг, тэр тухай олон ном уншсан. Эмээ маань соц нийгмийн үед хөрөнгөө гурав хураалгаж явсан тайж хүний охин, энэ засгийг үздэггүй тийм эмгэн байсан. Тэр хүн надад тэр дээр үеийн юмнуудыг маш их ярьж өгдөг. Тэр нь хүүхдийн ертөнцөд сонин буудаг байсан учраас би түүхэнд дуртай болсон л доо. Хэдий тийм боловч би мэргэжлийн хүнтэй ажилласан. Угсаатны зүйн зөвлөхөөр Д.Тангад гуайтай ажилласан. Тэр хүн надад зохиолд хэрэг болно гээд арваад эрдэм шинжилгээний өгүүлэл, ном зааж өгсөн. Тэгэхээр бид судалгаатай үзсэн. Ер нь судалгаагүй ажилладаг найруулагч, жүжигчин гэж байхгүй. Би тийм юм дуулаагүй, мэдэхгүй. Саяхан нэг шүүмж дээр “Түүхээ судалмаар юм...” гэсэн санаа бичсэн байна билээ. Нэг жүжигт тоглох гэж нэг их сургууль төгссөн юм шиг их юм уншдаг шүү дээ. Тэр судалгаа нь харин өөрт нь, зохиолд нь наалдсан уу үгүй юу, хэр шингээж чадсан бэ гэдэг тухайд ярихад нэг хэрэг. Жүжигчний ажил бол оюуны ажил шүү дээ. Хүмүүс зүгээр л авъяасаараа тоглочихдог гэж боддог юм шиг байгаа юм. 

Энэ кинон дээр өөрийгөө голохооргүй монгол ахуй руу наалдуулсан гэж бодож байна. Хэн ч үзээд энэ хятад зохиол, хятад ахуй гэж хэлэхгүй байх. 

“Хэдэн үеийн түүхийг базах гэж ядсан” гэж нэг шүүмж дээр бичсэн байсан. Энэ бол түүх базах гэж хийгдсэн кино биш. Тэр олон жил үрдээ адлагдсан эх, үр нь хүлээж аваагүй он жилүүд, амьдад нь хайрлаж чадаагүй хэрнээ өнгөрснийх нь дараа, дууг нь сонсохгүй холд очсон хойно “Ээж ээ” гэж орилж байгаа хүүгийн түүхийг харуулахын тулд надад он цаг хэрэгтэй байсан. Тэрнээс биш энэ бол түүхэн кино биш. Үйл явдлын хугацааг үзүүлэхийн тулд бидэнд он цаг хэрэгтэй байсан. 

-Та түрүүнд киногоо найруулаад, өөрөө гол дүрд нь тоглох амаргүй байсан тухай хэлсэн. Үүнээс гадна их бага ямар нэг хэмжээгээр давуу тал гэж байсан уу? 

-Байна. Би найруулагчийн хувьд тусдаа хүн, жүжигчин өөр психтэй. Жүжигчин болгон өөрийн арга барилаар юмаа гаргадаг. Жишээ нь, хүн хүн адилхан уурладаггүй шүү дээ. Тархинд болж буй бодол, гаргаж буй тэр эмоци шал өөр. Тийм учраас найруулагчийн хувьд өөрийнхөө бодсоныг тэр хэвээр нь илэрхийлэх тал дээр давуу тал байсан. Яагаад гэвэл би энэ хэсэг дээр ийм л юм хүсээд байсан юм даа гэхэд авьяастай ч гэсэн өөр жүжигчин тэр нюансыг харахгүй байвал яах вэ? Гэхдээ энд алдаа гарч болно. Хүн өөрийгөө урдаас харж чадахгүй. Хөндлөнгийн хүн алдааг харж чаддаг. 

-Тэр дутууг хэн нөхөж байсан бэ?  

-Найруулагч Ганзоригийг миний алдааг сайн харах байх, бас Ононг хажууд байгаарай гэж зөвлөж байсан. Гэхдээ бас өөрөө өөрийгөө ч удирдсан. 

