Хайх зүйлээ бичнэ үү

Мөнхбатын Очирбаттай шатарт яагаад дуртай болсон тухай, мөрөөдлийнх нь тухай ярилцлаа.

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний зургаа хүртэлх насны ангиллын аварга М.Очирбаттай шатарт яагаад дуртай болсон тухай, мөрөөдлийнх нь тухай ярилцлаа. Тэрээр дөрвөн настайгаасаа шатар тоглож эхэлсэн бөгөөд саяхан зургаан нас хүрчээ. Түүний өвөө Ц.Жамъян-Очир дэлхийн шатрын аварга Тигран Петросянтай зэрэг тоглолтод оролцож, 28 нүүдлийн дараа хайнцаж, улмаар 1985 онд ЗСБНХУ-ын дэд мастер цол хүртэж байсан түүхтэй юмсанж. Харин энэ удаад түүний ач хүү Мөнхбатын Очирбат “Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-д оролцохоор ирэх дөрөвдүгээр сард Албани улсыг зорино. 


-Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнд ороод алтан медаль авсанд нь баяр хүргэе!

-Баярлалаа.

-Тэмцээнд ороод олон хүүхэдтэй тоглоход хэцүү байсан уу? 

-Амархан байсан. Нэг өрөг л хэцүү байсан. Мөнхбатын Анандтай тоглоход хожигдох гээд хэцүү байсан. 

-Яаж тэр хэцүү байдлаасаа гарсан бэ?

-Зарим нүүдлээ буруу хийснээс болоод хэцүү байдалд орсон. Тэгээд дараа нь зөв нүүгээд хэцүү байдлаасаа гараад ялж чадсан.

-Хэцүү өргийнхөө дараа багшдаа, аав ээждээ хэцүү байсан гэдгээ хэлсэн үү?

-Хэлээгүй шд. Тэгэхэд ээжийгээ айлгачихсан. Ээж хожигдоно гээд муухай царай гаргаад суугаад л байсан.

-Тэгээд хожчихсон чинь ээж нь зөндөө баярлаж байна уу?

-Мхнн. 

-Аварга болохын тулд хэдэн удаа тоглосон бэ?

-Есөн удаа тоглосон.

-Тэгээд бүгдийг нь ялсан уу?

-Мхнн.

-Алтан медаль авахад нь гэрийнхэн нь юу гэж байна?

-Зөндөө их баяр хүргэсэн. 

-Шатар сайн тоглохын тулд юуг сайн мэддэг байх хэрэгтэй вэ?

-Дүрмээ баримтлах ёстой. 

-Ямар дүрэм байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, төвөө хянах хэрэгтэй. Дараа нь бодоо хөгжүүлэх, гуравдугаарт, сэлгээгээ хийх хэрэгтэй.

-Энэ дүрмийг нь сайн мэдэхгүй, ойлгохгүй байгаа найзууддаа амархнаар тайлбарлаад өгөөч?

-Бодоо сайн хамгаална гэсэн үг байхгүй юу.

-Ямар дүрсүүдийг нь бод гэдэг юм бэ?

-Тэрэг, тэмээ, бэрс, морийг бод гэдэг.

-Очироо, шатар тоглоод хэр удаж байгаа вэ?

-Зөндөө удсан.

-Анх яаж шатар тоглож сурсан бэ?

-Аав маань зааж өгсөн. Дөрвөн настай байхдаа морины нүүдэл сурсан. 

-Хэддүгээр цэцэрлэгт явдаг билээ?

-Би 130 дугаар цэцэрлэгт явдаг. Гэхдээ одоо цэцэрлэгтээ явахгүй байгаа. Шатрын дугуйландаа явдаг. 

-Дандаа шатар тоглоод байхаар залхуу нь хүрээд тогломооргүй санагддаг уу?

-Үгүй ээ. Шатар тоглох дуртай.

-Дугуйлангаа танилцуулаач?

-Манай дугуйлан “Шинэ эхлэл бодь” гэдэг нэртэй. Зөндөө хүүхэд явдаг. Багшийг маань Ариунбүүвэй гэдэг. 

-Багш нь юуг анхаарвал шатраа сайн тоглодог болно гэсэн бэ?

-Багшийнхаа үгийг сайн сонсвол сайн тоглоно гэсэн.

-Тэгвэл Очироо багшийнхаа үгийг сайн сонсож байгаа юм байна даа?

-Сайн сонсож байгаа. Хааяа л сайн санадаггүй юм.

-Шатар тоглохоос өөр юу хийх дуртай вэ?

-Тоглоомоороо тоглох дуртай. Надад зөндөө тоглоом байдаг. Хамгийн гоё нь эвлүүлдэг тоглоом. 

-Хэнтэй шатар тоглох хамгийн дуртай вэ?

-Аниатайгаа. 

