Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амжилтын ард

Орон байр, унах машин, алтан бөгж, үр хүүхэд, өндөр албан тушаал, нижигнэсэн алга ташилт дагуулсан гайхам ололт...


Орон байр, унах машин, алтан бөгж, үр  хүүхэд, өндөр албан тушаал, нижигнэсэн алга ташилт дагуулсан гайхам ололт...

Жаргалтай байхын тулд бидэнд  ямар их зүйл хэрэгтэй гээч? Жаргалтай байхын ч бус, амжилттай гэж харагдахын тулд гэвэл илүү оновчтой. Хоногийн 24 цагийн 21-т ажиллаж, олон нийтийн сүлжээнд цагаа үрж, цаашлаад нөгөө л хэн нэгний хэлсэнчлэн, бодож олсончлон, эсвэл өөрсдөө зохиоцгоосон амжилтын хэмжүүр өөд алхам алхмаар дөхөж, хүрцгээж... тэгээд цаашаа юу гэж? Дахиад л нэг зүйлд, гэхдээ урьдны хүссэнээсээ арай дээгүүр зүйлд  хүрэх, олж авахын төлөө зүтгэцгээнэ.

 Амжилт гэдэг үг одоо сонсогдож, ойлгогдож буйгаасаа 20 жилийн өмнө тэс өөр байсан гэдгийг бидний дунд санах хүн үлдсэн болов уу гэж хааяа бодогдоно. Хэн нэгний (тэр тусмаа өөрийнхөө) өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх л амжилт юм гэж үү? Гэх хариултыг сонсох нь олон байх биз. Амьдралын замаас бид өчүүхэн ч хазайлгүй, ангаа хийх нь ангаа л хийж, галаа манах нь галаа л манаж, түүнээсээ сэтгэл ханамж мэдэрч олон зуун жил амьдарсан ч эрх чөлөө, нийгэм, технологийн бидэнд авчирсан үй олон боломжийн дүнд бүгдийг, нэгэн зэрэг авахыг амжилт гэж ойлгодог болчихжээ

 Бидний амжилтын цуглуулга бохь шиг сунаж, тэднээс нэг нь, эсвэл олон  нь үгүй бол өөрийгөө азгүй нэгэн хэмээн итгэж,  төгс төгөлдрийн төлөө улайран зүтгэгчдийн эгнээнд сайн дураараа нэгдэн, дуусашгүй тойрогт орно. Тийм ээ, амжилтын төлөө шүү дээ. Бид шинэ хүрэм, шинэ машин, шинэ сууц, шинэ эхнэр хүсэх эрхгүй гэж хэлэх гэсэн юм биш. Хүссэн бүхнээ гүйцэлдүүлсэн хойноо дахин ажилттай гэдгээ өөртөө хүлээн зөвшөөрч чадах эсэх л сонин байна.

Сэтгүүл, сонин, радио, телевиз, интернэтээр халаасандаа  багтахгүй их мөнгөтэй, асуудалгүй, асуудал гарч ирсэн ч амархан шийдчихдэг, үргэлж ганган, үрчлээгүй хэмээн амжилттай яваа нэгнийг дүрсэлж, “Амжилтад хүрэх 1001 арга”, “Гурван долоо хоногийн дотор саятан болгоно” гэсэн аз жаргалын гарын авлагууд номын дэлгүүрийн  лангуунд хөглөрч, бүгд л энэ шиг, түүн шиг болохын төлөөх уралдаанд галзуу мэт гүйж байгаа хойно, “байгаадаа сэтгэл хана” гэж хэлэх шаардлага буй ч бил үү.

Гэвч мөнөөх л мөрөөдөлдөө хүрсэн, амжилт олсон, үгүйдээ л амжилтын төлөө явж буй хүмүүсийн дундаас  ядарсан, цөхөрсөн, ганцаардсан хүнийг  олж харах нь олширсоор. Амжилтын төлөө хурдаа нэмэх, уруулаа цус гартал хазлан дөрөөгөө жийх тусам цаг хугацаа өнгөрч, эрч хүч гээгдэн, сэтгэлзүйнх нь тэнцвэр алдагдаж байна гэж орчин цагийн сэтгэл судлаачид анхааруулна.