-“Энэ дүрд тоглохдоо би ээжийгээ л бодож байлаа” гэж та хэлж байсан. Таны хувьд ээжээсээ өвлөж авсан хамгийн үнэт чанар юу байсан бэ?  

-Би ээжээсээ их олон юм авсан даа. Миний ээж намайг хүн байхад сургасан. Хүний хувь заяа гэдэг тэр бүр олдохгүй ховор нандин юм, тийм учраас хүнийг хөгшин залуу, баян хоосон, сайхан муухай гэж ялгахгүйгээр хүн гэдэг утгаар нь харилцаж бай гэж хархан багаас минь сургасан. Зөв байх ухааныг би ээжээсээ авсан. Ээж маань “Хүнтэй хэрэлдсэн ч гэсэн тэр хүний сайхан чанарыг бодоод л өнгөрчих, миний охин. Тайвширсан хойноо энэ мууд чинь ийм сайхан чанар байдаг шүү гээд зөвтгөх зөвтгөлийг нь олчих” гэдэг юм. Би яг л ээжийн энэ үгээр амьдардаг. Хүнд уурлаж, гомдлоо ч гэсэн “Энэ муу амьтанд чинь нээрэн нэг тийм сайхан чанар байдаг шүү” гэхээр дотор уужраад, өөрийгөө ч хөнгөлж чаддаг. Ингээд ирэхийн цагт хэн нэгэнд хорсож гомдоод, занаж зүхээд, бүх юмыг хорон нүдээр харах юм байхгүй болно. Сайхныг олж харах нүдтэй байна гэдэг том ухаан. 
Миний ээж үр хүүхдийнхээ төлөө өөрт байдаг бүх хүчээ гаргаж амьдарч буй эмэгтэй. Өнөөдөр нас хэдийнэ 70 гарч байгаа ч гэсэн үр хүүхдэдээ хэрэгтэй хүн байхын төлөө амьдардаг. “Ээж нь олон юм хэлж байсан, миний охин амьдрал дээрээ авсныг ээж нь олж хардаг юм аа. Одоо ээж нь нэг үгийг л хэлнэ, би олон жил наслахгүй нь тодорхой. Миний охин үхэн үхтлээ хүнд хэрэгтэй хүн байгаарай” гэж ээж надад хэлсэн. Хүнд хэрэгтэй хүн байна... Аймаар үг байгаа биз? (уйлав). Тэгэхийн төлөө тэр хөгшин хүн өөрийгөө дайчилж, хүнд хэрэгтэй байсаар байгаад явахын тулд амьдарч байна. Би ээж шигээ хүнд хэрэгтэй байж байгаад өтөл насаа дуусгана гэж боддог. Хорвоо бидэнд тийм урт амьдрал өгөөгүй ш дээ. Яасан дуусдаггүй хорвоо вэ гэж хүмүүс боддоггүй байх. Нэг л мэдэхэд бидний хугацаа дуусна. Бид бүгд хугацаатай ирсэн. Бид нэг цаг үед төрсөн сайхан амьдраад дуусмаар байна ш дээ. 

-Таны ээж энэ киног үзсэн үү? 

-Үзсэн. Ер нь ээж намайг их магтана, сайхан бүтээл болж гэж надад их урам өгдөг. Энэ удаа харин бусад бусдаас илүү дуугүй байсан. Би ээжийгээ “Ээ миний хүүхэн...” гээд их эмоцитой угтаж авах юм байх гэсэн чинь ээж их дуугүй байсанд гайхсан. 

“Ижийд нь хэлэх үг олдохгүй, юу гэхээ мэдэхгүй байна. Ээж нь охиндоо баярлалаа л гэж хэлье. Миний охин сайхан бүтээл хийжээ. Энэ бүтээл олон жил өнгөрсөн ч байх болов уу гэж ижий нь бодоод байна. Эхийн хайрыг сайхан, төгс харуулж чадсан байна шүү. Ухаан санаа нь эрүүл биш хүн хүртэл үрээ ингэж хайрлаж байгааг олон хүн хараад эхийн хайр гээчийг ойлгох байх гэж бодох юм” гэж надад хэлсэн. 

-Та охидуудаа эх хүний хувиар юу гэж хэлдэг вэ, амьдралаас энийг л ойлгосон байхад аяндаа болно доо гэх захиас юу вэ? 

