Хайх зүйлээ бичнэ үү

15 мин

ЭМ ОРЬ ДУУ кино жагсаалт | Tegshee's Movie Corner

Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаарх 10 шилмэл кино


Кино урлагийг ултай сонирхох болсон цагаас эхлээд кино миний хувьд цагаа зугаатай өнгөрөөх хэрэгсэл төдий байхаа больсон билээ. Кино бол өдөр тутмын явцуухан амьдралын тойргоос цаадах хорвоо ертөнц, хүмүүний амьдралыг танин мэдэх баялаг эх ундарга гэж болно.

Сайн кинонд агуулагддаг хэдхэн цагийн дотор үзэгчдэд хорвоог туулж, ертөнцийн ааш аяг, зүй тогтол, хүний мөн чанарын эрээн бараан, сайн сайхныг ухаарах, таних боломж олгодог далайц, хүч чадлыг бахаддаг. Олонх үзэгч, кино хорхойтнуудын хувьд ч энэ мэт байх хэмээн итгэн, мөн хүн болоод нийгмийн үзэгдлийн муу муухай, бараан бүхнийг эерүүлж, цайруулж, зайлсхийх бус уг чигээр нь дэлгэж, зоригтой нүүр тулснаар шийдвэрлэж, давж гардаг хэмээн итгэдгээс энэхүү амаргүй бичвэрийг тэрлэлээ. Олон зууны турш эмэгтэйчүүд нийгмийн бурангуй тогтолцоо, ёс заншил, эрчүүдийн давамгайллын золиос болдог“дайвар хүйстэн”, элдэв төрлийн хүчирхийллийн хохирогч, объект болдог “зовлонтон” гэх нь өдгөө магад улиглалд тооцогдох биз. Олонх оронд хүний эрх, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжирсан, эрх зүйн хувьд тэгш эрхийг тунхагласан зэрэг ололтууд хэрэгжиж буй ч эмэгтэйчүүдийн өнөөх “улигт” орь дуу үл тасалдана. Хүчирхийлэл, ялгаварлал, эм хүйсэд оногдсон хараал шившлэг мэт бэрх зовлон тэднээс үл сална. Африкийн зарим орнуудад эмэгтэйчүүдийн хэлүүг тайрах бурангуй уламжлал амь бөхтэй оршсоор, дэлхийн гурван эмэгтэй тутмын нэг амьдралынхаа туршид ямарваа нэгэн хүчирхийлэлд өртдөг гэх тоо баримт гайхаш төрүүлнэ. Гэвч эмэгтэйчүүдэд “асуудал” буйг мэдрэхэд хаа холын Африкийн жишээг татах хэрэггүй, ердөө хөршийн чинь эмэгтэй яг одоо хүчирхийлүүлж байж ч магад. Дөрвөн настай бяцхан охин зодуулж амиа алдсан, олныг хиртхийн цочроосон  хэрэгт ч охины уйлагнан чарлах дууг олон хөршүүд нь огтоос тоогоогүй байдаг. Эмэгтэйчүүд гэх энэ ерөнхий нэршилд бяцхан охид ч багтаж буй гэхээс зүрх шимширнэ. Цоожтой хаалга, гэр бүл гэх хана хэрмийг давж чадалгүй тэрүүхэндээ сарнин замхрах эмэгтэйчүүдийн энэхүү бүгтхэн “орь дуу”-г ойшоох хүн ховор. Гэр бүлийн шалихгүй маргаан төдий, эмэгтэйчүүдийн аяг бааш төдийд санан хайхрахгүй орхино. Ядаж энэхүү “Орь дуу”-г сонсвоос эмэгтэйчүүдийн гэх асуудал байхгүй хэмээн харалгантан хаахалзахаас, ийм харалган байдлын харгайгаар хүчирхийлэл улам гаарахаас сэргийлэхэд өчүүхэн хувь нэмэр болж мэдэх юм.

Дор сонгосон арван кино эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг (эрх гэж албан ёсжуулан томьёолдог ч угтаа хүн байхуйн утга учир) олон шугамаар хөндсөн бүтээлүүд бөгөөд миний хэдэн арван хуудас дамнуулан бичээд ч уншигчдад ойлгуулж үл хүчрэх, хэдэн арвуулаа тойрч суугаад хэчнээн ярьж мэтгэлцээд ч үл шийдэх асуудлуудыг үзэгч, уншигчдын оюун ухаан, зүрх сэтгэлд тун ултайгаар, өөрсдийн тааваар эргэцүүлэн тунгаах, мэдрэх хангалттай орон зайтайгаар хүргэнэ гэдэгт итгэж байна. Кино урлагаар дамжуулан эмэгтэйчүүдийн “орь дуу”-г олонд хүргэх гэсэн өчүүхэн оролдлогын илрэл уг бичвэрээ эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхахын эсрэг сэтгэлийн тэмцэл болгон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулж байна.

