Хайх зүйлээ бичнэ үү

Тархи нэгэн зэрэг олон үйлдэл хийхээр төсөөллийн виртуал ертөнцийг бий болгодог.

Оюун ухааны шинэ тоглоом болох төсөөллийн шатар, үүнийг тоглох арга барилын талаар "Оюуны Матриц" академийн захирал Ц.Өсөхбаяртай ярилцлаа.

 

- Төсөөллийн шатар гэж юу вэ. Энгийн шатраас ямар ялгаатай вэ? Хүн өөрөө тоглож, харахгүй л бол ойлгоход бэрх юм. 

- Төсөөллийн шатар нь шатрын спортыг илүү нарийн, шинэ түвшинд гаргаж байна. Өөрөөр хэлбэл энэ нь төсөөлөл дотроо давхар төсөөлж улмаар зохиож , задалж, нийлүүлж, нэгтгэх бодлын үйлдэл гэж ойлгож болно. Ингэснээр хүн өөрийн төсөөлж чадахаасаа ч илүүг харах боломжтой. Товчхондоо, нүдэндээ хаалт зүүгээд өөрийн төсөөлөлд шатраа өрж байрлуулан тоглох юм. Жишээлбэл, цагаан талаас хүү E2-E4 рүү нүүхэд хар тал нь D7-D5 нүүлээ гэх мэт нүүдлүүдээ тогтоож тоглоно. Ийм байдлаар манай шавь нар гурван хүнтэй зэрэг тоглох програмыг  зохиогоод байгаа ч цаашдаа арван хүнтэй зэрэг тоглохоор ажиллаж байна. Энгийн шатраас ялгагдах гол зүйл нь төсөөлөн бодох чадвар, ой тогтоолт, олон зүйлд зэрэг төвлөрөх чадвараас гадна харааны бэрхшээлтэй хүүхдүүд тоглоход илүү хялбар. 

-Энэ төрөл дэлхийд хэр их хөгжиж байгаа вэ?

Олон жил шатар тоглосон хүмүүсийн  зарим нь л төсөөллөөр тоглоно. Гэхдээ маш цөөн. Харин онолын түвшинд гаргаж чадсанаараа бид дэлхийд төсөөллийн шатрыг дэлхийд анхлан судалж байна.  Би өөрөө психологич мэргэжилтэй. Энэ талын маш олон судалгаан дээр 20 гаруй жил ажиллаж, хүмүүст хялбар байдлаар ойлгуулах гэж хичээж байна.  Хүний неорон (бодол санаа) ямар их хүч чадалтайг эдгээр судалгаагаараа батлах юм.

-Яг төсөөллийн шатрыг хэзээнээс судалж эхэлсэн бэ. Судалгааг юун дээр үндэслэв?

- Сүүлийн хоёр орчим жилийн хугацаанд  төсөөллийн шатрыг илүүтэй судлаж байна. Энэ нь хүний ой тогтоолтын шинж чанар, төсөөлөх үйл явц дээр үндэслэсэн магадлалын маш нарийн ажил болж байгаа юм. Бид хүний оюун ухаан мэдээллийг хязгааргүйгээр хүлээн авч, хязгааргүй хүчин чадалтай болох боломжтой эрин зууны нэг хэсэг шүү дээ. Бид тархиныхаа 3-5 хувийг л ашигладаг. Бид бүх юмс, санаа бодол матрицаас эхлэлтэй болохыг ойлгосон цагаасаа л хийсвэр, бодит гэх зүйлсийг шинжилж байна. Онолоо хэрхэн практик дээр буулгаж “хөрвүүлэх” тал дээр шавь  Б.Бямбадорж, О.Түвшижаргал, Г.Нямрагчаа, Ч.Мөнхбаатар нар минь идэвхитэй оролцож тусалсан. Түүнчлэн энэ ажил нь Ури Геллер, Лиорд Сушард, Артем Тихивич зэрэг олон судлаачдын судалгаа, менталист зарчмууд дээр үндэслэсэн.

-Матрицыг юу гэж ойлгох вэ?

- Матриц гэдгийг бодол санаа хэрхэн үр дүн болж буй хэв шинж гэж тодорхойлж болно. 

-Олон жилийн судалгаа, хөдөлмөр дээр бүтсэн шинэ, ахиц дэвшилттэй тоглоом болжээ. Анх төсөөллөөрөө тоглох шатрын санааг яаж олсон бэ?

- Аав ээж минь шатарын их мастер хүмүүс байсан болохоор би багаасаа л шатарт их дуртай хүүхэд байсан. Дараа нь мэргэжлээрээ суралцаж эхлээд, оюуны матрицын програмыг зохион, илүү мэргэжлийн хүрээнд шатрыг харсан. Ийнхүү төсөөллийн шатрын хөрс үүссэн. Бас нэг сонирхолтой тохиолдол нь оюуны матрицын програмыг зохиох үед санаандгүй нэг кинонд шатрыг харахгүйгээр төсөөллөөр тоглож буй хэсгийг харсан юм. Тиймээс онолын хувьд илүү нарийн судалгаатай болгохоор ажилласаар байна. Монголчууд жинд явахдаа шатаргүйгээр шатар тоглодог байсан шүү дээ. 