-Ээжийнхээ хэлснийг л охиддоо эргүүлээд хэлдэг. Миний хүүхдүүд жаахан байна. Миний Сүни юугаа ч мэдэхгүй жаахан байна, том маань 20 гарсан. Бид олон дахин ярьж хэлсээр байгаад үгний үнэ цэнийг үгүй хийдэг бололтой. 

Энэ кино миний охиддоо хэлэх үг. Эхийн хайр, эхийн ачийг хүн ер нь их хожуу ойлгодог юм шиг байна. Яагаад гэвэл эх хүн хэзээ ч өөрийгөө амжиж хайрлаарай гэж захидаггүй. Үрээ тойруулчхаад та нар намайг хайрла гэж хэлдэг ээж байхгүй. Хөндлөнгийн хүн л хэлдэг. Манай энэ кино магадгүй тэр хөндлөнгийн хүний үг нь болоод, үзэгчдэд дамжуулж, ойлгуулах болов уу гэж найдаж байна. 

-Танай бага охины өхөөрдөм бичлэг өнгөрсөн зун интернэтээр цацагдсан. Жүжигчний хүүхэд гэсэндээ авьяасыг нь өвлөж дээ гэх хүмүүс олон байсан. 

-Тэр бичлэгийг энэ киноны зураг авалтын үеэр хийсэн шүү дээ. Миний бага охин авьяастай. Тэр нь надад мэдрэгддэг. Дотоод хүч, дотоод тамиртай жүжигчин цаанаасаа төрдөг. Би тэрийг охиноосоо ажигладаг. Гэхдээ хувь заяаг ярих бол эрт. 

-Киноны нуруу болсон хоёр эхийн дүр үнэхээр хүчтэй байсан. Д.Цэрэндарьзав гуайг энэ дүрд сонгох саналыг хэн гаргасан бэ? 

-Онон продюсерын сонголт. Манай Цэрэндарьзав эгч үнэхээр чадалтай жүжигчин. Өөрөө их даруухан хүн учраас над шиг хэзээ ч ингэж яриад суухгүй. “Ээ бурхан минь, би гэдэг эд нарынхаа хормойноос зулгааж байгаад л тоглолоо” гэж ярих байх. Хүүгээ зүүдэлж босч ирээд, дотоод санаа зөрчлийг нь хараад маргааш нь л тэгж зоригтой шийдэж чадах хүч зөвхөн эх хүнээс л гарна. Энийг манай Цэрэндарьзав эгч маш сайн гаргасан. 

Хуучны хүмүүс аргагүй лут юм аа. Бид ядраахгүй, зовоохгүй гэхдээ зургаа хурдан дуусгах гэж яарна. Өөрөө бол би зүгээрээ, тоглоё л гээд дайраад байна шүү. 

-Кинонд зориулж Д.Цэрэндарьзав гуайн үсийг гурван хуруу дарам хэртэй хайчилсан тухай кино багийнхнаас сонссон. Бас их зориг шүү. 

-Зохиолоо уншиж үзээд Цэрэндарьзав эгч зөвшөөрсөн. Анхны зургаа авчихаад би эгчдээ шууд хэлсэн. Таны төрх, өмсгөл зүүлт, үс толгой надад таалагдахгүй байна гээд. Өөрөө их гоё эмэгтэй шүү дээ. Ямар ч гоё нүд, гоё хамартай юм. Энэ кино, энэ дүрд гоёдоод байсан. Тэгээд дээл хувцсыг нь үндсээр нь солиод, үсийг нь урдаас нь гурван хуруу авмаар байна гэхэд шууд зөвшөөрөөгүй. Их гайхсан. За би хэсэг бодож үзье гэсэн. Мэдээж амаргүй, энэ чинь эмэгтэй хүн, уран бүтээлч хүн шүү дээ. Хэсэг бодож байгаад “Найруулагчид тэгж харагдаж байгаа бол би үсээ хусуулъя аа” гэж зөвшөөрсөн. Анзаарах юм бол толгойн хэсэг нь яг тэгж харагдана. Надад Лүндэг гэдэг эхийн дотоодыг, тэр нэг вийдийг /төрхийг/ гаргахад их чухал байсан байхгүй юу. Магад энэ шийдвэр дүрд их зохисон байх. 

