Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Эрдэнэт” үйлдвэрийн “дээвэр” дор зохиогдсон Улсын аваргын тэмцээн

Монголчууд чөлөөт бөхөөр гурван өдөр “амьсгаллаа”.


 
Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулсан нь учиртай. Их спортын хөгжил “Эрдэнэт” үйлдвэртэй хүйн холбоо юм. 1990-ээд оны эхээр нийгмийн тогтолцооны шилжилтийн үед спорт хүртэл уналтад орж байхад “Эрдэнэт” үйлдвэр “Хангарьд” клубыг байгуулж, олон тамирчдыг бэлтгэн дэмжиж, тив, дэлхийд монгол улсынхаа нэрийг дуурсгах үүд хаалгыг нээсэн. Ганцхан жишээ дурдахад Лондонгийн олимпоос монголчууд таван медаль хүртсэний гурав нь “Хангарьд”-чуудынх байсан юм. Үүний залгамж одоо ч тасраагүй. Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол дээр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн компанийнхаа бөх, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаярт Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл хүртэж, медалиа ихэрлүүлснийг нь мялааж гурван өрөө орон сууцаар шагнасан. Угтаа Эрдэнэтийн уурхайчдын итгэлийг эвдээгүйн хишиг юм.  
 
Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээн дэлхийн бөхийн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу жингийн ангилалд өөрчлөлт орсны дараа болж буй анхны тэмцээн гэдгээрээ онцлог байв. Дүрэм ёсоор эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд нийт 20 гаруй байгууллагын 300 гаруй бөх барилдлаа. Тэдний дунд Хөдөлмөрийн баатар, дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Дэлхийн аварга П.Орхон, Дэлхийн аваргын мөнгөн медальт П.Өнөрбат, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр, “Алдар” спорт клубын тамирчин Г.Мандахнаран гээд дэлхийд данстай олон бөх зодоглосон. Шилдгүүд, гавьяатууд, олон улсын хэмжээний мастерууд, шинэ залуу тамирчдын дунд ёстой гал гарсан өрсөлдөөн явагдав. Үнэндээ гавьяат тамирчид, олон улсын хэмжээний мастерууд буурь зааж жин болгондоо аваргууд гэдгээ баталж түрүүллээ. 
 
 
Бөхийн дүрэм шинэчлэгдсэнтэй холбоотой тэмцээний формат өөрчлөгдсөн нь сонирхол татсан. Өөрөөр хэлбэл тамирчид өглөө нь жингээ өгөөд, хоёр цагийн дараагаас барилдаан эхлэн явагдаж, орой нь аваргууд тодорч байсан нь тамирчдын хувьд шинэлэг байв. Тэмцээнд түрүүлсэн тамирчид ирэх хоёрдугаар сард Киргизэд болох Азийн аваргын тэмцээнд оролцох юм байна.  
Энэ үеэр тэмцээний онцлог, ач холбогдлыг тодорхойлох зарим хүнтэй уулзаж ярилцсан юм. 
 
“Эрдэнэт” үйлдвэр Монголд шинэ хөгжиж буй спортыг дэмжиж байгаад баярладаг
 
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт З.ОЙДОВ: 
 
- Эрдэнэт хотод Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь удаагаа болж байна. Тэмцээний чанар зарим жил тааруухан байсан түүх бий. Энэ удаа ерөнхийдөө жигд сайхан боллоо. “Эрдэнэт” үйлдвэр энэ тэмцээнийг 40 жилийнхээ ойн нэрэмжит болгон өндөр хэмжээнд зохион байгууллаа. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр байгуулагдсанаас хойш Монголд их спорт хурдацтай хөгжсөн гэж хэлж болно. Сүүлийн үед байт харваа, туялзуур сэлэм, усанд сэлэлт зэрэг Монголд шинэ тутам хөгжиж байгаа спортод анхаарал хандуулан дэмжиж байгаад баярлаж явдаг. Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдээс шинэлэг хэлбэрээр явагдлаа. +100 кг-ийн жинд хүч үзэх тамирчин олддоггүй байсан бол 30-аад залуу барилдлаа. Долоон жинтэй байсныг шинэчилсэн дүрмээр 10 болгон өргөтгөсөн. Гэсэн ч хүн олдохгүйн зовлон алга. Манай багш дасгалжуулагч нар сайн ажиллаж байна. Энэ тэмцээнд тамирчид босоо, хэвтээ нийлээд 30-аад мэх хийж барилдлаа. Ах нь ингээд тэмдэглэл хөтлөөд сууж байна. /үзүүлэв/ Босоогоор шидэх, цээжийг нь тэврээд шидэх гээд шинэ төрлийн мэхнүүд үзэгдэж байна. Энэ бол хөгжил.  
 
