Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Үнэний эрэл: “АМЬДРАЛ” киноны ревью | Tegshee’s Movie Corner


Одны үнэлгээ: 3.8/5

“Ларьдма” киноны удаах анги гэсэн ойлголт төрүүлснээс гадна найруулагч Ж.Сэнгэдоржийн шинэ бүтээл хэмээн өндөр хүлээлттэй байсан “Амьдрал” кино театруудын дэлгэцнээ гарч үзэгчдийн хүртээл болов. Жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа, найруулагч Ж.Сэнгэдорж зэрэг “Ларьдмаа” киноны уран бүтээлчид ахин ажилласныг эс тооцвол “Амьдрал” кино үйл явдал, агуулгын хувьд “Ларьдмаа” кинотой холбоогүй тусдаа бүтээл юм.

Бид өөрсдөө л амжиж амьдралаа барьж авахгүй бол цаг хугацаа дэндүү харгис бас хатуу. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, цаг хугацаа зарим зүйлсийг байгаагүйтэй адил устгаж хаядаг. Үнэн гэдэг хатуу болохыг Үнэний хязгаар үйлийн үр болон бидэнд ирдгийг ойлгохгүй явсаар цаг хугацаанд өөрсдийгөө баллаж орхидог” гэсэн үгс эмэгтэй хоолойгоор уншигдсанаар кино эхэлнэ. Үзэгчид кинонд бүрэн автаагүй, анхаарал нь дөнгөж төвлөрч ядаж буй киноны эхэнд шууд ийм урт, барьж ойлгоход бэрх “том” үгс хөвөрсөн нь эрсдэлтэй бас оновчгүй шийдэл байж мэдэх. Юутай ч зарим гярхай үзэгч эл үгсээс улбаалан кино үйлийн үр хийгээд үнэний тухай өгүүлэх юм байна гэсэн урьдчилсан төсөөлөлтэйгөөр “Амьдрал”-ийг эхлүүлсэн биз.

Дотуур хувцаснаас өөр бие халхлах зүйлгүй, турж эцсэн, гунигтай харцтай, таяг тулсан өвгөн дэлгэцнээ алгуурхан тодорно. Үзэгчдийн анхаарлыг эрхгүй татах эл эцэнхий өвгөн харин Хулан хүүхэн (Д.Пүрэвсүрэн) 6 орчим насны хүүдээ хоолоо идэхгүй бол ийм болно шүү гэж анхааруулж, сургамж болгон харуулахаар хөлсөлсөн “амьд үзүүлэн” аж. Эл эхлэл Хуланг мөнгөөр далайлгасан хэчнээн давилуун зантайг үзэгчдэд цочир илчилнэ. Төдөлгүй үйл явдал ухран арван жилийн ахлах ангийн охин Хулангийн дэггүйтэл, зуны зоргоор өдрүүдийн нэгэн зугаалганы үеэр борооноос түр хоргодох газар хайж яваад өөрөөсөө олон ах зураач залуутай (C.Болд-Эрдэнэ) танилцаж буй нь дэлгэцнээ хөвөрнө. Үйл явдал ахин буцаж одоо цагт ирнэ...Үйл явдлыг өмнө хойно оруулан сөөлжүүлэх арга ашигласан нь драм киноны хэмнэлийг үзэгчийн сонирхлыг татахуйц чамгүй хурц, хурдтай болгосон байв. Үзэгдлүүд хэдэнтээ ийн сүлжилдэсний эцэст ууланд ангиараа зугаалж явсан хүү сураггүй алга болсноор киноны гол өрнөл эхэлнэ.