Нэг шөнө хачин гоё цас малгайлан ороод, би тэсгэлгүй тагтан дээрээ гарч зогсоод шөнийн 02.00 цагт бие дээр минь цасан ширхэг буухыг мэдэрч, нулимс аяндаа асгараад, гоёыг мэдрээд хэн ч намайг харахгүй юм чинь гээд “солиорч” өгсөн. “Энэ хорвоо дээр би яг ямар хугацаатай ирсэн бол” гэх зэргийг эргэцүүлээд л... 

-Жүжигчин хүн дүрдээ орохын тулд маш их хүч, энерги зарцуулдаг нь лав. Түүнээсээ эргээд гарах, бүрэн дүүрэн чөлөөлөгдөх гэдэг бас их амаргүй болов уу? 

-Маш хүнд зурганд ороод “Стоп” гэж хэлсний дараа ч гэсэн хэсэг хугацаанд дүрээсээ гарахгүй, уйлж байсан бол цурхираад зогсох мөч бий. Энэ нулимс гэдэг чинь зүгээр ч нэг бэлэн урсаад байдаг ус биш. Сэтгэл дотор юм тодорхой процесс явагдаж, түүнийг эд эсээрээ мэдэрч байж хариу үйлдэл үзүүлнэ шүү дээ. Хүнд үзэгдлийн дараа хэсэг орчноос холдох, хүмүүсээс холдож ганцаар байх гэхчлэн арга хэмжээ авна. 

Ер нь хэцүү л дээ. “Сэрүүн хасын нууц” жүжгийг тасралтгүй сар тоглосон. Би нэг сарын турш тайзан дээр уйлсан. Дараа нь энэ жүжгийг өдөрт хоёр тоглоё гэдэг санал гаргахад би зөвшөөрөөгүй. Миний бие, миний зүрх тэр ачааллыг дийлэхгүй гэдгийг би мэдэж байсан. 

-Та бол Монголын ард түмэнд их хайрлагдсан жүжигчин. Зөвхөн танд ирдэг тэр их хайр, хүндлэлийг та өөрөө мэдэрдэг үү? 

-Тийм ээ, би анзаардаг. Хөдөө гадаа явахад надад хүмүүс их сайхан хандаж байгаа мэдэгддэг. Энэ бол юугаар ч үнэлж цэгнэшгүй их хайр шүү дээ. 

Би театрт байхдаа гэр рүүгээ дандаа явган алхдаг байсан. “Ромео Жульетта” жүжиг ид тоглож байхад нэг удаа буурал үстэй өвөө надад зам тавьж өгсөн. Би цочирдоод, тэр хүний замыг өөрийн мэдэлгүй чиглээд явсан юм болов уу гэж санаа зовоод уучлалт гуйхад “Чи Жульеттад тоглосон учраас би чамайг хүндэлж байна, өмнүүр минь гар” гэсэн. Би шоконд ороод яахаа мэдээгүй. Гэтэл тэр хүн “Би чамд зам тавьж өгөөд урдуураа гаргасан гэдгээ гэрийнхэндээ хэлье л даа. Чи миний энэ кайфыг надад зөвшөөрөөч” гэхэд нь би за энэ хүн надад бууж өгөхгүй юм байна гээд гарч байлаа. Тэгж би энэ их хайрыг анх мэдэрсэн. 

Дараа нь нэг удаа бие муудаад I эмнэлгийн сэхээний тасаг руу очиж байлаа. Тэгэхэд одоо би буруу санаагүй бол Одгэрэл гээд эмч “Миний хайртай жүжигчин, миний Жульетта үхлээ ш дээ...” гээд сэхээний тасаг руу аваад орж байлаа. Хэзээ хойно намайг “Би хайртай жүжигчнээ алдчихлаа л гэж бодсон...” гээд уйлж байсан. Тэгэхэд би тэр хайрыг мэдэрсэн. Ард түмний энэ их хайрыг хүртэнэ гэдэг миний хувьд том хувь заяа. 

