Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Өөрийгөө гэмтээх сэдэлд автсан дотнын хүндээ хэрхэн туслах вэ?

Сэтгэлээсээ сонсоно гэдэг эхний алхам.


Өдөр болгон хэчнээн хүн өөрийгөө гэмтээх бодол тээн алхдаг нь одоо ч нууц хэвээр боловч тэр болгонд туслах, сэтгэлийг нь дээрдүүлэх гэсэн хүсэл хаа сайгүй бий. Хэрэв таны найз, гэр бүлийн гишүүн, тийм ч сайн мэдэхгүй ч анзаардаг хүн ийм асуудалтай тулгарч байгаа бол тэдэнд та хайрыг мэдрүүлж, илүү дээр болгоход нь туслаарай. Гэвч заримдаа бусдын туслах гэсэн оролдлого байдлыг муу болгодог талтай. Psych2Go гэх сэтгэл зүйн мэдлэг мэдээлэл өгдөг хуудас дээр гарсан мэдээллийг орчуулан хүргэж байна.

1. Олон зүйл асуух хэрэггүй.

Хэтэрхий олон асуулт асуух нь сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал, цухалдал төрүүлэх магадлалтай байдаг. Японд хийгдсэн судалгаагаар сэтгэл гутрал болон өөрийгөө гэмтээх сэдэлд автсан хүнээс хэтэрхий олон асуулт асуух нь тэр хүнд хэзээ ч таатай байхгүйг олж тогтоожээ. Зөвхөн зөв асуултыг, цагийг нь олж тавих л чухал. Олон асуулт асуухаа больж, юу ч болсон дэргэд нь ямагт байж, түүнд туслахад бэлэн шүү гэдгээ мэдрүүлэх нь чухал.

2. Тэдэнд худлаа итгэл найдвар төрүүлэх хэрэггүй.

Амиа хорлолтын төвшин нэмэгдэж буй Энэтхэг улсад хийгдсэн нэгэн судалгаагаар тухайн хүнд худал итгэл найдвар төрүүлснээр аймшигтай үйлдэл хийхэд нь түлхэж болохыг харуулжээ. Амиа хорлох болон өөрийгөө гэмтээхээс нь сэргийлж тэр хүнд огт тооцоолоогүй худал амлалт өгснөөр сайн биш харин ч муу үр дагаварт хүргэж болно. Тэд худал хуурмаг амлалтыг олж мэдсэн даруй өмнөхөөсөө ч илүү хүнд байдал орж, сэтгэл нь шархлах болно. “Бүх зүйл сайхан болно” гэх үгийг хэлэхдээ ч та бодох хэрэгтэй. Үнэхээр бүх зүйл сайхан болох уу, үнэхээр бүх асуудал шийдэгдэх үү? Харин судлаачид илүү бодитой амлалт өгч, амьдралын үнэнийг илүү зөвөөр ойлгуулахыг зөвлөж байна.

3. Тухайн хүнтэй ижил байгаа гэдгээ мэдрүүлж болохгүй.

Тэр хүнтэй ижил байгаа, ойлгож байгаа гэдгийг харуулах гэж оролдон, мэдрүүлэх нь муу үр дагаварт хүргэх магадлалтай. Ийм байдалд орсон хүмүүс, “Хэн ч намайг ойлгохгүй” гэдэг бодолтой болсон байдаг. Та өмнө нь мөн тийм байдалд орж байсан байлаа ч өмнө нь туулж өнгөрүүлсэн зүйлээ хэлэх гэж яарах хэрэггүй. Тэд ихэвчлэн эсэргүүцэх хандлагатай байдаг ба өөрт нь хамааралгүй гэж бодож магадгүй. Харин өөрийн тухай ярихаас илүү тэднийг сонсохыг хичээж, юу ярьж байгааг нь, юуг ойлгуулахыг хүсэж байгааг хичээнгүйлэн анхаараарай.

4. Тэдний итгэл үнэмшлийг ойлгон, түүнийг нь анхаар.

Та тэдний итгэдэг, найддаг, баримталдаг зүйлийг ойлгож мэдэхийг хичээ. Түүнийхээ ачаар та ийм асуудалд тулгарсан хүнийг ятгах боломжтой. Хэрэв тэд шашин шүтдэг бол, амьдралын үнэ цэнийн тухай ятгахдаа түүнийг нь ашиглаж болно.

5. Мэргэжлийн хүнтэй уулзахад нь тусалж, зоригжуулах.

