Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

Владимир Набоковын "Дохио тэмдэг" өгүүллэг /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

"Лолита" романаараа дэлхий нийтэд өөрийн нэрийг тунхагласан Орос гаралтай Америк зохиолч Набоковын өгүүллэгийг хүлээн авна уу.


Утга зохиолын бүтээл бүр дахин давтагдашгүй ч бусдаасаа тэс ондоо загас энэ далайд тун ховор. Харин Набоков тэр далайн онцгой содон загас юм. Эрвээхий ч байж магад... "Лолита" романаараа дэлхийн утга зохиолын түүхэнд балрашгүйгээр тэмдэглэгдэн үлдсэн Орос гаралтай Америк зохиолч Набоковын урьд өмнө орчуулагдаагүй “Дохио тэмдэг” өгүүллэгийг хүлээн авна уу. 

Залуухан хүүдээ төрсөн өдрийн бэлэг сонгохоор эцэг эх нь толгойгоо гашилгасаар дөрвөн намрыг үджээ. Хүсдэг юм гэж хүүд байсангүй. Хүний гараар бүтсэн бүхэн хүүд нь ад зэтгэрийн хөнөөл шүглэсэн аятай санагдаж, түүнээс өөр хэн ч ойлгож, харж чадахааргүй цаад утга санаа илэрхийлэх “дохио тэмдэг” болон үзэгдэх тул амар тайван сууж чаддаггүй хөөрхий хүүгийн ухаан самуурч, солиорч гүйцжээ. Жишээ нь, хүүгийн хувьд аливаа шулуун эд зүйл хорио цээрийг бэлгэднэ. Төрсөн өдрийн бэлэг нь ямар нэг “дохио тэмдэг” илэрхийлж уур унтууцлыг нь төрүүлэхвий гэж эмээхдээ хос хоёр онцгойлон бэлдэж, арван төрлийн жимсний царцмагийг шилэн саванд баадагнасан байлаа. 

Дурлалт залуус гэр бүл болж, хүүхэдтэй болохыг удаан хүлээж, үрийн зулай үнэрлэснээс  хойш он жил улиран одож насны нар нь хэдийнэ хэвийжээ. Хямдхан хар бошинзоор гоёж, үсээ хайнгадуухан шуусан эхнэрийнх нь цонхигор төрх үеийн бүсгүйчүүдийн (ялангуяа тэдний хөрш цэцгэн хээт малгайгаар гоёдог асан ягаа бутарсан хатагтай Соль) дэргэд цэлмэг тэнгэрийг халхлах үүл мэт ажээ. Нөхөр нь Нью-Йоркт цагтаа цалгиж явсан бийлэгжүү хөрөнгөтөн байсан ч өдгөө дүү залуугаасаа эд мөнгөний хараат болов. Дөчөөд он элээн ажилласны эцэст ёстой л цэвэр америкжсан дүү Исаак нь хаа нэгтээ ховорхон үзэгдэх агаад тэд түүнийг Принс \Хун тайж\ гэж хүндэтгэн нэрийднэ.

Баасан гарагт өнөөх гайхлын төрсөн өдөр тохиож тэд хүүгийнхээ сувилал руу явахаар зэхэв. Метроны хөдөлгүүр гэмтэж зогссоноос дараагийн тээврийг хүлээн гудамжны буланд сууцгаалаа. Хаа нэг сонингийн хуудас шаржигнах юм уу, тэдний зүрх нэгэн хэмээр цохилохоос өөр анир чимээ үл сонсодно. Үүнээс дор юм гэж юу байхав дээ. Арай гэж нэгэн тээвэр иртэл дунд сургуулийн хүүхдүүд дүүрэн чихэлдэж шаагисантай нь таарлаа. Тэднийг зам даган сувилал руу алхахад бүрэнхий болж бороо шивэрч эхлэв. 

