Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

15 настай Алина Загитова олимпийн аварга боллоо

Евгения Медведева "Би зодог тайлахгүй"


“Пёнчан 2018” олимпийн наадмын хамгийн сайхан, үзэсгэлэнтэй тэмцээний нэг болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөл өнөөдөр Пёнчан хотноо болж өнгөрлөө. Шууд хэлэхэд энэ наадам орос охидын өрсөлдөөн болж өнгөрсөн билээ. Учир нь ОХУ-ын Алина Загитова, Евгения Медведева нар алт, мөнгөн медаль хүртэх нь тодорхой байсан тул бусад тамирчид хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.
Хүрэл авах боломжтой тамирчид гэвэл Кейтлин Осмонд (Канад), Сатоко Мияхара (Япон), Каролина Костнер (Итали), Каори Сакамото (Япон) нар байлаа. Тэднээс эхлээд талбайд Мияхара гарч ирсэн. Ямар ч алдаагүй үзүүлбэрээ дуусгасан япон охин 146.44 оноо авч, нийлбэр дүн нь 222,38 боллоо. Дараа нь гарсан Каролина Костнер хоёр ч удаа гараараа тулсан тул хүрэл медалийн өрсөлдөөнөөс шууд хасагдав. Харин Японы ирээдүй гэгдэж байгаа Каори Сакамото сүүлчийн үсрэлтээ алдсанаар хүрэл медаль Канадын Кейтлин Осмондод очсон.

Харин алтан медалийн төлөөх өрсөлдөөн орос охидын дунд явагдана. Загитова 22-т мөсөн дээр гарч, Осмонд үзүүлбэрээ хийгээд Медведева хамгийн сүүлд гарах байв. Өөрөөр хэлбэл Загитова ямар ч алдаагүй өөгүй гулгасан тохиолдолд Медведевад том дарамт үзүүлнэ, нөгөө талаас алдаа гаргасан бол Медведева хөтөлбөрөө өөрчилж, оноогоор давах талтай. Богино үзүүлбэрийн дараа Загитова туршлагатай өрсөлдөгчөө 1,31 оноогоор тэргүүлж явсан. Их биш ч гэсэн каскад лутц-ритбергер зэрэг бүх 7 үсрэлтээ үзүүлбэрийн сүүлийн хагаст хийдэг цорын ганц тамирчин нь Загитова гээд бодохоор бас бага биш. Харин энэ каскад лутц-ритбергер дээр эхний үсрэлтийн дараа бага зэрэг алдаатай буулт хийсэн тул Загитова хоёр дахь үсрэлтээ хийгээгүй. Хэрэв хийхгүй өнгөрвөл техникийн оноо их алдах тул тэр ямар ч гэсэн хөтөлбөрийнхөө хамгийн сүүлд нь ритбергер хийж чадсан. “Дон Кихот” балетийн хөгжим дунд ээлж дараалан үсрэх ёстой сүүлийн хэсэгт ямар ч гэсэн багтааж чадсан ч шүүгч нар анзаараад түүнд тийм өндөр оноо өгөөгүй. 156,65 оноо.

Ингэснээр шүүгч нар Медведевад оноо нөхөх зай үлдээсэн гэж хэлж болох юм. Хамгийн сүүлд гарсан Медведева чөлөөт үзүүлбэрээ 158 оноотой гүйцэтгэхэд Алинагаас бараг хүзүүндээ зүүгээд байгаа алтан медалийг нь мултлана гэсэн үг. Өөрийнх нь эзэмшдэг дэлхийн рекордтой бараг ижилхэн буюу өөрөөр хэлбэл бүрэн төгс гулгаж байж олимпийн аварга болох юм. Дон Кихот уу, Анна Каренина юу? (Евгения “Анна Каренина”-г сонгосон байлаа)  
Үнэнийг хэлэхэд бүрэн төгс болж чадаагүй. Маш ойрхон байсан ч арай л биш. Маш их дарамтнаас болж Медведевагийн брэнд болсон гял цал, хэн ч өөлөхийн аргагүй итгэл төгс байдал буурчээ. Үсрэлтүүд нь цэвэрхэн ч нэг л биеэ барьсан байдалтай. Энэ улирлын ихэнх хэсгийг гэмтлээс болж алгасаад сарын өмнө л эргэн ирсэн нь ч мэдээж нөлөөлсөн. Үзүүлбэрээ дуусгаад тэр уйлсан. Харин тэр нулимс ямар нулимс байсныг бид мэдэхгүй.