-Төсөөллөөрөө тоглохын гол онцлог, давуу тал нь юу вэ?

- Сэтгэн бодох чадварыг 10-20 дахин нэмэгдүүлнэ. Оюун ухааны менталист байдал, мэдээлэл хүлээн авах, мэдрэмж хөгжүүлэхэд маш сайн.  Хүмүүс төвлөрч сурах болно. Төсөөлнө гэдэг нь өөрийн бодолдоо анхаарал тавих үйл явц. Нөгөөтэйгүүр хөндлөнгөөс өөрийн бодлыг ажиглана гэсэн үг. Тиймээс төсөөлөл автоматаар хүнийг төвлөрүүлж сургадаг. Дараа нь бодитоор төсөөлж сурна. Өөрөөр хэлбэл тархинд нэгэн зэрэг олон үйлдэл хийхээр төсөөллийн виртуал ертөнцийг бий болгодог.  Ингэснээр тархины шинэ эд эсүүд идэвхтэй үүсч, тархины үйл ажиллагаа эрс сайжирна. Хүний тархиний тогтолцоо яг л зөгийн үүр шиг байдаг. Бодол төсөөлөл бол өөрөө материаллаг шинж чанартай. 

-Хүн бүхэн өөр хоорондоо адилгүй, өөр байдаг шүү дээ. Төсөөлөл нь ч мөн адил өөр байх уу?

-Хүний төсөөлөл бол “квант” буюу нарийн түвшний матери юм. Хоосон чанартай учраас адилхан байна. Төсөөлөл, мэдрэмж, итгэл үнэмшил бүгд өнгөтөөр төсөөлөх чавдарыг эзэмшүүлнэ.  Төсөөлөл дотроо дахин төсөөлнө гэсэн үг. 

-Тоглолтын төрлүүд нь энгийн шатартай адилхан байх уу?

- Тоглолтын төрлүүд нь багаар тоглох, цагтай тоглох зэрэг адилхан байдаг.

-Хүмүүс их сонирхож байна уу. Ер нь хэр хүлээн авч, ойлгож байна ?

-Их сонирхож байгаа. Гэхдээ зарим тал дээр манай нийгэм шинэ зүйлийг хүлээн авахдаа удаан байдаг шүү дээ . 

-Одоогийн байдлаар танай сургалтанд хэдэн хүн хамрагдсан байгаа вэ. Насны хязгаарлалт байдаг болов уу?

- 2016 оноос хойш төсөөллийн шатрын сургалт явуулж эхэлсэн.  Нийт хорь гаруй тамирчдийг бэлтгэсэн. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог 116-р тусгай сургуулиас 5-12-р ангийн 15 хүүхдийг сургаж байна.

-Хүүхдүүд хэр хурдан суралцаж байна вэ?

-Дунджаар бол шатар мэдэхгүй хүн хоёр сар, шатар мэддэг бол нэг сар гаруй хугацаанд суралцдаг. Харин харааны бэрхшээлтэй хүүхдүүд маань гурван сарын хугацаанд суралцсан. Энэ бол оюун ухааны эрин зуун. Энэ зууны хүүхдүүдийн шинж чанар өөрчлөгдсөөр л байна. Тиймээс хүний тархины хүчин чадлыг судлах нь зайлшгүй шаардлага болж байна. “Оюуны матриц” академи энэхүү судалгааг хийх гэж л оршиж байна.

-Төсөөллийн шатрыг хэрхэн сурах вэ. Сурах гол арга барил нь юу байдаг вэ?

-Хүний эцсийн зорилго нь “хайрцагнаас гарах” юм. Өөртэйгөө “дайн” хийж ялах, өөрийнхөө хүчин чадлаас давах, өөрөө өөртөө эзэн болж л сурна. Арга барил гэвэл шатраа сурах, төсөөлөлдөө харж сурах, өргүүдээ нүүлгэж сурах, жижигээс томорч сэтгэх,  жижиг томыг нэгтгэж харах дарааллаар сурна. Илүү дэлгэрэнгүйг удахгүй гуравдугаар сард гарах номноос маань уншиж болно. Энэ ном нь бидний анхны ном бөгөөд ганцхан цуврал байна.

-Та бүхэн цаашид ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ. Шатрын тэмцээн зохиох уу?

- Төсөөллийн шатрын “Улсын аварга шалгаруулах” болон “Улаанбаатар хотын аварга шалгаруулах” тэмцээнийг ирэх гуравдугаар сард 116-р сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ тэмцээнд шатарчид төсөөллийн шатарчидтай харж, харахгүйгээр тоглоно. Мөн бидний дараагийн ажил бол нүдээ боож, харахгүйгээр уншиж сургах програм. 

-Харахгүйгээр уншина гэхээр брайль үсэгтэй гэсэн үг үү?

Бидний уншдаг номыг харахгүйгээр уншина гэсэн үг. Одоохондоо үүнийг дэлгэрүүлж ярих хараахан болоогүй байна.

“Бидний ертөнц харагдаж байгаа шигээ биш”- У. Шекспир

“Тоглоом гэдэг бол төгс судалгаа” - А. Эйнштейн

                                                                                                                 Ярилцсан: Б.Мөнхбайгаль

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.