Гэтэл бас олсон амжилтаа алдахгүй байх, хадгална гэдэг туулж ирснээс нь хэд дахин хүчин чармайлт, тогтвор шаардах ажил цаана нь бас  бий. Доошоо унахын тулд оргил өөд мацаагүй гэдгээ өдөр бүр өөртөө сануулах хэрэг гарна гэсэн үг.

Сэтгэл судлаачдад  хүмүүс юу гэж ярьдгийг сонсох уу?

“Эмэгтэйчүүдийн баяраар ээждээ зураг зурж өгсөнөөс хамаг мөрөөдөл минь эхэлсэн. Хүсэж байснаараа дүрслэх урлагийн сургуульд сурсан ч, хорвоогоор хэсэн шедевр бүтээх мөрөөдлийг минь гэрлэлт булшилсан. Олон жил зүтгэсэн эхнэрийн минь ухуулан, дараа нь өөрийн мэдэлгүй би ч үнэмшсэн тэр амьдралыг цогцлоож чадлаа. Одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун биш гэж хэлэхгүй л дээ, ажил минь урагшилж, хүмүүс ч намайг азтай эр гэж үнэлдэг. Гэхдээ өтөлж яваа өөрийгөө харах бүрдээ өсвөр насныхаа дэврүүн мөрөөдлийг эрэн санаж харамсах шиг болдог. Дахиад надад боломж олддог бол би одоогийн амьдралыг бус мөрөөдлөө сонгох байсан”. Өөр олон хувилбар байж болно оо, гэхдээ гол утга нь бусдын амжилт гэж дүгнэдэг зүйлсийн төлөө гүйхэд, түүнд хүрэхэд зарим нэг, магадгүй хамгийн чухал зүйлсээ золиослох, бас аль ч үгүй хоосон хоцрох гутрам хувилбар буйг тооцоорой.

Өөрийн цагийн хүлээх, тавьсан зорилгодоо алхам алхмаар дөхөх, хүсэл бүр биелдэггүйг санах бол амжилтад хүрэхийн төлөөх төгсгөлгүй хөөцөлдөөн, амжилтын дараах их хоосорлоос аврах эм. Харин илүү сонирхолтой ажил, илүү халуухан амраг, илүү сайхан байшин өдөр бүр, цаг бүр хаа нэгтээ төрж, бий болж байдаг тул бидний эрэлд төсгөл гэж үгүй. Бидний хэрэгцээ, хэрэглээ өсөх тусам түүнийг биелүүлэх, бүр илүү давууг санал болгох боломж нэгэнт бүрдчихсэн, цаашид бүр илүүг ч бүтээх боломжтой. Төгс төгөлдөр өөд тэмүүлэгчдийн нэг болохоосоо  өмнө юуг амжилт гэж үзэхээ тодорхойлбол үй олон хэрэгтэй, тоо томшгүй гоё сайхан, улам илүү сайн, хамгийн хамгийн найдвартайгаас өөрийгөө аварч болох юм. Хэзээ ч бүрэлдэхгүй зүүдний, төсөөллийн ертөнцийн төлөө хөлөө хугалан тэмүүлэхээс илүү алддаг, онодог, урагшилдагийнхаа хэрээр бас ухарч болдог, илүү ихийг хүсэхээсээ өмнө илүү багаасаа ханамж авдаг болох нь бас л амжилт шүү дээ!

Х.Инга 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
3 өдрийн өмнө
Жүжигчин И Бёнхон, И Мин Жон нар цахим орчинд анх удаа охиныхоо зургийг нийтлэв
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
2
2024.05.01
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
12 цагийн өмнө
Мөнхийн азгүй хүмүүст байдаг 5 шинж
2
Өчигдөр
"Met Gala 2024" улаан хивсний ёслолын хамгийн үзэсгэлэнтэй 39 зочдын дүр төрх
3
3 өдрийн өмнө
XAOS экспериментал хөгжим, дүрслэх урлагийн фестивалийг зорих 9 шалтгаан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
15
29
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.