Хайх зүйлээ бичнэ үү

14 мин

ТАТАР хамтлаг болон дуунуудтай нь холбоотой хүмүүсийн МАРТАГДАШГҮЙ 32 дурсамж

“Хайрыг хүндэл” тоглолт энэ сарын 17-нд болно.


Тун удахгүй Татар хамтлаг 15 жилийн ойгоо тохиолдуулан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Шинийн 2-нд Татарынхан “Хайрыг хүндэл” тоглолтоо “Crocus event hall”-д хийх бөгөөд энэ үеэр хамтлагийн хит дуунууд болон залуусын сэтгэлд хүрсэн дуунууд дахин амилах болно. 

Ингээд ТАТАР хамтлаг болон дуунуудтай нь холбоотой хүмүүсийн МАРТАГДАШГҮЙ 32 дурсамжийг хүргэж байна. 


1. MTV-гийн “Оддын гэрээр” нэвтрүүлэгт 50 cent-ийн гэрээр зочлоход баахан cd дундаас Татарын cd-г гаргаж ирээд “Энэ бол жинхэнэ хип хоп ази хамтлаг” гэсэн гэдэг. Үнэхээр бахархмаар
Т.Т

2. Жаахан байхдаа их сонсдог байжээ. Нэг сонин дээр Татар хамтлагийн нэр ямар учраас манай Есүхэй баатарт хор өгч, хөнөөсөн аймгийн нэрээр нэрлэсэн бэ, Татар хамтлагийн цаана юу нуугдаж байна вэ гэсэн гарчгийг хараад их инээд хүрч билээ. Одоо бодоход их нэр хүндтэй өөлөх юм ховор мундаг хамтлаг байжээ. 
З.Ч

3. 2006 онд буюу VI ангидаа Өвөрхангай аймгийн Хужирт сумын ЕБС-ийн урлагийн үзлэг дээр хамтлаг дуу төрөлд Татар хамтлагийн Ганцаараа дууг дуулж оролцсон чинь шүүгчид дууг маань дуусгалгүй зогсоож, “юу дуулаад байгаа юм бэ” гэж загнах нь холгүй юм болж билээ. Татар хамтлагийн бүх дууг, өгч байсан ярилцлагуудыг нь мэднэ. Хэдэн дуу гаргаж дуулсан маань хүртэл танай хамтлагийг сонсож өссөнийх.
М.Э

4. 2000 онд “Шинэ зууны мангас” тэмцээнд орж билээ. Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулиас 4 билүү 5-уулаа тэмцээнд оролцсон. Хамтлагууд бараг сар гаруй бэлдэж хоорондоо найз нөхөд болсон доо. Тэр тэмцээнд Татар хамтлаг түрүүлж байсан. Манайх байхгүй ээ ккк. Литл лунатик гээд хамтлаг мулт үсрээл явчихаж билээ. Дараа жил нь Татар нэрд гараад “Амрита”, одоогийн “Чикаго”, “Салм” зэрэг газруудад Татарынхан дуулаад л 20К авч байлаа шүү дээ. Тэр үед 20К гэдэг чинь бас л мөнгөөр дуулж байсан халтуурдаа орно биз. Өө тийм, “Шинэ зууны мангас” тэмцээнээр манай дуун дээр Заяа бүжиглэчихсэн бөгсөөрөө “ойгоол” тайзны нэг талаас нөгөө талруу бүжиглээд л гарсан даа. Нандин дурсамж юмдаа.
М.Ц

5. 2005 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн зүүн талд байдаг багшийн дээдийн оюутны байрнаас найз охиноо дуудаад зогсож байсан чинь Заяа хажууд ирснээ 2 давхарын нөгөө талын цонхноос бас нэг охины нэр хэлээд дуудаж байна. Тэгсэн бид 2-ын дуудсан хүмүүс ерөөсөө сонсдоггүй тэгэхээр нь би сурсан зангаараа хумсын толион чинээ жижиг чулуу аваад шидлээ. Сонсоод манай хүн ч цонхоороо шагайгаад намайг харчихлаа. Тэгсэн Заяа газраас чулуу аваад (ёотонгийн хэмжээтэй) чулуу аваад шидэж байна. Тэгсэн байхгүй ээ нөгөө охиных нь өрөөний цонх тас няс гээд хаг үсэрсэн. Би ч хурдхан шиг арилаад өглөө. Заяа хэлээ гаргаад үлдсэн дээ. 
Б.А

