Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

“Эмпати” сургуулиуд ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай болсноор Кембрижийн хөтөлбөрт шилжинэ

“Эмпати” сургуулийн үйл ажиллагаа маш сайн байгаа тул бид шууд өөрчлөлт хийхгүй.


Монгол Улсын боловсролын салбарт 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа “Эмпати Ертөнц” ХХК-ийг монголчууд сайн мэднэ. Тус компанийн харьяа “Улаанбаатар Эмпати”, “Дархан-Уул Эмпати”, “Орхон Эмпати”, “Баян-Өлгий Эмпати” болон “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулиуд ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай болсон байна. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХБНГУ-ын “Ewe Empathy Worldwide Education” ХХК “Эмпати Ертөнц” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авсан талаар тус компаниас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн хуралд “Ewe Empathy Worldwide Education” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Иозеф Функе оролцож, мэдээлэл өгөн, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Гүйцэтгэх захирал Иозеф Функе “Юуны өмнө ХБНГУ-ын “Ewe Empathy Worldwide Education” ХХК “Эмпати Ертөнц” ХХК-ийн 100 хувь хөрөнгө оруулагч болсныг мэдэгдэж байна. Бид өнгөрсөн оны 10 сард хувьцааг худалдан авснаар тус компанийн таван сургуулийн үйл ажиллагааг цаашдаа хариуцан ажиллана. Энэ сургуулийн сурагчид дэлхийн жишигт нийцсэн боловсрол эзэмшиж байгаа. “Эмпати” сургуулиуд маш амжилттай ажиллаж байгаа бөгөөд орон нутагт байгуулсан сургуулиуд нь Монголын боловсролын салбарт оруулсан бас нэгэн том хувь нэмэр юм гэж би боддог. Миний зорилго бол энэ амжилтыг улам бататгаж, цааш нь хөгжүүлэх явдал. Манай сургуулийн сурагчид гадаад дотоодын уралдаан тэмцээнд амжилттай оролцохоос гадна их дээд сургуульд элсэх конкурс шалгалтад 100 хувь тэнцдэг. Төгсөгчдийн 40 гаруй хувь нь Америк, Япон, Герман зэрэг дэлхийн 40 гаруй оронд суралцаж байна. Манай таван сургууль Германы хөрөнгө оруулалттай болсон нь хөгжлийн бас нэгэн томоохон алхам болж байгаа юм” гэж ярилаа.

Ингээд “Ewe Empathy Worldwide Education” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Иозеф Функе сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-    Таны ажил юунаас эхлэв?  
-    Би Германаас ирээд удаагүй байна. Юуны өмнө сургуулиуд дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцан, хаана, юунд анхаарах шаардлагатай байгааг судаллаа. Дөрвөн сургуулийн сурагчдын эцэг эхтэй уулзаж, ярилцлаа. Тэд сургуулийн үйл ажиллагаа, багш мэргэжилтнүүдийн эрдэм мэдлэг, хүүхдүүдэд олгож буй боловсролд сэтгэл тун өндөр байгаагаа хэлж байлаа. Мөн Монголын төрийн байгууллагуудын төлөөлөгчтэй уулзахад биднийг бүх талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн. Түүнээс гадна Германы ЭСЯ, Монголд байгаа Германы байгууллагуудтай ч хамтран ажиллах болсон. Миний зорилго бол Германы сургалтын системийг Монголын боловсролын системтэй холбож ажиллах, монгол, герман сурагчдын солилцоог бий болгох, сургуулийнхаа сурагчдыг Германд суралцах боломжийг нээж өгөх явдал.

-    Сургалтын хөтөлбөрт ямар өөрчлөлт орох вэ? Шинэ хөтөлбөр хэзээ эхлэх вэ?
-    “Эмпати” сургуулийн үйл ажиллагаа маш сайн байгаа тул бид багш, ажилчдын хувьд ямар нэг өөрчлөлт хийхгүй. Сургалтын хөтөлбөрт ч шууд өөрчлөлт хийхгүй. Төлөвлөсөн зүйл гэвэл герман багш нар авчирч, герман хэлийг түлхүү заах болно. “Улаанбаатар Элит” сургууль Кембрижийн хөтөлбөртэй. Цаашдаа орон нутгийн салбарууд Кембрижийн хөтөлбөрт шилжиж байгаа нь анхны том өөрчлөлт юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн хөтөлбөрийг орон нутагт түүчээлэн нэвтрүүлж байгаа нь манай сурагчдын хувьд том давуу тал болно. Гүйцэтгэх захирал ч өөрчлөгдөхгүй, хэвээр үлдэнэ. Миний хувьд Германаас 2-3 сард нэг удаа ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байх болно.  
-    Монгол Улсын сургалтын хөтөлбөртэй хэрхэн уялдаж ажиллах вэ?
-    Манайх герман хөрөнгө оруулалттай ч монгол сургууль тул Монголын боловсрол, сургалтын системээр сургалт явагдана. Дээр хэлсэнчлэн эцэг эх, сурагчид үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа тул өөрчлөлт хийхгүй. Гадуур манай сургууль хаагдах яриа гарсан байсан. Сургууль хэвийн ажиллах болно гэдгийг эцэг эх нарт дамжуулаарай. Ямар ч санаа зовох зүйлгүй. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.

“Ewe Empathy Worldwide Education” ХХК-иас ойрын хугацаанд зарим сургууль дээр өргөтгөл, шинэ байрны төслүүдийн судалгаа, хөрөнгө оруулалтын төсвийн тооцооллууд хийж байна. Ийнхүү 1994 оноос Монголын боловсролын салбарт шинэ салхи оруулж, манайд хоёр гадаад хэлээр хичээл заадаг анхны сургуулийн нэг болсон “Эмпати” сургуулиуд шинэ шатанд гарлаа.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
2 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
21 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
0
38
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.