ЛИЛЯ ҮҮРД МӨНХ (Lilya Forever, 2002)

Эрс тэс бүтээлүүдээрээ үзэгчдийг алмайруулж байдаг Шведийн найруулагч Лукас Мудиссоны бүтээл “Лиля үүрд мөнх” бол орчин цагийн кино урлагийн нэгэн шидээвэр юм. Уг киног хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч охины бодит амьдралаас сэдэвлэн бүтээжээ. Лиля ЗХУ-ын жижигхэн хотын нийтийн орон сууцны байранд ээжтэйгээ амьдардаг энгийн л нэг өсвөр насны охин. Ээжтэйгээ тааруухан харилцаатай. Ээж нь хүнтэй сууж, АНУ-руу цагаачлан шинэ амьдрал эхлүүлэхдээ өнөөх шинэ амьдралд нь тээг болох охиноо гэртээ хуучин тавилгаа үлдээх мэт хаяад явдаг. Ээждээ хаягдаж ганцаар хоцорсон Лиля охин биеэ үнэлж амь зуухаас аргагүй болно. Харгис, бараан амьдрал дахь ганц найз нь түүнээс хэд дүү, эцэгтээ байнга зодуулж хүчирхийлүүлдэг Володя хүү. Лиля охин биеэ үнэлж олсон мөнгөөрөө сагсан бөмбөг авч Володя найздаа бэлэглэн түүний удаан хугацааны мөрөөдлийг биелүүлэхдээ “хүүхэд” шиг хөөрөн догдолж байгааг үзэхэд үнэхээр сэтгэл өвдөм. Нэг л өдөр Лиля сайн залуутай танилцаж, гадаадад очиж сайхан амьдрах хүсэл нь биелэх боломжтой болдог. Найз залуудаа итгэсэн тэрээр Швед руу гарах боловч тэнд түүнийг өмнөхөөс ч долоон дор амьдрал хүлээж байжээ…

Киноны төгсгөлд Лиляг явсны дараа нойрны эм их тунгаар ууж амиа хорлосон Володя хүү, Шведэд байнгын бэлгийн мөлжлөгт байснаа тэвчилгүй оргож яваад амиа алдсан Лиля охин хоёр сахиусан тэнгэрийн далавчтай болчихсон байшингийн дээвэр дээгүүр дүүлэн сагсан бөмбөгөөр тоглон наадах диваажингийн гэмээр дүр зураг тодордог. Хүний ертөнцийн харгис, муухайг ханатал үзсэн тэдгээр бяцхан амь одоо хэдийн амирлиж, аз жаргалаа олжээ. Гэхдээ энэ ертөнцөөс бус… Хэдий баргар, хүнд, харгис амьдралыг харуулах боловч хүний хүнлэг сэтгэлийг тэр хэрээр өрдөж, оволзуулж чадах хүчтэй бүтээл гэвэл энэ байх.

ОРОЙГҮЙ УУЛ (Blind Mountain, 2007)

Хятадын найруулагч Ли Яны хоёр дахь бүрэн хэмжээний кино. 2007 онд Каннын кино наадмын “Prix Un Certain Regard” (залуу уран бүтээлч, зоригтой, бүтээлч ажиллагааг тодруулах зорилгоор Алтан далдуу модтой зэрэгцэн өрнөдөг хэсэг) хэсэгт өрсөлдөж байсан хоёрхон хятад киноны нэг болж байсан.