6. 2003 оны өвөл “Найрамдал” зусланд амарч байхдаа хамт ширээний теннис тоглож байсан. Тэр үед ах нарыг хэн гэдгийг нь мэдээ ч үгүй явж байж. Дараа нь "Хайрыг хүндэл" дууны клип гарсан юм. Тэр үед л Татарынхан гэдгийг мэдсэн. Өмнө нь мэддэг байсан бол гарын үсгийг нь авах байсан даа.
Д.Б

7. 2004 байна уу 2003 онд “Татар хамтлаг “Соёл” зусланд” гэсэн зарыг хараад эгч бид хоёр аав ээжээс өдөр шөнөгүй гуйж байж ээлжийг нь тааруулж, Соёл зусланд амарч билээ. Тэр үед Татар хамтлаг ид моодонд орчихсон, хүн болгон л “Хайртай гэсэн сэтгэлийг нь битгий гомдоо” гээд л болсон болоогүй үглэдэг байж.

Тэр ээлжинд Мөөгий, Заяа, Сүхээ гээд менежер (цайвар цэнхэр футболктой) нь ирчихсэн Жагаа ирээгүй юм. Нэг оройн хоолноос гарч ирээд эгчтэйгээ 00 орж явтал урд Мөөгий ах, Сүхээ ах хоёр явж байхыг нь хараад араас нь очоод хамт зургаа авахуулсан юм. Мөөгий ах намайг сугадчихсан чинь би бүр баярлаад сандраад, салгалаад тэр хөл мөлний байж байгааг хар!  

Дэндүү богинохон ээлж байсан даа. Дараа нь “Орчлон” сургуулийн өөдөөс харсан төв бассейний ойролцоох фен клубт нь их очдог байж билээ. Одоо бодоход сайхан байна.
Ц.Г

8. 2007 онд билүү дээ Увсад ирж, тоглолтоо хийж байсан юм. Тэр үед театрын паар задраад сүйд болж, тоглолт тарж байсан санагдаж байна. Тэгээд гараад явсан газарт гутал наалдаад арай гэж харьж билээ. 
Э.Б

9. Анхны тоглолтыг нь үзэх гэж бөөн юм болж үзэж билээ. Тасалбарын мөнгө олдохгүй, сурагч байсан болохоор жинхэнэ авьяасаараа олсон доо. Найз маань нөгөө ангийн охинд дурлачихсан найрч чадахгүй, захиа бичсэн юм. Тэр захиан дээр нь хос хун зурж өгөөд төлбөрт нь тасалбар авч байсан. Тэр 2 маань одоо хоёр хөөрхөн охинтой сайхан гэр бүл болсон доо. Гайхамшигтай дурсамж шүү. Миний хувьд Татар үнэхээр байлдан дагуулж байсан үе, одоо ч гоё.
Б.Г

10. 2004 онд байх аа. Оюутны байранд манай өрөөнд клипний зураг авалт хийж билээ. “Нулимс дуссан хайр” клипний зураг авалт Мөөгийгийн гардаг хэсэг.
П.М

11. Би Татарын улаан фен. 2007 оны өвөл байлуу даа, Увсад болсон тоглолтын үеэр “За Увсын цоглог охид байна уу” гэхээр нь “Энд байна” гээд мангар өөртөө итгэлтэй орилоод л гараа өргөтөл “Тэр гараа өргөсөн охин Шөнийн охин шүү” гээд дараагийн дуу эхэлсэн юмдаг.
О.Р

12. Манай найз шинэ куртикээ өмсөөд “Цэцэг” төвийн урдуур алхсан гэсэн. Тэгсэн хүүхнүүд “ухаан алдаад” сүйд болж л дээ. Найз бардам том том алхаад л байсан чинь яг ард нь Татарынхан алхаж байсан юм билээ. Хүүхнүүд хэнийг харсан байх нь уу. Давж хараад байсан байхгүй юу.
Г.Ж

13. Д.Э “Бороонд ганцаараа” тоглолтыг нь үзэж байхдаа яалаа хө, нэг их хулмастай охины хажууд зогсчихсон гараа өргөх болгонд нь саваад л байл уу?
Н.Р

14. “Ардын багш” дууны үгийг эсээ бичлэгийн шалгалтанд бичиж, бүр багшдаа магтуулсан. Багш миний эсээг уншаад хүүхдүүд нэрхийтэл инээлдэж байлаа.

