Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Нийтлэл: Хорт хавдартай гэдгээ мэдээд миний ойлгож авсан 12 зүйл

Амьдрал надад сорилт өгөхөд би түүнийг даван туулах аргыг олохыг хичээдэг.


Амьдрал таамаглаагүй гэнэтийн зүйлээр олон. Бид өөрсдийн амьдарч буй цаг хором мөч бүрийг мэдэрч, түүнд талархаж, хэцүү цаг мөчийг дотнын хүмүүсийн хайр сэтгэл, итгэлээр даван гарч сурах хэрэгтэй билээ. Buzzfeed сайт дээр нийтлэгдсэн “Хорт хавдартай гэдгээ мэдээд миний ойлгож авсан 12 зүйл” нийтлэлийг танд орчуулан хүргэж байна.

(Зургийг: Шиан Бачер)

Миний санахын, арьсан дээр минь их эвгүй тууралт үүссэн байсан. Сүүлд би үүнийг цусны хорт хавдраас болж үүссэнийг олж мэдсэн юм. 100,000 хүн тутмын 4 нь жилд ийм төрлийн хорт хавдраар өвчилдөг тоон баримт байдаг ч хүмүүс над шиг л үүнд хайнга ханддаг. Хорт хавдартай болсон гэдгээ дуулахдаа би эцэст нь нэг юм яагаад бие дээр минь ийм тууралт үүсээд байгааг олж мэдсэндээ тайтгарсан юм. Эмч нар намайг ийн оношлох үед би тэдэнд сэтгэл минь хөдөлсөн гэж хэлсэн. Ийм төрлийн хариу үйлдэлд дасаагүй байсан учир гайхсан ч эцэст нь намайг программист мэргэжилтэйг олж мэдээд тэд ойлгосон юм. Амьдрал надад сорилт өгөхөд би түүнийг даван туулах аргыг олохыг хичээдэг. Харин энэ явцдаа би эдгээр зүйлийг ойлгосон юм.

1. Хүлээлт бол хамгийн хэцүү хэсэг. Бас Google чамайг сэтгэлээр маш хурдан унагааж чадна.

Анх “Mycosis Fungoides” гэх онош сонсоод би хорт хавдрын нэгэн төрөл гэдгийг мэдээгүй байсан юм. Харин гэртээ хариад хайлтын системд бичих үедээ л үүнийг хорт хавдар гэдгийг олж мэдсэн. Google дээр хайлт хийх үед хамгийн эхэнд гарч ирсэн зүйл нь төлбөртэй сурталчилгааны линк байсан. Харин дээр нь “Хөөе! Та цусны хорт хавдартай юу?” гэх асуулт байсан бөгөөд миний оюун ухаан шууд л, “Өө, би чинь цусны хорт хавдартай юм байна” гэх хариултыг өгсөн. Би энэ тухай Макмиллан гэх хорт хавдартай хүмүүст туслах сангийн хүнээс асуухад тэр энэ төрлийн хавдрын тухай тийм их мэдэхгүй байсан. Гэхдээ тэр надад тайван байж, олон мэргэжлийн хүмүүстэй ярилцах хэрэгтэйг ойлгуулсан. Ямар нэгэн тодорхой эмчилгээ, эмчлэх арга байхгүй байгаа нь намайг тавгүй болгож байлаа. Гэвч энэ төрлийн хавдрын эдгэрэх магадлал 65-75 хувь гэж гарч ирсэн бөгөөд миний хувьд эдгэрэх боломж бүр их болж хувирсан юм. Ингээд л би эхлээд мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэйг, түрүүлж санаа зовон, сэтгэлээр унах ёсгүйг ойлгосон юм.

2. Өдөр тутмын амьдралын хэвшлээсээ холдох нь асуудал биш.

