Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

2018 оны Берлиний кино наадмын тойм, онцлох кинонууд

68 дахь удаагийн Берлиний кино наадмын онцлох үйл явдал, онцлох кинонуудыг тоймлон хүргэж байна.


2 сарын 15-ны өдөр далайц, шагналын нэр хүнд, чансаагаараа Канн болон Венецийн олон улсын кино наадмуудтай эн зэрэгцдэг Берлиний олон улсын кино наадам нээлтээ хийж өдгөө долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Берлиний кино наадмын үеэр 400 орчим кино үзвэр толилуулагдаж, 334,000 гаруй тасалбар зарагдаж, 127 орны 21000 гаруй кино мэргэжилтэн тэр дундаа 3700 орчим сэтгүүлч Берлин хотноо хуран чуулдгаараа тун ч нүсэр үйл ажиллагаа юм. Наадмын явцад “Уралдаант хэсэг”, “Бэсрэг кино”, “Панорома”, “Форум” зэрэг нийт 9 хэсэг болон онцлох хөтөлбөрүүдийн хүрээнд бүхий л төрөл жанрын киног толилуулж 100 орчим шагналыг гардуулдаг. Берлиний кино наадмын дээд шагнал нь өрсөлдөөнт хэсэгт шалгарсан кинонуудаас шилдгийг тодруулан олгодог “Алтан баавгай” шагнал юм.

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Жил бүр дэлхийн кино урлагийн нэр хүндтэй найруулагч, жүжигчин, продюсер, кино судлаач зэрэг кино мэргэжилтнүүдээс бүрдсэн олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүн Шилдэг кино, Шүүгчдийн нэрэмжит шагнал, Шилдэг найруулагч, Шилдэг жүжигчин, Шилдэг кино зохиол зэрэг нийт 8 төрлөөр шилдгүүдийг тодруулан наадмын гол шагналыг гардуулдаг.

Энэ жилийн Берлиний кино наадмын ерөнхий шүүгчээр “Гүй Лола Гүй” (Run Lola Run), “Сүрчиг урлагч” (Perfume:The Story of a Murderer) зэрэг бүтээлүүдийн эзэн, германы найруулагч Том Тыквер, шүүгчдийн бүрэлдэхүүнд Бельгийн жүжигчин Сесиль Дө Франц, Испанийн гэрэл зурагчин Чема Прадо, “Time” сэтгүүлийн кино тоймч, шүүмжлэгч Стефани Захарек,  “Сарны гэрэл” (Moonlight) киноны продюсер Адель Романски, “Зул сарын мэнд, ноён Лоуренс” (Merry Christmas, Mr.Lawrence), “Үхлээс амилагч” (The Revenant) зэрэг киноны хөгжмөөрөө алдартай японы нэрт хөгжмийн зохиолч Рюичи Сакамото нар сонгогджээ.

Кино наадмын тусгай үзвэрээр хөгжмийн зохиолч Рюичи Сакамотод хүндэтгэл үзүүлэн 2017 оны 4 сард Нью Иорк хотын “Park Avenue Armory”-т хийсэн 65 минутын тоглолтын бичлэгийг толилуулжээ. 2014 оноос хойш хорт хавдартайгаа тэмцэж буй Рюичи Сакамотогийн эл тоглолтыг хөгжим судлаачид “Энэ цагийн хөгжмийн суу билэгтний амьдралд зориулсан хүндэтгэлийн магтуу” хэмээн үнэлсэн байдаг.

Нээлтийн кино: Вес Андерсон “Нохдын арал” (Isle of Dogs)

2018 оны Берлиний кино наадам 2 сарын 15-ны өдөр Берлиний цагаар 19:30 минутанд ёжлол, тансаг хийц, дүрслэлийн онцгой шийдлээрээ өнөө цагийн дэлхийн кино урлагт данслагдсан америкийн найруулагч Вес Андерсоны шинэ бүтээл “Нохдын арал” хэмээх анимэйшн киногоор нээлтээ ёслол  төгөлдөр хийв. “Нохдын арал” кино ийнхүү олон нийтэд хүрснээс эхлээд кино шүүмжлэгчид “Вес Андерсоны хамгийн догь бүтээлийн нэг”, “Уран бүтээлч хандлага, дур булаам байдлыг тэгш хослуулсан кино” зэргээр дуу нэгтэй шагшин магтацгааж буйгаас үзвэл чансаатай, сонирхолтой бүтээл болсон нь гарцаагүй.