1990 оны эхэн үеийн Хятад улс. Их сургуулиа дөнгөж төгссөн залуухан бүсгүй Бай Хуамей дүүгийнхээ сургалтын төлбөрийг олох зорилгоор ажил хайж байгаад уулын бөглүү тосгонд эмийн ургамал түүж цуглуулах боломжийн хөлстэй ажил олдог. Тухайн ажилд зуучилж өгсөн эр эм хоёртой тосгон орох замдаа буудалд хоноглоод сэртэл Хуамей бүсгүй нэгэн тариачин айлд ирчихсэн байх нь тэр. Ажиллах газраа ирлээ гэж санатал Хуймейг тэр айлын бэр болгохоор худалдсан болох нь төдөлгүй ил болно. Хуамей учир байдлаа тайлбарлаж, элдвээр эсэргүүцэх боловч уг айл өөрийг нь худалдаж авахад зарцуулсан мөнгийг эргүүлж төлөхөөс нааш түүнийг явуулахгүй хэмээн шалтаглаж, тэгс ингэсээр хүчинд автсан бүсгүй өнөөх айлд бэр болон үлддэг. Тэр тосгоны залуухан бэрүүд хүчинд автан худалдагдах замаар ихэнх нь иржээ. Орон нутгийн засаг захиргаа ч энэ байдлыг төдийлөн ойшоож, арга хэмжээ авдаггүй аж. Өндөр уулсын дундах бөглүү тосгоноос оргож зугатна гэдэг оройгүй уулыг давахтай адил бэрх. Хуамей гэвч тосгоноос оргох, явах арга замыг шантралгүй хайсаар…

Үзэгчид киноны турш гол дүрийн бүсгүйтэй адил итгэж ядан цочирдох, давчдах ижил сэтгэл зүй үйлчилнэ. “Оройгүй уул” кинонд гардаг шиг залуу бүсгүйчүүлийг алслагдмал тосгонд эхнэр болгон зарах явдал өдгөө ч хятадад байдаг аж.

ЗҮДГҮҮР ( Bedevilled, 2010)

Солонгосын артхаус киноны цуутай уран бүтээлч Ким Ки Дукын туслах найруулагчаар ажиллаж байсан Жан Чул Су анхны киногоороо ахуйн дарамт, гэр бүлийн хүчирхийллийг туйлд нь хүртэл харуулж чадсан юм.

Шөнийн Сөүл хотын хөл хөдөлгөөнт гудамжинд задгай хувцасласан залуухан бүсгүйг хэдэн залуу ээрч хоргоож буйгаар кино эхэлнэ. Өнөөх бүсгүй хажуугаар нь хөлхилдөх олноос тусламж гуйх доройхон оролдлого хийх боловч түүнийг тоох хүн байдаггүй. Ажлаа тараад харьж явсан Хэ Вон бүсгүй тэр явдлыг машин дотроосоо хардаг. Маргааш нь өнөөх бүсгүй хүчирхийлүүлж зэрлэгээр алуулсан хэрэг мандсан байдаг. Хүнд гэмт хэргийн гэрч болж байн байн цагдаад дуудагдах, сэжигтнүүд гэх танхай залуусын дарамт, ажлын ачаалал зэргээс болоод сэтгэл хямарсан Хэ Вон энэ бүхнээс холдож түрхэн зуур амрахаар хүүхэд байхдаа амьдардаг байсан буйд арал руу явна. Алслагдмал өнөөх арал дээр ердөө арван хуруунд багтахаар цөөн оршин суугчид үлдсэн аж. Тэдний нэг нь Хэ Воны багийн найз, арал дээр үлдэж хоцорсон цор ганц залуу бүсгүй Ким Нам. Эхэндээ ажилд дарагдсан энгийн нэг тосгоны эзэгтэй шиг харагдах найз нь үнэн хэрэгтээ ямар зүдгүүрт амьдрал туулж байгааг Хэ Вон мэддэг. Гэвч мэдсэн ч туслахаас төвөгшөөж жаал амарч аваад бушуухан Сөүл рүүгээ буцахыг л урьтал болгоно. Харин арал дээрх нөхцөл байдал даанч санаанд оромгүйгээр эргэдэг…

Киноны төгсгөлд арлаас буцаж ирсэн Хэ Вон сайн дураараа цагдаагийн газар очиж өмнө нь зайлсхийж, булзуулаад байсан гэрчийн мэдүүлгээ өгч, гэмт хэрэгтнүүдийг заадаг. Хэ Вон амьдралдаа анх удаа хар амиа хоохойлон, хал балгүйхэн үлдэж хоцролгүй шударга бус зүйлийг эсэргүүцсэн нь энэ байх. Гэвч юу туулсны дараа, ямар үнэ цэнээр түүнд ийм зориг төрөв?

