Монголын эцэг эхчүүд гялгар уутан улавчинд жилд 8 тэрбум төгрөг төлдөг


Image Э.Хулан       820

Цэнхэр өнгөтэй, гутлын гялгар уутан улавчаар дүүрсэн хогын сав бороо, цастай өдөр мөн ч их шавхайтай, бохир харагддаг шүү. Улавчаа тайлаад мөнөөх хогийн сав руу хийх хооронд л гар бохир болчихдогийг өглөө, оройд хүүхдээ цэцэрлэгт зөөдөг ажилтай аав, ээжүүд андахгүй сайн мэднэ. Цэцэрлэгийн үүдэнд 100 төгрөгөөр цэнхэр өнгөтэй, гутлын хос улавч зардаг билээ.

Тэгвэл “Гялгар уутнаас татгалзах өдөр”-тэй болох санаачилгын хүрээнд Монгол Улс жилд 8 орчим тэрбум төгрөгөөр дээрх улавчийг цэцэрлэгийн үүднээс авч, хогийн сав руу хийдэг тухай тооцоо хийжээ. Харин айл өрхийн хэмжээнд яривал жилд нэг хүүхэд цэцэрлэгт зөөхөд 39600 төгрөг хогийн сав руу шидчихдэг аж. Үнэндээ цэцэрлэгийн үүдэнд зардаг гялгар уутан улавчийг бид 10-15 минут л ашигладаг. Харин мөнөөх хаягдсан гялгар уут 100-500 жилийн турш байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаг аж. 

Тиймээс архи, тамхитай тэмцдэгтэй адилаар гялгар уутны хэрэглээг ч багасгах хэрэгтэй байгааг “Гялгар уутнаас татгалзах өдөр”-тэй болох төслийн оролцогчид хэлж байна. Канад сангийн санхүүжилттэй эл төслийн хүрээнд даавуун уутны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой олон ажил хийж байгаа гэнэ. 

Тухайлбал, 55 хүнийг даавуун уут үйлдвэрлэх сургалтад хамруулжээ. Тэдний 20 нь сонсголын бэрхшээлтэй иргэд юм. Цэцэрлэгүүд гялгар уутан улавчны оронд даавууныг хэрэглэж эхлэхэд л нэлээд олон хүн, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилтай болох боломжтой байгаа биз? Түүнчлэн мөнөөх цэнхэр уутан улавчийг БНХАУ-аас импортолж авдагийг мартаж болохгүй. Тэгэхээр гадагшаа урсдаг валютын хэмжээ ч даавуун уутны хэрэглээ нэмэгдвэл тэр хэрээр буурах боломжтой. 

Гялгар уутны хэрэглээг бууруулахын тулд төр засгаас нь дорвитой ажил хийсэн ч орон байдаг аж. Тухайлбал, Ирландад гялгар уутанд татвар ногдуулснаар нэг жилийн дотор даавуун уутны хэрэглээ 90 хувиар өсжээ. Ер нь дэлхийн 60 орчим орон гялгар уутны хэрэглээг хязгаарласан хуультай байдаг аж. Тиймээс Монголд ч хууль эрх зүйн зохицуулалт хийж, гялгар уутны хэрэглээг бууруулах боломж бий. 

Манай зах зээлийн хувьд гялгар уут, сав баглаа боодлын 10 гаруй үйлдвэр байдаг юм байна. Хаягдал гялгар уутыг дахин боловсруулах үйлдвэр байдаг ч үйл ажиллагаа нь доголдсоныг дээрх төсөлд оролцогч, “Технож” бизнес инкубатор төвийн захирал Г.Галаарийдий хэлэв. Гялгар уут импортолж авахад 5 хувийн татвартай байдгийг тэрбээр сануулаад, үүнийг нэмж ч болно гэж өөрийн саналаа хэлсэн юм. 

 


Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Их уншсан