-Та завтай үедээ юу уншдаг вэ? Кино, жүжигт хувилгасан зохиолын сонголтууд тань онцгой, нарийн мэдрэмжтэй байдаг учраас асуухыг хүслээ. 

-Тэр энэ тэр гэхгүй, зав гарвал таарсан болгоноо л уншихыг хүсдэг. Өмнө нь зөвхөн лагуудыг, суут зохиолчдыг уншдаг байсан үе бий. Гэтэл нэг удаа ариун цэврийн өрөөнд хуудас нь урагдчихсан нэг зохиол уншаад энэ бодлоо хаясан. 1998 он юм байна, би сайн санадаг юм. Тэр нэг залуу, эхлэн бичигчийн өгүүллэг байсан. Надад маш их таалагдаад, хүний оюуны ертөнц багаддаггүй юм байна гэдгийг ойлгосон. 

Надад шүлэг, зохиолыг нь алгасалгүй уншдаг авторууд бий. Би Л.Өлзийтөгсийн бүх номыг авдаг. Тэгэх болсон маань ч их сонин түүхтэй. 

Би номд хорхойтой учраас, номын дэлгүүр орохгүй удвал л ямар шинэ ном гарсан бол, би юунаас хоцров гээд л догдлоод эхэлдэг. Нэг өдөр сэтгэл санаа их сонин болоод, номын дэлгүүр ороход Л.Өлзийтөгсийн ном харагдсан. Тэгэхэд би хүнийг нь ч, авторыг нь ч сайн мэддэггүй байлаа. Тэгээд нэг хуудас дэлгэтэл “Бүх хувцсаа тайлж шидлээд гудамжаар орилоод гүймээр...” гэсэн мөр таарсан. Би ганц бие бүсгүй, охинтойгоо хоёулаа амьдардаг байсан. Тэр өдөр үнэхээр л надад чангаар орилоод, бачуурлаа тайлаад гудамжаар хамаг хувцсаа шидлээд гүймээр санагдсан байсан. Гэтэл тэр шүлэг... 

Дараагийн хуудасыг сөхөхөд “Шөнө дунд цас орж байна” гээд л... Би их романтик хүн. Шөнө бороо юм уу цас орохоор өөрийн эрхгүй сэрчихдэг, миний мэдрэмжинд маш их нөлөөлдөг. Надад нэг шал шүргэсэн урт цагаан сарпаанчик байдаг юм. Нэг шөнө хачин гоё цас малгайлан ороод, би тэсгэлгүй тагтан дээрээ гарч зогсоод шөнийн 02.00 цагт бие дээр минь цасан ширхэг буухыг мэдэрч, нулимс аяндаа асгараад, гоёыг мэдрээд хэн ч намайг харахгүй юм чинь гээд “солиорч” өгсөн. “Энэ хорвоо дээр би яг ямар хугацаатай ирсэн бол” гэх зэргийг эргэцүүлээд л... Энэ хорвоогийн аймаар гоё  мэдрэмжийг мэдрээд зогсож байсан. Хэнтэй ч хуваалцахгүй, зөвхөн ганцаараа байхдаа мэдэрдэг нэг тийм гоё хором мөч тохиодог доо. Тэр шүлгэнд яг л би байсан. Тийм учраас би тэр номыг шууд худалдаж аваад, Л.Өлзийтөгсөд дуртай болж байлаа. 

Мэдрэмж нийлэх, ойлголцож болох хүн байна гэж бодох, түүнээ хуваалцах гоё харилцаа шүү дээ. 

-“Солиот эх”-ийг анх та арт хаус маягийн кино болгоно гэж бодож байсан тухайгаа нээлт дээр хэлсэн. Тэр бодол тань одоо ч таны дотор бий юу? 

-Онон продюсер зөвшөөрдөг бол тэгмээр л байна /инээв/. Анх энэ өгүүллэгийг уншаад л энэ жанраараа угаасаа тасархай болно гэдэг нь тодорхой байсан. Гэхдээ надад тэрнээс гадна их зэвүүн болж болохоор шийдэл төрсөн байхгүй юу. Зэвүүн байхын тулд бүх дүр үггүй ч байж болно. Гэтэл Онон зөвшөөрөөгүй. “Х-ТҮЦ” кино хийгээгүй удсаны дараа заавал ийм юм хийх гэхдээ яадаг юм гэж зэмлэсэн. Тэгээд мелодрам болгосон. 