Онцлох кинонууд

Энэ жилийн Берлиний кино наадмын “Уралдаант хэсэг”-т нийт 18 кино сонгогдож кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-н төлөө өрсөлдөж байна. Олон улсын нээлтээ Берлиний кино наадмын нээлттэй хоршуулан хийсэн Вес Андерсоны “Нохдын арал” үзэгч, кино шүүмжлэгчдийн зүгээс хамгийн өндөр хүлээлттэй кинонд зүй ёсоор тооцогдож байв.

Цомхон бүрэлдэхүүн, бага зардлаар хүүрнэлийн баялаг өгүүлэмж бүхий өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягтай бүтээл туурвидгаараа алдаршсан Солонгосын найруулагч Хон Сан Сү түрүү жил гурван ч бүрэн хэмжээний кино хийсэн бол энэ удаад Берлиний кино наадмын уралдаант хэсэгт “Өвс” (Grass) киногоороо эргэн иржээ.

Хорин зургаан насандаа “Sex, Lies and Videotape” киногоороо Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж байсан швед гаралт америк найруулагч Стивен Содербергийн  iphone гар утсаар зургийг нь авсан шинэ бүтээл “Солиот” (Unsane) сэтгэлзүйн триллер кино наадмыг өнгөлөх тун ч содон кинонуудын нэг байх нь гарцаагүй.

Удааширсан зураг авалт, “дэндүү” урт үргэлжилдэг хүүрнэлт хэв маяг бүхий “олон нийтэд хүртээмжгүй” арга барилаараа алдартай филиппины найруулагч Лав Диасын уралдаант хэсэгт шалгарсан “Чөтгөрийн улирал” (Season of the Devil) хэмээх 234 минутын урттай кино найруулагчийн хийсэн хамгийн богино кино аж. Түүний хамгийн алдартай бүтээл “Филиппин гэр бүлийн хувьсал” (Evolution of a Filipino Family) уран сайхны кино 640 минут буюу 10 орчим цаг үргэлжилдэг.

“Бурхан байхын зовлон” киноны найруулагч Алексей Германтай адилхан нэртэй ч түүний дараа үеийн орос найруулагчдын нэг Алексей Германы сталины дэглэмийн үеийн орос оронд амьдарч асан зохиолч Сергей Довлатовын амьдралын зургаан өдрийг харуулсан “Довлатов” (Dovlatov) намтарчилсан кино нь уран зохиол хийгээд кино хорхойтнуудын сонирхлыг эн тэнцүү татаж буй хамгийн хүлээлт өндөртэй орос кино болоод байна.

Берлиний кино наадмын албан ёсны хөтөлбөрт анх удаа Болгар улсаас сонгогдон уралдаант бус хэсэгт толилуулагдаж буй Болгарын найруулагч Милко Лазаровын “Ага” (Aga) киноны ерөнхий зураачаар “Алсын удирдлага” киноны ерөнхий зураачаар ажиллаж байсан, Германы Бабелсбергийн киноны их сургуулийн профессор, киноны зураач Д.Ариунсайхан ажилласныг онцлон дурдмаар байна.

Наадмын уралдаант хэсэгт “The Heiresses”, “Touch Me Not” хэмээх анхны бүрэн хэмжээний хоёр кино сонгогдсон нь залуу найруулагчдын хувьд гарааны гялалзсан өндөр амжилт юм. Кино шүүмжлэгчдийн зүгээс уралдаанд хэсэгт өрсөлдөж буй мексикийн найруулагч Алонсо Руизпаласисийн “Museo”, германы нэрт найруулагч Кристиан Петцольдын “Transit”, Ирландын найруулагч Ланс Дэлайн “Black 47” кинонуудыг “Алтан баавгай”-н төлөө хүчтэй өрсөлдөх чансаатай шинэ бүтээлүүд хэмээн онцолжээ.

Кино наадмын онцлох хэсгүүд

Берлиний кино наадам үндсэн 9 хэсэг болон тусгай үзвэрүүийн хүрээнд 400 орчим кино үзвэр толилуулдгыг өмнө дурдсан. Наадмын “Өрсөлдөөнт хэсэг” үзэгч, кино хорхойтнууд, мэргэжилтнүүдийн сонирхлыг хамгийн их татдаг боловч агуулга, кино сонголт, шагналын сан, нэр хүндээрээ ялгардаг наадмын бусад өвөрмөц хөтөлбөрүүдээс дараах тавыг онцолж байна.