-Яагаад аниатайгаа тоглохоор хамгийн гоё байдаг юм бэ?

-Зүгээр л гоё байдаг.

-Очироо одоо хэдэн медальтай болсон бэ. Олон тэмцээнд ороод зөндөө медальтай болсон уу?

-Одоо гурван алтан медальтай. Хоёр мөнгөн медальтай, хүрэл медаль бас байгаа. Медальнуудаа цүнхэндээ хийгээд аваад ирсэн л дээ. 

-Тэмцээнд ороод хожигдохоороо яадаг вэ. Уур нь хүрдэг үү, уйлдаг уу?

-Нэг тэмцээнд бод илүү явж байгаад хожигдоод, гарч ирээд уйлсан. Тэгээд мөнгөн медаль авсан. 

-Шатар тоглохдоо хүмүүс “шаг”, “мад” гэдэг нь ямар утгатай, юу гэсэн үг юм бол?

-“Шаг, мад, дуг, цод” гээд байдаг. Би сайн мэдэхгүй байгаа л даа. Гэхдээ “мад” гэвэл хожигдоно, “шаг” гэвэл хожигдохгүй. Шаг гэхээр ноёныг шалж байгаа юм. Ноёноо тэмээ, бэрс, тэрэг, хүү гээд бүгдээрээ хамгаалах ёстой. Ноёноо мадлуулчихвал л хожигдоно.

-Ах эгч, дүүтэй юу. Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?

-Эгчтэй, дүүтэй. Эгчийг Мөнх-Оюун, дүүг маань Мандухай гэдэг. Аавыг Мөнхбат, ээжийг маань Энххүслэн гэдэг.

-Танай ээж их хөөрхөн юм аа?

-Тхх.

-Удахгүй эмээ, ээж, эгч, дүүгийнх нь баяр болох гэж байгааг мэдсэн үү?

-Мэдэхгүй байгаа.

-Баяр болохоор ээжийгээ, эмээгээ, эгч, дүүгээ яаж баярлуулах уу. Ямар бэлэг өгөе гэж бодож байна?

-Гоё зураг зурж өгнө л гэж бодож байна.

-Гоё зураг нь юу байх вэ?

-Цэцэг.

-Гэхдээ сая алтан медаль аваад том бэлэг барьчихсан шүү дээ. Алтан медалиа бэлгэнд тооцохгүй юм уу?

-Тэрийг мэдэхгүй байна аа.

-Ээждээ хайртай гэдгээ хэлээд дуу дуулаад, шүлэг уншаад өгчих юм уу. Хайртай гэдгээ хэлэх гэхээр ичээд байх юм биш биз?

-Аав ээждээ хайртай гэж хэлдэг. Тэгээд аавыгаа үнсдэг. Ээжийгээ үнсдэг. Аниагаа үнсэх гэсэн чинь аниа үнсүүлэхгүй байна лээ.

-Тийм үү, яагаад?

-Мэдэхгүй ээ. Үнсүүлэхгүй л гэсэн. Аниа маань удахгүй есөн нас хүрнэ.

-Гэр бүлийнхэн нь бүгдээрээ шатар мэдэх үү?

-Тийн мэднэ. Ээж бүх нүүдлээ мэднэ. Тэгсэн мөртлөө надад хожигддог л доо. Аниад ч гэсэн.

-Тэгвэл ээж нь гэрийнхээ хамгийн муу шатарчин байх нь ээ?

-Мэдэхгүй ээ. Ээж бүх нүүдлээ мэддэг. Харин Мандухай мэдэхгүй. Ээж Мандухайг хожсон. Бэрсийг нь аваад, бүх бодыг нь авчихсан. Тэгээд Мандухай хүний маданд ороод хожигдчихсон. 

-Аан тийм үү, Мандухай нь хэдэн настай вэ?

-Дүү маань дөрвөн настай, одоо тэрэг, бэрс, ноёныхоо нүүдлийг хийж байгаа. Одоо мориныхоо нүүдлийг сурах хэрэгтэй байгаа. Дүү маань одоохондоо шатар тоглодоггүй. 

-Дүү нь мориныхоо нүүдлийг сурчихвал сайн тоглодог болох байх тийм ээ?

-Мхнн. Аниагаас “Аниа морины нүүдэл яаж нүүдэг билээ” гээд асуугаад байсан. Тэгээд заалгуулаад жаахан л сурсан. 

-Чи дүүдээ шатар зааж өгдөг үү?

-Ганц удаа л зааж өгсөн. Аав зөндөө их зааж өгдөг. Тэгээд аниа ганц удаа зааж өгсөн.

-Дүүдээ юу зааж өгсөн бэ?

-Мориор нь хүү идүүлсэн. 

-Чи даам тоглодог уу?

-Даам тоглодог. 

-Даам, шатар хоёрын ялгаа нь юу вэ?