Би тэгээд л холдсон юм. Үнэндээ өдөр болгон хийдэг нөгөө л зүйлсээ хийх сэтгэл санааны чадал, боломж надад байгаагүй. Би нийгмийн ихэнх үйл явдлаас холдох болж, даргадаа хүртэл ажил минь цаашид тийм ч их чухал биш болсныг хэлсэн юм. Харин тэр маш зөвөөр хүлээн авч, надад бүр тусалж байсан. Би ажлаа тэр чигт нь хаяхыг хүсээгүй учир буйдан дээр суугаад хэрэгтэй ажлуудаа хийдэг болсон. Гэвч энэ үед зүгээр л ажил дээрээ, тэнд байгаа хүмүүсээс амьсгалах хүчилтөрөгчийг нь булааж байгаа мэт сэтгэгдэл төрөхгүй байж чадаагүй. Харин бодит байдал дээр би зүгээр л бүх зүйлийг хүндээр тусган авч байснаа сүүлд ухаарсан. Учир нь ажил минь яг өмнөх шигээ л байж, би зүгээр л оффис дотор бусадтай хуваалцдаг амттаны ширээний хажууд арай удаж байсан. Харин түүнээс өөр ямар ч хүнд хэцүү өөрчлөлт байхгүй байсан юм.

3. Нэг сайн зүйл нь “төлөвлөгөө”, “хийх ёстой” гэсэн зүйлсийг зүгээр л цонхоороо гаргаад шидчихнэ.

Аливаа зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх надад тийм ч хэцүү зүйл биш байв. Би цагийн хуваариа маш чанга мөрдөн, баримталдаг хүн байлаа. Бүх зүйл минут, секундээр төлөвлөгддөг байв. Харин өөрийн оношоо олж мэдсэнээс хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Бүх зүйл эмнэлгийн уулзалт, эмчилгээ, хувийн эрүүл мэнддээ анхаарах зэрэгт төвлөрөх болж, цаг хугацаа илүү хурдан өнгөрөх болсон. Чиний төлөвлөгөө, бусад зүйлс тэр чигтээ өөрчлөгдөнө. Энэ долоо хоногт хоёр эмнэлэгт очих учир баяр цэнгээн цуцлагдана. Ядруухан, сул биетэй байгаа учир найзуудтайгаа ууж суух цаг гарахгүй гэх мэт. Энэ ч гэхдээ заримдаа муухай шүү.

4. Би өөрийн араг ясны зургийг хэвлүүлсэн.

Нэг удаа би бүтэн биеийн PET/CT шинжилгээнд орсон юм. Нэг том зүйл рүү бүтэн биеэрээ явж ороод, зургаа даруулдаг шинжилгээ байдаг даа? Миний хийлгэдэг химийн эмчилгээ зэрэгтэй нийлээд энэ шинжилгээний явц намайг супер хүч чадалтай болгох байх гэж би найдаж байлаа. Би тэднээс зургийг минь өгч болох уу гэж асуухад тэд харин ч зөвшөөрсөн юм. Би мэдээллийг хуулж аваад, өөрийн араг ясны 3D хувилбарыг гаргаж ирсэн юм. Хүмүүсийн хариу үйлдэл янз бүр байсан. Миний зөвлөх үүнийг ёстой аймшигтай хачин зүйл гэж хүлээж авсан бол химийн эмчилгээний эмч гайхширсан. Тэгээд бүр миний эмчилгээний дэвтэр дээр уг үйлдлийн минь тухай бичсэн. Яг л сургууль дээр алдаа гаргасан хүүхдийн дэвтэр дээр сануулга бичиж байгаа аятай. Би өөрөөрөө бахархсан шүү. Яг үнэндээ энэ нь эмчилгээ болон бусад зүйлийн тухай мэдээллээс өөрийгөө сатааруулах арга байсан юм. Би ямар нэг өөр зүйл дээр анхаарч, завгүй байхыг хүссэн. Энэ маш зөв арга байсан ч хийгээд дуусчихсан тул буцаад л нөгөө мэдээндээ анхаарах хэрэгтэй болсон юм даа.

5. Аливаа зүйлийн сайн талыг харах нь үнэхээр хэрэгтэй зүйл гэдгийг олж мэдсэн.

