Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Валентины үзвэрийн хөтөч: Fifty Shades Freed болон One Night | Tegshee's Movie Corner

Та гэгээн хайрын баяраар ямар кино үзэх гэж байна вэ? Уг кино шүүмж танд туслах болно.


"Ub.life" кино сонирхогчдод зориулсан "Tegshee's movie corner"-той хамтран монгол, гадаад кинонуудын шүүмжийг цувралаар хүргэж байна. 

“Fifty Shades Freed” уран сайхны кино

Одны үнэлгээ: 2.5/5

 Fifty Shades цувралын өмнөх анги Fifty Shades Darker сексийн энгийн бус зуршилтай залуу тэрбумтан Кристиан Грэй, энгийн, романтик харилцааг эрхэмлэгч Ана Стийл хоёр сүй тавьснаар төгсдөг бол Fifty Shades Freed тэдний хуримын ёслолоор эхэлнэ.

Хосуудын тансаг бал сарыг Грэйн албан өрөөнд хэн нэгэн хулгайгаар нэвтэрсэн хэрэг бусниулж орхино. Өмнөх ангид Анагийн дарга байсан Жэк Хайд Грэйн компьютерээс файл хулгайлсан нь нууц камерын бичлэгт үлджээ. Анагийн аюулгүй байдлыг бодож буй нэрийдлээр үе үе цухалзах Грэйн эзэрхэг зан ааштай Ана аядуухан тэмцсээр, аль хэдийнэ Грэйн эзэмшилд очсон хуучин хэвлэлийн газартаа редакторын албан тушаалд дэвшиж, ажлаа “хобби” маягаар үргэлжлүүлсээр байна. Хэдий гэр бүлийн харилцаанд шилжсэн ч Грэй, Ана хоёр сексийн “зүггүйтэл”-ээ үргэлжлүүлэн туршсаар, энэ зуур  өш санасан Жэк Хайд Анаг барьцаалах гэж завдаад бүтэлгүйтнэ. Төдөлгүй гэнэтийн эргэлт тохиож Ана жирэмсэн болсон нь мэдэгдэнэ. Хүүхнүүдийг сексийн хүсэлдээ “хэрэгсэл” мэт ашигладаг “эзэрхэг” Грэйгээс хайр дурлалдаа хөтлөгдсөн романтик залуу болтлоо (бүр төгөлдөр хуур дарангаа уянгын дуу дуулж, Анад өөрийн гараар хоол хийж өгөх гэж оролдохыг яана) хувьсаж ядан буй Грэйд “хүүхэд” таалагдахгүй. Ана, Грэй хоёр зөрчилдөж, харилцаа нь хүйтэрч эхлэхтэй зэрэгцэн ахиад л шинэ сорилт тулгарна. Мөнөөх Жэк Хайд энэ удаад Грэйгийн дүүг барьцаалж, Анаг мөнгө авчрахыг шаардана... Эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэх Анаг ширтэж зогсохдоо Грэй хайртай эмэгтэй болон бүрэлдэн буй үрээ амьдралдаа хүлээн авахад бэлэн болсноо ухаардаг.

“Fifty Shades” цуврал эхний ангиасаа л энгийн бус сексийн зан үйлийг нийтийн, арилжааны кинонд үзүүлснээрээ чамгүй шуугиан дагуулж эмэгтэй хүнийг сексийн обьект болгосон эзэрхэг, садо-мазохист бэлгийн чиг хандлагыг “романтикжуулж” сурталчилсан хэмээн буруутгагдаж байсан. Энэ мэт сөрөг хандлагууд киног улам дэврээснээс бус угтаа “Fifty Shades” цуврал бол орчин цагийн үнсгэлжингийн түүхийг үл ялиг “болдоггүй” сексээр хачирласан хайрын нялуун түүх юм. Дэлгэцнээс сексийн хэвшмэл бус дүр зураг, аазгай хөдөлгөсөн хүсэл тачаал хүлээж байсан ихэнх үзэгчийг цуврал ахих тусмаа онгоцны сүйрэл, буу шийдэм, барьцаалалт, тодорхойгүй өш хонзон, мөрдөн мөшгилт зэрэг сексийн бус гэнэтийн, утгагүй эргэлтүүд, хиймэл адал явдлаараа баахан залхааж орхисон талтай. Цувралын эхний анги “Fifty Shades of Grey” арай дориун сонирхолтой байсан бол дараагийн анги “Fifty Shades Darker” улам уйтгартай болсоор “Fifty Shades Freed” дээр уйтгар, залхаалтын оргилдоо хүрчээ.

