Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Харүки Мүраками “Эрэг дээрх Кафка” номоос ОНЦЛОХ 10 эшлэл

Жилийн турш Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай арван номын жагсаалтад багтсан түүхтэй.


Монсудар хэвлэлийн газар өнөө цагийн хамгийн алдартай романчдын нэг, Японы үргэлжилсэн үгийн нэрт төлөөлөгч Харүки Мүракамигийн “Эрэг дээрх Кафка” романыг эрхлэн гаргажээ. Уншигч та эртний Грекийн эмгэнэлт жүжиг, Японы сонгодог зохиолын суурь дэвсгэр, модерн утга зохиолын гол төлөөлөгч Франц Кафкагийн бичлэгийн өнгө аяс, сэтгэлгээний нөлөө туссан нэн сонирхолтой, түүний арав дахь романыг эх хэлээрээ унших боломжтой боллоо. Уг зохиол 2002 онд хэвлэгдэн гарсан даруйдаа л уншигчдын анхаарлыг татаж, олон хувиар борлогдсон бөгөөд 2005 онд анхлан “Kafka on the Shore” нэртэйгээр Англи хэлнээ орчуулагдсан нь жилийн турш Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай арван номын жагсаалтад багтсан түүхтэй.

Уг зохиолд Софоклын “Эдип хаан” жүжиг, Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” болоод В.Шекспир, Г.Гегель, А.Чехов, Н.Соосэки, Ф.Кафкагийн зохиолууд, Л.Бетховен, Ф.Шуберт, Ж.Пуччини, нарын сонгодог бүтээлүүд, жар далаад оны хөгжмийн бүхий л төрөл жанр, Франсуа Трюффогийн кино гэхчлэн дэлхийн түүх, уран зохиол, гүн ухаан, соёл урлагийн олон онцгой үйл явдлыг зохиолч сонирхолтойгоор холбон, дүрслэн харуулсан юм. 

Ийнгээд Франц Кафкагийн нэрэмжит шагнал, Иерүсалимын утга зохиолын дээд шагнал, Катарын олон улсын шагналын эзэн орчин цагийн хамгийн алдартай романч Харүки Мүракамигийн “Эрэг дээрх Кафка” номоос 10 эшлэл онцлон хүргэж байна. 


***

Одоо цаг гэдэг бол ирээдүйг ховдоглон залгиж буй өнгөрсөн цагийн, ухаж ойлгохын аргагүйгээр урагшлах үйл явц юм.

***

Заримдаа хувь заяа тасралтгүй чиглэлээ өөрчилдөг түр зуурын элсэн шуургатай төстэй. Чи түүнээс зайлах гэж алхаагаа өөрчилнө. Тэр даруй шуурга ч чамайг дагах мэт чиглэлээ өөрчилнө. Чи ахиад л өөр тийшээ эргэнэ. Шуурга мөн л чамайг даган эргэнэ.

***

Ген ч, учир утгагүй зүйлүүд ч, структурализм ч, аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал ч буруугүй. Бид үхэж үгүй болдог нь хорвоо өөрөө мөхөл сүйрэл дээр тогтсон болохоор тэр. Бидний амьдрал тэрхүү жам ёсны сүүдэр л гэсэн үг. 

***

Чадвартай хүүхдүүд эргэн тойрны том хүмүүсийн заавраар хүрэх зорилгодоо аажим аажмаар хүрсээр байдаг ч нүдэнд харагдах бодит асуудлыг шийдвэрлэж явсаар угаас хүүхдэд байдаг шинэ зүйлийг таньж мэдэх баяр хөөр, бахдал гэдэг зүйлийг бага багаар гээсээр байх нь олонтоо. Ийм орчинд байдаг хүүхдийн зүрх сэтгэл нь хаалттай болж, сэтгэл хөдлөлөө нуудаг болчихдог.

***

Төгс төгөлдөр бус зохиол төгс төгөлдөр бус болохоороо л хүний зүрх сэтгэлийг хүчтэй татдаг. Ядаж л хэсэг хүмүүсийн зүрх сэтгэлийг хүчтэй татна гэсэн үг. Төгс төгөлдөр гэгддэг зүйл төгс бус зүйлсийн хуримтлалаар бий болдог.

***

Бидний хэн нь ч ялгаагүй, өөрт үнэтэй зүйлээ алдсаар байна. Боломж, бололцоо, мэдрэмж. Энэ бүгдийг бид хэзээ ч буцаан авч чадахгүй. Энэ чинь л амьдралын мөн чанар юм шүү дээ.

***

Солиотой зүйлсийг чухалчлан хүлээж авах нь жинхэнэ цаг үрсэн хэрэг.

***

Хүн бүрийн амьдралд буцаж алхаж болдоггүй үе гэж бий. Харин цөөхөн тохиолдолд урагш явах боломжгүй болдог. Энэ цэгт хүрсэн бол хувь тавилантайгаа чимээгүй эвлэрэхээс өөр арга үгүй. Тэгж гэмээ нь бид амьд үлдэж чадна.

***

Дурсамж хүнийг дотроос нь бүлээцүүлдэг ч сэтгэлийг урах нь ч бас бий.

***

Анир чимээгүй! Миний олж мэдсэнээр анир чимээгүйг ч мөн сонсож болдог.


Тус хэвлэлийн газраас өмнө нь «1Q84», «Өнгөгүй Тазаки Цүкүрү ба Түүний Эргэлтийн Он Жилүүд» зэрэг номын орчуулан гаргаад байсан билээ. “Эрэг дээрх Кафка” номын талаарх дэлгэрэнгүй ЭНД дарж авна уу. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.11
2018 оны шилдэг 10 Солонгос кино
2
2019.01.11
Хүүхдэд заавал сонсгох шилдэг 10 сонгодог хөгжмийн бүтээл
3
2019.01.10
Playlist: Гэртээ харих замдаа сонсох 13 дуу
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.