Хайх зүйлээ бичнэ үү

"Soul Point” анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгээд буй зураач Эрдэнэ-Очирын Сувдаатай ярилцлаа.

Гадаа тэсгэм хүйтэн өдрүүд үргэлжилсээр буй энэ үед хотын нэгэн өнцөгт гэрэл гэгээ, дулаан мэдрэмжийг түгээсэн цоо шинэ уран бүтээлийн цоморлиг үзэсгэлэн дэлгэгджээ. Энэ бол “Би өөрийгөө л зурдаг” хэмээн даруухан инээмсэглэх уран бүтээлч эмэгтэй Э.Сувдаагийн “Soul Point” анхны бие даасан үзэсгэлэн юм. Ингээд “анхны” гэгдэх бүхнээрээ хөглөгдөн яваа миллениалуудын төлөөлөл, залуу зураач Э.Сувдаатай цөөн хором ярилцсаныг хүлээн авна уу. 

-Өдрийн мэнд, анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байгаад тань баяр хүргэе. Үзэсгэлэнгийн нэр содон санагдлаа? 

-Баярлалаа. “Soul Point” буюу “Сэтгэл тогтох цэг” нэртэй уран бүтээлээрээ үзэсгэлэнгээ нэрлэсэн. Анхны бие даасан үзэсгэлэн учир уран бүтээлээрээ дамжуулан өөрийгөө танилцуулах зорилготой. Тиймээс ч ихэвчлэн өөрийгөө илэрхийлсэн, дотоод мэдрэмжээ чагнасан бүтээлүүдээ онцолсон. 

-Анх хэрхэн, яагаад уран зураг хэмээх ертөнцтэй холбогдсон бэ? 

-Багаасаа зураад л суучихдаг хүүхэд байсан. Ээж минь 4-р ангид Монголын Хүүхдийн Ордонд хөтлөн оруулсан. Ингээд ЕБС-иа “Ирээдүй” цогцолбор сургуулийн зургийн сургалттай ангид суралцаж төгссөн ч их сургуульдаа өөр мэргэжлээр суралцсан. Гэсэн ч зурахгүй л бол байж чадахгүй мэт санагдсан тул 2013 оноос хойш ахин зурах болсон. 

-Саяхан Монгол-Солонгос улсын хамтарсан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байсан? 

-Зураач мэргэжлээр их сургууль төгсөөгүй учир өөрийгөө мэргэжлийн бус хүн гэж боддог юм (инээв). Саяхнаас залуу уран бүтээлчдэд зориулсан, над шиг сонирхлоороо зурж байгаа олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах, суралцах боломж бүхий хөтөлбөрүүд их байдгийг мэдсэн. Үзэсгэлэнгийн тухайд бага зэрэг эмээж байсан ч оролцохоор шийдсэн нь хоёр улсын хамтарсан “Grand Art” юм. 

-Таны бүтээлүүдээс эмэгтэйлэг, бурханлиг мэдрэмж эрхгүй төрлөө. Эмэгтэй хүн урлаг хоёр салшгүй зүйл мэт? 

-Миний бүтээлүүд бүгд би өөрөө гэж хэлж болно. Эмэгтэй хүн өөрөө уудлаад уудлаад дуусашгүй ертөнц юм болов уу гэж боддог юм. Зарим хүн надаас “Сэдвээ хаанаас олдог вэ?” гэж асуудаг ч миний бүтээлүүд бүгд л өөрийгөө чагнасан, илэрхийлсэн байх нь бий. Эмэгтэй хүн өөрөө урлагийн дуусашгүй сэдэв.  

-Зүүдээ манах дуртай гэсэн. Бүтээлүүд тань таны зүүд гэж үү? 

-Зүүдлэх, зүүдээ манах их дуртай. Жишээ нь, “Зүүд” гээд гурван цуврал зураг бий. Тэр бол яг л миний зүүд. Зүүдэндээ хүн очиж чадахгүй газраа очиж, уулзаж болохгүй хүмүүстэй ч уулздаг. Төсөөлшгүй өнгө, хийсвэрлэл, төсөөллийг зүүд л бий болгодог. Ялангуяа зүүднээсээ гайхалтай өнгийг мэдэрч чаддаг. 

-Урлагийн нийгмийн өмнөх үүрэг зорилго юу юм бэ? 

