Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Үйлийн үрээр хэлхэгдсэн “БУМЕРАНГ” | Tegshee's movie corner


"Ub.life" кино сонирхогчдод зориулсан "Tegshee's movie corner"-той хамтран монгол кинонуудын шүүмжийг цувралаар хүргэж байна. 

Одны үнэлгээ: 2.5/5

Зургаан найруулагчийн “Үйлийн үр” хэмээх нэгэн сэдэв дор зангидан хийсэн “Бумеранг”анталоги кино 1 сарын 26-ны өдөр нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болов. Нэг газар орон, нэг сэдэв, үйл явдлын нэг эргэлт зэрэг нэг шугамаар хэлхэн холбосон хэд хэдэн бэсрэг киноны чуулбарыг антологи кино хэмээн нэрлэдэг. Дэлхийн кино урлагт энэ төрлөөр “New York Stories” (1989), “Paris Je T’aime”(2007), “New York, I Love You” (2008) зэрэг гол төлөв нэг газар орон буюу их хотод өрнөх түүх, уг хотын мөн чанарыг илтгэсэн кино төслүүд амжилттай хэрэгжсэнийг үзэгчид андахгүй биз ээ. Манай монголын кино салбарын хувьд “Бумеранг” кино анталоги төрлөөр хийгдсэн анхны бүтээл болсноороо онцлог байв. Ингэхдээ зургаан найруулагчийг 12 төрөл жанраас сугалуулан зургаан өөр төрлөөр “Үйлийн үр” хэмээх нэг агуулга дор 15 минутын бэсрэг кино бүтээхийг зорьсон аж.

“Бумеранг” кино найруулагч Ш.Доржсүрэнгийн Өв залгамжлагч” нэртэй бараан инээдэм төрлийн бэсрэг киногоор эхэлнэ. “Бараан инээдэм” гэдэг нийгэм, хувь хүний нухацтай, хүнд асуудлуудыг инээд, ёжлол дунд хулдан хурцаар хөнддөгөөрөө тун ч амаргүй төрөл. Ийм яггүй төрлийг “Үйлийн үр” хэмээх сэдэвтэй холбон бэсрэг байдлаар бүтээнэ гэдэг ямар ч найруулагчид сорилт байх нь дамжиггүй. Гэвч эл сорилтыг Доржсүрэн найруулагч анхнаасаа л тун хөнгөн байдлаар хүлээж авсан нь илхэн байв. Цас нэвсийтэл дарсан толгодын замаар цагаан даавуунд ороосон цогцсыг шар хөллөсөн тэргээр хоёр залуу, нэг тарган лам чирэн явна. Цогцос хөдөөлүүлэх газартаа тэрэгнээс ойчиж өгөхгүй чирч яваа гурвыг ихэд мачийлган ядрааж байгаа шинжтэй. Эцэстээ ч хоёр хүү тэсвэр алдан эцгийнхээ цогцсыг тэрэгнээс хүчээр унагахыг ламаас гуйна. Тийн байтал цогцос гэнэт амилах нь тэр... Үүнээс цаашхи эргэлт, зохиомжууд тийм тааруу биш ч эцэст нь зангидан үзүүлэхээр оролдсон “Улс байвч эзэн үгүй, өв байвч залгамжлагч үгүй” гэх улс төрийн нухацтай санаанд үе үе үхэж, үе үе амилаад байдаг эцэг, өв хөрөнгөнд шунаж эцгээ огоорогч үр хүүхдийн тухай зориудын болхи, назгай гэмээр хийцтэй эл бэсрэг зохиомж илт жулджээ.