Уг цуврал киноны эх зохиол болох “Fifty Shades” гурвал романы зохиогч Э.Л.Жэймс анхандаа “Twilight” зохиолын “fan fiction”-ийг бичиж байсан түүхтэй. Цахим орчинд анх бичиж тараасан “Fifty Shades of Grey” зохиол нь алдаршснаар Э.Л.Жэймс “fan fiction” бичигчээс 125 сая ширхэг борлуулалттай номын зохиолч болон мандсан юм. Хэдий уг зохиол амжилттай борлогдсон ч шүүмжлэгчдээс утга зохиолын үнэ цэнийн хувьд маруухан бүтээл хэмээх шүүмжийг байнга хүлээдэг байв. Орчин цагийн уран зохиолын тулхтай төлөөлөгч, энэтхэг гаралт зохиолч Салман Рушди уг зохиолын талаар “Би ийм муу зохиол ном болж гарсныг анх удаа л харлаа. Үүнтэй харьцуулахад “Twilight” “Дайн ба Энх” шиг л санагдахаар юм” гэж хэлсэн нь хоржоонтой.

Бэлгийн энгийн бус зуршилтай баян залуу, эгэл жирийн, онгон охин гэх тэнцвэргүй хосууд, харилцаа нь ганхаж, зөрчилдөх тоолонд нэг нэгнийхээ хувьд хэчнээн чухлыг мэдрүүлэх онгоцны сүйрэл, барьцаалалт зэрэг илбийн юм шиг гэнэт бий болдог үнэмшилгүй сорилт, эргэлтүүдээр дүүрэн даржин агуулгыг хэчнээн мөнгө хаяж, гял цалаар хулдаад ч олигтой кино болдоггүйн жишээ болсон “Fifty Shades” цуврал “Fifty Shades Freed” киногоор ашгүй нэг юм төгсөж “секс”-ийн орон гаран агуулгад нь урхидуулж, эсвэл олны дүйвээнээр сонирхон үзэхээс аргагүй болдог хөөрхий гэнэн үзэгчдээ гялгар хийцтэй уйтгар, залхаалтын “гинж”-нээсээ бүрмөсөн чөлөөлсөн нь л тун олзуурхам хэрэг байв.

“One Night” монголын уран сайхны кино

Одны үнэлгээ: 3/5

Валентины тэмдэглэлт өдрөөр кино театруудын дэлгэцнээ гарч буй романтик инээдэм төрлийн өөр нэгэн кино бол “One Night” хэмээх англи нэртэй монгол кино. Энхрийлэн найзуудтайгаа шөнийн клубт ууж, бүжиглэж байгаад ухаан тасарч өглөө нь сэртэл танихгүй залуутай буудлын нэг оронд сэрэх нь тэр. Нэг шөнийн явдлаар танилцсан хоёр зугуухан дотноссоор, биенээ улам сайн таних зорилгоор хамтдаа Хөвсгөл нуур луу аялдаг. Аялалын төгсгөлд тэд шалихгүй эндүүрлээс болж үл ойлголцон, бие биедээ хатуу үг чулуудаж хэн хэндээ гомдсоор буцах ч кино мэдээж ингээд дуусахгүй...