Бэсрэг кино/Berlinale Shorts

Бүрэн хэмжээний кинотой харьцуулахад бага төсөв, цомхон бүрэлдэхүүнээр хийж болдгоороо ихэнх авьяаслаг уран бүтээлчдийн гарааны цэг, туршлагажих боломж, ахархан хугацаанд бүтээлийнхээ агуулгыг нягт, нямбай урлахыг шаарддагаараа тухайн уран бүтээлчийн онцлог арга барил, эрс туршилтууд хамгийн тод илэрдэг зэргээрээ бэсрэг кино гэдэг үзэгч хийгээд кино уран бүтээлчдийн сонирхлыг соронздон татдаг тун ч онцгой төрөл юм. Тиймдээ ч Берлинээр тогтохгүй өндөр зэрэглэлийн бүхий л кино наадмуудын Бэсрэг киноны хэсэг тухайн наадмын чухал хэсэг байдаг. 2018 оны Берлиний кино наадмын Бэсрэг киноны хэсэгт орон орны нийт 14 бэсрэг кино (30 минутаас илүүгүй хугацаатай) сонгогдсон аж. Дээд шагнал болох “Алтан баавгай” хүртсэн бүтээл дараа оны Оскарын шагналын бэсрэг кино төрөлд өрсөлдөх эрхтэй болдог. Мөн энэ төрөлд шүүгчдийн нэрэмжит шагнал-мөнгөн баавгай болон 20,000 еврогийн шагналын сантай Аудигийн нэрэмжит шагналыг гардуулдаг.

Панарома/Panaroma

Кино хийцийн тогтсон уламжлал, арга барилаас эрс өөр, шинэлэг хийц маяг, кино найруулгын шинэ эрэлхийлэл бүхий кинонуудыг Панарома хэсэгт үндсэн хөтөлбөр, баримтат кино, тусгай үзвэр гэсэн гурван хөтөлбөрийн дагуу сонгон гаргадаг. Найруулгын онцгой хэв маягаараа танигдсан нэртэй найруулагчдаас эхлээд анхны киногоо толилуулж буй залуу уран бүтээлчдийн чансаатай, гоц содон кинонууд чуулдгаараа Панарома бол Берлины кино наадмын хамгийн үзүүштэй, сонирхолтой, кино хорхойтнуудын анхаарлыг хамгийн их татдаг хэсэг юм.

Форум/Forum

Авангард, эксперементаль хэв маягийн баримтат болон хүүрнэл, богино болон бүрэн хэмжээний кинонуудыг сонгон гаргадгаараа Берлины кино наадмын хамгийн хурц, зоримог хэсэг гэж болно. Энэ жил Форум хэсэгт орон орны 16 кино бүтээл сонгогджээ.

Женерэйшн/Generation

1978 оноос хойш Берлиний кино наадам хүүхэд, залууст зориулсан тусгай хэсэгтэй болсон нь Женерэйшн юм. Женерэйшн хэсэг залуу үзэгчдийг наадмын бүтээлч, өрнүүн уур амьсгалд татан оролцуулах, кино урлагт дурлуулах, залуу уран бүтээлчдэд урам зориг өгөх зорилгоор хүүхэд, өсвөр үеийнхэний сэдэвтэй арт кинонуудыг сонгон гаргадаг. “Женерэйшн”-д жил бүр 65,000 залуу үзэгч, уран бүтээлч чуулдгаараа Берлины кино наадмын хамгийн гэгээлэг, оргилуун хэсэг гэж болно. Энэ жилийн хувьд Женерэйшн хэсэгт орон орны 18 кино өрсөлдөхөөр сонгогджээ. Эдгээр 18 киноноос хамгийн шилдэг нь Женерэйшн хэсгийн дээд шагнал болох “Болор баавгай”-г хүртэх болно.

Хүндэтгэл/Homage

1982 оноос хойш дэлхийн кино урлагт дорвитой хувь нэмэр оруулсан уран бүтээлчийг Берлиний кино наадмын хүндэт зочноор урьж, хүндэтгэлийн “Алтан баавгай” гардуулж, бүтээл туурвилыг нь олон нийтэд ахин толилуулдаг уламжлал тогтжээ. Найруулагч Вим Вендерс, Кен Лоач, жүжигчин Мерил Стрип, Катрин Денев зэрэг киноны нэртэй уран бүтээлчид хүндэтгэлийн “Алтан баавгай”-г гардан авч байсан түүхтэй. Энэ жилийн хувьд “Антихрист” (Antichrist, 2009), “Христийн сүүлчийн шаналан” (The Last Temptation of Christ, 1988) зэрэг чансаатай кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлхийн кино урлагт нэрээ дархалсан, америкийн театр, киноны жүжигчин Уиллем Дэфод энэхүү эрхэм хүндэтгэлийг хүртээжээ. Энэ наадмын хүрээнд жүжигчин Уиллем Дэфогийн тоглосон арван киног олон нийтэд толилуулж байна.