Тийм ээ, би бол дуусашгүй өөдрөг сэтгэлгээтэй хүмүүсийн нэг. Хэрэв инээхгүй бол, уйлж л таарна шүү дээ. Тиймээс л аливаа зүйлийн сайн талыг харах хэрэгтэй. Ер нь өөрийн араг ясны жижиг 3D хувилбарыг ширээн дээрээ тавьсан хэр олон хүнийг та мэдэх вэ? Олон биш гэдэгт би итгэлтэй байна. Өөдрөг үзэлтэн байх заримдаа хэцүү л дээ. Ялангуяа ажилдаа эргэж орсон эхний өдөр хэцүү байсан. Би ажил дээрээ ихэнхдээ аз жаргалтай, эрч хүчтэй байдаг л даа. Гэхдээ инээхээр долоо хоног биш байсан ч хүмүүс рүү инээмсэглэнэ гэдэг хааяа нэг л буруу, гэмтэй мэдрэмж төрүүлдэг.

6. Ойр дотнын хүмүүсээ харахад зүрх шимшрэм.

Заримдаа ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл хөдлөл, байдлыг харахад өөрийн чинь сэтгэл хөдлөлөөс ч бодит санагдах үе бий. Найз охин маань анх энэ мэдээг сонсоод гэртээ харих үедээ нулимсаа тэвчиж ядан явсан. Энэ миний өөрийн оношоо олж сонссон мөчөөс ч хүнд байсан. Биеийн байдал, эрүүл мэнд чинь бусад хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг харах нь цоо шинэ давхаргыг чамд нэмж өгдөг. Яг л, “Энэ үнэхээр чухал асуудал. Бас тэд надад хайртай” гэх шинэ давхарга. Ялангуяа над шиг өөрийгөө арайхийн хайрладаг хүмүүсийн хувьд.

7. Хэрхэн бусдад мэдүүлэх нь хэцүү байдаг.

Үүнийг нийтэлсэн гол шалтгаануудын нэг нь найзууд маань үүнийг уншаад намайг сүүлийн үед яагаад ийм хачин байгааг ойлгох байх гэсэндээ юм. Би тийм олон хүнд хэлээгүй шалтгаан нь магадгүй тэдний хариу үйлдэл хэцүү байх эсвэл зүгээр л ийм мэдээ хэлж тэр хүний өглөөг нураахыг хүсээгүйдээ юм. Гэхдээ хамгийн чухал нь тэд их бага хэмжээгээр хорт хавдартай холбоотой хэцүү дурсамж, түүхтэй байгаад, магадгүй би түүнийг нь дахин сэдрээх байх гэсэн болгоомжлол. Ямар нэгэн зүйлд сэтгэл зовсон эсвэл гунигтай байхад хэн нэгэн чамаас юу болсныг асуух нь байдаг л зүйл. Энэ мөчид хэлэх эсэхдээ эргэлздэг. Гэхдээ заримдаа хорт хавдрынхаа тухай хэлэх мөчид тэд зүгээр л, “Ёстой новшийн зүйл болж. Дарс уумаар байна уу?” гэвэл сайхан байна.

8. Би цацраг эмчилгээний дараа ямар нэгэн супер хүч чадалтай болоогүй. Би зүгээр л маш их ядарсан.

Байнга, цаг ямагт ядарсан байна гэдэг байж болох хамгийн тэнэг супер хүч чадал. Гэхдээ миний биеийн байдлаас хамаараад хэдэн долоо хоногийн дараа уг эмчилгээг болино гэж хэлсэн. Энэ эмчилгээ миний төсөөлж байсан шиг байгаагүй. Би маш их удаан үргэлжилдэг байх гэж бодсон ч таван минут орчим л болдог. Ямар хэсгийг эмчлэх вэ гэдгийг тогтоох нь яг гол эмчилгээнээсээ ч удаан гээд бод доо!

9. Амьдрал таныг тойрон үргэлжилсээр л байх болно. Энэ нь заримдаа таныг өчүүхэн мэт санагдуулна.

Би аливаа зүйлийг маш их зүтгэл гаргаж хийх дуртай. Бүх ажлыг дуусч, бас аливаа зүйлийг чадах чинээгээрээ зохицуулах гэж оролддог. Энэ амьдралаасаа холдох нь хэцүү байсан. Бүх хүмүүс намайг ойлгож байгаа гэж бодох ч тэдний урмыг хугалж буй мэт мэдрэмж авахгүй байхыг хүсдэг. Би олон нийтийн сүлжээнд арай бага нэвтрэх болсон. Нэг хэсэг надад, “Чи твиттер дээрээ оруулдаг тэр хачин постуудаа арай багасгаарай, за юу” гэсэн хувийн чат ирсэн. Заримдаа хүмүүс олон нийтийн сүлжээгээр дамжуулж “Миний хувьд амьдрал хэцүү байна, за юу. Надтай сайхан харьц л даа” гэсэн утгыг илэрхийлэх гэж оролддог гэж бодсон.