Сувилалд хүрээд тэд үүдний өрөөнд мөн л чамгүй удаан хүлээсэн ч эцэж туран, идээ бээрнээсээ болж үхтлээ цонхийсон хүүгээ ганхсаар ирэхийг нь харж чадсангүй буцахаар боллоо. Зүс таних сувилагч ирээд хүү нь хоёр дахь удаагаа амиа егүүтгэхээр завдсан, одоо хэвийн байдалдаа эргэн орсон ч эргэлт авах боломжгүй, арай гэж тогтсон сэтгэл санааг нь үймүүлэх вий хэмээн сэрэмжлүүлэв. Сувилал дотор хүн багатай, ундуй сундуй харагдаж байгааг хараад тэд онцгойлон сэтгэл гаргасан сагстай бэлгээ орхивол алга болж магад гэж үзсэн тул үлдээлгүй ахин ирэхдээ өгөхөөр болов оо. 

Тэндээс гараад нөхөр нь шүхрээ дэлгэн өмнө нь барихыг эмэгтэй харан зогслоо. Нөхөр нь сэтгэл нь таагүй үедээ сурсан зангаар хоолойгоо хүнгэнүүлэн засна. Гудамжны эсрэг талын автобусны зогсоолд хүрээд шүхрээ эвхэв. Хэдэн алхмын цаадах модод навчсан дээрээ тогтсон бороон дуслуудаа дааж ядан найгаж, дэргэдэх шалбааган дунд нь бяцхан шувуу хөөрхийлөлтэй нь аргагүй үхэтхийн унажээ. Зогсоол хүртэл тэд үг дуугарсангүй. Нөхрийнх нь шүхэр барьсан үрчгэр гар нүдэнд нь торох бүрт өгүүлшгүй гуниг элэг зүрхийг эмтлэн байв. Гарынх нь шөрмөс хавдаж, арьс цоохортжээ. 

Удалгүй эмэгтэй ойролцоо суугаа настай эмэгтэй болон түүний тэвэрт уйлж байгаа охиныг анзаарлаа. Хар үст охины улаан будагтай бохир гар, зөөлөн мэгшилт сэлт нь ер бусын гайхшрал, өрөвдөн хайрлах сэтгэл төрүүлэн хэн нэгнийг санагалзуулах мэт сэтгэлийг нь сэртхийлгэн байв. Тийм шүү дээ. Хөөрхий Ребекка Борисовна! Минскт байхад Соловейчик овгийн нэг хүнтэй гэрлэсэн эмэгтэйн охин... Хөөрхий охин...

Эмч "Солиотын суут нээлт" гэж орилоод хүү нь сүүлд нисэж сурах гэж өндрөөс үсэрч бурхан болохын даваан дээр өрөөнийхөн нь барьж авсныг хэлжээ. Харин хүү зөвхөн энэ жигт ертөнцөөс ангижрахыг хүсэж байлаа. Сувиллаас тэдэнд хүүгийнх нь сэтгэцийн өөрчлөлтийг дэлгэрэнгүй тайлбарласан “Дохионы солио” гэх нийтлэл бүхий шинжлэх ухааны сэтгүүл өгсөн ч тэд ийм зүйл болохыг аль эртнээс мэдэж байсан аятай тайван сууцгаана. Маш ховор тохиоддог ийм солиорлын үед өвчтөн эргэн тойронд нь өрнөж буй бүхэн өөрийнх нь зан чанар, оршихуйд далд дохио илгээж байна гэж төсөөлөн түүндээ гүн автдаг байна. Өвчтөн жирийн хүмүүс иймэрхүү дохионоос онхи ангид гэж санан, бусдаас өөрийгөө дээгүүрт үзнэ. Жир бусын сүүдэр хаа явсан газар нь түүнийг мөшгих аж. Тэнгэрт түгсэн одод, хөвөн цагаан үүлс түүнд удаашралын дохиог мэдрүүлнэ. Хайрга чулуу, өнгө будаг, нарны туяан доорх бүүдгэр сүүдэр хүртэл түүний чихэнд өөрийг шивнэнэ. Хүүгийн хувьд бүх зүйл тайлж унших ёстой нууц бичиг, эсвэл дохио тэмдэг мэт уншигдана. Хэн нэгэн урсгал ус юм уу, хар шуургаар дамжуулан зүрх сэтгэлийг нь дур зоргоороо шүүн, утга учиргүй үйлдэл, төсөөлөлд хөтлөн, шилэн цонх адил нууц нүхний цаанаас чимээгүйхэн тагнуулдах шиг санагдана. Тэр амьдралынхаа хором, хэрчис бүхний долгионыг тандан, мөнхийн айдас сэрэмжтэй явах нь уйтай. Амьсгал бүр нь ямар нэг үзүүлэлт, мэдээлэл агуулах шиг л... Хэрвээ яг дэргэдэх орчиндоо л хамаг анхаарал нь уусдаг бол ч ... Ээ халаг, даанч тийм биш. 