Хоёр дахь хэсэг найруулагч П.Дэлгэрбаярын “Хар, Улаан...Цагаан” хэмээх драм төрлийн бэсрэг киногоор үргэлжлэнэ. Төрийн өндөр албан тушаалтан эр ажил горилогч бүсгүйг хүчирхийлж, хуульч нь эл бусармаг хэргийг нуун дарагдуулснаар бүсгүй амиа хорлож буй бараан түүх дэлгэцнээ хар цагаан зураглалаар өрнөнө. Амиа хорлосон бүсгүйн оршуулга руу дүрс шилжихэд улаан өнгө тодорно. Талийгч бүсгүйн эцэг, эгч хоёр гэмт этгээдээс өшөө авч буй хэсэгт аль нэг өнгийг онцлоогүй. Найруулагч киноныхоо эргэлт бүрийг хар, улаан, цагаан гэх гурвал өнгөний шийдлээр зохиомжлон тодотгосон байв. Драм гэхээс илүү гэмт хэрэг, триллер төрөл рүү хазайсан “Хар, Улаан...Цагаан” киноны төгсгөлд нүгэлтэн муу үйлийн үрээ хангалттай хүртэх боловч охиноо алдсан эцэг хүний өш хонзон үнэхээр тийм сүржин, болхи байх уу гэсэн эргэлзээ үзэгчийг ээрч үлдэв.

“Бумеранг”-ийн гурав дахь бэсрэг кино найруулагч Ч.Батбаярын монодрам төрлийн “Эцэг” байв. Үр хүүхэддээ үл тоогдох ганцаардмал эцгийн тухай сайх бэсрэг кинонд “Монодрам” хэмээх зөвхөн театр, дуурьт хэрэглэгддэг жанрыг чухам ямар зорилгоор нялзаасныг тааварлах аргагүй. Мөн “Эцэг” кино “үйлийн үр” хэмээх нэгдсэн сэдэвтэйгээ хэрхэн уялдаж буй нь ойлгомжгүй байв. Мөн эцэг хүний бугшсан ганцаардлын илрэл, ялангуяа цөлх, хатуу байхыг эрмэлзэгч монгол аавуудын ганцаардлын илрэл цурхирсан халуун нулимс байна гэж үү? Түүнчлэн монодрам хэмээн тодотгосон атлаа кинонд лавтайяа хоёр ч туслах дүр орж ирэв.

Дөрөв дэх хэсэг найруулагч Б.Чингүүний триллер төрлөөр хийсэн “Карма” бэсрэг киногоор үргэлжлэнэ. Залуусын назгай зугаа цэнгээнээр эрээлжлэх хурдтай дүрслэлүүд дөрвөн найз охин хөдөөгийн цастай замд машинтай зугаалж яваа үзэгдлээр солигдоно. Нэг охин нь “өвс” сорж, нөгөө нь эхнэртэй эртэй явалдаж буй нь яриан завсар илэрч, нөгөө нь “сэрэл хөдөлсөн” тухайгаа тачигнатал инээн хөөрөлдөхийг харваас амар хялбар, задгай амьдралаар замнагчид бололтой. Харин нэг охин л тоон дотор үсэг цохиж явна уу гэмээр “ёс суртахуун”-тай сөөлжүү үгс унагана. Охидын харилцан яриа хиймэл янзгүй, чөлөөтэй нь олзуурхууштай боловч зарим нь хараал урсгасан задгай хэв маягтай, зарим нь бичгийн үг хэллэгээр яриад байгаа нь төдийлөн авцалдсангүй. Дөрвөн найз охин санаандгүй тохиолоор машинаа эвдлэснээр тусламж гуйх хүн хайж явсаар ойд төөрч орхино. Цаашдын өрнөл, гэнэтийн эргэлт киног триллер бус аймшгийн төрөл жанрт илүү ойртуулна. Юутай ч “Карма” бэсрэг киноны орц, найрлагыг дориун хангасан, хурц эргэлттэй кино байв.

