Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Тэд бидний тухай: Монголын “муухай” тал


Герман бүсгүй Монголд ганцаараа хөдөө, орон нутгаар аялж явахдаа тун таагүй зүйлтэй таарснаа өөрийн блогтоо 2016 онд бичжээ. Бараан агуулгатай нийтлэл ч тэрбээр нууж байснаас, үнэн зөвөөр нь бичиж, ирээдүйд ганцаараа аялах гэж буй эмэгтэйчүүдэд анхааруулах зорилгоор бичжээ. 

Хувийн орон зай гэж байхгүй

"Тэр сүүлийн үед харагдсангүй шүү?"

"Яасан?"

"Цаг гаруй харагдсангүй. Өрөөнөөсөө огт гарсангүй."

"Гайгүй байх аа."

"Хүмүүс бусдын анхааралд өртөхгүй бол үхдэг гэж чи мэдэх үү? Тэр ч их хэцүү байгаа байх даа." 

"Тийм үү, мэдээгүй шүү дээ."

"Байнгын нийгмийн хяналтгүйгээр хүн амьдарч чадахгүй. Зүгээр эсэхийг нь хэдүүлээ шалгасан нь дээр байх аа."

"Тэгье, энэ чинь бидний үүрэг шүү дээ. Явж шалгая."

Яг ийм яриа хэзээ ч болоогүй байх л даа, гэхдээ яагаад ч юм иймэрхүү харилцан яриа болдог байх гэж би байн байн төсөөөлж байлаа. Учир нь хүмүүс миний зочид буудлын өрөөний үүдэнд ирэн үе үе намайг байгаа эсэхийг шалгадаг байсан. Нэг удаа намайг зочид буудалд байхад буудлын эзэн үүрийн 3.00 болон 6.30 цагт  шалтгаангүйгээр өрөөндөө байгаа эсэхийг минь шалгаж, зарим нь бүр хэд хэдэн удаа тогшоод, хаалга хүртэл өшиглөсөн. Би тэр үед “Монголд хувийн орон зай гэсэн ойлголт огт байдаггүй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. 

Мэдээж нүүдэлчин ард түмэн тэдний амьдардаг гэрт өрөө гэж үгүй бөгөөд баяр наадмаар ч олноороо зугаалдаг. Ганцаараа аялана гэдэг бол тэдний хувьд туйлын ховор бөгөөд сонин үзэгдэл.

Сумын гуанзанд орох болгонд хүмүүс намайг ихэд жигтэй харан, “ганцаараа” гэдэг үгийг хоорондоо шивнэлддэг байсан. Мэдээж намайг дан ганц унадаг дугуйгаар Монголыг тойрон аялж байна гэхэд хүмүүс алмайран хүлээн авсан ч, харин ганцаараа аялаж байгаа гэдэгт итгэхэд хэцүү байсан. Тухайлбал, “Гэрийнхэн чинь чамайг яаж ганцааранг нь явуулдаг байна”, “Хэцүү байхдаа” гэх мэтээр хэлдэг байсан.

1.5 сая ам километр өргөн газартай, гурван сая хүний тал нь хотдоо оршин суудаг уг газар би тааваараа байж, бусдаас алслагдан, амгалан байх гэж ирсэн. Өргөн уудам нутагт тархан суурьшсан нутгийн хүмүүс гадаад зочин, гийчин ирэхэд хамгийн түрүүн мэдээд, ажиглачихсан байдаг аж. Би эхэндээ дандаа майханд байдаг байсан. Гэвч өглөө болон оройд урилгагүй зочид мотоциклоор ирсэн бол чимээгээр нь, мориор ирсэн бол шүгэлдэн, яг л өөрийг нь ирэхийг мэдэж байх ёстой гэсэн шиг ирж байсан. 

Мэдээж урилгагүй зочдыг эс тооцвол, бусад гэрийн хүмүүс ихэд зочломтгой бөгөөд цай, унд өгөн, надад ихэд санаа зовж байсан. Гэвч нэг л зүйл намайг зовоож байлаа...