“Хичээл, хичээл, хичээлдээ би муу, хараал идсэн F-ээр дүүрсэн дэвтэрийг минь харах уу? Ардын багш намайг уйлуулдаг, дуулуулдаг аз болоход хэдэн нөхөд минь надад хичээл хуулуулдаг” гээд бас л айж, ичих багатай том толгой байсан байгаа юм.
О.Н.А

15. “UB palace”-д болсон тоглолтыг найзтайгаа үзэж байгаад хальт гарчихаад буцаж орох гэсэн бөөн оочир. Тэгээд оочир дайраад л урдуур орсон чинь 2 залуу уурлаад бид 2-луу дайрлаа шүү. Тэгсэн цагдаа ирээд нөгөө хоёрыг цахилгаан бороохойгоор эвхэртэл нь цохиулсан даа. Босож ирээд бид хоёрыг бараг танихгүй байх шиг байна лээ. Тэгээд гялс ороод алга болсон. Цахилгаан бороохой тэнд их дуугарсандаа. Тэр 2 залуу уншвал олон жилийн дараа ч гэсэн уучлалт гуйж байна шүү. 
О.К

16. 2015 оны VII сарын эхээр талбай дээр Татарын тоглолт боловоо. Би тэгэхэд нэг залуутай үерхэж эхлээд анхны болзоонд уригдсан нь тэр. Би ч уг нь цагаасаа хоцордоггүй хүн л дээ. Эмэгтэй нь хоцорч очдог гэсэн явган яриаг дагаад хамгийн удаанаараа хувцаслаад очиж билээ. Манай хүн нэлээн хүлээсэн бололтой. Тэр өдөр бүрхэг, бороо ганц нэгээрээ дусалж эхлэхэд бид хоёрт шүхэр байтугай нэгэнд нь ч цамц байхгүй байсан. Нөгөөх чинь санаа зовсон янзтай “Талбайн ард манай эмээгийнх байгаа. Хоёулаа тэндээс очиж цамц авъя” гэж байна. Би ч бас яах вэ амжиргаатай сэргэлэн л юм гэж бодоод явлаа. Эмээгийнх нь цонхоор 2 цамц шидүүлж аваад бид 2 эргээд Татарынхаа тоглолт руу гэлдэрвээ. Би яагаад ч юм тэр залууг цоо ширтээд л байлаа. “Яагаад хараад байгаа юм” гэхээр нь “Зүгээр л хармаар болоод” гэсэн чинь нүдэн дээр минь үнсээд “Би чамд хайртай” гэх нь тэр. Тэрхэн зуур талбайг тэсэлж байсан дуу чимээ зүрхийг тэслэх шиг л болсон. Ингээд талбайн захад ирэхэд миний хамгийн дуртай “Бороо” дуу явж байна. Бороо ч ёстой хувин хувингаараа цутгах үед бид хоёр хөтлөлцөөд талбайг хөндлөн гулд гүйж билээ. Бид хоёр шалба нороод гутал пүүзнээс шар шар хийтэл ус цацарч байсан. Яг л кино шиг. Тэр үед л хайр харцнаас мэдрэгддэг гэдэг үгийг ойлгосон доо. Энэ миний амьдралын хамгийн сайхан хайрын түүх байсан, байх ч болно. 
Б.Б

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!

17. Та нар тэгвэл гарын үсгийг нь авах гээд “Сонор” рекордсын гадаа 3 цаг хүлээчихээд гараад ирэхэд нь цаас байхгүй арван төгрөгөн дээр Заяагийн гарын үсгийг авчихаад “Баярлалаа” гээд хөөрч үзсэн юм уу? 
Б.Б

18. Татар хамтлаг миний хүүхэд насны дурсамжуудын нэгээхэн хэсэгт ордог. Би хоёр дүүтэйгээ нийлээд дуунуудынх нь үгийг бичиж, цээжлээд дуулдаг байлаа. Сонин дээр зураг эсвэл дууны үг нь гарсан байвал дэвтэр дээрээ наагаад л шүтдэг байлаа, хөөрхий. Татарын Жагаад нь дуралчихсан “Ёстой хөөрхөн” гээл дүүтэйгээ ам уралдан ярьдаг байж билээ. 

