Хайх зүйлээ бичнэ үү

Залуусын үзэх дуртай цуврал болоод буй "ОННЦ ДҮМД" анимейшний гол дүрүүдийг амилуулсан нөлөө бүхий гишүүнтэй бид ярилцлаа.

Дамбжаа, Сандаг, Луужин Пунцаг… Эдгээр нэрс залуусын хэдийнэ танил болж,  сүүлийн хэдэн сарын турш нийгмийн сүлжээн дэх ярианы гол сэдэв болсон гэхэд хилстэхгүй. Харин ”Adult animation” буюу насан хүрэгчдийн анимейшн цуврал бүтээж буйгаараа Монголдоо анхдагч “Оннц дүмд” цувралын ард ердөө “гар нийлсэн 4 залуу” байсныг үзэгч бид төдийлөн мэдсэнгүй. Хоёрдугаар бүлгийн цоо шинэ ангиуд нь үзэгчдэд хүрэхээр “дуншиж” буй энэ үед бид “ОННЦ ДҮМД” багийн нөлөө бүхий гишүүн, дуу оруулагч, фонын зураач, дууны эвлүүлэгч Ц.Бат-Оргилтой илэн далангүй яриа өрнүүлсэн юм. 

-”ОННЦ ДҮМД”-ийн баг хэрхэн бүрдсэн бэ? Танилцуулбал?

-Найруулагч Рокит Бэй буюу О.Баярсайхан, туслах найруулагч, аниматор, эвлүүлэгч, графикч Г.Анхныбаяр, туслах аниматор, ам тааруулагч, хянан тохиолдуулагч Л.Тэмүүлэн болон миний бие гэсэн үүрэгтэй ажилладаг. Анх “Nine magic studio”-д танилцан, тэр цагаас хойш хуурай ахан дүүс болсон. “ОННЦ ДҮМД”-ийг бүтээх талаар О.Баярсайхан ахын саналыг сонсоод эхэндээ "Тоглож байна уу даа" гэж бодсон ч, удалгүй “Ер нь зориглоод үзье”  гэж шийдсэнээр ажил эхэлсэн. 

Image may contain: 6 people, people smiling, people standing and hat

-Анимейшний эхний анги цацагдах үеийн сэтгэгдлээ хуваалцвал? Монголд энэ төрлийн цуврал өмнө нь гарч байгаагүй болохоор үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэсэн хүлээлт, айдас байсан уу? 

-Эхний анги цацагдах үдшийг сайн санаж байна. Яг цацагдах үеэр багийнхан бүгд гэр гэртээ харьцгаасан байсан ч чатаар хоорондоо “За яах бол? Юу болж байна?”, “Өө, зүгээр шдээ” гээд л юу ч болоогүй мэт ярьсан (инээв). Гэсэн ч бүгд дотроо түгшүүртэй байгаа нь мэдрэгдэж байсан юм. Би бол сэтгэл түгшээд нойргүй хоносон. Харин өглөө нь “newsfeed”-ээ гүйлгэтэл үзсэн хүмүүс маш олон баярлаж талархсан сэтгэгдэл бичсэнийг хараад ямар сайхан байсан гэж санана. Мэдээж “хараал их хэлдэг”, ”буруу үлгэр дууриал үзүүлдэг” гэсэн сөрөг шүүмж их байсан ч бид угаасаа л “насанд хүрэгчдэд зориулсан” цуврал хийж байгаа тул байдаг л асуудал гэж хүлээж авсан. Эхний ангийн дараах өдрийн өглөө ажил дээрээ цуглах үнэхээр урам зоригтой сайхан байсан шүү. 

-Таны хувьд нийт 8 дүрд дуу оруулсан. Хамгийн ур чадвар шаардсан дүрээ онцолвол?

-Дамбжаа, Гомбжоо, Сандаг болон туслах 5 дүрд дуу оруулагчаар ажилласан. Дүрүүдээ өөрийн болгосон түүх бүгд өөр. Жишээ нь, Сандагийг бол үнэндээ “шулуун замаар” л авчихсан. Харин Дамбжаагийн дүрийг анх зохиолоо уншихдаа л “Би авна” гэж бодсон ч шуудхан авч чадаагүй. Дамбжаагийн дүрд хорхойсч байсан ч ямар ч хоолой гаргасан найруулагч “Наадах чинь биш” гэж байсан тул өөр жүжигчин сонгон шалгаруулахаар болсон юм. Ингээд Дамбжаад дуу оруулахаар нэг залуу ирсэн. Би ч түүнд дүрээ тайлбарлаж байгаа мэтээр өөрийн чадварыг найруулагчид харуулах зорилготой хоолойгоо хувирган нилээд урт текстийг бүр дүрдээ ороод жүжиглэчихсэн юм /инээв/ Тэр үед Дамбжаагийн одоогийн хоолой гарч ирсэн хэрэг.

