Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Б.Алтанхуягийн "Муурын байшингуудын түүх" номын онцлох 16 эшлэл

"Аз жаргал халуун чинжүүнээс гашуун зүйл байв."



 

 

МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Монцамэ” агентлагийн урлаг, соёлын тоймч Балдоржийн Алтанхуягийн “Муурын байшингуудын түүх” метафор өгүүллэгийн түүвэр номын онцлох эшлэлүүдийг танд хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

*           *           *

Хэдий муурын байшинг эцэг минь миний төсөөлснөөр дүрсэлж яриагүй боловч нэрнийхээ агуулгад огтхон ч тохирохгүй хэлбэртэйд нь би өөрийн эрхгүй догдолсон юм. Энэ нь эцгийн минь хэлсэн бүгд үнэн байдаггүй гэсэн үзэл санааны минь тунхаг байв.

*           *           *

Эцсийн эцэст бидний ярьсан зүйлүүд хар багаас л дотор минь оршдог байсан, насанд хүрэх тусам дотрыг минь бүхэлд нь эзэмдэж эхэлсэн  жинхэнэ тамын үлгэрүүд байж билээ.

*           *           *

Аяа зовлон чи хэзээ өөрийнхөө амийг хороон боомилж хүсэл шуналын хязгаартайгаа хамт хаяа үгүй уудмын гүнд цөлөх вэ?

*           *           *

Магадгүй бид ч бурханд зүгээр л нэг агшинд усаа ихдүүлж зуураад цувиад орхичихсон гурил төдийхнөөр ажиглагддаг байж болох шүү дээ.

*             *             *

Саяхан л улаан даашинз өмсөөд гэрээсээ гардаг байсан эхнэр нь хар ноосон цамцнаас салахаа байсныг гэнэт анзаарав. Ингэхэд намар ямар хувцастай ажлаасаа ирдэг байлаа. Санах зүйл нэгээхэн ч алга.

*             *             *

Олон л хүн энэ ялаанууд шиг үхсээр буй. Тэднийг харин хэн шүүрдэж, хогийн сав руу чулууддаг хэрэг вэ? Би ч бас хогийн сав руу тэмүүлж, тэр л бохир газар луу цаас шиг үрчийсэн арьсаа тээгээд очихын тулд амьдарч байгаа гэж үү? Мэдэхгүй юм даа, хогийн савны төлөө ч болов амьдрах хэрэгтэй.

*             *             *

Зүүд л эхнэрийнх нь ухамсрыг бодит байдлаас холдуулах тусам, туйлдаж ядарсан ухамсар нойрон дунд нь бүтсэн эмх замбараагүй хийсвэр ертөнцийг хамгийн бодитой зүйл гэдэг итгээд байгаа хэрэг. Энэ үед түүнд ялаа ч тэр, эхнэр нь ч тэр уйтгартай, хөдөлгөөн бүр нь залхмаар хөшүүн санагдахуй нууц амрагийнх нь хэлсэн “Дараагийн удаад хийхдээ би хөхөвчөө тайлахгүй байж болох уу” гэх үгс тархинд нь харван орж ирэв. Эхнэрийнх нь яриад буй залбирал үйлдэгч өчүүхэн муу ялааны дэргэд энэ өгүүлбэр л хавьгүй амьд сонстоно. 

*            *           *

Нар хэмээгдэгч асар том халуун бөмбөлөгийг өрөөсөн нүдээ хагас аниад өндөгнийхөө ард нууцлах шиг сэтгэлийн мухарт харанхуйд дарагдаж уусаад бараг л мартагдах шахсан энэ нэгэн түүх нойр хулжсан шөнүүдэд надад хань болдоггүй ч улам ихээр ганцаардаж, шаналан зовоход минь тусалдаг юм.

*           *           *

Чи ч бас борооноос илүү цасанд дуртай биз дээ. Яг л цас хараад баярлаж дараа нь уйлдаг, тэгээд цасыг үзэн ядаж хараан зүхдэг, миний дотор хүн шиг цасыг хайрлаж тэр хайраасаа урвадаг болохоор чинь би чамайг дэргэдээ байлгахыг хүсдэг.

*           *           *

Багадаа эцгийн дуулахаас илүүтэй эмээгийн тэжээдэг муур өөдөөс цоргитол ширтээд хяхтанасан төмөрлөг дуугаар мяулах нь дээр санагддаг байсан юм. Уг нь муур нялуун дуугардаг биздээ, гэтэл тэр хар муур цаанаа л нэг төмөр хяхтнаж буй юм шиг хачин сөөнгө хоолойгоор чарладагсан. Харин одоо бодоход эцэг минь сайхан дуулдаг байж билээ. Гэхдээ дуу гэдэг зөвхөн онцгой, тийзтэй зоригчдын хоолойнд л тохирсон байдаг. Тиймээс эцэг минь хэдий сайхан дууллаа ч тийзгүй хэвээрээ үлдсэн юм.

*           *           *

Ер нь эмэгтэй хүн нэг зүйлд дасахаар түүний төлөө бүхий л үнэ цэнэтэй зүйлсээ золиосолж чаддаг. Магадгүй өөрийгөө авсан дотор хийгээд булшны нүх рүү гар, хөлөө хөдөлгөлгүйгээр сэтгэл зүрхээрээ орж чадах тийм их хүч чадал, нууцлаг увдис дотор нь бий гэдэгт итгэдэг учраас л охин чулуунд цохиулж суухдаа хөдөлдөггүй байсан байх.

*           *           *

Хэнтэй ч ярилцахгүй, хэн нэгний төлөө санаа зовохгүй байх нь аж төрөхүйн гойд сайхан хэлбэр боловч урт шилбэтэй охидод дурлахгүй байна гэдэг хамгийн хэцүү зүйл.

*           *           *

Магадгүй агуу их хаан Александр энэ хүүхэлдэйнд дэлхийн хамгийн тансаг хувцас оёж өгөх санал тавибал Цэцнээ нүцгэн тоглоомоо ардаа нууж байгаад Диогеных шиг хариулт хэлэх байсан гэдэгт би бүрэн итгэнэ. Энэ орчлонд ирснээсээ хойш огтхон ч нар салхи үзээгүй мэт тас хар үстэй, давхар ургачихсан шүд шиг урт соёотой, том хүрэн нүдтэй тэр охин жинхэнэ Афродита байсан.

*             *             *

Хүмүүсийн аж төрөхүйд гойд сайхан юм юу ч байдаггүй бөгөөд гагцхүү өөрийнхөө араншинг хүлээн зөвшөөрч ухамсартаа бусдын анзаараагүй зарим зүйлсийг тусган авахад л ганц нэг шинэ зүйл сунжирсан, уйтгартай өдрүүдийн гүнээс ургадаг биз ээ. 

*           *           *

Угаас бүхий л амьд байгаа хүмүүс залуу, эсвэл хүүхэд насандаа азгүй тохиолдоор хорвоог орхисон үхэгсдийн насыг хувааж авчихаад л ийм золгүй байдлаар аж төрцгөөдөг ч юм билүү.

*           *           *

Аз жаргал халуун чинжүүнээс гашуун зүйл байв.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2019.01.04
Женнифер Энистоны шилдэг эшлэлүүд
2
2019.01.03
Дэлхийг өөрчилсөн 10 суутны өвөрмөц гарын үсэг
3
2019.01.03
BBC Radio Монгол уран бүтээлч Бодьхүүг онцолж, дуунуудыг нь эгшиглүүлжээ
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.