Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

“Чимээгүй алуурчин”: Монголчуудын үхлийн гол шалтгаан юу вэ?

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болохыг Эрүүл мэндийн статистикт дурджээ.


Улсын III-р төв эмнэлгийн гаднаас эхлээд л нааш цааш зөрөх хүмүүс үл тасарна. Дотогш ормогц эмч нар халатаа “намируулан” хурдан хурдан алхах нь зав зайгүй ажлыг нь илэрхийлэх мэт. Арга ч үгүй биз, энд хүний амьд явах хугацаа өдөр, хоногоор байтугай минут, секунтээр хэмжигдэж үхэл, сэхлийн зааг дээр оршин буй. Тус эмнэлгийн  гуравдугаар давхар бол зүрх судасны өвчтөнүүд хүлээн авдаг тасаг. Эмнэлгийн урт хонгилоор алхах зуур эмчийн “Өвчтөний зүрхний “энэ” судас нь бөглөрөөд цусан хангамжаа авахгүй байгаагаас зүрхний шигдээс үүсэж байгаа гэсэн үг. Хагалгаа хийхгүй бол амь насанд нь маш их эрсдэлтэй. Хагалгаа хийсэн ч баталгаа өгөхөд хэцүү шүү. Та нар сайн ярилцаад шийдээ бидэнд өгөөрэй” гэсэн нэгэн эмэгтэйд тайлбарлах яриа анхаарал татна. Ийм яриа өдөрт хэдэн удаа давтагдаж, хэчнээн хүний ар гэрийнхэн хэцүүхэн сонголттой тулгардгийг таашгүй юм.

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин болохыг Эрүүл мэндийн статистикт дурджээ. Үүний дараа хавдар, гуравдугаарт осол гэмтэл эзэлдэг байна. Тодруулбал, манай улсын хүн амын нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр бурхны орныг зорьсон байдаг байна. 

Угтаа 40-өөс дээш настай хүмүүсийг зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийн насанд хүрсэнд тооцдог аж. Гэвч Монголын хүн амын олонхийг залуус эзэлж буй өнөө үед зүрх судасны өвчин нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болох тархины харвалтын 62 хувь, зүрхний цусан хангамж хомсдох өвчний 49 хувийг цусны даралт ихсэлт үүсгэдэг байна.

Хүний цусны даралт өндөр байвал зүрхний булчингийн үхжил буюу зүрхний шигдээс, зүрхний үйл ажиллагааны дутагдал, тархины харвалт, нүд сохрох, бөөрний дутагдалд орох аюулд хүргэдгийг хүмүүс сайн мэддэггүй нь харамсалтай. Ихэнх тохиолдолд нэлээд хүнд шатандаа орсон үедээ л хүмүүст даралт нь ихсэж буй шинж тэмдэг илэрдэг аж.  Цусны даралт ихсэлт нь анхан шатандаа хүмүүст мэдрэгддэггүй учраас олон улсад “Silent killer” буюу “Чимээгүй алуурчин” гэж “цолложээ”.  

Зуурдаар нас барах шалтгааны нэг нь цусны даралт ихсэлт гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолдог. 


Иймээс “Чимээгүй алуурчин”-тай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор  Улсын III-р  төв эмнэлэг, ХААН Банктай  хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг санаачлан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд хийж буй томоохон ажлын нэг нь Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулагч үндэсний тэргүүлэгч ХААН Банкны “Баруун хүрээ” /БГД, 8-р хороо, 4-р хороолол, Өргөө-1 кино театрын замын баруун урд байрлах ХААН Банкны дэргэд/, “Дамба” /СБД, 18-р хороо, Бэлх 35-77 тоот/, “Сонгинохайрхан” /СХД, 6-р хороо, Ханын материал, Содон хорооллын 103-р байранд/, “Амгалан” /БЗД,10-р хороо, Гачууртын зам, Наран амгалан төвийн 2 давхарт/ тооцооны төвүүдэд цусны даралт хэмжих багаж бүхий буланг байгуулсан юм. Ингэснээр иргэд банкаар үйлчлүүлэх үедээ даралтаа хэмжиж, хяналт тавин эрүүл мэнддээ анхаарах боломж бүрджээ. 

Энэ тухай  Тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэл зүйн сургалт мэдээллийн төвийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор Д.Нарантуяа “Өрхийн эмнэлэг, эмнэлгүүдээр зорилтот хүмүүс үзүүлдэг учраас харьцангуй даралтаа хянуулж, ямар байгааг нь мэддэг. Харин банкинд эрүүл саруул, өвчин зовиур багатай хүмүүс үйлчлүүлдэг учраас даралтаа тодорхой мэдэхгүй явах тохиолдол олон. Тиймээс үйлчлүүлэх үедээ  зүрх судасны өвчлөлийн тухай  мэдээлэл авч, цусны даралтаа хэмжиж хэр байгааг нь мэдүүлэх үүднээс хүн амын төвлөрөл ихтэй, нийслэлийн төвөөс алслагдсан дүүргүүдийн салбарт хэмжигч багаж, мэдээлэл өгөхүйц сурталчилгааны товхимол суурилуулсан. Бид аль болох хүмүүсийг цусны даралтаа их байгааг эрт илрүүлж, арга хэмжээ авахуулахыг зорьж ажиллаж байна” гэлээ. 