-Даам болохоор заавал идэх ёстой. Харин шатар заавал идэх ёсгүй, өөр нүүдэл хийж болно. Шатар тоглоход заавал идээд байвал өөрөө аюулд орно.

-Чамд аль нь сонирхолтой санагддаг вэ?

-Хоёулаа сонирхолтой. Заримдаа даам тоглохоор аниад хожигддог.

-Аниадаа хожигдохоороо уйлдаг уу?

-Үгүй ээ. Гэхдээ аниа бид хоёр ойрд тоглохгүй л байгаа. Аав бид хоёр л тоглож байгаа.

-Аавтайгаа тоглохоороо хождог уу?

-Хоёр удаа л хожсон.

-Жаахан ханиагаад байх юм. Чихэр их идсэн үү, үгүй юу?

-Үгүй л дээ. Би чихрэнд тийм ч их дуртай биш. Жимсэнд л дуртай.

-Ямар жимсэнд дуртай юм бэ?

-Гүзээлзгэнэ, манго, мандаринд дуртай. Гэхдээ ганц хоёр чихэр иддэг л дээ.

-Одоо гадаад руу том тэмцээнд явна. Бэлтгэлээ хангачихсан уу, гадаад паспортоо бэлдсэн үү?

-Бэлдсэн. Бэлэн байгаа. Ээж маань авчихсан. 

-Гадаад руу яваад өөр орны олон хүүхэдтэй тоглоно гэж бодохоор айж байна уу?

-Айхгүй байгаа. Аав, ээж хоёр маань битгий айгаарай гэсэн. Багш болохоор “Хоёулаа ямар ч байсан тэр хүүхдүүдийг хожноо” л гэдэг. 

-Чи ямар хоолонд дуртай вэ?

-Будаатай хуурга, гуляшанд дуртай.

-Буузанд дуртай юу?

-Бууз, хуушууранд дуртай. Өглөө гэрээсээ гарахаасаа өмнө бууз идсэн. 

-Сая цагаан сараар зөндөө айлд очоод, бууз их идсэн байх даа?

-Тэгсэн. Зөндөө айлд очсон. Эхлээд 12 айлд очсон. Дараа нь тав, тэгээд хоёр айлд орсон. Хамгийн сүүлд нэг айлд очсон. Бас бэлэг их авсан.  

-Очироо ном уншиж сурсан уу?

-Сураагүй байгаа.

-Үсгээ цээжилсэн үү?

-Цээжилсэн. Гэхдээ англи үсэгнүүдээ цээжлээгүй л байгаа.

-Үсэгнүүдээ цээжилчихсэн юм чинь удахгүй уншдаг болох нь ээ?

-Тхх.

-Удахгүй сургуульд орох юм байна.

-Тэгнэ. Хаана сурахыг аав, ээж хоёр л мэднэ. 

-Чи ирээдүйд ямар ажил хийдэг хүн болох вэ?

-Би өөрийгөө ямар ч байсан их мастер болно гэж боддог. 

-Шатар тоглохоос өөр ямар ажил хийдэг хүн болох бол?

-Аав бид хоёр барилгачин болно доо гэж бодоод л байгаа. Гэхдээ аав маань геологич. 

-Барилгачины юу нь гоё санагдсан бэ?

-Өндөр байшин барих нь гоё. Өндөр байшин бариад хамгийн дээд давхарт нь аав ээж, аниа, Мандухайтайгаа амьдарна.

-Очироо олон найзтай юу?

-Би Мөнхсүлд, Баярбат, Мөнх-Амгалан, Биндэръяа гээд найзуудтай. Найзуудтайгаа тоглоомоороо тоглодог. 

-Найзуудтайгаа шатар тоглодог уу?

-Үгүй ээ, цэцэрлэг дээрээ шатар тоглодоггүй.

-Шатрын дүрснүүдээс чиний хамгийн дуртай дүрс аль нь вэ?

-Бүгдэд нь дуртай. Гэхдээ бэрс гоё санагддаг.

-Яагаад? 

-Бэрс олон нүүдэл хийдэг, хамгийн хүчтэй нь болохоор л. 

-Албанид болох том тэмцээнд оролцож, аварга болохоороо надад ярилцлага өгнө биз дээ?

-Мхнн. 

-Тэмцээнд нь амжилт хүсье. Мундаг сайн тоглоод Монгол Улсынхаа далбааг өндөрт мандуулаад ирээрэй. 

-За

М.Очирбат “Мөнгөн морь” шатрын клубын нэрэмжит “Есдүгээр сарын нэгэн” тэмцээнээс хамгийн анхны медалиа хүртэж байжээ. Тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард  Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Олон улсын мастер П.Жигжидсүрэнгийн нэрэмжит тэмцээнд оролцон анхны алтан медалиа авахдаа өөртөө их итгэлтэй болсон тухай түүний ээж С.Энххүслэн хэлсэн юм. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.