-Уран зурагтай амьдралаа холбохдоо л би өөрөөсөө асуусан юм. “Миний хамгийн сайн чадах зүйл юу вэ?”, “Гэр бүл, нийгэмдээ юу хийж чадах вэ?” гэж бодоход хариулт нь зөвхөн зураг л байсан.  Уран зураг бол хэзээ ч мөхөшгүй соёлын өв тул соён гэгээрүүлэгч байхаас аргагүй. Харин миний бүтээлээр дамжуулан хүмүүс хайрыг мэдрээсэй л гэж хүсдэг.  Гүн гүнзгий утга агуулгаас илүү бүсгүй хүний нүд, үс гэхчлэн энгийн дүрслэлүүдээр дамжуулан гэрэл гэгээ, амар амгаланг илэрхийлэхийг хүсдэг. Өнөөгийн яарсан, бухимдсан нийгэмд хүн нэг сайхан зураг хараад тайвшралыг мэдрэх нь миний хүсэл. 

-Уран бүтээлч, зураач хүн байхын хамгийн сайхан нь юу вэ? 

-Эрх чөлөө. Дуусашгүй эрх чөлөө. Хэнд ч захирагдахгүй, баригдмал биш, өөрийн хүссэн зүйлээ, хүссэн илэрхийллээрээ дамжуулан бүтээдэг тул хамгийн эрх чөлөөтэй хүмүүс байх шүү.

-Эсрэгээрээ өнөөгийн (ялангуяа Монголын) нийгэмд зураач байх хүндрэлтэй байдаг уу? 

Уран бүтээлч хүн олонхийг хамарсан зүйл хийдэггүй. Уран зураг өөрөө цөөн хүнд зориулагдсан байдаг учраас уран бүтээлчид цэвэр дур сонирхлоороо л амьдарна уу гэхээс дэмжиж ойлгох хүрээлэл бага байдаг. 

-Үүнийг хэрхэн сайжруулах хэрэгтэй юм бол? 

-Мэргэжлийн бус үзэгчийн хувиас үзэхэд цаг хугацааны хувьсал. Өнөөгийн залуус урлагт хайртай болж байна, дуурь үзэж, театрт очиж, өөрөө өөрийгөө төлөвшүүлэхээр хичээж байна. Улс нийгмээс бус цаг хугацаанаас шалтгаалах асуудал байх шүү.

-Таны хувьд монгол зургийн арга техникээр бүтээлээ туурвидаг. Монгол зургийн онцлогийг тайлбарлавал? 

-Миний хувьд монгол зургийн техникийг уран зурагтай хослуулсан байдлаар уран бүтээлээ бүтээдэг. Монгол зургийн нарийн зураасуудаар олон дүрслэл, санааг нэг хавтгай дээр илэрхийлсэн байдаг. 

-Бүтээлдээ зориулан шүлэг зохиосон байсан? 

-Уран зураг хардаг яруу найраг гэдэгчлэн нэг сайхан шүлэг уншаад уран бүтээлийн шинэ содон санаа төрөх нь бий. Яруу найраг гэхэд надад дэндүү хүндэднэ. Зөвхөн уран бүтээлээ бусдад илүү ойлгомжтой, таатай байгаасай гэсэндээ өөрт төрсөн мэдрэхүйгээ шүлэг болгосон нь бий. 

-Дараа дараагийн үзэсгэлэн төлөвлөгдсөн үү? 

-Анхны үзэсгэлэнгээ гаргахдаа их эмээж байсан ч олон сайхан хүний урмын үгээр хөглөгдөж дараагийн уран бүтээлээ дэлгэх зориг, шуналтай болж байна. Намарт их хайртай учир энэ намар дараагийн үзэсгэлэнгээ гаргана. Өнөөгийн бухимдалтай нийгэмд бид дэргэдэх энгийн зүйлээ анзаарч чадахгүй болдгийг, бид харж, мэдэрч л чадвал эргэн тойрон дахь жижиг зүйлээс ч хайрыг мэдэрч болохыг харуулахыг зорьсон бүтээлүүд байх юм. 

"Soul Point" үзэсгэлэн энэ сарын 30-ныг дуустал "UB-INN hotel BUM" арт галлерейд дэлгэгдэж байна. 

Үзэсгэлэн болон уран бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.