Хүйсээр ялгаварлах ба дээрэнгүй үзэл

“Секс?”

Монгол улсыг хоёр сарын турш дугуйгаар тойрохдоо энэ асуултыг надад хэдэн удаа тавьсныг ч санахгүй байна. Ихэнх нь “Сайн уу”, “Сайн байна уу” ч байхгүйгээр шууд асуудаг байлаа. Би эхэндээ секс гэдэг үгтэй адил сонсогддог монгол үг байдаг юм байна гэж бодож байсан. Харин сүүлдээ тэд дохио зангаагаараа ч илт үзүүлж байлаа. 

Эхэндээ би бүр хэлэх ч үггүй болтлоо гайхсан. Яагаад? Оройн цагаар эрчүүд миний майханд ирж “секс” гэж асууж байлаа. Одоо ч ойлгохгүй нь. Зарим нь бүр өөрийнх нь гэр рүү намайг морьтой яваарай гэсэн шиг хоёр морьтой хүрч ирж байлаа.

Ер нь бүхий л насны эрчүүдэд энэ үзэгдэл анзаарагдсан. Тухайлбал, 12-60 насны сумын, хөдөөгийн эрчүүд надаас түлхүү асуусан. 

Над шиг өндөр, тамирчин шиг биетэй эмэгтэйчүүд Азид бол тийм ч дур булаамд тооцогддоггүй. Мөн жуулчны гарын авлагад монгол улсыг “Ганцаараа аялахад тохиромжтой, аюулгүй” хэмээн тодотгосон байдаг. Тийм байтал, яагаад? Би хүчирхийлэлд өртөөгүй л дээ, гэсэн ч тэр асуулт үнэхээр бүдүүдэг санагдсаныг нуухгүй. 

Ингээд би Монголын төв хэсгээс тав хоног аялж, өөр нутагт ирлээ. Надаас сексийн тухай бага асуусан. Увс аймагт ирээд, бүх зүйл тайван, аюулгүй боллоо гэж бодтол... Гэнэт араас хүн намайг барьж аваад, хүчирхийлэх гэж оролдсон ба энэ үед л би маш их айж, маш хурдан дугуйгаа унаад ухаан жолоогүй явсан. Маш их айснаасаа болоод уйлж билээ.

Тэрхүү зүйлс үргэлжилсээр...Одоо бүр тэд асуух ч үгүй, миний биений хэсэгт хүрч эхэлсэн бөгөөд, уур минь хүрч, сүүлдээ уурлахаас, орилохоос ч залхаж, зүгээр л энэ бүгдээс маш их залхаж байлаа. 

Би зургаан улсад амьдарч, 50 гаруй улсад аялаж байхад, хэд хэдэн удаа бэлгийн халдлагад өртөж байсан ч энэ удаагийнх шиг, мөн олон давтамжтайг амсаж байсангүй. 

Мэдээж энэ улсын нийгмийг өөрчилж чадахгүй, өөрчлөхөд ч хэцүү. Үүнд миний буруу эсвэл уг улсын буруу ч гэж үгүй. Харин нийгэмд нь чухам нэг асуудал байна. Залуучууд, эрэгтэйчүүдэд эмэгтэй хүнийг хүчирхийлж болохгүй гэж огт зааж, сургадаггүй.