Оюутан болох жилийнхээ зун /2004 он байх/ Анар ч билүү Ананд ч билүү кафед ажилд оров оо. Ажиллаад удаагүй байтал Татар хамтлаг тэнд зураг авалт хийх сураг сонсоод нөгөө гурвыгаа харах завшаан олдсон юм. Жагаагийн зураг авалт байсан юмдаг. Кафены гал тогоо доод давхартаа байсан болохоор харах шалтгаан хайгаад л угаах аяга, таваг бариад явсан чинь Мөөгийтэй яг таарлаа. Тэгээд ойроос хараад юун нөгөө Жагаад дуралчихсан байсан хүн чинь Мөөгийд дурлаад наасан. Хэсэг хугацааны дараа дахиж хармаар санагдаад дахиад түмпэн сав аваад гарсан байхгүй ээ Жагаатай нь мөргөлдөөд газраар нэг түмпэн сав түр няр болоод явчихлаа, бурхан минь. Сандарсандаа болоод буцаж буугаад ирсэн чинь нөгөө түмпэн савыг Жагаа нь хурааж өгсөн шдээ. Дахиж гарахгүй байсаар зураг авалт дуусваа хөөрхий /”Нулимс дуссан хайр” дуу байсан санагдаж байна/. За энэ өдрөөс хойш Мөөгийг нь шүтээстэй хэдэн жил явсан даа. Тэгсэн дараа нь Заяа “Классик жем” хамтлагтай хамт дуулаад л, үглээд л гараад ирсэн чинь юун Жагаа, Мөөгий. Заяадаа дурлаад, би гэж хүн энэ хамтлагийн гурван залууд 3-ууланд нь дурлаж үзсэн дээ хөөрхий. Залуу ч байж, гоё дурсамжуудын нэг минь юм даа. 
Т.Н

19. 2005 онд Татар хамтлагийн улаан фен байлаа. Дэвтэр дүүрэн бүх дууны үгийг нь биччихсэн. Бүр Татарын логог дуурайлган зурж, хайчлаад зардаг байлаа шүү дээ. Тухайн үедээ л хурган ашигтай.
Б.Б

20. “УБ опен эйр”-т болсон тоглолтыг нь найз охидуудтайгаа хамт үзэж байлаа. Хүмүүс Жагаа, Мөөгий гээд орилоод байхаар нь ярилцаж байгаад Заяа гэж орилсон юм. Тэгсэн яг бүх юм нам гүм болчихсон эгзэг нь таарсан үеэр гурав дөрвөн охин “Заяааа Заяаааааааааааааа” гээл сунжралдаж орилж билээ. Тэр хавийн хүмүүс пир гээл инээсэн. Аймар ичсэн хэрнээ худлаа Заяа шүү гээл банталтаасаа гарах гэж улам балай юм хийж билээ. Бодохоор инээд хүрээд байх юм.
Ц.Д

21. Хамгийн анхны монгол дуутай кассет минь Татар хамтлагийнх байлаа. Тэрэндээ аймар их дуртай, хөгжимний нэг хаалганд нь бол зоолттой.
С.А

22. Манай нөхөр Татарын жинхэнэ фен. Дууны үгээр нь намайг татаад эхнэрээ болгоод авчихсан шүү дээ. 
Б.Б

23. 10 жилд байхаасаа л Татарын дууг сонсож, улайрч, бүх цомгийг нь цуглуулна. Зураг, постор цуглуулна, цээжлээгүй дуу байхгүй л байлаа. Фен шоунд нь оролцож, тоглолтыг нь алгасахгүй үздэг байсан даа. Сургууль дээрээ Татар гэсэн бичигтэй саравчтай малгай өмсөнө, сургуульдаа “татар” гэж хочлуулж явлаа. Өглөө хичээлдээ явахдаа бөөн юм болж сэрдэг хүн чинь амралтын өдөр зурагтаар Татарын дуу явахад шууд л босно. Бас л гоё дуунуудтай шүү.
О.Т