Тэдэнд туслах бас нэгэн арга бол мэргэжлийн хүнтэй уулзаад үзэхийг зөвлөх юм. Тэд очиж уулзлаа гээд та бүх зүйл сайхан болно гээд орхиж болохгүй. Харин та мөч бүхэнд нь хамт байж тусална гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Та мэргэжлийн зөвлөгөө өгч чадах мэргэшсэн хүн биш гэдгээ мөн ухамсарлах хэрэгтэй. Ямар нэг зөвлөгөө өгөхөөсөө өмнө заавал мэргэжлийн хүнтэй уулзах хэрэгтэйг нь ойлгуулаарай.

6. Тэднийг чухалчлан авч үз.

Хүмүүс бодлогогүй муухай үгс хэлэх тохиолдол байдаг. “Тэр анхаарал татах гэж л ингэж байна.” “Тийм сүртэй асуудлаас болоогүй л юм байна.” Энэ нь тийм хүнийг улам холдуулах хандлагатай. Ийм үгс тэднийг ганцаардуулж, хэн ч ойлгохгүй юм байна гэдэг бодол руу түлхдэг. Финландын нэгэн судалгаагаар амиа хорлосон хүмүүсийн 10 хувь нь тэр үйлдлийг хийхийн өмнө мэргэжлийн хүнд хандаж, эсвэл хандах гэж оролдсон байдгийг харуулжээ. Та тэднийг анхаардаг гэдгээ мэдрүүлж, юу хэлж, ямар үйлдэл хийж байгаадаа анхаараарай.

7. “Хуурамч” санагдахгүйг хичээгээрэй.

Тэдэнд туслах гэж байна гээд хуурамч дүр төрх гаргаж, худал зүйл ярьж болохгүй. Таны дотнын хүн ийм бодол тээж байгаа гэдгийг мэдсэн даруйдаа өөр хүн байх гэж хичээх хэрэггүй. Өөрөөрөө байгаарай. Тэд үнэн дүр төрхийг шууд харж чадна. Тэгснээр эргэн тойрон, хүмүүс гээд бүх зүйл худал хуурмаг гэх сөрөг бодолд автаж магадгүй.

8. Соёл уламжлалаар дамжуулан урам зориг өгөх.

Тэдэнтэй эрт дээр үеэс дуулагдсаар ирсэн бүүвэйн дуу, эсвэл хамгийн сайхан дурсамж агуулсан уламжлалт дуунуудыг хамт дуулж, янз бүрийн сонирхолтой урлагийн зүйлс хийж болно. Магадгүй наамал, эсгий урлал зэрэг хийж, тоглоом наадгай тоглож болно. Тухайн хүний төрж өссөн газрын соёлыг өөрт нь мэдрүүлснээр эрсдэл багасах магадлалтай. Ингэснээр тэр хүн өөрийгөө илүү том бүлэгт харьяалагддаг, томоохон зүйлийн нэг үнэт хэсэг гэдгээ мэдэрч болно. Өв уламжлал, удам соёл нь тэднийг аливаа зүйлийн үргэлжлэл, үнэ цэнэтэй нэгэн гэдгийг сануулахад том түлхэц болно.

9. Тэдний шаналал гунигийг олж тогтоох.

Юу болоод байгааг, ямар зүйл буруу байгааг мэдэхгүй байх нь маш хүнд мэдрэмж. Хэн нэгэн хайртай хүнтэйгээ дахин уулзмаар байна гэх шалтгаан давамгай байж болно. Яаж энэ мэдрэмжээсээ гарахаа мэдэхгүй, юу хийхээ ойлгохгүй гацсан байх магадлалтай. Хэрэв үнэхээр түүний шаналж буй шалтгаан энэ мөн бол гаргаж ир. Тэгээд түүнд өөрийнх нь туулж буй бүхэн юунаас болж байгааг ойлгуулж, түүнийг шийдэхэд нь тусал. хүнийг ардаа орхиод цааш үргэлжлүүлэн явахад нь зоригжуулж болох юм.

10. Янз бүрийн эм уухыг болиулах.

АНУ-ын судлаачид удаан хайсны эцэст 2012 онд ийм төрлийн үйлдэл рүү түлхэх бас нэгэн шалтгаан нь янз бүрийн эм тариа болохыг олж мэджээ. Тэр дундаа тайвшруулах эм буюу опиоид. АНУ-ын цэргийн ангийн судлаачид тайвшруулах эмэнд донтох болон янз бүрийн сэдэл төрөх нь уг төрлийн эмтэй холбоотой байх магадлалтай гэсэн байна. Эм тарианы оронд өөр аргыг ашиглах, тэр дундаа жоргүй ууж байгаа бол болиулах хэрэгтэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
2024.04.18
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
2024.04.17
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.