Үйл явдлын хувьд ийм цомхон ч аялал гэдэг ихэнх романтик инээдэм төрлийн кинонд түгээмэл үзэгддэг хосууд дотносох, дурлалцах, нэгнээ таньж мэдэх сонгодог нөхцөл гэж болно. Мөн энэ төрөл жанрт хосуудын харилцааны сорилт, зөрчлийг туйлчилж, тэрхүү сорилт, зөрчлийг даван туулах хөшүүрэг болдог “хайр дурлалын”-ын үнэ цэнийг товойлгох зорилгоор гол төлөв эсрэг тэсрэг зан араншин, амьдралын ялгаатай хэв маягтай, эсвэл нийгмийн өөр байр суурьтай “авцалдаагүй” хоёр дүрийг сонгох нь олонтаа.  Эсхүл эрс тэс бус энгийн хосуудыг жигтэй нөхцөл байдал, амьдралын ярвигтай асуудлуудаар сорьж, сэтгэл хөдөлгөм романс, драм бий болгох нь элбэг. Жүжигчин Э.Алдарын зохиолыг нь бичиж, найруулсан анхны бүтээл “One Night” кино сонирхолтой эхэлсэн боловч цааших дүрийн хөгжүүлэлт, зохиолын эргэлт, зөрчлын хувьд хангалттай байсангүй. Харин Хөвсгөлийн хараа булаам байгаль, зарим романтик зураг авалтын шийдлүүд үзэсгэлэнтэй, романтик уур амьсгалд зохицсон, киноны хоёр гол дүрийн яриа хиймэл сүржин янзгүй энгийн, амьд өрнөж байгаа нь онцлууштай байв. Цоглог, хэрсүү Энхрийлэн хамт олныхоо дунд ээжтэйгээ утсаар ярихдаа уриагаа чанга хашгирч, хөгжөөн дэмжигчийн хөдөлгөөн хийж байгаа нь “цоглог цоглог” гэхэд арай л хэтрүүлсэн үйлдэл байв. Мөн кино эхлэхээс л орчин цагийн, бие даасан эмэгтэйн төлөөлөл болгон харуулсан шулуухан зантай Энхрийлэн гэнэт л залуугийнхаа урдуур орж “эр хүнийг хогтой зууралдуулж болдоггүй юм” гэж аашлах нь тун авцалдаагүй байв.

Энхрийлэний дүрийг бүтээсэн залуу жүжигчин Б.Мишээл гол төлөв инээдэм төрлийн кинонд дүр бүтээсээр ирсэн ч түүний манантсан нүдний харц, дур булаам царай төрх, жүжиглэлтээс харвал хойшид магад эротик, эсвэл сэтгэл зүйн драм зэрэг өөр жанрын кинонд тоглож өөрийгөө сорьж задлах боломжтой нь харагдана. Түүнд тийм чадвар нөөц хангалттай байх шиг санагдав.

“One Night” киноны дүрүүд хэдийн ажил амьдралын гараанд гарч бие даан амьдарч эхэлсэн залуус боловч чиглэсэн үзэгчид нь магад амьдралын элдэв хүнд асуудалд ээрүүлээгүй, юу ч бодолгүй болзож, “хөнгөн, хөөрхөн, хөгжилтэй” хормуудыг амьдралаас амтлах хүсэлтэй өсвөр насныхан болон оюутан залуус болов уу.

Дээр өгүүлсэн “Fifty Shades” цувралын эхний анги “Fifty Shades of Grey”-г найзуудтайгаа үзчихээд  инээлдсээр гарч иртэл өвлийн сүүл сарын хайруу жавартай өдөр кино театрын гадаа хоёр жаахан хүү ээжийн тухай дуу хангинатал дуулангаа гуйлгалчилж буйтай улаан халз тулгарч билээ. Холливудын хэтэрхий хуурмаг, хээнцэр киноны дараах тэрхүү “өршөөлгүй” дүр зураг амьдралд минь тохиосон хамгийн хоржоонтой, гунигтай давхцал шиг санагддаг. Энэ мэтчилэн тааруухан хэрнээ гял цал зарим гадаад кино бидний ахуйгаас хэтэрхий харь холын зэрэгцээ, золгүй, буурай байдлыг маань тохуурхан тавлаад ч байх шиг таагүй мэдрэмж төрүүлдгийг нуух юун. Романтик инээдмийн киноны орчин нөхцөл, уур амьсгал романсын чухал бүрдүүлбэр учир үзэгчийн хувьд тухайн кинотой хамаатах нь чухал. Энэ утгаар хавайн эрэг дээр наранд шарж хэвтээ тэрбумтнаас илүү Хөвсгөл нуур луу аялж буй хоёр залуу сэтгэлд дотно санагдах нь мэдээж. Зөвхөн энэ хамаат чанараараа л дотоодын чансаатай романтик кино гадны блокбастер, арилжааны кинонуудаас илүү үзэгч татах боломж буй. Гол нь тийм чансаатай кино хийх нь л кино бүтээгчдийн үүрэг болж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
2
6 цагийн өмнө
61 нас хүрсэн Квентин Тарантиногийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ
3
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
22
16
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.