Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Оскарын шагналыг ХЭН хүртэхийг ХЭРХЭН шийддэг вэ?

Оскарын шагналын нэр дэвшигч хийгээд ялагчдыг хэрхэн тодруулдгийг танилцуулъя.


Жил бүр Америкийн кино академиас кино урлагийн 20 орчим төрлөөр тухайн жилийн шилдгүүдийг тодруулан дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Оскарын шагналыг гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд 90 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 3 сарын 4-ний ням гарагт болж нийт 24 төрлөөр шинэхэн Оскарын шагналтнууд тодрох билээ. Тухайн жилийн Оскарын шагналтнууд тодрох агшин кино хорхойтнууд, үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг “халуун сэдэв” байдаг бол Оскарын шагналтнуудыг хэн, хэрхэн шалгаруулж шийддэгийг тэр бүр мэддэггүй. Тэгвэл эл сонирхолтой асуултын хариу болгож уншигчиддаа Оскарын шагналын нэр дэвшигч хийгээд ялагчдыг хэрхэн тодруулдгийг танилцуулъя.

Оскарын шагналтнууд хэний саналаар тодордог вэ?

Америкийн кино академийн Оскарын шагналд санал өгөх эрхтэй гишүүдийн санал асуулгаар Оскарын шагналтнуудыг тодруулдаг аж. 2018 оны байдлаар ийм эрхтэй гишүүд 7258 байна. Таван жилийн өмнө энэ тоо 5856 байв. Америкийн кино академийн гишүүнд Оскарын шагналын ялагчид болон нэр дэвшигчид аливаа шалгуургүй шууд элсэх агаад үүнээс бусад тохиолдолд Академийн хоёр гишүүний батлан даалт болон гишүүнчлэлийн шалгуурыг хангаж байж элсэнэ. Академийн нийт гишүүд киноны салбар тус бүрээр 18 хэсэгт хуваагддаг. Хэсэг тус бүр гишүүн элсүүлэх тусгай шалгууртай. 2018 оны байдлаар 18 хэсгийн гишүүдийн тоо, элсэх шалгуурыг дор танилцуулъя.

Жүжигчдийн хэсэг: 1218 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Дор хаяж гурван кинонд дүр бүтээснээс нэг нь заавал сүүлийн таван жилд хамаарч байх.

Найруулагчдын хэсэг: 512 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Дор хаяж хоёр кинонд найруулагчаар ажилласнаас нэг нь заавал сүүлийн арван жилд хамаарч байх.

Кино зохиолчдын хэсэг: 422 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 2-оос доошгүй кинонд зохиолчоор ажилласан байх.

Зураглаачдын хэсэг: 246 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Дор хаяж хоёр кинонд зураглаачаар ажилласнаас нэг нь заавал сүүлийн гурван жилд хамаарч байх.

Продюсерүүдийн хэсэг: 524 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 2-аас доошгүй кинонд продюсерээр ажилласнаас нэг нь заавал сүүлийн арван жилд хамаарч байх.

Баримтат киноны хэсэг: 320 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 2-оос доошгүй баримтат кинонд найруулагч юм уу продюсерээр ажилласнаас нэг нь заавал сүүлийн таван жилд хамаарч байх.

Бэсрэг болон бүрэн хэмжээний анимэйшн киноны хэсэг: 565 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 2-оос доошгүй анимэйшн кинонд голлох үүрэгтэй ажилласан байх.

Кастинг найруулагчдын хэсэг: 113 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 8-аас доошгүй жил дор хаяж 10 кинонд кастинг найруулагчаар ажилласан байх.

Хувцас загварын хэсэг: 128 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 5-аас доошгүй жил дор хаяж 4 кинонд загвар зохион бүтээгчээр ажилласан байх.

Дизайнерын хэсэг: 308 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Таваас доошгүй жил дор хаяж дөрвөн кинонд продакшн дизайнер, арт директор, талбайн чимэглэгчээр ажилласан байх.