Animated GIF

Текст дууссаны дараа найруулагч “Дамбжаа чиний дүр шүү” гэснээр миний удаан хүссэн хүсэл биелсэн юм даа. Дамбжаагийн өөр нэг онцлог тал нь түүний хоолойг гаргах их хэцүү. Ноён хүн албархагдуу ч  цаанаа жаахан гэнэн ч юм шиг дүр шүү дээ. Дамбжаад дуу оруулахад их хүчилж ярьдаг. Хоолойгоо хүчлээд, үүнийхээ хажуугаар дээд, доод өнгө гаргах, олон нөхцөл байдалд хувиргах шаарлагатай. 

-Дуу оруулагчийн хувьд дүрдээ хэрхэн ордог вэ? 

-Зохиолоо уншсаны дараагаар дүрүүдийнхээ гадаад төрхийг харна, судална. Сандаг бол их туранхай хүн би эсрэгээрээ махлагдуу. Даруу төлөв гэхдээ нэг их пялдаг биш аятайхан хоолой юу байж болох уу? гэж бодсоноор түүний хоолой амилсан. Харин Гомбжоо бол олон зүйлийг, удаан тайлбарладаг учир энэ хугацаанд үзэгчдийг уйдаахгүйгээр хэрхэн ярих вэ? гэж их бодсон. “Окэй, ах нь бүгдийг нь зохицуулнаа” гэх зэргээр. (инээв)

-Эхний бүлгээс сурсан, хэрэгжүүлнэ гэж бодож буй зүйл бий юу?

-Мэдээж олон зүйл байна. Миний хувьд өөрийн үүрэгт ажил буюу арын фоны зураглалдаа илүү анхаарахаар төлөвлөөд байна. Дээрээс нь шум, дүрүүдийн онцлогийг илүү гаргах гээд ажил их бий. Шинэ содон дүр гарч ирвэл ахиад өөрийгөө сорьж, өөрчилж дайчлах болно. “Миний дотор хэн байна? Миний хязгаар хаана вэ?” зэргийг мэдэхийг хүсч байна. "ОННЦ ДҮМД" бидний хязгаар биш. Илүү ихийг хийж бүтээхийг зорих болно. 

-Зохиолын дүрүүдээ хэрхэн бүтээсэн бэ? Олны танилууд өөрийн дүрээ бүтээсэн шүү дээ. 

-Цувралд 2 төрлийн дүр бий. Дүрдээ зориулж дуу оруулсан, дуу оруулагчдаа зориулж бүтээсэн дүрүүд юм. 

-Бүх ангийн зохиол бичигдсэн байсан уу?

-Анимейшн бүтээл секундээр хэмжигдэх нарийн ажиллагаатай тул мэдээж нэг ангийг 7 хоногийн дотор хийнэ гэдэг хэцүү. Ангиуд эхлээд бичигдсэн байх, явцаас өөрчлөгдөх гээд уян хатан байлгахыг бид хичээдэг. 

-Таны хувьд дээрх үүргүүдээс гадна цувралын дуунуудыг дуулсан шүү дээ. Дууны карьер үргэлжлэх үү? 

-Дуулах дуртай ч ганц хэцүү зүйл нь би тайзны айдастай. Нууцаа хэллээ шүү (инээв). Тайзан дээр гарахдаа маш их эвгүйтдэг. 

-Гэхдээ дөнгөж сая тайзнаас амжилттай бууж ирсэн. (Биднийг ярилцахаас өмнө тэр “FuckUp #4” үдшийн тайзнаа өөрийн түүхээ яриад байв)

-Баярлалаа. Цувралын ихэнх дууг дуулсан нь зөвхөн надад зориулаад бүтээсэн үг, ая, утга агуулга гайхалтай санагдсаных юм. Дуртай зүйлээ дурлаж хийхэд хамгийн сайхан мэдрэмж төрдөг. Үнэхээр дурламаар дуу таарвал дуулж магадгүй юм (инээв)

-Та тайзан дээр өнөөг хүртэл олон бүтэлгүйтэл туулсан талаараа ярьсан. Харин “ОННЦ ДҮМД” цувралын үеэрх танай багийнхны хамгийн том бүтэлгүйтлүүд юу байсан бэ?  (Түүний “FuckUp #4” үдшийн арга хэмжээний үеэр бидэнтэй хуваалцсан бүтэлгүйтлийн түүхийг эндээс уншина уу)

-Хөрөнгө санхүүгээс эхлээд ажиллах үеийн нойр хоол, стресс гээд олон зүйл байлгүй яахав. Гэхдээ эдгээр нь бүгд хамгийн жаргалтай “fuckup”-ууд байсан. Хүн яаж ч бүтэлгүйтэж байсан түүнээсээ урам зориг, таашаал авч байх нь хамгийн чухал, хамгийн жаргалтай гэж боддог. 'If what you're doing is not your passion, you have nothing to lose” буюу “Хийж байгаа зүйл чинь чамд таашаал өгөхгүй байвал чи юу ч алдахгүй” гэх утгатай үгэнд их дуртай. Сүүлд нь ч бид ийм зүйлийг даваад гарсан шүү дээ гэж ярих юмгүй байна гэдэг гунигтай.