Зарим шүүгчид тамирчдаасаа мэдлэг муу байгаа нь анзаарагдсан
 
Дэлхийн аварга П.ОРХОН:
-2018 оны анхны тэмцээнийг “Эрдэнэт” үйлдвэр дээд хэмжээнд зохион байгууллаа. Доторх зохион байгуулалт, заалны засалт, дэвжээний чанар маш сайн байна. “Эрдэнэт” үйлдвэр бол спортод их ээлтэй. Олон сайхан тамирчдыг  ивээн тэтгэж, шагнан урамшуулж, дэлхийн тавцанд гарахад нь дэмнэдэг. Бэхээ маань “Эрдэнэт” үйлдвэрээсээ гурван өрөө байраар шагнууллаа. Тамирчин хүн хөдөлмөрөө үнэлүүлэх хамгийн гоё л доо. Улсын аваргын тэмцээн тамирчдын  хувьд их чухал. Дараа дараагийн тэмцээнд оролцох эрх авах, шигшээ багт багтах, өөрийгөө нээн харуулах, чансаагаа мэдрэх ач холбогдолтой. Шинэ тамирчид ах, эгч нартайгаа гар зөрүүлэн барилдах явцдаа туршлага судална. Анх удаа өглөө жингээ өгөөд шууд барилдаж үзлээ. Олон тамирчдын хувьд туршилт болж байна. Шинэ аваргууд олон төрлөө. Энэ бол спортод сэтгэлээ өгсөн багш дасгалжуулагч нарын хичээл зүтгэлийн үр шим юм. Манай зарим залуу шүүгчид дүрмээ мэдэхгүй, буруу шүүж байгаа нь тамирчдыг хохироож байна. Тамирчин хүний нөр их хөдөлмөрийг хүндлэх хэрэгтэй. Цаашид шүүгчдийг чадваржуулах шаардлагатай. Зарим шүүгчид тамирчдаасаа мэдлэг муу байгаа нь анзаарагдлаа. 
 
Э.Ням-Очир, Б.Батмагнай нарын барилдаан чөлөөх бөхийн гайхамшгийг үзүүллээ
 
Бөх тайлбарлагч С.ШИЖИРБАТ:
Монголчууд чөлөөт бөхөөр гурван өдөр “амьсгаллаа”. Дэлхийд анх монгол улсаа таниулсан спортын төрөл бол чөлөөт бөх. 1968 онд Монголчууд Мексикийн Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрлөөр дөрвөн медаль авч байсан. Энэ үйл явдлын 50 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын топ спортын төрөл Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан “Эрдэнэт” үйлдвэрийнхэндээ, уурхайчиддаа баярлалаа. Үеийн үед их спортыг дэмжсээр ирсэнд талархаж явдаг. Эрдэнэтэд анх 2003 онд Улсын аваргын тэмцээн болсон, 2006 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээн болж. Гадаадын олон орноос олимп, дэлхийн медальтнууд ирж байлаа. Энэ удаагийн улсын аваргад олон гавьяат оролцлоо. Дэлхийн медальтуудаас Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, С.Батцэцэг, П.Орхон жиндээ түрүүллээ. 65 кг-ийн жинд Монгол улсын гавьяат тамирчин Э.Ням-Очир, Олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нар чөлөөх бөхийн гайхамшгийг үзүүлж сайхан барилдлаа. Чөлөөт бөх гэж юу байдгийг сонгодог утгаар нь харуулсан гэж хэлж болно.
 
Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан болсон юм. ОУХМ Д.Гомбодорж долоо, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг дөрөв, ОУХМ Л.Төртогтох, спортын мастер Б.Бямбадорж нар анх удаа улсын аварга болцгоов. Ийнхүү Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 59, 63, 65 кг, ОУХМ Д.Гомбодорж 66, 74, 79 кг гэх гурван өөр жинд Улсын аваргын алдрыг хүртлээ. Түүнчлэн УАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болсон. Дэлхийн хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-ын жинд УАШТ-д долоо дахь түрүүгээ хүртэж, дэлхийн энтэй хүчтэн гэдгээ дахин нотоллоо. 60, 66, 70, 74 кг-ийн жинд аваргалсан ховорхон амжилт ч түүнийх юм. Мөн  гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаа түрүүлэв. Тус тэмцээнд “Алдар” спорт хорооны баг тамирчид багийн дүнгээр тэргүүлсэн юм.
 
Улсын аварга шалгаруулах тэмцээн бол хамгийн өндөр оноотой, чансаа олгох “тулаан” байдаг. Тив, дэлхийд хүч үзэх тамирчдын амжилт эндээс л  эхэлдэг. Энэхүү тэмцээний үр дүнгээр ирэх хоёрдугаар сарын эхээр Улсын шигшээ баг шинэчлэгдэнэ. Шинэ залуу олон тамирчнаар хүч сэлбэх нь тодорхой боллоо. 
 
 
 
 
 
 
 
М.ОДГЭРЭЛ
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.03
ДБНХ шилдгүүдээ 10 мянган швейцарь франкаар шагналаа
2
2018.12.31
Чөлөөт бөх: ДБНХ-ноос 2018 оны шилдэг барилдааныг нэрлэлээ
3
2018.12.28
Кларисс Агбеньену 2018 онд хамгийн их шагнал хүртжээ
санал болгох
1
16 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
30
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.