Эвлүүлэгчдийн хэсэг: 298 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Дөрвөн кинонд эвлүүлэгчээр ажилласнаас дор хаяж хоёрт нь бие даан ажилласан байх.

Хөгжмийн зохиолчдын хэсэг: 305 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 3-аас доошгүй кинонд хөгжмийн зохиолчоор ажилласнаас нэг нь заавал сүүлийн 6 жилд хамаарч байх.

Дууны найруулгын хэсэг: 487 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 5-аас доошгүй жил дууны найруулагч, дууны инженер, дууны ерөнхий эвлүүлэгчээр ажилласан байх.

Компьютер графикийн хэсэг: 450 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Энэ салбарт 8-аас доошгүй жил голлох үүрэгтэй ажилласан туршлагатай байх.

Нүүр хувиргагчдын хэсэг: 183 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: 5-аас доошгүй кинонд үндсэн нүүр хувиргагчаар ажилласнаас гурав нь сүүлийн 7 жилд хамаарч байх.

Сурталчилгааны хэсэг: 416 гишүүнтэй.

Гишүүнчлэлийн шалгуур: Киног олон нийтэд сурталчлах, таниулах ажилд 10-аас доошгүй жилийн туршлагатай, үүнээс 5-аас доошгүй жилд нь кино продюсер, дистрибютер, маркетинг, сурталчилганы компанийн холбогдох хэсгийн ахлах юм уу үндсэн бодлого төлөвчлөгчөөр ажилласан байх.

Удирдах ажилтны хэсэг: 499 гишүүнтэй.

Кино продюсерлэх болон дистрибютерлэхэд удирдаж оролцсон 5-аас доошгүй жилийн туршлагатай, гурван кино юм уу хоёр анимэйшн кино гаргасан байх.

Өргөсгөсөн бүрэлдэхүүнт хэсэг: 264 гишүүнтэй.

Академийн аль нэг хэсэгт харьяалагддаггүй салбарт ажиллагсад уг хэсэгт хамаарна.

  1. Ерөнхий салбар: Найруулагч, жүжигчин, зохиолч, продюсерийн холбооны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан.
  2. Шинжлэх ухаан технологийн салбар: Энэ салбарт 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  3. Продакшны салбар: продакшн, компьютер график, пост продакшнд ажилаж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх.
  4. Орлон тоглогч: 8-аас доошгүй кинонд орлон тоглогчоор ажилласан байх.

Оскарын шагналд ямар шалгуураар хэрхэн нэр дэвшдэг вэ?

Оскарын шагналд нэр дэвших киног сонгоход Академийн дээрх 17 хэсгүүд голлох үүрэгтэй оролцдог. Учир нь Оскарын 24 төрөлд зөвхөн тухайн төрөлд хамаарах хэсгийн гишүүд л нэр дэвшүүлэх саналын эрхтэй юм. Тухайлбал “Шилдэг найруулагч” төрөлд нэр дэвших найруулагчийг Академийн “Найруулагчдийн хэсэг”-ийн  512 найруулагч тодруулна гэсэн үг. Ингэхдээ нэр дэвших шалгуурыг хангасан кинонуудаас 5 хүртэлх киног хамгийн шилдгээс доош жагсаах байдлаар санал өгдөг. Академийн “Найруулагчдын хэсэг”-ийн гишүүн “Шилдэг жүжигчин” юм уу бусад төрөлд нэр дэвшүүлэх эрхгүй гэсэн үг. “Шилдэг кино” төрлөөс бусад төрөлд энэ зарчим мөрдөгдөнө. Тэгэхээр Оскарын шагналд нэр дэвшсэн уран бүтээлч, кинонууд бол Америкийн кино урлагийн салбарын голлох мэргэжилтнүүдийн өндрөөр үнэлсэн уран бүтээлч, кинонууд гэсэн үг юм. Тиймдээ ч Оскарын шагнал хүртэхээс гадна нэр дэвшинэ гэдэг өндөр нэр хүндийн хэрэг байдаг. Харин “Шилдэг кино” төрөлд Академийн бүх гишүүд 10 хүртэлх киног нэр дэвшүүлэх эрхтэй гэсэн онцгой журам үйлчилдэг. 2018 оны Оскарын “Шилдэг кино” төрөлд нэр дэвшсэн 9 кино бол Академийн 7000 гаруй  гишүүдээс хамгийн их санал авсан 9 кино гэсэн үг юм.

