Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Э.Сарантогос: Монголоос Японд оршин сууж, суралцаж байгаа хүмүүсийн тоо 8000 хүрээд байна

Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой ярилцлаа.


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-нд Япон улсад айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын үр дүн болон бусад асуудлаар Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогосоос тодруулсан юм.

-Гадаад харилцааны сайдын Японд хийсэн айлчлалын үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ? Айлчлалын хүрээнд ямар асуудлуудаар яриа хэлэлцээ хийж, шийдэлд хүрэв?

-Монгол  Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Япон улсад  хийсэн албан ёсны айлчлал хоёр улсын стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, хоёр орны харилцааны цаашдын төлөвийг тодорхойлох хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Айлчлалын үеэр маш олон хүрээний асуудлуудаар санал солилцож, хоёр орны Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр улс төрийн харилцааг цаашид бэхжүүлэх, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг агуулгынх нь хувьд эрчимжүүлэх, хоёр талдаа худалдааг өргөжүүлэх, Монголын экспортыг Японы зах зээлд гаргахад дэмжиж ажиллах, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэх асуудлыг ярилцлаа. Мөн хоёр орны харилцаа, ард түмэн хоорондын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Гадаад харилцааны сайд нар тохиролцсон.

-Япон Улсын Эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдтай хийсэн уулзалтаар манай улсын эдийн засагт бодитой ахиц гарахуйц шийдвэр гарсан гэж мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд эрхэмсэг ноён Х.Секотой Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тусгайлан уулзаж ярилцсан. Энэ үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг ярьсан. Хоёр орны хамтын ажиллагааны механизмуудыг бэхжүүлэхэд айлчлал онцгой чухал үүрэгтэй боллоо хэмээн дээр хэлсэн. Үүний цаана юуг давхар хэлж байна гэвэл, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Эхнээсээ нааштай үр дүнгүүр гарч, худалдааны эргэлт 2017 онд өмнөх оноосоо 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ зарим чамлалттай, хийж болохуйц зүйлс харагдаж байгаа юм. Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яам манай экспортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд гаргах чиглэлд техникийн хамтын ажиллагаа үзүүлж эхэлсэн. Жишээлбэл, ноолуур, хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн тус улсын зах зээлд гаргах талаар судалгаа хийж, манай улсын бизнес эрхлэгчдэд тусгайлсан семинар зохион байгуулж байсан. Энэ мэт дэмжлэг, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн заалт тус бүрийг хэрэгжүүлбэл бид маш олон ажил хийх ёстой. Энэ хэлэлцээрийг цаашид хэрэгжүүлэх гол механизм нь хоёр орны Хамтарсан хороо юм. Манай талаас Д.Цогтбаатар сайдын даргалдаг уг хорооны ээлжит хуралдааныг шуурхай зохион байгуулах, Хэлэлцээрт туссан Техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Тусгай бүлгийн хүрээний хамтын ажиллагааны хүрээнд худалдааны чадавхаа бэхжүүлэхэд тусламж авах зэрэг асуудлыг ярилцаж, санал нэгдсэн.

-ЖДҮ-ийг хөгжүүлэхэд хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах асуудлаар