Өнөөх нийтлэлд өгүүлсэнээр, өвчтөнд цусан дахь бөөмнийх нь дүрс түм дахин томруулсан, асар нарийвчлалтай мэт үзэгдэж, энэ бүхнээс тэвчихийн аргагүй өвдөлт мэдрэгдэж, орой нь үзэгдэхгүй уулсын дээгүүр үүлс адил сүүмийх мансуурлын байдалд орно гэж өгүүлжээ.

Тэднийг сувиллаас гарахад зам дээр тогтсон борооны усанд гудамжны бүдэг тусгалтай замаас угаагдсан шавар шавхай холилдон үзэгдэнэ. Эмэгтэй оройн хоолондоо загас авахаар нөхөртөө бэлэгтэй сагсаа өгөөд гэртээ харьж байхыг хүслээ. Мань эр гурван давхар дахь хөлсний сууцандаа ирээд л өглөөхөн түлхүүрээ эхнэртээ өгснөө санав. Тэгээд эхнэр нь шатаар эцэж уухилан өгсөж иртэл чимээ аниргүйд эзлэгдэн хэсэг суулаа. Эмэгтэй нөхрөө үзээд зэмлэнгүй толгой сэгсрэн инээмсэглэх аядав. Тэд хоёр өрөө сууцанд амь зогоох бөгөөд мань эр орж ирмэгцээ толины урд очоод таг мэлмэрэн зогсоод эрхийгээрээ амаа хүчтэй ёврон саяхнаас зүүж эхэлсэн хиймэл шүдээ авч тавилаа. Эхнэр нь түүний захиалдаг орос хэвлэлийг өмнө нь тавихад гэнэтхэн сэхээрсэн аятай авч уншлаа. Гарчиглах зуураа шүдээ хийлгүйгээр өмнөх хоолоо идчихэв. Эмэгтэй нөхрийнхөө чимээгүй байдлыг сайн ойлгож байлаа.

Нөхөр нь удалгүй унтахаар явж, эмэгтэй зочдын өрөөнд хуучин хөзөртэй хамт хадгалдаг зургийн цомгоо нээн үзлээ. Цонхны цаадах төмөр хогийн савыг бороон дуслууд цохилон бөмбөрдөж, хар өмдөөс нь өөр зүйл танигдахгүй нэгэн эр гараа дэрлэн орон дээрээ навсайн хэвтээ нь тодхон үзэгдэнэ. Эмэгтэй хөшгөө буулгаад зургуудыг үзлээ. Хүү нь багадаа бусад хүүхдүүдээс илүү гайхширангуй харцтай байсныг цочисхийн анзаарав. Лепцигт байсан герман үйлчлэгчийн махлаг сүйт хархүүгийнхаа хамт татуулсан зураг тэдний цомогт үлджээ. Хуудсаа эргүүлбэл Минск, Лепциг, Берлин, ахиад л Лепциг, хувьсгалын үеийн мэр сэр зургууд, тэдний далийж навсайсан байшингийнхаа дэргэд татуулсан дүрс муутай зураг сэлт эрээлжлэх аж. Өөр нэг зурагт хүү нь цэцэрлэгт хүрээлэнгийн модон дээр суух хэрэмний зүг духаа үрчийлгэн зовонгуй ширтэх нь харагдлаа. Муу мэдээ, хоосрол, осол аваар, хавдар, өвчлөлөөр дүүрэн амьдралыг туулсанаас тэр үү, солио туссан мэт эргэлдсэн нүдтэй, яс арьс болсон авга эгч Розагийн зураг ч байна. Нэг л өдөр түүнийг германчууд айдаст ертөнцдөө санаа зовинож явсан бүх хүмүүсийнх нь хамтаар хороосон билээ.

