Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Уран гулгалтын шинэ од Алина Загитовагийн талаар таны мэдэхгүй 17 баримт

Босоо аваргыг буулган авч, эмээлгэж байгаа Алина Загитова гэж хэн бэ?


Юлия Липницкаягийн үе өндөрлөж, Евгения Медведевагийн эрин эхэлсэн 2016 оны үед өсвөрийн уран гулгалтад нэгэн охин үе тэнгийнхнээ бараадуулахгүй тасарч байсан нь Алина Загитова байлаа. Алина дөнгөж өнгөрсөн оны есдүгээр сараас л насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн тамирчин. Томчуудтай өрсөлдсөн анхны тэмцээн болох “Lombardia Trophy 2017”-д түрүүлж, удалгүй Бээжингийн Гран При, Парисийн Гран при,  Японд болсон “2017–2018 Grand Prix of Figure Skating Final” тэмцээнд ч тасархай түрүүлж, дэлхий нийт ОХУ уран гулгалтын шинэ одтой болсныг мэдэж авсан. Гэхдээ энэ бүх ялалт уран гулгалтын хатан хаан Евгения Медведевагийн эзгүйд авсан ялалтууд байв. Өрсөлдөгчид, нэг багшийн шавь, багийн андууд өнгөрсөн сард Москвад болсон Европын АШТ-дээр халз тулалдаж, Загитова анх удаа дэлхийн хошой аварга Медведеваг бүх үзүүлэлтээр буулган авсан юм. Өнөөдөр тэд Өвлийн олимпийн багийн тэмцээнд хамтран оролцож, цугтаа мөнгөн медаль хүртсэн. Гэхдээ тэд хэдхэн хоногийн дараа өрсөлдөгчийн хувиар олимпийн алтан медалийн төлөө өрсөлдөх болно. Босоо аваргыг буулган авч, эмээлгэж байгаа Алина Загитова гэж хэн бэ? Та бүхэнд уран гулгалтын шинэ одын талаарх баримтыг хүргэе.

Бүтэн нэр - Алина Ильназовна Загитова. Аав ээж нь нэг нас хүрсэн охиндоо нэр өгч амжаагүй байлаа. Нэг өдөр телевизээр уран сайхны гимнастикийн од Алина Кабаевагийн тухай нэвтрүүлэг үзэж сууж байгаад охиндоо Алина нэр хайрлажээ.

2002 оны тавдугаар сарын 18-нд Ижевск хотод төрсөн. Загасны орд. 15 настай. Татар үндэстэн. Аав  Ильназ Загитов нь хоккейн багийн дасгалжуулагч. Ээж нь уран гулгалтын тамирчин болох гэж мөрөөдөөд чадаагүй тул охиндоо мөрөөдлөө шилжүүлжээ. Алинагийн дүү Сабина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг.

Таван настайгаасаа уран гулгалтаар хичээллэж, долоон наснаасаа тэмцээн уралдаанд орж эхэлсэн. 2015 он хүртэл төрөлх хотдоо хичээллэж байгаад нийслэл Москвад шилжсэн. Алдарт дасгалжуулагч Этери Тутберидзе, Сергей Дудаков нарын гар дээр очихдоо тэр эмээгээ дагуулаад явсан юм. Зөрүүд бяцхан охин дасгалжуулагчтай зөрчилдөж, багаасаа хөөгдөж байв. 15-хан настай ч энэ хооронд уран гулгалтыг 7 удаа хаяад эргэж ирсэн охин.

Этери Тутберидзегийн удирдлага дор Евгения Медведеватай хамт хичээллэж байна. “Евгения Медведева байгаа болохоор би улам хурцлагддаг” гэж ярьж байлаа. Мэргэжилтнүүд Загитоваг “Бээжин 2022” олимпод анхаарлаа хандуул, “Пёнчан 2018”-д Медведева түрүүлнэ гэж хоёрхон сарын өмнө ярьж байсан ч одоо Загитоваг түрүүлнэ гэж таамаглаж байгаа хүний тоо илүү болоод байгаа аж. Өсвөрийн тэмцээний бүх төрлийн хамгийн өндөр онооны рекордыг эзэмшдэг.

Дасгалжуулагч багш Тутберидзе, Сергей Дудаков нар шавь нарынхаа хооронд эрүүл бус өрсөлдөөн хэзээ ч гаргахгүй хатуу дүрэмтэй. “Хэн нэг нь чадахгүй бол нөгөө нь чадна. Нэг нь алдаа гаргасан ч нөгөөхөө дэмж” гэж хэлдэг. Тиймээс хоёр охин өрсөлдөгч ч найз нөхөд. Тутберидзе дээр хичээллэж байсан Липницкая цагтаа залуу өрсөлдөгч Медведеваг дайснаа гэж үзсэн тул багшаасаа салж байв.

2017 оны ОХУ-ын “Шилдэг залуу тамирчин”.

Техникийн хувьд Загитова илүү тул Медведева түүнийг ялахын тулд чөлөөт үзүүлбэр дээрээ илүү оноо авах хэрэгтэй. Харин яаж илүү оноо авахыг дасгалжуулагч мэднэ. Гэтэл хоёулаа нэг дасгалжуулагчтай.

Энэ улирал дасгалжуулагч нар Медведевад “Анна Каренина”-г сонгосон бол Алина “Хар хун” болсон.

“Vogue” сэтгүүлд зураг авахуулсан.

Багаасаа уран зураг зурах дуртай, авьяастай. Тайвшрахын тулд зураг зурдаг гэж нэгэнтээ хэлж байв. Хоккей үзэх дуртай. Спортын салбарт дээд боловсрол эзэмших мөрөөдөлтэй.

Эмээ нь ач охиныхоо тоглолтыг үзэх гэж компьютер ашиглаж сурсан байна. Эмээ нь мэргэжлийн хүн мэт зөвлөгөө өгдөг.

1 муур, хоёр үхэр хулганатай.

Бейонсе, Майкл Жексон, Сиа нарыг сонсох дуртай.

2017 онд ОХУ-ын ОУХМ цол хүртсэн.

Уриа үг нь “Хэцүү байх тусам илүү сайхан”.

Зөнч Марианна Абравитова “Алина сарнай цэцэг мэт дэлгэрэх болно. 2018 онд олимпийн медаль авах эсэх нь харагдахгүй байгаа ч дэлхий даяар түүний талаар ярих болно. Эрүүл мэндээ сайн бодохгүй бол болохгүй харагдаж байна. Түүний гол ялалтууд урд нь байгаа. Алина бол супер хүн. Найз залуутай юм шиг харагдаж байгаа ч  одоохондоо хүүхдийн үерхэл” гэж өнгөрсөн сард зөгнөж байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
МИХАЭЛЬ ШУМАХЕР 50 НАС ХҮРЛЭЭ БУЮУ ТҮҮНИЙ АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
санал болгох
1
10 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.