Гэхдээ анх тэгж бодсон учраас санаа маань дотор байгаад байна ш дээ. Миний тархин дотор монтажлагдаад, бодогдоод байдаг. Тэгээд би монтажчиндаа санаагаа хэлэхэд нээрэн сонин хувилбар байна шүү, яагаад нэг киног хоёр янзаар хийж болохгүй юм гэж хэлсэн. Ононд хэлбэл чи өөрөө хөрөнгө мөнгөө гаргаад хий гэх юм байгаа биз (инээв). Продюсер чинь их том эрх мэдэлтэй хүмүүс шүү дээ. 

-“Солиот эх”-ийн хөгжим дээр “Жонон” хамтлагтай ажилласан. Тэдний хувьд киноны хөгжим бичсэн анхны тохиолдол байсан шүү дээ. 

-Би нот мэдэхгүй ч гэсэн тухайн хөгжим кинонд маань наалдах, үгүйг мэдэрнэ. “Жонон” хамтлагтай ажиллах нь бидний хувьд цэвэр эрсдэл байсан. Тэдний бүх хөгжмийг сонссон. “Жонон” хамтлагийнхан “Марко Поло”-гийн хөгжим дээр хамтран ажилласан гэдгийг сонсчихсон байсан. Тэдэнтэй уулзахад би нүдийг харж, сэтгэлийг нь мэдэрсэн. Хүний авьяас бол нэвт үнэртдэг шүү дээ. Надад итгэл төрсөн. “Жонон” тэр итгэлийг маш сайн гүйцэтгэлээр хариулж, миний кинонд хөгжим нь дэндүү зохисон. 

-“Тэнгэр ээж минь өршөө” дуу яг л энэ кинонд зориулагдсан юм шиг зохисон байна билээ. Таны сонголт уу? 

-Бид солиотын гүйдэг хэсгийн зургийг авчихаад буцаж байлаа. Цөөхөн хүнтэй бригад, Бараа, манай найруулагч Ганзо, оператор бид хэд. Тэгсэн жолооч хийж явсан Бараа дан ээжийн тухай дуутай цомог авсан гээд, бид замдаа энэ дуу явахад бүгд өөрийн эрхгүй уйлсан. Үгнийх нь үнэн, аяных нь ярууг... Бараа “Энэ дуу юм биш үү?” гээд, тэгээд бид ярилцаад продюсертоо сонсгоход яг тэр үгийг хэлсэн. Зөвхөн энэ кинонд зориулагдаад аль хэдийнэ зохиогдсон байсан мэт. 

-Киногоо гаднын зах зээлд гаргах төлөвлөгөө бий юу? 

-Тэрийг одоо Онон мэднэ. Миний мэдлээс хэдийнэ гарсан. Яахав бид хоёр зөвлөлдөх юм гарах л байх, гэхдээ одоогоор шийдсэн юм алга. Киноны маань цаашдын хувь заяа мэдэх байлгүй дээ. 

Уг ярилцлагын хөрөг хувилбарыг эндээс уншина уу.

 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
8
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Khishigtogtokh 2019.01.15 202.126.89.150

Aguai awiystan arduud bidni hairtai jvjig chin uran bvteelin ondor amjilt hvsie I jil gvi goe toglsnl shvv ene kinond TORMOLZOOD away as gej ene bh goe vg bvgdig deedig helie odoo good hvndel hairlaj shvv gvnee hvndtgsen

0 Хариулах


Naranchimeg 2019.01.14 202.126.89.74

Tanii buteesen dur bodogdool bdiin ingej buteedeg bolhoor....

0 Хариулах


Зочин 2019.01.14 202.126.89.74

I.Odonchimeg jujigching shuten bishurdeg.Odoo bol buur hundleh hairlah setgel mini ulam ih bolsoon.MUGJ tanitai gants horomch bolov yarij uzehsen.Tand eruul enh sain saihaniig husie

0 Хариулах