24. 2005 онд оюутан цагийн анхны үерхэлтэйгээ нэг чихэвчээр “Бороонд” дууг хамт сонсоод сууж байлаа.
Х.О.О

25. Найз хөвгүүнтэй болоод Татарын Бороог сонсоод л жан жан жан гээл байж байсан чинь удалгүй хаягдаад Ганцаарааг сонсоод л явж байлаа шдээ 
А.З

26. 2002 онд билүү 2003 онд Ялалтын талбайд “Хөх хулганы орон” байхад тоглолтын тасалбар 500 төгрөг байхад хашааг нь цөмөлж ураад нэг хүнийг 200 төгрөгөөр оруулж, бурзайж билээ. 
С.Ш

27. 2014 оны IV сарын 30-нд Хөвсгөл аймагт Татар хамтлагийн тоглолтыг нь үзэж байхдаа найз залуутайгаа танилцаж билээ. Татарын тоглолтыг үзэж л заяаны ханьтайгаа учирсан даа. 
Н.С.Х

28. Бүхий л дуунд нь дуртай, одоо ч нөхөр бид 2-ын дуртай хамтлаг хэвээрээ. Бөөн дурсамж л байдаг шүү. 2005 онд байх аа “Ub palace”-д аймаар их хүнтэй тоглолт болсон юм. Бас л сүртэй их хүнтэй сайхан тоглолт болж билээ. Нөхөртэйгөө тэр үед үерхдэг бацаанууд байсан юм. Тоглолт үзээд гэртээ анх удаа шөнө оройтож хариад ээждээ загнуулж байсан шдээ. Сүүлд 2013 оны зун хийсэн тоглолтыг нь бас нөхөртэйгээ үзсэн. Төрөөд 2 сар ч болоогүй байсан даа, хөх чинэрээд сүү гоожоод л байгаа хэрнээ дуустал нь үзнэ гэж уурлаад л, дуулаад л үзэж байлаа.
С.М

29. 2006 он билүү “Хайрыг хүндэл” тоглолт нь Бөхийн өргөөнд болох гээд билет байхгүй, туулайчилж орох гэж бүтэлгүйтсэн юм. Тэгээд найзтайгаа орцонд пиво ууж билээ. Ер нь хамгийн анх согтотлоо ууж байсан үе Татар хамтлагтай холбоотой юм байна шд. Бодсон чинь уур хүрчихлээ. Татарын дуунуудтай бол ярих юм байхгүй ээ. Заяа nYc малгай өмсөөд нөгөөдхийг нь зах дээрээс хайж хайж олж аваад их пээдгэр алхдаг байж билээ. nYc малгайг хэсэг моодонд оруулсан хүндээ. Одоо тоглолтынх нь билетыг авч үзнэ ээ.
Т.Ж

30. Нэг удаа Татарынхан “Ub palace”-ийн урд машинтайгаа зогсож байхаар нь би гүйж очоод гар барих гэтэл Мөөгий цонхоо хаачихсан. Дараа нь тэд нар фм-д ярилцлага өгч байхаар нь холбогдоход Мөөгий “Өө нөгөө малгай булаах гэж байсан охин уу” гэсэн юм даа. 
У.У

31. Тэртээ олон жилийн өмнө юм даа “Топ тен”-д Татар ирж дуулаад тайзнаас буугаад явж байхад нь мэдэхгүй Заяаг “Пүүз ээ тайл” гэсэн чинь “Чи намайг танихгүй байна уу. Би Татарын Заяа байна” гээд л мэнд усаа мэдэж байлаа.

32. “Хайрыг хүндэл” дууны клип гарсны дараа сургуулийн ах нар юм л бол 3-лаа нийлж явдаг болчихсон. Нэг нь кепктэй, нөгөө нь нугалаагүй ноосон малгайтай, үлдсэн нь нэхий пальто өмсчихнө. Мэдэхгүй хүмүүст л Татарынхан гэж харагдах гэдэг байсан юм уу даа, зайлуул. Тэр үед нугалдаггүй ноосон малгай их моодонд орж билээ.
А.Г

Хүмүүсийн нэрсийг фэйсбүүк хаягийн нэрсээр оруулсан болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.