Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Монголд яагаад #METOO хөдөлгөөн өрнөж чадахгүй байна вэ?

Бид зориг гарган үнэнийг дэлгэсэн нэгнээ буруутгаж, чичлэхээ больсон цагт л манай оронд #MeToo хөдөлгөөн бүрэн утгаараа хэрэгжиж чадна.


Өнгөрсөн оны аравдугаар сарын 5-ны өдөр “New York Times”-ийн цахим хуудаснаа Холливуд төдийгүй дэлхийн урлаг, соёлын ертөнцийг тэр аяар нь доргиосон нэгэн нийтлэл хэвлэгдсэн билээ. Жүжигчин Эшли Жаддаас эхлээд хэд хэдэн жүжигчин, олон арван хамтран ажиллаж байсан эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж, урт хугацааны туршид хүчирхийлэл үйлдэж байсан Харви Вейнштейний бузар булайг дэлгэсэн тэрхүү нийтлэл энэ бүхний эхлэл байв. Үүнээс 10 өдрийн дараа жүжигчин Алисса Милано твиттертээ “Бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан бүх бүсгүйчүүд энэхүү жиргээний дор “MeToo” (Би ч бас) гэж бичээрэй. Ингэснээр бид хүчирхийлэл ямар аймшигтай том асуудал болоод байна вэ гэдгийг бусдад бага ч гэсэн ойлгуулах юм бил үү” хэмээн бичсэн билээ.

Тэрхүү жиргээний дор хүчирхийлэлд өртөж байсан олон мянган охид бүсгүйчүүд “Би ч бас” хэмээн бичиж, өөрт тохиолдсон аймшигт хэргүүдийн талаар ам нээхээс гадна хүчирхийлэлд өртсөн, бэлгийн дарамтад орж байсан хохирогчдод дэм үзүүлэх зорилгоор өөр бусад хүмүүс ч идэвхтэй жиргэж байлаа. Твиттерээс өгсөн мэдээллээр тухайн жиргээг бичсэнээс ердөө 24 цагийн дотор хагас сая хүн Алиссагийн жиргээнд хариу бичсэн байна.

Энэхүү жиргээ цаашлаад бэлгийн дарамт, хүчирхийллийн эсрэг #MeToo нэртэй хөдөлгөөн болон хувирч дэлхийн 85 гаруй орныг хамарч (үүн дунд Монгол ч бий), дэлхий нийтээр хүчирхийллийн асуудлыг хурцаар хэлэлцэж эхлэв. Францад #BalanceTonPorc, Италид #QuellaVoltaChe, Хятадад #我也是, Вьетнамд #TôiCũngVậy гэх зэргээр улс бүр тухайн хэл рүү хөрвүүлсэн “MeToo”, эсвэл өөр хувилбарын хэштагуудыг үүсгэн цахим орчинд хүчирхийллийн тухай айж, ичилгүй ярих тохиромжтой орчин бүрдүүлж чадсан билээ. Өмнө нь ярихад хорио цээртэй мэт байсан хүчирхийллийн сэдвийг ийнхүү ил гаргаж, хүчирхийлэгчдийг олон нийтээр жигшин зэвүүцэж, хүчирхийллийн даван туулагчдад сэтгэлийн дэм өгөх хөдөлгөөн дэлхийн олон оронд хүчтэй өрнөж байна. Харин манай оронд…?

Өнгөрсөн онд #MeToo хөдөлгөөн эхэлж байхтай зэрэгцэн манайд ч мөн адил Г.Номуундарь, Ч.Наранзаяа нарын хүчирхийллийн хэргүүд олны анхааралд ороод байсан. Тухайн үед олон нийтийн сүлжээгээр хөврөх хүмүүсийн сэтгэгдэл, үзэл бодлоос нэг дүгнэлт хийж болохоор байв. Монголчууд бид бүгд хүчирхийлэгчийг ор мөргүй мартаж, харин хүчирхийллийг даван туулсан нэгнээ нийгмээрээ яллаж, үл итгэх “өвчтэй”. Ийм л учраас хүчирхийлэгч араатнуудыг айдаст автуулаад буй өнөөх мундаг #MeToo хөдөлгөөн нь манайд бүрэн утгаараа өрнөж чадахгүй байна. Хүчирхийлэлгүй, хүүхэд, охид эмэгтэйчүүд айдасгүй амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэхийн тулд бид юуны өмнө хохирогчоо буруутгадаг гаж хандлагаасаа салах хэрэгтэй байна.