ДҮРИЙН БОЛОВСРУУЛАЛТ

“Хүү алга болсон” үйл явдлаас улбаалан дүрүүд киноны эргэлт болсон хэд хэдэн шийдвэрийг гаргадаг. Харин дүрүүдийг тухайн шийдвэрт хүргэж буй учир шалтгааны хэлхээ холбоо гарцаагүй, уялдаа холбоотой байж гэмээнэ тухайн кино хуурмаг, зохиомол шинжээсээ салж үнэмшилтэй, бодитой болдог учиртай. Үйл явдлын зангилаа эрчлэгдсээр Хулангийн эрх мэдэлтэй, мөнгөтэй аав ээжийг нь золионд гарган байж одоогийн сайдын суудал, эрх ямбанд хүрсэн болох нь илэрдэг. Нууцыг нь мэдсэн охиныхоо гомдол, шүүлтийн үгийг даалгүй аав нь албан тасалгааны цонхоор үсэрч амиа хорлоно. Жолооч нь байсан сайдынхаа өрөөл татанхай охинтой гэрлэх ашигч санааг идэр залуудаа гаргаж, хадам эцгээ өөд болмогц өвчтэй эхнэрээ асрамжинд өгч охиндоо эхийг нь үхсэн гэж ойлгуулсан хатуу сэтгэлтэн охиныхоо хэдхэн үгэнд сэтгэлийн тэнцвэр алдарч амиа егүүтгэж буй гэнэтийн шийдвэр төдий болтол кинонд нээн үзүүлсэн аавын хүйтэн, аминч мөн чанартай авцалдахгүй байв. Өөрийн өмнөөс өрөөлийг хэнэггүй зольдог амиа хоохойлогчоос амиа хорлох зориг гарна гэдэг үнэмшилгүй хэрэг. Тухайн дүрийн мөн чанарт тохироогүй ийм үйлдэл, шийдэл гэнэт бий болохыг “үсэрсэн” (jumping) зөрчил гэх ба дүрийг учир шалтгаанаас ангид зохиомол, хиймэл болохыг үзэгчдэд шууд мэдрүүлж, киног үнэмшилгүй болгодог учир энэ аргаас аль болох зайлсхийхийг судлаачид зөвлөдөг. Аавын дүрийн зөвхөн муу талыг үзүүлж нүгэлдээ шаналж буй зөрчлийг хангалттай гаргаагүйгээс үзэгчид “Энэ муу хүн өөрийгөө хөнөөтлөө дотроо ингэж л шаналж зовж явсан юм байх” гэж гэнэхнээр эсвэл гөрдөж таамаглахаас аргагүй болж байна.

Охин Хулангаа жирэмсэн болсныг мэдээд аав нь өөрийн жолооч Тулгыг охиндоо нөхөр болгож “өгдөг”. Жүжигчин Э.Мөнхтөрийн тоглосон Тулгын дүр “Амьдрал” киноны хамгийн тодорхойгүй, сулхан боловсруулсан дүр байв. Сайдын элдэв явдлыг зохицуулж аргалдаг үнэнч “барлаг” шинжтэй эл дүр анхнаасаа л өөрийг нь хүн байна гэж тоогоогүй эрх, давилуун Хуланг чухам яагаад хайрлах болов? Тулгын Хуланд хайртайн илэрхийлэл болсон “Би аавыг чинь бодвол өөртөө үнэнч байж чамайг чин сэтгэлээсээ хайрласан юм шүү” гэсэн үгс үнэний тэнгүй хоосон сонсогдох аж. Киноны дүрүүд гэдэг дэлгэцэнд нээж үзүүлсэн хэр хэмжээгээр оршиж, амилах ба тухайн дүр хэдий амьд, үнэмшилтэй болно төдий хэрээр үзэгчдийн сэтгэлд хүрч, холбогддог. Тулга хэдийн багахан туслах дүр ч сэтгэл, зан байдал, мөн чанарыг нь үзэгчид өөрсдөө ургуулж бодоод гүйцээгээд ойлгох биз гэсэн аястай дутуу гаргасан нь амьд дүр бус гол дүрүүдээ тодруулах зорилготой “оруулга” гэдэг нь илт мэдэгдэж киноны бодитой шинжийг буруулжээ.