-”ОННЦ ДҮМД” цувралын анги бүрт нэг үзээд анзаарахгүй өнгөрч мэдэх нууц дүрслэлүүд их байдаг шүү дээ. Алдартай цуврал, сонгодог бүтээлээс эшилсэн байдаг учир танай багийнхны үздэг кино, дуртай цуврал их сонирхолтой санагдаж байна. 

-Найруулагч Рокит Бэй “Black mirror” үздэг гээд л багийнхан маань “айхтар” кино үздэг улс. Бие биендээ кино санал болгож үзэх дуртай. Ер нь кино өөрөө “Easter egg”-тэй буюу давтаад үзэхэд хараагүйгээ харах зүйлтэй байх сайхан санагддаг.  Өөр цувралыг тэр чигт нь хуулаад тавьчихгүй ч багахан хэсгээс нь оруулж өгснөөрөө үзэгчид “Өө энэ чинь тэр киноны тэр хэсэг байна” гээд эргээд тэдэнд мэдрэмж, таашаал өгч буй хэрэг юм. “Newsfeed”-ээ гүйлгээд харж байхад үзэгчдийн постуудыг харахад үнэхээр кайфтай байдаг. Нухацтай үзэгчид арын жижиг дүрслэлийг ч зогсоож байгаад ажигладаг учир бид хоосон байж болохгүй. Урьд нь үзсэн ч ахиад үзэхэд өөрийг анзаарах жишээтэй. Тэрийг нь хараад бид баярладаг гэхээр өөрсдөдөө ч зориулж юм хийгээд байгаа юм шиг (инээв). 

Сонирхуулахад, одоогоор хэн ч хэлээгүй байгаа нэг нууц дүрслэлийг хэлье. Энэ нь “Чи өөрийгөө Цагаан Болдоо гэж бодоо юу?” гэж хэлдэг хэсэг. “Breaking Bad” цувралын Уолтер Уайт гэх халзан залуугийн дүрийг “bold” буюу “халзан”, “white” буюу “цагаан” гэж хөрвүүлэхэд “Цагаан Болдоо” болох жишээтэй гээд олны төдийлөн анзаараагүй их зүйл бий. 

Image result for breaking bad уолтер уайт

-Залуус шинийг санаачлан, анхдагч бүтээл туурвиж байгаад олон нийт талархалтай хандаж байгаа. Харин хулгайн сайтууд, хуудсууд их олон нээгдсэн. Үүнтэй хэрхэн тэмцэх вэ?

-Бидний өдөр шөнөгүй нойр хоолгүй шахам хийж буй ажлыг зөвхөн хэдхэн хандалтын төлөө олон нийтэд цацаж буй хуудас, сайтуудыг ойлгодоггүй юм. Бид “Зөвхөн насанд хүрэгчдэд” гэсэн анхааруулга тавьж, зөвхөн оройн цагаар Vol+ сувгаар цацаж буй нь бага насны хүүхэд битгий үзээсэй л гэснийх. Цуврал анх цацагдахад ч үзэгчдээс “Өө хүүхэлдэйн кино биш байсан юм уу?” гэх зэргээр шүүмж ирж байсан. Бидний ялгаа “adult animation” гэх утгадаа л бий юм шүү дээ. Хулгайн сайт, хуудсууд ингэж ямар ч шүүлтүүргүй цацсанаараа хүүхдийн үзэх боломжийг чөлөөтэй нээж байгаа хэрэг. 

-”ОННЦ ДҮМД”-ийн дараагийн анги хэзээ гарах бол? Үзэгчид их хүлээлттэй байгаа. 

-Ажлууд төлөвлөгдөөд явж байгаа, яг товлосон зүйл одоогоор байхгүй тул хэлээд хэрэггүй байх. Удахгүй цацагдана. Тэр бүх мэдээллийг бид фэйсбүүк хуудсаараа дамжуулах болно. 

-Ярилцсанд баярлалаа. Танай багт амжилт хүсье. 

-Баярлалаа. 

Animated GIF


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
42
32
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.