Шатарчин үеэл нь нэрд гарсан жил хүү нь зургаан нас хүрсэн юм. Удалгүй нойргүйдэж, наснаасаа эрт хэрсүүжин, тун эвлэгхэнээр хүний гар, хөлтэй шувуу зурдагсан. Найман нас хүрэхэд хүү хэдийнэ ойлгогдохооргүй хязгааргүй гүн рүү хэтийдсэн байлаа. Нам гүмийг илтгэх хадат байгалийн үзэмж бүхий ханын зураг, номон дээрх нүцгэн модод, дүүжин дугуйнаас хүртэл айж жийрхэнэ. Тэднийг европыг зорих үед хүү арван нас хүржээ. Америкт ирээд хүү нь тусгай сургуульд орж, нэгэн жигт хүүтэй найзлах болсон хийгээд ичимхий, хүйтэн царайтай тэр жаалхүү болон үргэлж харамсдаг аяллынхаа тухай эмэгтэй нэхэн дурслаа.

Удалгүй хүү нь хатгаа тусаж эдгэрэлгүй явсаар утга учиргүй, хий хоосон зүйл харах болж, эцэг эх нь хүүгээ ямар гээчийн гоц билэгтэй болохыг ойлгож ядах зуур хүүгийн хатгаа эдгэсэн ч энгийн хүний ухаанаар тайлбарлахын аргагүй төсөөлөлд автсан байлаа. Хэзээ ч дуусашгүй мэт энэ бүхний эцэст эмэгтэй, амьдрал гэдэг өөрийнх нь бүтээсэн баяр хөөр байлаа ч хамаагүй, нэг хөөр баяслын төлөө нөгөөг нь алдахыг хүлцэхийн нэр, ердөө л тохируулгатай эд юм гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тэдний туулах ёстой зовлон гуниг нь мөнхийн шалтгаантайгаар үргэлжилж, хорвоо ертөнцийн буман үзэгдэл хүүг нь төсөөлшгүй байдлаар нөмрөн авч байгаа нь, хувь заяа нь өвчин зовлонгийнх нь өмнө бутарч, алдагдаж, галзуу солио болон хувираад хүүг нь үйрүүлж хаях шиг, хамгийн үнэт нандин шидэт үрээ тариачнаас нууж далдалж чадалгүй үүрд алдсан мэт хоосрон орхигджээ. 

Шөнө дунд болж байлаа. Нөхөр нь гэнэтхэн орилон, унтлагын хувцасныхаа гадуур хуучин халаад хэдэрсэн болоод гуйвж дайвсаар ирээд,
- Унтаж чадахгүй нь хэмээн уйлж ядан өгүүлэв.
- Чи ядрангуй харагдаж байна. Юу болов? гэж эмэгтэйг хэлэхэд,
- Амь тасрах нь … гээд мань эр буйдан дээр тэрийн унав.
- Солов эмч рүү ярих уу? Гэдэс чинь өвдөө юу? гэх эхнэрийнхээ дуунаар тэр сэртэсхийн,
- Эмч л биш шүү. Эмч л биш. Хэрэггүй гэж сөөхтнөн орилно.
- Бид хүүгээ тэр газраас гаргах хэрэгтэй. Аль болох хурдан! Бидэнд чинь үүрэг хариуцлага гэж бий биз дээ гээд суугаа чигээрээ урагш чичрэсхийн гэдийлээ. Тэгээд гараа зангидан өөрийгөө зүхэх нь үү гэлтэй духаа балбаж эхлэхэд эхнэр нь,
- Тэгье дээ, тэгье гэж хурдхан хэлээд,
- Маргааш өглөө түүнийг авчирцгаая гэвэл сандруу эр сая л нэг тайвширлээ гэсэн шиг
- Надад цай өгөөч гэж хүсээд угаалгын өрөө рүү явлаа. 
  Эмэгтэй газарт унасан хөзөр, зургуудыг цуглуулах гэж хэсэг мунгинаад бундангийн боол, гилийн найм, гилийн тамга, үйлчлэгч Элса болон сүйт залуугийнх нь зургийг авч дээш тавив. Нөхөр нь эргэж ирээд сэтгэл нь хөдлөсөн шиг бололтой чанга дуугаар ярьж эхлэх аж.
- Тийм ээ, бид түүнд унтлагын өрөө гаргаж өгнө. Бид хамтдаа оройг өнгөрөөж, зөөлөн буйданд тухалцгаах болно. Долоо хоногтоо хэдэн удаа эмч дээр очно. Принц юу гэх нь ямар хамаатай юм. Тэглээ ч өртөг зарлага тийм их нэмэгдэх ч үгүй ... гэж тэнхээ мэдэн орилж байтал утас дуугарлаа. Дуудлага авахад тохиромжтой цаг бишсэн. Нөхөр нь үүнийг мэдрэв үү гэлтэй өрөөний голд зог тусан өрөөсөн шаахайгаа эрэн, шүдгүй хүүхэд шиг амаа ангалзуулан алмайрч, эхнэрлүүгээ гөлрөнө. Англи хэл нь арай дээр болохоор ч тэр үү, эхнэр нь дуудлагад хариулдаг билээ.