Монгол эрчүүдийн 30.5, эмэгтэйчүүдийн 24.5 хувь нь цусны даралт ихтэй гэсэн судалгаа бий. Судалгаанаас үзэхэд цусны даралт ихтэй хүмүүсийн 68.4 хувь нь шинээр илэрсэн бол эрэгтэйчүүдийн 73.2, эмэгтэйчүүдийн 62.6 хувь нь цусны даралт ихтэй гэж шинээр оношлогджээ. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүс өмнө нь даралт ихтэй гэдгээ мэдээгүй явсан гэсэн үг юм.  

Цусны даралт ихсэлт гэдэг нь судасны дотор хананд цуснаас үзүүлэх даралт нэмэгдэхийг хэлдэг байна. Даралт ихэссэн эсэхийг мэдэх цорын ганц найдвартай арга нь даралтаа хэмжих гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Иймээс даралтаа зөв үзэх хэрэгтэй. Ханцуйгаа шамлах, хөлөө ширээний хөндлөвч, сандал дээр тавих, ачих, бариу цамц өмсөх, дасгал хийсний дараа шууд хэмжих, урагшаа тонгойх, ярих, тасалгаа хэтэрхий хүйтэн байх, давсгандаа шээстэй байх зэргээс болж даралтын хэмжээ буруу гардаг гэдгийг санаарай. 

Хэмжилтээр дээд даралт 140, доод даралт 90 буюу түүнээс дээш байвал таны цусны даралт ихэсжээ гэж үзнэ. Түүнчлэн толгой өвдөх, эргэх, хүзүүгээр хөших, нүд эрээлжлэх, дотор муухайрах, бөөлжих, зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даралт тань анх удаа ихсэж буй явдал биш бөгөөд эрүүл мэнддээ анхаарах чухал шаардлагатайг илтгэж буй хэрэг. Хамгийн чухал нь даралт их гарвал хүмүүс дур мэдэн эм уухыг хатуу хориглох ёстойг Д.Нарантуяа эмч зөвлөж байна. Энэ үед заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй гэсэн юм. 

Цусны дарал ихсэлт нь өөх тос, давс, сахар ихтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний дутагдалд орох, илүүдэл жинтэй байх, тамхи татах, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, сэтгэл зүй, нийгмийн дарамтад өртөх, удамшил, чихрийн шижинтэй, нас ахих, бусад эрхтэн тогтолцооны эмгэг, өвчтэй байхаас үүдэлтэй аж. 

Монголчуудын үхлийн гол шалтгаан болсон энэхүү өвчнийг хамтдаа урьдчилан сэргийлж, иргэдэд эрүүл мэндээ хамгаалах талаар мэдээлэл хүргэхийн тулд аяны хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатарын талбайд Дэлхийн зүрхний өдрөөр  нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Тус өдөрлөгөөр бүх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас төлөөлөл оролцон 5000 орчим хүнд үзлэг оношилгоо хийж, дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн юм. Мөн аяны хүрээнд 3 төрлийн видео контент бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх, танин мэдэх аргыг заасан мэдлэг олгосон зэргээр хийж, хэрэгжүүлсэн ажил нь хүмүүст мэдлэг болон түгсээр байна.

Өнөөдөр нэг тэрбум орчим хүн цусны даралт ихтэй байгаагийн гурван хүн тутмын хоёр нь хөгжиж буй орны иргэд байдаг аж. Энэ статистикийг анх харахад цочирдмоор хэдий ч зүрх судасны өвчнөөр ойр тойрны олон хүнээ алдаж байснаа бодоход дэгэсдүүлээгүй, үнэн бодит тоо гэдэгтэй эвлэрэх юм билээ. Аз болоход цусны даралт ихсэлт нь эмчилж, хянах боломжтой өвчинд тооцогддог. Давсны зохистой хэрэглээг баримталж, өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хийж, илүүдэл жингээс татгалзах нь цусны даралт ихсэлтийг бууруулах боломж бүрдүүлдэг байна. Иймээс эрүүл явах боломж зөвхөн таны гарт бүрэн буйг сануулах нь илүүц биз ээ.

Миний хувьд Улсын III-р төв эмнэлгийн зүрхний тасагт анх удаа ирж байгаа хэрэг биш л дээ. Арваад жилийн өмнө зүрх муутай аавыгаа эргэхээр олон удаа зорьж ирсэн минь санагдлаа. Яах ч аргагүй зүрх судасны өвчний талаар мэдлэг мэдээлэл хомс байснаа санахад  халагламаар. Энэ харуусал, халаглал одоо ч, ирээдүйд ч хэн нэгэнд дахин бүү төрөөсэй гэж хүсэж байгаагаа ч нуух юун. 

Эмч мэргэжилтнүүд төдийгүй нийгмийн хариуцлагын хүрээнд албан байгууллагууд ч иргэдийн эрүүл мэндийн төлөө хийж буй аян, мэдлэг олгохоор зорьж байгаа энэ их ачлал олон хүний амь нас, олон мянган өрх бүлийг тохиож болох уй гашуу, зовлонгоос аварна гэдэгт итгэл төгс байна. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
3 өдрийн өмнө
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь жилдээ зарлаж байна
3
3 өдрийн өмнө
Ажлын гараагаа ногоон гэр бүлтэй хамт
санал болгох
1
5 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
6
22
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.