Тасралтгүй сунаж мөргөсөөр Архангайн Төвхөн хийд хүрэхээр шийдсэн нь Хулангийн доторх эрс эргэлт, киноны гол учгийг атгасан чухал шийдэл байв. Харин хангалуун чинээлэг амьдралд туйгаж, хүссэнээ хийж дадсан, өвчтэй өвгөнийг анхааруулга болгох гэж хүүхдийнхээ өмнө мөнгөөр зогсоож байсан Хулангаас ийм шашинлаг агуулгатай чанад шийдвэр, сэтгэлийн хат тэвчээр гарах уу гэдэг үл ялиг эргэлзмээр. Үрийнхээ төлөө эх хүн ийм зориг төгс болдог гэж цайруулж болох ч аавынхаа мөнгө, эрх мэдэлд эрдсэн Хулангийн эрх дураар, задарсан зангийн цаана ганцаардал, хайр дутсандаа адарч буй эсэргүүцэл нуугдаж буйг илүү тодорхой харуулж, уй гашуугаа даван туулах олон хэлбэрээс өмнө ганц удаа бурханд залбирч харагдаагүй орчин цагийн залуухан бүсгүй гэнэт яагаад сунаж мөргөх замыг сонгох болов гэдэг учир шалтгааны уялдааг гаргасан бол Хулангийн дүр  эргэлзээгүй бүрэн гүйцэд болох байв. Мөнгөөр дутаагүй ч хайраар дутаж өссөн Хулангийн ганцаардлыг ээжийнхээ тухай нууцыг мэдчихээд аавдаа гомдолж буй уртаас урт ярианаас л үзэгчид мэддэг. Кино гэдэг өөрийн нарийн хэл хэллэгтэй дүрсний урлаг. Тиймдээ ч дүрүүдийн оршихуй, мөн чанар драмын жүжиг шиг үг хэл, диалагоор биш, дүрийн үйлдэл, зан төрх, киноны өгүүлэмжээр илрэх учиртай. Кино хэлний эл зайлшгүй чанарыг алдагдуулахгүй байх нь сайн киноны үндэс суурь болохыг уран бүтээлчид маань эрхбиш анхаарах биз ээ. Сайтар боловсруулсан тодорхой дүрийг жүжигчид дэлгэцнээ амилуулахад ч дөхөм байх нь дамжиггүй.

ЖҮЖИГЧДИЙН ТОГЛОЛТ

Сэтгэл хөдлөлийн олон хувиралгүй хүйтэн, яс аавын дүрийг туршлагатай жүжигчин Е.Баярмагнай торолгүй гаргаж байв. Харин дүрийн тодорхойгүй, бүрхэг байдлаас болоод Тулгын дүрийг бүтээсэн жүжигчин Э.Мөнхтөрийн тоглолт үзэгчдийн анхаарлыг төдий л татсангүй. Хүүгийн асрагч, хожим хүүг алга болсны дараа Хулангийн сунаж мөргөх аянд итгэлт хань болсон эмэгтэйн дүрийг жүжигчин Б.Навчаа хэвшиж дадсан тоглолтоороо гаргав. Хувийн онцлог зан байдал, дүр төрхдөө тулгуурлаж өөрийгөө өөрчилж эвдэлгүй гол төлөв нэг хэв шинжийн давтагдмал дүр бүтээдэг жүжигчинг “Зан төрхийн жүжигчин” буюу “Personality Actor” хэмээн тодорхойлдог. Б.Навчаа бол энэ төрлийн жүжигчин юм. “Зан төрхийн жүжигчин” өөрөө өөртөө л тоглох нь олонтаа тул жүжиглэж буй хиймэл байдал барагтай мэдрэгддэггүй, үзэгчдийн сэтгэлд ойр тусдаг давуу талтай. Амьдралын төлөө ганц биеэр гандан бууршгүй зүтгэдэг, зовсон нэгэнд элдэв хариу нэхэлгүй, гудайхгүй хань болдог хээгүй цөлх асрагч эмэгтэйн дүр “Амьдрал” киноны үзэгчдийн сэтгэлд хамгийн ойр, монголчуудын амьдралд цөөнгүй тохиодог танил дүр байв. Үүнийг ч жүжигчин Навчаа өөрийн сурсан тоглолтоороо сайн гаргасан. Хулангийн ээж, өрөөл татанхай сайдын охины зурвас дүрийг жүжигчин Б.Баярмаа жижиг дүр гэлтгүй тун чадмаг бүтээснийг мөн зориуд дурдмаар байна.