- Чарлитай ярьж болох уу? гэх үл таних охины сулхан дуу сонсогдлоо.
- Мм … үгүй дээ. Та дугаар андуурч гээд эмэгтэй харилцуураа тавингаа,
- Бүр айлгачих юм гээд гараа зүрхэндээ аван тайвшрах мэт амьсгал авав.
 Нөхөр нь инээмсэглэх аядаад, яриагаа ахиад л эхнээс нь давтаж гарав. Тэд гэгээ ормогц хүүгээ авчрахаар тохироод аюулгүй байг гэсэндээ хутгатай шүүгээгээ цоожиллоо. Хүү нь хэчнээн муудлаа ч өөрөөсөө өөр хүнд халдсан удаагүй. 

Утас дахин хангинав. Өнөөх охин Чарлитай яриулахыг хүслээ. 

-Чи дугаар андуурчээ. Тэгийн тооны оронд “О” үсэг оруулж залгаад байгаа байх гээд эмэгтэй харилцуураа тавив.

Эхнэр нөхөр хоёр санаандгүйхэн шөнө дунд цайлав. Сахал нь сааралтаж, духных нь судас дурайх настай эр цайгаа хүчтэй оочиж, ёотонгоо уусгахаар шилэн аягаа эргүүлж тойруулах нь түрүүнийх нь догдлол арилаагүйг илтгэнэ. Тэд хүүдээ бэлдсэн бэлгээ ширээн дээр тавьжээ. Эхнэр нь цай буцалгах зуур тэр тод шар, ногоон, улаан өнгийн чанамалыг нэг нэгээр нь аваад, эргүүлж тойруулан “Тоор, усан үзэм, чавга, шар тоор …” зэргээр шошгийг нь шивнэн уншина. Алимны чанамлыг авах үед ... утас дахин дуугарлаа.

1948 оны 5-р сарын 15  

Image result for nabokov  portraitНэрт зохиолч Владимир Набоковын энэхүү өгүүллэг 1948 онд буюу "Лолита" роман хэвлэгдэхээс 7 жилийн өмнө "The New Yorker" сэтгүүлд нийтлэгджээ. 

Зохиолч тухайн үеийн нэгэн захидалдаа “Энэ өгүүллэг үйл явдлынхаа зэрэгцээ өөр нэгэн үйл явдалтай, цаад сүлжээсдээ хоёрдогч гогцоо санаатай” гэж бичжээ. Гэсэн ч Набоков тэрхүү далд утга санаа нь чухам юунд байгааг дурдсангүй, хаалгаа давхар цоожилсон атлаа уншигчийг “дохио тэмдэг”-ийг олж хараасай гэсэндээ түлхүүрээ зоолттой орхисон гэлтэй... 
 

Эх сурвалж: The New Yorker 

 

 ​

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
2
2 цагийн өмнө
Тавдугаар сарын 3-наас эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын 17 жүдоч зодоглоно
3
3 цагийн өмнө
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
санал болгох
1
9 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
39
17
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.