Техникийн үнэлгээгээр Медведева 2,44 оноо ялагдсан ч уран сайхан, жүжиглэлтээр мөн 2,44 оноогоор ялсан. Өөрөөр хэлбэл Алинатай яг адилхан 156,65 оноо авч тэнцсэн хэрэг. Ийнхүү богино үзүүлбэрийн 1,31 онооны ялгаа үлдэж, Алина Загитова олимпийн аварга боллоо. ОХУ-ын анхны алтан медалийг 15 настай охин авчирч, ОХУ багийн дүнгээр 15-д дэвшин гарч ирэв. Олимпийн уран гулгалтын төрөлд анх удаагаа хоёр орос тамирчин хамтдаа шагналын тавцанд гарсан. Тэр хоёроос өмнө Кира Иванова (Сараево 1984 – хүрэл), Ирина Слуцкая (Солт-Лейк-Сити 2002 – мөнгө, Турин 2006 – хүрэл), Аделина Сотникова (Сочи 2014 – алт) нар олимиос медаль авч байлаа. Загитова 15 нас 281 хоногтойдоо олимпийн аварга болж, уран гулгалтын хамгийн залуу аваргын жагсаалтын 2-т бичигдсэн. 1998 оны Наганогийн олимпод АНУ-ын Тара Липински 15 нас 255 хоногтой түрүүлж байв. Юлия Липницкая (15 нас, 249 хоног) багийн тэмцээнд түрүүлсэн тул энэ жагсаалтад ороогүй болно.

Алина Загитова, Евгения Медведева хоёрын өрсөлдөөн дуусаагүй байна. Энэ улиралд Алина Загитова хоёр Гран-при, финал Гран-при, Оросын АШТ, Европын АШТ, олимпийн наадамд түрүүллээ. Медведеватай тэрбээр Европ, олимпийн аварга дээр халз тулгарч, хоёуланд нь ялалт байгуулсан.

Үзүүлбэрийн дараа

Евгения Медведева “Чөлөөт үзүүлбэрт орохдоо дайнд явж байгаа киноны Анна Каренина шиг л явсан. Би сэтгэлээ бүгдийг илчилдэг хүн биш. Гэхдээ өнөөдөр онцгой өдөр. Мөсөн дээр хүч чадал, сэтгэл зүрх гээд бүх юмаа гаргаж, үлдээсэн гэдгээрээ энэ өдөр миний сэтгэлд үүрд үлдэх болно”
Алина Загитова “Би өрсөлдөөнийг мэдрэлгүй, харин надад алдах эрх байхгүй гэж л бодож байлаа. Энэ нь нэг талаас сэтгэлийн дэмжлэг ч нөгөө талаас сэтгэл хөдөлгөж байлаа. Гар чичирч байсан ч бэлтгэл дээр маш олон удаа хийсэн тул бие маань хөтөлбөрөө сайн мэдэж байсан. Маш сайхан байна”

Шагналын дараа

Евгения Медведева “Сэтгэл хөдлөөд уйлсан. Яг ямар сэтгэл гэдгээ өөрөө ч хэлж мэдэхгүй байна. Дотроо барьж байсан хамаг юм задарсан байх. Би байдлыг эрүүлээр хардаг хүн. Алинатай юу ярьснаа хэлэхгүй. Хувийн яриа. Алина энэ медалийг авахын тулд эрчүүдээс илүү хөдөлмөрлөж байхыг би өдөр бүр харж байлаа. Би уран гулгалтад хайртай, зодог тайлахгүй, гулгасаар байх болно. Дараагийн олимп миний зорилго”

Алина Загитова “Яг медалиа аваагүй байгаа болохоор итгэхгүй хэвээр байна. Ээжтэйгээ ч уулзаж амжаагүй явна. Гэхдээ гар утсан дээр баярын захиа ирсэн байгаа байх. Женя надад баяр хүргэсэн. Бид сайн найзууд. Яагаад бараг инээдэггүй юм бэ гэж үү? Мэдэхгүй, дотроо л инээдэг юм болов уу. Олимпийн аварга болсноо ухаарахад цаг хэрэгтэй байна”

Чөлөөт үзүүлбэр

1. Евгения Медведева (ОХУ) – 156,65
2. Алина Загитова (ОХУ) – 156,65
3. Кейтлин Осмонд (Канад) – 152,15
4. Сатоко Мияхара (Япон) – 146,44
5. Каролина Костнер (Итали) – 139,29
6. Каори Сакамото (Япон) – 136,53

Нийлбэр дүн

1. Алина Загитова (ОХУ) – 239,57
2. Евгения Медведева (ОХУ) – 238,26
3. Кейтлин Осмонд (Канад) – 231,02
4. Сатоко Мияхара (Япон) – 222,38
5. Каролина Костнер (Итали) – 212,44
6. Каори Сакамото (Япон) – 209,71

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Килиан Мбаппе анх удаагаа нэг улиралд 43 гоолын босго давлаа
2
2 цагийн өмнө
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
2 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
5 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
5
18
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.