Өсвөр насны цадиггүй охиноос үрээ үзэж томоожсон эх хүн хүртэл хувирч, сэтгэл зүйн олон төрхийг гаргахаас гадна бие физилогийн чамгүй хүнд ачаалал авах шаардлагатай болсноороо Хулангийн дүрийг бүтээсэн Д.Пүрэвсүрэнд жүжигчний хувьд хамгийн хүнд ачаа оногдсон байв. Пүрэвсүрэнд сэтгэлзүйн хүчтэй илэрхийлэл, хувирлыг царай төрхөөрөө дориун илэрхийлэх чадвар буй ч түүнийг диалог, яриагаар гаргахдаа дутуу нь анзаарагдаж байв. Ялангуяа аавдаа сэтгэлээ нээж, гомдлоо тайлдаг сургамжилсан урт ярианы үеэр хүчилж, жүжиглэж буй нь илт мэдэгдэнэ. Мөн үг аяндаа, албадлагагүйгээр урсан гарч буй бус хүчилж, шахаад байх шиг хоолойнх нь онцлог өнгө жүжигчний тоглолтонд ялангуяа яриа, диалогийн үнэмшилтэй шинжийг сулруулаад байв. Бусдаар “Амьдрал”-аас оноосон хүнд ачааг жүжигчин Пүрэвсүрэн өөрийн хэр чадлаар дориун даагаад гарав.

НАЙРУУЛГЫН ШИЙДЭЛ, БЭЛГЭДЭЛ

“Амьдрал” кинонд Хулан голын эрэг дээр өтгөн цагаан манан дунд хувцсаа тайчин хайртай хүндээ охин биеэ өгч буй зүүдний гэмээр үзэсгэлэнт зураглал, хүүгээ алдсаны дараа хөхөнд нь сүү эвлэж өмнө төдийлөн мэдрэгдэж байгаагүй эх хүний зөн нь сэрж буйг сүүн бороо орж буйгаар харуулсан зэрэг найруулгын шийдлүүд онцгойрч байв. Найруулагч Ж.Сэнгэдоржийн өмнөх “Цагаан хадаг” кинонд цагаан тагтаа, улаан алим, шатаж буй мод зэрэг бэлгэдлийн элементүүд үзэгдэж байсан. Тодорхой тайлал, утга бүхий ийм бэлгэдлийг болгоомжтой ашиглахгүй бол тухайн киноны нэгдсэн цул уур амьсгал, хэмнэл, зохиомжийг сүйдэлж хаядаг гэмтэй. Кино хэдий хүний зохиомол бүтээл боловч сайн кинонд өөрөөр байх аргагүй зайлшгүй, жам ёсны шинж бүрдсэн байдаг. Хурц өрнөл, эрчтэй хэмнэл голлодог спортын төрөл жанрын кинонд үл авцалдах сүнслэг өнгө аяс оруулснаар “Цагаан хадаг” киног илт зохиомол, аль ч төрөл жанрын бус эргэлзээтэй эрэмдэг кино болгосон нь харамсалтай. Харин “Амьдрал” киноны хувьд найруулагчийн дээр дурдсан шийдлүүд драм төрөл жанртаа давгүй сүлэлдэн зохицжээ.