Тухайн киноны продюсер эсвэл дистрибютер 12 сарын эхээр Оскарын шагналд нэр дэвшүүлэх албан ёсны мэдүүлэг гаргасан, 40 минутаас доошгүй хугацаатай, Лос Анжелест олон нийтийн төлбөртэй үзвэрээр 7 хоногийн турш тасралтгүй дэлгэцнээ гарсан кинонуудыг нэр дэвших шалгуур хангасан кинонууд гэж үзэн Академийн гишүүд рүү явуулж саналыг нь авдаг. Тухайн кино заавал кино театрт гарсан байх учиртай ба телевиз юм уу интернэтээр нээлтээ хийн олонд хүрсэн бол Оскарын шагналд нэр дэвших эрхгүй гэсэн үг.

Оскарын шагналтнуудыг хэрхэн тодруулдаг вэ?

Нэгэнт Оскарын шагналын 24 төрлөөр эцсийн нэр дэвшигчид тодорсны дараа Академийн 7258 кино мэргэжилтнүүд нэр дэвшсэн төрлүүдэд “ялагч” болох учиртай гэж үзэж буй нэг нэр дэвшигчид санал өгдөг. Тухайн төрөл тус бүрт хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялагч болж Оскарын шагналыг гардан авна гэсэн үг. Энэ жилийн хувьд Оскарын шагналтнуудыг тодруулах санал асуулга 2 сарын 27-ны өдрөөр дуусгавар болсон юм. Америкийн кино академитай 80 жил хамтран ажиллаж буй дэлхийн тэргүүлэгч санхүү, тооцооллын фирм “PricewaterhouseCoopers”-ийн баг саналын дүнг нэгтгэн гаргаж 3 сарын 4-ний өдрийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр ялагчийн нэртэй битүүмжилсэн дугтуйг шагнал гардуулагчид хүлээлгэн өгөх болно. Түрүү жилийн “Шилдэг кино” төрлийн ялагчийн дугтуйг сольж эвгүй андуурал гаргаснаас болж Академийн зүгээс “PricewaterhouseCoopers”-тэй ахин хамтран ажиллахгүй хэмээн мэдэгдсэн боловч энэ асуудлыг нарийн хэлэлцсэний эцэст хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон юм.

2018 онд Академийн гишүүдийн тоо илт өссөн нь #OscarsSoWhite хаштагаар цахим орчинд хүчээ авсан дуулиант шүүмжлэлээс үүдэлтэй гэж дүгнэж болно. 2016 онд Times сэтгүүл Оскарын шагналд саналын эрхтэй гишүүдийн 91% цагаан арьстан, 76% эрэгтэй, дундаж нас нь 61 байна гэсэн судалгаа гаргажээ. “Шилдэг эрэгтэй дүр”-д хоёр жил дараалан зөвхөн цагаан арьст жүжигчид нэр дэвшсэн нь асуудлыг улам дэврээв. Удаа дараа шүүмжлэлд өртөх болсон Америкийн кино академи гишүүдийн олон талт байдлыг хангах зорилгын үүднээс 2017 онд 774 шинэ гишүүн элсүүлсэн юм. 2020 он гэхэд эмэгтэй болон ази,  латин, хар арьстнууд зэрэг бага төлөөлөлтэй гишүүдийн тоог хоёр дахин ихэсгэх бодлого барьж байгаа аж.

Юутай ч үзэгч, кино хорхойтнууд бид 3 сарын 4-ны Ням гарагт Америкийн кино академийн 7000 гаруй гишүүд чухам ямар уран бүтээлч, ямар киног дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн, уран бүтээлээр тодруулсныг тэсэн ядан хүлээх л үлдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
22 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
22 минутын өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
5 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.