 Архидалт 

Энгийн л нэг зочид буудал. Би өрөөндөө суугаад цуйван гэж нэрлэдэг хоол идэж байв. Шарсан гоймон, өөхтэй махтай хоол. Хоолноосоо ногоо хайсан боловч дандаа өөх байх нь тэр. Яг энэ үед нүднийхээ булангаар над руу дөхөөд нэг эр ирэхийг харав. Тэр согтуу байх шиг санагдсан. Согтуу байх нь энд тийм ч хачирхалтай зүйл биш. Сумын төвөөр тойрч явбал гудамжинд согтуу хэвтэж байгаа олон хүнийг харах боломжтой. Гэхдээ намайг цохиод авна гэж би бодоогүй шүү. Гайхаад хартал намайг цохьсон эрэгтэй миний дугуйг авахаар улайрч байв. Мэдээж би хамгийн үнэт эрдэнэ болсон дугайгаа дөнгөж сая намайг цохьсон архичинд өгөхгүй шүү дээ. Чаргууцалдлаа. “Үгүй” гэж чанга хэлээд толгойгоо сэгсрэв. Ингээд тавгаа авахаар эргэтэл нөгөө архичин дахиад намайг цохив. Энэ удаа эгэм рүү цохилоо. Өвдсөндөө болоод би үсэрсэн. Хэрвээ бид зодолдох юм бол би зогсож байх хэрэгтэй шүү дээ. Өнөөх согтуу монгол эргээд тэмцэж байна. Тэр хаазан дээрээ ахин дахин гишгэж, миний дугуйг авахаар оролдож байв. Нээрээ тийм л дээ. Хоёр дахь удаагаа намайг цохиход нь би түүнд дугуйгаа өгнө гэж бодсон байх. Энд ийм л дүрмээр тоглодог шүү дээ. Хүнийг хоёр дахь удаагаа цохих нь нэг удаа цохьсноос хавьгүй дээр. Би яаж мартах вэ дээ. Би хараалын үг хэлж эхлэв. Мэдээж тэр ойлгоогүй гэдэгт би итгэлтэй байна. Тэр намайг гурав дахь удаагаа цохих гэж байгаа аятай царай гаргасан. Гэнэтхэн түүний царай хувьсхийв. Хэсэг хормын дараа, тэр юу хийснээ мартчих шиг болсон. Эргэн тойрноо ажиглаж байгаад яваад өгсөн.  

Согтуу эртэй муудалцсан нь тийм ч содон үйл явдал биш. Энд эмэтгэйчүүдийг илт гадуурхдаг. Би Монголд хоёр сар байхдаа гурван ч удаа цохиулсан. Нэг удаа шууд толгой руу цохьсон. Азаар би гараараа хааж амжсан. Гэхдээ энэ тийм ч сайн санаа биш юм билээ. Гараараа хаах үед согтуу хүмүүс бүр ууртай болчихдог. Эргээд хариу цохивол өнгөрсөн гэсэн үг. Тиймээс зүгээр л бултсан нь дээр.   

Эдгээрээс гадна юу болдог вэ? 

Энэ бүхний эцэст би ямар ч эмэгтэйд Монгол руу ганцаар явахыг зөвлөхгүй. Эрэгтэй хүнд ч Монголоор ганцаар явна гэдэг Иранаас дутахааргүй бэрх байх болов уу. Үсээ хуссан, саармаг (юнисекс буюу эрэгтэй, эмэгтэй хүний аль нь ч өмсөж болохоор загвар) хувцас өмсөөд, дугуйтай явахад ч Монгол эрчүүд намайг эмэгтэй гэдгээр минь доромжилж байв. Тэд тоо тоомшгүй ихээр “Хөөе, секси минь” зэргээр хашгичин, ямар ч унаатай байсан хамаагүй дэргэдүүр зөрөхдөө бүдүүлгээр орилно. 

Архичдаас холдож, аль чадахааараа хөдөө аялаарай гэж танд зөвлөх байна. (Би жуулчны баазад согтуу хүнтэй таарсан бөгөөд түүний гараас мултрах гэж багагүй зүдэрсэн билээ) Мөн ямар ч нөхцөлд архичид чамтай таарч өөр хэн ч хараагүй үед бэлгийн харилцааны талаар ичих ч үгүй асуух болно гэдгийг санаарай. Жуулчны баазад олон гэр, олон аялагчид байх ч хүчирхийлэгчид үүнийг анзаарагдалгүй асууж дөнгөнө. Нэг эр төрсөн охиныхоо дэргэд дээрх асуултыг надаас асуусан гээд л бод. Тэд өөр эрэгтэйн дэргэд үүнийг хэлж чадахгүй тул тэдэнтэй ганцаар үлдэх хэрэггүй.  