10. Хорт хавдар сэтгэл санааны хат, хүч чадлыг ихээхэн шаарддаг. Заримдаа ямар ч анхааруулгагүй.

Тархины өдөр тутам тулгардаг энгийн зүйлүүдийг бодох гээд үзье. Идэх, унтах, ажил төрөл, найз нөхөд гэх мэт. Гэтэл энэ бүхэн чинь гэнэт л, ХОРТ ХАВДАР! гэсэн анхааруулгад дарагдаж, бусад бүх зүйл арчигдаад алга болчих шиг болно. Зарим өдөр сэтгэл санаа тун дажгүй байх ч бусад үед гэнэт л өөрийгөө нэг нухсан төмс рүү удаан хугацааны турш ширтээд зогсож байгаагаа ухаарна. Би энгийн зүйлсийг хийхийн тулд сэрүүлэг, санамж бичдэг байлаа. Угаалга хийх, эм уух, талхаа гаргах... Заримдаа гэнэт л бүгдийг нь мартаж орхино. Тэгээд л би энэ мэт жижиг зүйлсийг хийх гэж сэрүүлэг тавихдаа өөрийн бардам занг түр хойш тавих хэрэгтэй болсон.

11. Бие махбодтойгоо тогтоосон харилцаа минь өөрчлөгдсөн.

Би сүүлийн үед л биедээ маш их анхаардаг болсон. Насанд хүрсэн хүн шиг аашилж, өөрийгөө анхаарахад 27 жил зарцуулагдсан байх юм. Шүдний эмч рүү явах цаг авч, ерөнхий шинжилгээ өгч эхэлсэн. Бас би хүмүүст өөрийн өгзгийг харуулахаас айхаа больсон. Маш олон өөр өөр төрлийн эмч нар хүссэн хүсээгүй харсан. Аз болоход би гайхалтай өгзөгтэй. Гэхдээ л энэ мэт зүйлд дасахад хугацаа хэрэгтэй.

12. Өдрийн төгсгөлд хэлэхэд, би үнэхээр азтай.

Тийм ээ, би хорт хавдартай бас арьс минь онцгүй шарх, толботой болсон. Гэхдээ л би “энд” байна, бас цаашид ч байх болно. Эмнэлгийн хорт хавдрын жигүүрийн хүлээлгийн хэсэгт миний байгаагаас ч хүнд байдалд байгаа тэр олон гайхалтай хүмүүс ийм новшийн зүйлээр өвчилсөн байгаа нь хэцүү.

Хорт хавдар минь эмчлэгдэхгүй байсан бол зүгээр л би хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой байсан ч арай өөр шалтгаанаар л түрүүлээд үхэж байгаагаас ялгаагүй. Би үлдсэн амьдралынхаа турш үүнийг зохицуулах л хэрэгтэй болно. Гэхдээ энэ бол аюул багатай хорт хавдар, тиймээс ч би бусад бүр аймшигтай хорт хавдартай үүнийг зүйрлэж байгаагаараа залилан мэхэлж байгаа мэт мэдрэмж төрж байна. Эмчилгээ бүр хүндрэхгүй. Тиймээс бүх үс минь унахгүй бас амьдрал энгийн шахуу хэмнэлээр үргэлжлэх л болно. “За юу хийж байна даа?” гэсэн асуултад, “Амьд гарч л явна! Чи?” гэдэг ч юм уу, “Болоход тун ойрхон байна даа” гэж хариулна. Би дахиад хүмүүс рүү инээмсэглэж эхэлдэг болсноос хойш, хааяа хэцүү үе тохиодог ч гэсэн “Бүх зүйл сайхан болоход тун ойрхон байна даа.”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Уржигдар
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
23 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.