БУРУУТАН (The Accused , 1988)

1983 оны 3 сарын 6-ны өдөр Масачусетс мужийн Нью Бедфорд хотын бааранд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэргээс сэдэвлэн хийгдсэн“Буруутан” кино хүчирхийллийн бодит баримтыг хөндөж гаргасан анхны Холливудын кино болж байв. Сара Тобиас орон нутгийн нэгэн бааранд гурван эрд зэрлэгээр хүчиндүүлдэг. Хэрэг гарсан орой Сара бааранд байхдаа хар тамхи хэрэглэж мансуурсан байсан, задгай хувцаслаж, эрчүүдийг өөрөө урин дуудсан байдалтай биеэ авч явж байсан зэрэг шалтгаанаар хүчингийн хэрэг хэрэгсэхгүй болоход хүрч, Сара ч хэл үг гаргалгүй тэгсгээд орхих тийшээ ханддаг. Гэвч хэрэгтнүүд гэмших нь бүү хэл тэр явдлын дараа олон нийтийн газар өөрийг нь ахин дахин өдөн доромжлохыг үзээд Сара гомдол гаргаж, хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болдог. Тухайн хэрэгт улсын яллагчаар ажилласан Кэтрин Мөрфи хохирогчийг буруутгах бурангуй хандлагын эсрэг хатуу зогсож, гэмт хэрэгтнүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг.

Сарагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жүди Фостер тухайн ондоо “Шилдэг эмэгтэй гол дүр” төрөлд Оскарын шагнал хүртэж байсан юм. Улсын яллагчийн дүрийг бүтээсэн Кэлли МакГиллис ч бодит амьдрал дээр хүчингийн хэргийн хохирогч байжээ. Эмэгтэй хүний “үгүй” хэмээн эсэргүүцэх нь хуурамч аяглал төдий, дотроо дуртай байгаа гэхчлэн эмэгтэй хүний үйлдлийг урвуулан “тайлж уншсан”-аа хүчингийн хэргийн зөвтгөл болгох гэж оролдох, хохирогчийг буруутгах зэрэг зүй бус хандлагуудыг халах, олон нийтэд таниулан ойлгуулахад уг киноны гүйцэтгэсэн үүрэг чамгүй юм.

УЛААН ДЭНЛҮҮГ АСАА (Raise the Red Lantern, 1991)

Хятадын домогт найруулагч Жан Имоугийн оргил бүтээлүүдийн нэг. Хятадын нэгэн чинээлэг айлд 19 настай, хөдөөний охин Соньлиян бага эхнэр нь болж ирдэг. Гэрийн эзэн Соньлиянаас өмнө гурван ч эхнэр буулгаж авсан байжээ. Гэрийн эзэн эхнэрүүдийнхээ аль нэгнийд шөнө очиж хоноглох бол тухайн эхнэрийн байшингийн гадаа улаан дэнлүү асаадаг ёстой байв. Нэгэн айл өрхийн дөрвөн эхнэрийн амьдралын утга учир бол гагцхүү байшингийнхаа үүдэнд "улаан дэнлүү" асаалгах, тэрхүү дэнлүүг дагаж ирдэг эр нөхрийн ивээл, багахан эрх мэдэл, гэр доторх эрх ямбын төлөөх тэмцэл юм.

Хятад зэрэг дорнын орон, эрх чөлөөт Америкт ч тэр нэгэн хэсэг эмэгтэй хүн гэгч эр нөхрийн өмч, нөхөн үржихүйн хэрэгсэл, гэр ахуйн ажлыг аялуулагч төдий үүрэгтэн байв. Эмэгтэй хүн өмчтэй байх, сонгууль өгөх, нийгэм, соёлын үйл хэрэгт оролцох, сурч боловсрох зэрэг нийгэм, эдийн засгийн эрх байгаагүй. Энэ бүхэн ердөө "эм хүн" гэх хүйсийн оноолтоос болдог гэхээр даанч халагламаар. Орчин үед хүйсээр ялгаварлах бурангуй ёсыг бага багаар халсаар эмэгтэй хүн нийгэм, эдийн засаг, хууль ёсны тэгш эрхийг эдэлж байгаа боловч олон зуунаар уламжилсан тогтолцоо нийтийн соёл, хандлагаас тийм амар арилж алга болохгүй амь бөхтэй оршсоор л байна. Хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал хэдхэн хэнхэг эмэгтэйчүүдэд хамаатай явцуу ойлголт, хэнээрхүү тэмцэл бус түүхэн учир шалтгаантай, нийгмийн хандлага, соёлд гүн үүрлэсэн бурангуйг халах эрх чөлөө, хүний эрхийн тэмцэл гэдгийг "Улаан дэнлүүг асаа"-ж байхдаа үзэгч нэгэнтээ тунгаана гэдэгт итгэнэм.