Найруулагч Ц.Сэнгэдорж 1999 онд сургуулиа төгсмөгц 23 насандаа “Диваажингаас амьдралд хүрэх зам” уран сайхны кино, 2003 онд “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киног найруулж залуу найруулагчийн гялалзсан авьяасаа баталж байв. Цаашлаад “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Ларьдмаа” зэрэг үзэгчдэд таашаагдсан ихэнх том төслүүд дээр ажилласнаараа энэ цагийн хамгийн чадварлаг найруулагч хэмээн зүй ёсоор үнэлэгдэх болсон билээ. Найруулагч сүүлийн бүтээлүүддээ харин тухайн төрөл жанр, кинондоо зохицоогүй найруулгын эрс шийдлүүд ашиглах, өдий болтол барьсаар ирсэн реалист арга барилаа өөрчилж, ихээхэн сүнслэг, бэлгэдэлт шинжийг кинонууддаа шигтгэх болсон нь анзаарагддаг. Энэ магад найруулагчийн туршлага, ид хав нь тэгширч, уран бүтээлчийн амбиц, хүсэл зорилго томрохын хэрээр түүнд нь таарсан дорвитой зохиол, кино төсөл таарахгүй байгаатай холбоотой байж мэдэх юм. Тиймээс найруулагчийн сүүлийн бүтээлүүд өмнөх чансаатай бүтээлүүдээ гүйцэхгүй, дулихан агуулгад яаж ийгээд өөрийн найруулгын шийдлүүдийг шингээх гэсэн нь төдийлөн амжилтгүй “хэлбэрдэлт” болж хувираад байх шиг.

ТӨГСГӨЛ

Юутай ч энэ мэт учрыг бичихэд хүргэсэн “Амьдрал” кино манайд төдийлөн элбэг биш эмэгтэй гол дүрийг товойлгож, үзэгчдийг үйлийн үр, үнэний эрэлд хөтлөх гэсэн чанадын зорилгоороо ялгарч байв. Өсвөр насны охины цадиггүйтэл, зугаа цэнгээн, амар хялбар амьдрал нь эцэс болж үрээ алдаж, эцгийнхээ үхэл, хууран мэхлэлтэд цочирдож зовсон Хулан бүсгүй сунаж мөргөх урт холын аян эхлүүлснээс эхлээд үзэгчид ч бас түүнтэй хамт эргэцүүлэл, асуултын аянд хамт гарч киноны уур амьсгал ч бясалгал эргэцүүллийн амгалан шинжтэй болж өөрчлөгдөх нь эрхгүй мэдрэгдэж байв. Хулан уй гашуу, шаналал зовлон, үйлийн үрээ холын замыг нэгэн үзүүрт сэтгэлээр сунаж мөргөн туулж, сэтгэлээ амирлуулан төвхнүүлж, үнэнийг эрэлхийлж байгаа нь яадаг ч байлаа маш хүчтэй илэрхийлэл, манай дотоодын кинонд ховор үзэгддэг онцгой, чанадын санаа байв. Харин Хулан үнэнийг эрж хайсан тэрхүү урт холын аяныхаа эцэст “...миний хүү амьд” гэх нь үхэл хэмээх энгийн үнэнтэй нүүр тулж чадаагүйг илтгэх шиг эргэлзээ төрүүлнэ. Үзэгчдийг ямарваа нэг эргэцүүлэл, бодрол, ухааралд хөтлөх учигтай киног илт сургамжилсан, эсвэл ингэж тодорхой үгийг заавал төгсгөлд нь хэлэхгүй л бол ойлгохгүй гэсэн үзэгчдээ басамжилсан эсвэл хэт “бөөцийлсөн” хандлага гаргадаг нь манай уран бүтээлчдийн нийтлэг дутагдал юм. Кино бүтээгчид маань өөрсдөө бүтээж буй киноныхоо “үл өгүүлэх” тусмаа ихийг “өгүүлдэг” далд чанар, үзэгчдэд яв цав нэгэн хариу тулгахаас илүү таавар эргэцүүлэх хоосон орон зай үлдээх нь ямарваа сэрэхүй, эргэцүүлэлд хөтлөх шидтэйг товчхондоо кино урлагийн хүмүүний далд ухамсарт ч хүрч чадах хүчирхэг нөлөөлөл, хүч чадалд итгэх учиртай санагдана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
2
20 цагийн өмнө
tvN-ий түүхэн дэх хамгийн өндөр хандалттай 15 драм
3
Уржигдар
Гэртээ кино үзээд бэлэг аваарай
санал болгох
1
21 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.