“Бумеранг”-ийн дараачийн хэсэг найруулагч Б.Ганболдын эротик төрлийн “Эрх чөлөө” бэсрэг киногоор өрнөнө.Уг киног амьдралын ёроолоос дуулсан бор бааз, эрс тэс шүлгүүдээрээ зартай америкийн  яруу найрагч Буковскийн “Эрх чөлөө” шүлгээс сэдэвлэн бүтээсэн нь эрхгүй сонирхол төрүүлж байлаа.“Эмэгтэй хүн” хэмээх шунал тачаалаасаа ангижрах үүднээс хоёр төмсгөө хээв нэг огтлоод хаячихаж буй эрийн тухай “Эрх чөлөө” шүлгийг дэлгэцнээ эротик жанрт хувиргана гэдэг сонин шийдэл байх учиртай. Кино эрүү хүрсэн урт арзгар үстэй яруу найрагч эр Буковскийн “Цэнхэр шувуу” шүлгийг (орчуулагч Б.Баясгалангийн хөрвүүлгээр) уншиж буйгаар эхлэх нь монгол маягийн Буковскийн дүрийг бий болгох гэсэн бололтой. Даанч Буковскийн чөлөөтэй, харгиа шүлгийг “Тэхийн зогсоол” найраглал шиг уламжлалт, уярангуй байдлаар уншсан нь, тэсгэл алдахдаа төмсөгөө хүртэл огтолж буй оволзсон их хүсэл тачаалийн өгөгдлийг “гөлгөр” хар цагаан зураг авалтаар шийдсэн нь, Буковскийн назгай, харгиа амьдралын хэв маягийг сонгодог романс шинжтэй дүрсэлсэн нь найруулагч анхнаасаа л сэдэвлэсэн шүлэг хийгээд уран бүтээлчийнхээ мөн чанарыг ончтой таниагүйн илрэл болов. Киног сэдэвлэн хийсэн шүлэг, яруу найрагч Буковскийг мэдэхгүй үзэгчдэд киноны агуулга, ялангуяа төгсгөл тун бүрхэг санагдаж мэднэ. Мөн кинонд эротик элемент хавчуулагдсан боловч кино бүхэлдээ эротик жанраа хангалттай илэрхийлсэнгүй.

“Бумеранг” кино найруулагч Ч.Ганзоригийн романс төрлөөр хийсэн “Үр” бэсрэг киногоор төгсөнө. Хэдий “Үр” кино хайр дурлалын дэврүүн, романтик харилцааг өгүүлдэг романс төрөл гэхээс илүү гэр бүлийн драм шинжтэй хийгдсэн ч “Хайр бүхний хариулт” хэмээх утга санаанд үйл явдал, зохиомжоо үнэмшилтэй нийтгэж чадсанаараа өмнөх таван киноноос хамгийн дориун нь байв.

“Бумеранг” төслийн зургаан өөр найруулагчийн зургаан өөр төрөл жанрын бэсрэг киног “үйлийн үр” хэмээх нэг сэдэвт зангидан нэгтгэх гэсэн шийдэл манайдаа шинэлэг, анхдагч боловч оноосон төрөл жанрын хувьд баахан хадуурч гөрдсөн шинжтэй байв. Тиймдээ ч зургаан өөр жанр бус гурван драм, нэг аймшиг, нэг крайм триллер, нэг инээдмийн киноны чуулбар болжээ. Мөн “Үйлийн үр” хэмээх амьдралын философийн гүнзгий, ярвигтай ойлголтыг аль ч найруулагч нухацтай авч үзсэнгүй, гойд илэрхийлэх гэж зорьсонгүй, илт үйл явдал, сүржигнэл, маазрал эсвэл уясал дунд хавчуулсан болж хялбар, болхи байдлаар гаргасан нь, “үйлийн үр”-тэй хавирахгүй агуулга, үйл явдлын хадуурлаа киноны төгсгөл дэх ганц өгүүлбэрээр зүглүүлэх гэж оролдсон нь, бэсрэг кинонд томдмоор сүржин өгөгдлийг бага цаг хугацаанд багтаах гэж хүчээр чихсэн зэрэг нь гонсоймоор хэрэг байв. Үндсэндээ “Бумеранг” кино том сэдвийг даржин агуулгаар үзүүлэх гэсэн базаахгүй туршилтын чуулбар болжээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
17 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.