Наадмын гол болон онцлох шагналууд

Берлиний кино наадмын хамгийн нэр хүндтэй шагнал бол уралдаант хэсгийн шилдэг кинонд олгодог “Алтан баавгай” болох нь эргэлзээгүй. “Бэсрэг кино” болон “Женерэйнш” хэсгийн дээд шагналууд нэр хүндээрээ удаалдаг. Үүнээс гадна уран бүтээлчдийн хувьд нэр хүндээс гадна санхүүгийн дорвитой тусламж болдгоороо Анхны бүрэн хэмжээний шилдэг кино болон Шилдэг баримтат киноны шагналууд онцгой анхаарлын төвд байдаг. Уг хоёр шагналыг тус бүр 50,000 евро дагалддаг. Энэ жилийн хувьд Анхны бүрэн хэмжээний шилдэг кино шагналд Уралдаант, Форум, Панарома, Женерэйшн зэрэг хэсэгт сонгогдсон нийт 18 кино өрсөлдөж байна.

Мөн Берлиний кино наадмын үеэр тусгай холбоо, нийгэмлэг, сангууд өөрсдийн нэрэмжит хэд хэдэн шагналыг гардуулдаг. Тухайлбал олон улсын кино шүүмжлэгчдийн холбоо (FIPRESCI) Берлин, Торонто, Мюнхэн зэрэг хэд хэдэн кино наадмын хүрээнд өөрсдийн нэрэмжит шагналыг олгодог юм. Мюнхений кино наадмаас монгол найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хараач” киногоороо FIPRESCI-ийн шагналыг хүртэж байсныг уншигчид санаж буй биз ээ.

Берлины кино наадмын үеэр гардуулдаг “Teddy Award” бол ЛГБТ сэдэвт киноны дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал гэдгээрээ онцгой. Педро Алмавадор, Гас Ван Сант, Лукас Мүдиссон зэрэг өнөө цагийн нэр хүндтэй олон найруулагч эл шагналыг хүртэж байсан түүхтэй.

Наадмын дуулиант хором: Найруулагч Ким Ки Дук #MeToo хөдөлгөөнийхөнтэй нүүр тулав

Солонгосын нэртэй артхаус найруулагч Ким Ким Дук наадмын дөрөв дэх өдөр олон улсын сэтгүүлчидтэй нүүр тулж, зураг авалтын үеэр эмэгтэй жүжигчинтэй ёс бус харьцсан хэмээн буруутгагдаад буй хэргийнхээ талаар ярьсан нь энэ жилийн Берлины кино наадмын  хамгийн дуулиантай үйл явдлуудын нэг болов.“Moebius” киноны эмэгтэй жүжигчин зураг авалтын үеэр кино зохиолд тусгаагүй сексийн үзэгдэлд тоглож, эрэгтэй жүжигчний бэлэг эрхтнийг гараараа оролдохыг шаардаж өөрийг нь гурван удаа алгадаж зүй бус харьцсан хэмээн гомдол гаргаснаар Солонгосын шүүхээс найруулагч Ким Ки Дукт 5 сая воны мөнгөн торгууль оногдуулсан билээ. Тухайн үед уг эмэгтэй жүжигчнийг даруй өөр жүжигчнээр сольсон аж. Наадмын Панарома хэсэгт найруулагчийн “Хүн, Орон зай, Цаг хугацаа, Хүн” (Human, Space, Time and Human) хэмээх шинэ арт киног толилуулж буй нь #MeToo хөдөлгөөний ширүүхэн эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгараад буй юм. Найруулагч Ким Ки Дук киноныхоо анхны үзвэрийн дараа сэтгүүлчдийн асуултад “Би бүрэн санал нийлэхгүй байгаа ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шүүхээс оногдуулсан хариуцлагыг үүрэх учиртай” хэмээн хариулсан аж.

Ийм онцлох агшин хором, ийм онцлох содон кинонууд чуулсан 68 дахь удаагийн Берлиний кино наадам 2 сарын 25-нд өндөрлөж наадмын шагналтнуудаа тодруулах билээ. Үзэгч бидний  хувьд энэ удаагийн Берлиний кино наадмаас ямар шинэ авьяастнууд тодрон гарч, кино хорхойтон, үзэгчдийг оюун мэдрэхүйн ямархуу гайхамшигт аялалд хөтлөн замчлах хийгээд хэчнээн олон сор бүтээлүүд дэлхийн кино урлагийн сан хөмрөгт шинээр нэмэгдэхийг тэсэн ядан хүлээх л үлдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
15 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
16 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.