Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алина Загитова vs Евгения Медведева: Уран гулгалтын АГУУ ТУЛААНД хэн нь ялах вэ?


Пёнчань-2018 өвлийн олимпийн хамгийн агуу тулаан эхлэхэд ойртоод байна. Евгения Медведева, Алина Загитова! Энэ хоёр нэрийг та сайн тогтоогоод аваарай. 

18 настай Евгения Медведева. Дэлхийн хошой аварга, дэлхийн рекордыг 12 удаа шинэчлэн тогтоож, түүхэнд нэрээ дархалсан агуу тамирчин. Эмэгтэйчүүдийн уран гулгалтын түүхэнд богино үзүүлбэрт 80, чөлөөт үзүүлбэрт 160, нийлбэр дүнгээр 240 онооны босго давсан анхны тамирчин. 

15 настай Алина Загитова. Өсвөрийн дэлхийн аваргын хошой алт хүртэж, өнгөрсөн жилээс насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш ялагдаагүй Евгения Медведеваг буулгаж авсан тамирчин. 

Алина Загитоваг насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн жил агуу Евгения шагайндаа бэртэл авч, олон тэмцээн өнжсөн. Тэр бүх тэмцээнд, ялангуяа Гранпри финальд Алина түрүүлсэн. Тэд анх удаа 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээн дээр хамт өрсөлдсөн бөгөөд 15 настай Алина аваргын алтан медаль хүртэж шуугиан тарьсан. 

Энэ олимпийн наадмаар тэдний хэн нь алтан медаль авах вэ гэдэг асуултын хариулт хамгийн сонирхолтой байна. 

Тамирчдын дээд оноог харьцуулбал (уран гулгалтын бүх цаг үеийн хамгийн өндөр онооны нэг, хоёрдугаарт тэд бичигдэж байгаа). Хоёул домогт Ким Юнагийн амжилтыг давсан гэсэн үг. 

Алина Загитова 

Богино үзүүлбэр: 80.27

Чөлөөт үзүүлбэр: 158.08 

Нийлбэр оноо: 238.24 

Евгения Медведева 

Богино үзүүлбэр: 81.06

Чөлөөт үзүүлбэр: 160.46 

Нийлбэр оноо: 241.31 

Алина, Медведева хоёр бол нэг дасгалжуулагчийн шавь. Энэ хоёр домогт тамирчныг гаргаж ирсэн хүн бол Этери Тутберизе. 

Этери Тутберизе 2014 оны Сочигийн олимпийн дуулиан Юлия Липницкаяагийн дасгалжуулагч байсан. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн олимпийн тэмцээнээс илүү сонирхол татаж, ширүүн өрсөлдөөн болоход түүний гүйцэтгэж буй үүрэг их. 

"Алина, Медведева хоёр бол мөсөн дээр өрсөлдөгчид, мөснөөс гараад найзууд. Хоёул маш дайчин, бас шаргуу. Алина насаар бага болохоор Женъяг их дуурайх гэдэг байсан. Энэ муу биш. Заримдаа би Алина дээр очоод "Медведеваг хар даа, ямар мундаг байна гээч?" гэж хэлдэг. Тэгээд Медведеваг дуусахаар нь түүн дээр очоод "Алинаг хар даа, мундаг юм аа!" гэнэ. Тэд бие, биенээ маш сайн дэмжиж, бас хурцалдаг" хэмээн Этери ярилцлагын үеэр хэлж байв. 

Медведевагийн гол онцлог бол ихэнх үсрэлтээ гараа дээш өргөж гүйцэтгэдэг. Энэ хэрээр хүндрэлийн оноо нэмэгддэг. 

Харин Алина Загитова бүх үсрэлтээ үзүүлбэрийн хоёрдугаар хэсэгт гүйцэтгэдэг. 

"Sports Illustrated" сэтгүүл Пёнчаний олимпод Алина алт, Медведева мөнгө авна гэж таамагласан. Харин "International figure skating magazine" эсрэгээр нь таамаг гаргасан. Үзүүлбэрийн техникийн хүндрэлээр Алинагийнх илүү ч, Медведева үзүүлбэрийн артистик чанараар энэ тэр зөрүүг нөхнө хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

Олимпийн уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй бусад 28 охин зөвхөн хүрэл медалийн төлөө өрсөлдөх нь тодорхой. Учир нь Алина, Медведева хоёрын тулаан дээд "зэрэглэлийнх". 

Хүрэл медалийн төлөө ширүүн өрсөлдөх тамирчдын тоонд Мирай Нагасү (АНУ), Каролина Костнер (Итали), Сатако Мияхара (Япон), Кэйтлин Осмонд (Канад) нэрлэгдэж байна. 

Евгения Медведевагийн 2017 оны дэлхийн аваргын алтан медаль авчирсан чөлөөт үзүүлбэр. 

Алина Загитовагийн 2018 оны Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртсэн чөлөөт үзүүлбэр. 

II сарын 21 буюу маргааш уран гулгалтын эмэгтэйчүүдийн богино үзүүлбэр (Монголын цагаар 09.00-д эхэлнэ), 23-ны баасан гаригт чөлөөт үзүүлбэрийн тэмцээн болсноор ялагчид тодрох учиртай. 

Та хэнийг нь дэмжиж байна вэ? 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
1 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
13
19
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.