ТОЙРОГ (The Circle , 2000)

 

Ираны кино урлагийн шинэ давалгааны үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг Жафар Панахийн “Тойрог” кино Венецийн кино наадмын дээд шагнал “Алтан арслан” хүртэж байжээ. “Тойрог” кинонд онцгойлсон гол дүр үгүй бөгөөд нэг дүрээс нөгөөд шилжин буухиалах маягаар Ираны хүйсээр алагчлах бодлого, эмэгтэй хүний бие даасан оршихуйг үгүйсгэн эр хүний өмчлөлд хамруулан үзэх бурангуй ёсыг хэд хэдэн эмэгтэйн нэг өдрийн хэсэгхэн амьдралаар дамжуулан дэлгэцнээ хүүрнэсэн юм. Ингэхдээ ямар нэгэн хэтрүүлсэн драм, үзэгчдийг хирдхийлгэх туйлт нөхцөл байдлаас ангид тун энгийнээр үзүүлсэн ч кино төгсөхөд үзэгчид Ираны эмэгтэйчүүдийн бодит нөхцөл байдлыг сурвалжлан сонирхох хүсэлд өөрийн эрхгүй автсан байх нь жигтэй.

ТЕЛЬМА ЛУЙЗА ХОЁР (Thelma and Louise, 1991)

 

Английн алдарт найруулагч Ридли Скоттийн ихэд америкжуу эл кино феминистүүдийн тунхаг болсон бүтээл гэхэд хилсдэхгүй. Тельма дарангуйлагч нөхрийнхөө эрхэнд амьдардаг жирийн америк бүсгүй, Луйза харин бааранд зөөгч хийдэг, гэр бүл, хайр дурлалын хувьд эрчүүдтэй нэг л бүтэлтэй харилцаа өрнүүлж чаддаггүй эгэл жирийн л эмэгтэй. Тэд нэг удаа өдөр тутмын дарамттай амьдралаасаа түр ч атугай холдож амсхийхээр хоёр хоног амралтаа авна. Орой нь нэгэн бааранд хоёулаа бяцхан наргиж байгаад Тельма нэгэн залуутай танилцаж бүжиглэж байгаад дотор нь муухай болоход өнөөх залуутайгаа агаар амьсгалахаар гадагш гардаг. Бааранд танилцсан хүүхэн л бол надад өврөө уриалгахан нээх ёстой гэсэн бодолдоо эргэлзээгүй итгэдэг гэмээр өнөөх мунаг залуу харин Тельмаг үнсэж, хувцсыг нь тайчих гэж хүчээр түрэмгийлж эхэлдэг, сүүлдээ өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэхгүй эсэргүүцсэнд нь хорсож Тельмаг элдвээр доромжлохыг харсан Луйз тэсгэлгүй өнөөх залууг алж орхидог. Энэ мөчөөс Тельма, Луйз нарын хоёрхон хоногийн амралт урт удаан үргэжилсэн аялал болон өрнөнө. Хоёр бүсгүйн эл аялал эр хүйс ноёрхсон ертөнцийн эмэгтэйчүүдийг дорд үзэж, гутаан доромжилдог хандлагыг алхам тутамдаа үзэгчийн өмнө нээн үзүүлдэг. Өндөр боловсрол эзэмшиж, нийгэмд хүчтэй байр суурь эзэлж чадаагүй ажилчин эмэгтэйчүүдэд улам л харгис, хүнд тусдаг нийгмийн эл бурангуй байдлыг эсэргүүцэн тэмцсэн Тельма, Луйз хоёрын аялал хэрхэн төгсөх бол?

ТУЯАГИЙН ХУРИМ (Tuya’s Marriage, 2006)

 

Хятадын найруулагч Ван Чуананий “Туяагийн хурим” кино 2007 оны Берлины кино наадмын дээд шагнал “Алтан баавгай” хүртэж байжээ. Өвөр Монголын тал нутгийн хатуу ширүүн ахуйд амь зуух нэгэн малчин өрхийн хамаг л хүнд бэрхийг Туяа бүсгүй нуруундаа үүрдэг. Учир нь Туяагийн нөхөр худаг ухаж байгаад гэмтэж тахир дутуу болжээ. Тэднийх мөн бага насны хүү, охин хоёртой. Мал хуйгаа маллах, нөхөр, хүүхдүүдээ тэжээх, амьдралаа авч явах гэхчлэн эх адаггүй ахуйн ажилд зүтгэсээр сүүлдээ Туяагийн нурууны үе аажмаар сууж, удаан тийм байдлаар зүтгэвэл суумгай болох аюул нүүрлэдэг. Туяа амьдрахын эрхэнд нөхрөөсөө албан ёсоор салах боловч хуучин нөхрийг нь гэр бүлийн гишүүн шиг үзэн асарч халамжлан дэргэдээ байлгахыг зөвшөөрсөн нэгэнтэй ахин гэрлэх шийдвэрт хүрдэг.