“Өөрөө дуртайдаа очсон юм биш үү”
“Тэр үед чи юу өмсөж явсан юм”
“Өөрөөсөө л болж ийм байдалд орсон байна ш дээ”
“Хэн чамайг шөнө дөлөөр ганцаараа яв гэсэн юм”
“Энэ охин чинь өөрөө мэдрэл муутай юм биш үү”

Энэ үгсийг хэлэх тоолонд тань хүчирхийлэгч чимээгүй өнгөрөх боломж нэмэгдэж, харин хохирогч өөртөө итгэх итгэлээ алдан, өөрийгөө буруутгасаар байгаа гэдгийг сана. Хэвлэлийн хүрээлэнгийн багш, сэтгүүлч Д.Мөнхчимэгийн хэлж буйгаар хүмүүс муу зүйлийг өөрөөсөө “холдуулж”, өөрийгөө аюулгүй байгааг мэдрэх гэдэг далд ухамсраараа хохирогчийг буруутгадаг аж. “Шөнө дөлөөр ганцаараа явж байсан болохоор л хүчиндүүлсэн байна” гэж хэлж байгаа хүн далд ухамсартаа “Би лав хэзээ ч ийм эрсдэлтэй алхам хийхгүй байсан. Тийм болохоор надад муу зүйл тохиолдохгүй” гэж боддог байна. 
“Ингэж л бид хүчирхийллийг даван туулсан хүнийг нийгмээрээ буруутгаж, байж суухын аргагүй байдалд оруулдаг. Нөгөө талд нь хүчирхийлэл үйлдэгч гэмгүй царайлан бидний дунд эрх чөлөөтэй амьдарч байдаг” хэмээн Д.Мөнхчимэг сануулсан юм.  

Манай оронд жилд бэлгийн хүчирхийллийн 300 гаруй хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгддэг байна. Гэвч бодит байдал дээр хүчирхийлэлд өртсөн 10 хүний нэг нь л хууль, хяналтын байгууллагад мэдээлдэг гэсэн тойм тоо бий. Тэгвэл жилд 2700 гаруй хохирогч бусдад буруутгуулж, доромжлуулж, нэр хүндээ алдахгуйн тулд чимээгүй дотроо уйлж, өөрийгөө буруутгаад л явж байгаа болж таарах нь.

Хэрэв бид хохирогчийг буруутгадаг эмгэгээсээ салахгүй бол зориг гарган Цагдаад мэдээлэх хүмүүсийн тоо улам буурах, хүчирхийллийн даван туулагч нэмэлт сэтгэл санааны дарамтад орох, хэрэгтэй үйлчилгээгээ авч чадахгүй болох, цаашлаад хүчирхийлэл үйлдэгчид улам даврах зэрэг маш олон сөрөг үр дагавартай гэдгийг ухамсарлах цаг нэгэнт иржээ.

Хүчирхийлэлд өртсөн тухайгаа бусдад тэр даруй хэл гэж шаардахаасаа өмнө бид зориг гарган үнэнийг дэлгэсэн нэгнээ буруутгаж, чичлэхээ больсон цагт л манай оронд #MeToo хөдөлгөөн бүрэн утгаараа хэрэгжиж, хүчирхийлэл үйлдэгчдэд зохих ял шийтгэлийг оноодог болох нөхцөл бүрдэх юм. Үүний тулд иргэн та бидний хандлага, ухамсар юу юунаас илүү чухал юм шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
Жүжигчин И Дон Ук-ийн Vogue сэтгүүлд авхуулсан халуухан зургууд
2
7 цагийн өмнө
Японд насанд хүрэгчдийн живх хүүхдийн живхнээс илүү борлуулалттай байна
3
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
санал болгох
1
7 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
12 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.