Өөр нэгэн зөвлөгөө: Үргэлж сонор сэрэмжтэй бай. Ард чинь хэн явааг, аюулгүй эсэхийг үргэлж шалга. Боломжтой бол дугуй унахдаа савтай ус авч яваарай. Эелдэг нөхөрсөг харагдаж байсан ч, танихгүй хүнийг буудлынхаа өрөөнд оруулах хэрэггүй. Бүр тэр буудлын менежер байсан ч бүү зөвшөөр. (Нэг менежер миний хөхийг базалсан) Үргэлж өрөөгөө түгжсэн эсэхээ шалгаж байгаарай. Өрөө тасалгаа таныг бусдаас тусгаарладаг бөгөөд энэ нь Монгол эрчүүдийн хувьд анаж байдаг боломж гэдгийг бүү март. 

Аяллын төгсгөлд, Монголын баруун бүс болох Ховд аймагт л би Монгол эрчүүдийн нэр төрийг (багахан ч болов) олж харсан билээ. Энд байхад надад ямар ч аюул тохиогоогүй бөгөөд би хувьдаа Казахстан, ОХУ, БНХАУ зэрэг олон улсын худалдаачид дайран өнгөрдөг тул хамгийн ёс суртахуунтай бүс юм гэсэн дүгнэлт хийсэн. Монголыг орхисныхоо дараа би зарим эмэгтэй найзуудаасаа энэ аймагт явахдаа бэлгийн дарамтанд өртсөн талаар нь дуулсан…

Хамгийн гунигтай нь, гайхалтай уудам энэ нутагт эмэгтэй хүний хувиар ганцаар аялахыг би хэнд ч зөвлөж чадахгүй нь. Хэрэв ганцаар аялах бол хаана, аль аймагт аялахаа сайтар тооцоолж, архичид, бэлгийн дарамт учруулагч нартай нүүр тулах сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг зөвлөе. Хүчирхийлэл, дарамтын үед өөрийгөө хэрхэн хамгаалахаа ч бодолцох хэрэгтэй. Ямар ч үед арга зам, гарц байдаг гэдэг ч би хувьдаа Монголоос олж хараагүй билээ. 

Бид хоолгүйгээр, усгүйгээр хэсэг хугацаанд амьдарч чадна. Харин хувь хүнийхээ үүднээс би хүмүүсийн сайхан чанарт итгэхгүйгээр нэг өдөр ч амьдарч чадахгүй. Харин бусад хүмүүс нүүр рүү чинь алгадах мэдрэмжийг дахин дахин авах үнэхээр хэцүү байсан. Бие физиологийн тэрхүү сорилтууд Монголд хөл тавьсны хамгийн хэцүү мөч нь байлаа. Мэдээж найрсаг, элгэмсэг хүмүүс зөндөө байсан. Эдгээр зүйлс болсны дараа надад тусламж хайрласан хүмүүст туйлын их баярлаж, зүгээр нэг инээмсэглэл ч надад их тус болж байлаа. Олон хоног цөлд уух усгүй яваад, усны бараа харсан хүн шиг л их баярлаж байсан. Тэрхүү сайхан сэтгэлт хүмүүстэй тараад би тааваараа үлдэн, сэтгэл санаа болоод биенийхээ хувьд эргэн тайтгарч чадсан юм. Надад тусалсан хүмүүст би насан туршдаа баярлахын зэрэгцээ, тэрхүү хүмүүсийг ч гэсэн уучлахыг хичээх болно. 

Эх сурвалж: www.annewestwards.com

Бэлтгэсэн: Х.Ичинхорлоо

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
11 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
12 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
17 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
35
13
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.