Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Номд дурлагсдын очих газар: номын алдартай дэлгүүрүүд

Номын хорхойтнуудыг татах алдартай 10 дэлгүүрийг танилцуулж байна.


Дөрвөн хавтгай метр зай эзэлсэн мухлаг ч бай, эртний сүмийн барилгад байрласан ч бай, өөр өөрийнхөөрөө номын хорхойтнуудыг татах алдартай 10 дэлгүүрийг танилцуулж байна.

Парис, “Shakespeare and Company”

Парисын яг төвд, Сена мөрний эрэгт орших нэгэн дэлгүүрийг “Shakespeare and Company” гэдэг. Англи хэл дээрх утга зохиол, урлаг, соёлын өв болох ховор ном, сэтгүүл сэлтийг худалдаалдаг уг дэлгүүр 100 шахам жилийн настай. Эрнест Хемингуэй, Фрэнсис Скотт Фицжеральд, Гертруда Стайн нарын уран бүтээлчид ч энд ирж ном худалдан авдаг байсан гэлцдэг. Нэгдүгээр давхарт нь хүүрнэл зохиол, хоёрдугаар давхарт нь яруу найргийн ном, бүтээлүүд зардаг. Хуучны тавилга сэлттэйгээ, зохиолчдын хөрөг ханандаа өлгөсөн энэ дэлгүүр номын хорхойтнуудын заавал очих газрын нэг.

Порту, “Лелло”

Португалийн Порту хот дахь “Лелло” дэлгүүр дотоод заслаараа алдартай. Дэлгүүрийн байрны гадаад үзэмж чамин, адар нь угалзтай бөгөөд улаан өнгийн гишгүүр бүхий шат нь хараа булаадаг. Тэндээс  Мигель де Сервантесаас эхлээд  Дэн Брауны уран бүтээлийг худалдан авч болно. Өөрийн гэсэн түүхтэй, өнгө төрхтэй энэхүү дэлгүүр Порту хотод очсон жуулчдын очих ёстой газрын жагсаалтад багтана. Сонирхолтой нь, номын дэлгүүрт орохыг хүссэн хүмүүс эхлээд гурван еврогийн тасалбар худалдаж авах ёстой байдаг аж.

Лиссабон, “Симао”

Португалийн бас нэг сонирхолтой дэлгүүр бол “Симао”. Дөрвөн ам.метр талбай эзлэн байрлах “Симао”-г зарим нь лангуу ч гэж хэлдэг. Гэвч номын сонголт, үнийг нь харвал лангуу гэж хэлж үл түвдэнэ. Өглөө есөн цагаас ажиллахж эхэлдэг энэ дэлгүүрт португали болон Европын бусад орны нэрт зохиолчдын 1000 гаруй номыг худалддаг.

Буэнос-Айрес, “Эль Атенео”

Нэг хүн амд ногдох номын дэлгүүрийн тоогоороо Буэнос-Айрес дэлхийд тэргүүлдэг гэсэн сонирхолтой тоо бий. Аргентиний нийслэлд номын дэлгүүрүүдээс гадна сонин сэтгүүл, хуучин ном, товхимол худалдаалдаг лангуу, мухлаг олноороо байдаг. Хотын хуучин театрын буурин дээр бий болсон “Эль Атенео”-г жуулчид, номын хорхойтнууд онцолдог. Барилгын дотоод засал хэвээрээ, тайз, багана, тагт хамбан хөшиг нь янзаараа үлдсэн тул энэ дэлгүүрт Латин Америкийн суут зохиолчдын бүтээлүүдийг худалдаж авахаас гадна дотор нь байрлах кафед тухлаад уншиж болно.

Монтевидео, “Мас Пуро Версо”

Ар-нуво хийцийн уужим танхимтай, цэлгэр цонх, өвөрмөц цаг өлгөн чимэглэсэн саруулхан дэлгүүр бол Монтевидеогийн номын онцлох дэлгүүр. Уругвайн нийслэлийн энэ дэлгүүрт ном, хөгжмийн цомог, пянз зарахаас гадна зоогийн газартай, уншлагын танхимтай.

Бухарест, “Картурести Карусель”

Одоогоос гурван жилийн тэртээ нээлтээ хийсэн энэ дэлгүүр зургаан давхартай, давхар бүртээ 10 гаруй мянган ном багтаадаг. Энд ном худалдаалахаас гадна утга зохиол, урлагийн үйл ажиллагаа зохион байгуулдаг ажээ.

Маастрихт, “Селексиз Доминиканен”

Голландын Маастрихтад XIII зууны үеийн готик сүмийн барилгыг өдгөө номын дэлгүүр болгосон. Өвөрмөц засалтай энэ дэлгүүрээс шашин, улс төр, нийгэм, шинжлэх ухааны номнуудаас гадна европ зохиолчдын бүтээлийг ч худалдан авч болох нь.

Венец, “Аква Альта”

Венецийн усан дээрх номын дэлгүүр ийм нэртэй. Бусдаас өөр номын дэлгүүртэй болох хүсэлтэй эзэн нь “бараагаа” уснаас хамгаалах арга хэмжээ байсхийгээд авдаг. Эмх замбараагүй тараан тавьсан номнуудаас жуулчид дурсгал болгон худалдан авч, номоор хийсэн шатных нь дэргэд хөргөө татуулцгаана.

Калифорни, “Бартс бүүк”

Номын задгай дэлгүүр. Калифорни дахь Бартын номын дэлгүүрийн бараа нэг давхар байшинд, үргэлжлээд хашаанд нь, тэгээд гудамжинд өрөөстэй. Ховор ном, хүүхдийн уран зохиол, урлагийн бүтээлүүдийн цоморлиг гээд сонголт ихтэй. Хэрэв аз таарвал энд зохиогддог яруу найргийн уншлага, номын хэлэлцүүлэгт оролцож болно. 1964 онд Ричард Бартинсдейл номын сангийнхаа зарим номыг гудамжинд гарган тавиур дээр өрөөд дэргэд нь мөнгө хийх шилэн сав тавьжээ. Хүмүүс тавиур дээрээс таалагдсан номоо аваад хариуд нь мөнгө сав руу хийдэг болсноор номын дэлгүүр үүссэн аж.

Барселон, “Альтаир”

Европыг зорьсон жуулчдын очих ёстой газрын нэг  гэгддэг энэхүү дэлгүүрт газрын зураг, бөмбөрцөг, аяллын түүх, тэмдэглэл, хөтөч-товхимлууд олноороо бий. Бас уг дэлгүүр дэх самбар дээрх зарлалуудаас Европоор хамт аялах замын хань олж ч болно. Барселоны их сургуулиас холгүй байрлах “Альтаир” дэлгүүр том, тухтай.

Х.Инга 

 

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
20 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
15
40
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.