Ойр танил ахуй дүр, амьдралын аргагүй нөхцөл байдалд орсон Туяагийн гүжирмэг хатуу зан, эрс зоримог шийдвэр, илүү дутуу гоёчлол, хээнцэрлэл үгүй киноны баримтат мэт бодитой өнгө аяс зэрэг нь үзэгчдэд тун сонин байх болов уу. Хуримынхаа өдөр гашуун нулимс унаган суух Туяа бүсгүйн эмзэглэлийг мэдэрвэл түүнээс ч илүү…

ЦӨЛИЙН ЦЭЦЭГ (Desert Flower, 2009)

Африкийн зарим улсад өдгөө ч амь бөхтэй оршсоор байгаа эмэгтэйчүүдийн хэлүүг тайрах бурангуй ёсны хохирогч болсон Сомали гаралтай алдарт загвар өмсөгч Варис Диригийн бодит намтарт тулгуурлан бүтээсэн кино.

Сомалийн хөдөөх тосгонд амьдрах бяцхан охин Варисийг нэг өглөө сэрэхэд ээж нь аяганд нь арай ахиу будаа хийж өгдөг. Хугас аяга хүрэхгүй ахиу будааны хариу харин ёс уламжлалын бурангуй сүүдэрт нуугдсан аймшигт яргалал байх нь тэр. Эмэгтэй хүний бэлгийн таашаал эдлэх боломжийг хааж, нөхөртөө үнэнч байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор багад нь хэлүүг нь тайрч, үтрээг нь битүүлэн оёдог ёстой байна. Хуримын анхны шөнө нөхөр нь эхнэрийнхээ үтрээний тэрхүү оёог задалж онгоныг нь хөндөх учиртай аж. Энэ ертөнцийн хаа нэгтээ одоо ч энэ мэт бурангуй ёс үйлдэгдэж, хэчнээн мянган эмэгтэйчүүдийг золиос болгон зовоон тарчлааж байгаа гэхэд даанч итгэмгүй.

4 САР, 3 ДОЛОО ХОНОГ, 2 ӨДӨР (4 Months, 3 Weeks and 2 Days, 2006)

1987 оны Румын улс. Их сургуулийн дотуур байрны хоёр эмэгтэй оюутан хаа нэг тийшээ явахаар зэхэх аж. Шугамын автобус, орон сууцны нэг ижил байрнууд зэрэг социалист орнуудын нийтлэг дүр зураг, бидэнд ихээхэн танил гудамж талбай, барилга байшин дамжсаар хоёр охин буудалд ирнэ. Дунд насны эртэй буудалд уулзахаар товлосон аж. Тэд чухам “яах” гэж байгаа нь тун жигтэй. Мэдээж уг бүтээл адал явдалт кино биш ч охидын буудалд ирсэн зорилго ил болоход аль ч нийгэмд байдаг хурц, эмзэг асуудлаар таны үзэл бодол, сэтгэлийг донслуулж мэдэх юм. Цөөн байршилд зураг авч, бага зардал, цомхон бүрэлдэхүүнээр онцгой бүтээл туурвиж болохын жишээг харуулсан Румыны найруулагч Кристиан Мунжиу уг киногоороо дотоод, гадаадын 30 гаруй кино наадмаас шагналын буухиа таслалгүй явсаар Каннын кино наадмаас анх удаа Румын кино дээд шагналыг хүртсэн түүхэн явдлын эзэн болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Pulp Fiction киноны жүжигчид 30 жилийн дараа
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Уржигдар
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
санал болгох
1
19 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
0
1
0
1
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Админ 2019.03.08 103.57.94.252

Та киноны тухай бичсэн нийтлэлүүдээ Монгол кино шүүмж, киноны тухай ярилцая группд бусадтай хуваалцаж байгаарай

0 Хариулах