-ЖДҮ-ийг хөгжүүлэх, хоёр талдаа холбох, Монголын экспортыг дэмжих хүрээнд аль аль талдаа ашигтай байх хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрийг эрэлхийлж ажиллах саналыг Д.Цогтбаатар сайд Японы Гадаад хэрэг, Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалт хариуцдаг Олон улсын хамтын ажиллагааны банкны удирдлагатай ярьсан. Олзуурхууштай нь бүх уулзалтаар Японы тал нааштай хүлээн авч, судалж, дэмжихээ илэрхийлсэн. Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Т.Кооно бидэнд таатай мэдээ дуулгасан. Японы ЖАЙКА байгууллага өмнө нь ХАА-г хөгжүүлэх суурь судалгаа хийсэн дээрээ үндэслэн энэ оны 4 дүгээр сараас ХАА-н салбарт Нэмүү өртгийн сүлжээг бий болгоход чиглэсэн Мастер төлөвлөгөөг эхлүүлэхэд болсноо албан ёсоор зарласан. Өөрөөр хэлбэл, ХАА-н салбарыг хөгжүүлж, экспортод бүтээгдэхүүнээ гаргахад юунд анхаарах ёстой вэ гэдэгт энэ Мастер төлөвлөгөө хариулт өгөх юм. Түүнчлэн ЖАЙКА байгууллагын Монгол-Японы төвд зохион байгуулдаг сургалт семинарыг эрчимжүүлэх, шат ахиулах сонирхолтой байгааг мөн илэрхийлсэн. Ингэснээр уг семинарт хамрагдсан бизнес эрхлэгчдийг Японы ЖДҮ эрхлэгч, бизнесменүүдтэй холбож өгөх юм. ЖДҮ-ийг хөгжүүлэхэд чиглэсэн өөр нэгэн чухал Д.Цогтбаатар хүсэлт тавьсан нь ЖДҮ-ийн хоёр үе шаттай иенийн зээлийн төсөл хөтөлбөрийн гуравдугаар үе шатыг эхлүүлэх тухай байсан юм. Японы тал судлаад хариу мэдэгдэх болсон. Түүнчлэн улс төрийн харилцааг өргөжүүлэх хүрээнд хоёр талын харилцан айлчлалуудыг хийж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээрүүдийг үргэлжлүүлнэ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы Гадаад хэргийн сайд Т.Кооног Монгол Улсад айлчлахыг урьсан.

-Айлчлалын үеэр Монгол, Япон улс БНАСАУ-д шахалт үзүүлэхээр тохиролцсон гэх агуулгатай мэдээлэл цацагдсан. Уулзалтын үеэр энэ асуудлаар хэрхэн ярилцсан юм бэ?

-Миний хувьд бүх уулзалтад хамт оролцсон. Хоёр улс стратегийн түншлэлийн хүрээнд бүс нутгийн талбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулж байгаа. Д.Цогтбаатар сайд уулзалтын үеэр, бүс нутгийн аюулгүй байдал Монгол Улсад ч хамаатай. Зүүн хойд Азийн бүс нутагт аюулгүй байдал, энх тайван тогтвортой байгаасай гэж хэлсэн. Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн асуудалд цогцоор нь хандаж байгаа, яриа хэлэлцээний замаар асуудлаа шийдээсэй гэсэн ерөнхий байр суурьтай байгаа.

-Гадаад харилцааны сайдын айлчлалаас хүлээдэг нэгэн зүйл бол иргэд хоорондын харилцаа болон визний хөнгөлөлтийн асуудал байдаг. Энэ талаар ямар шийдэлд хүрэв?

-Үүнд би мөн нэг зүйлийг онцлохыг хүсч байна. Монголоос Японд оршин сууж, суралцаж байгаа хүмүүсийн тоо улам бүр өсч 8000 хүрээд байгаа. Монголд суугаа япончууд 600 гаруй байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Консулын газрын удирдлагын түвшинд уулзалт хийсэн. Ингээд цаашид иргэдийн эрх ашгийг хамгаалах, харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс байнгын механизмыг Консулын газруудын хооронд бий болгох санал тавьсан. Мөн өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр орны Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн сайд нарын түвшинд байгуулагдсан Дадлагажигчдын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжих Санамж бичиг байгуулах санал тавьсан. Үүнийг мөн нааштай хүлээж авлаа.

-Токиогийн олимпийн үеэр хамтарч ажиллах талаар ямар яриа хэлэлцээрт хүрсэн бол?

-Д.Цогтбаатар сайд Олимп, паралимпийн асуудал эрхэлсэн Сүзүки сайдтай хоёр талын уулзалт хийсэн. Энэ үеэр соёл, спортын хүрээний хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх нь хоёр орны стратегийн түншлэлд чухал юм гэдэгт санал нэгдсэн. Токиогийн Олимпийн хүрээнд Японы Засгийн газраас Хост таун хөтөлбөр хэрэгжүүлж, Олимп хүртэл хамтын ажиллагаатай улс орнуудаасаа тамирчдыг хүлээн авч, бэлгэдлийн янз бүрийн арга хэмжээнд оролцуулан, Олимпт оролцоход нь дэмжлэг үзүүлэх болсон. Энэ хөтөлбөр дэх хамтын ажиллагааг улам хөгжүүлэхээр ярилцаж, тохирсон.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
3 өдрийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
7 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
43
41
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.