Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

С.Баярцогт: Оюутолгойн гэрээнээс Монголын хүртэх өгөөжийг би 3 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн

Сангийн сайд асан С.Баярцогтын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Тэрээр хэлэхдээ, 

"Өнгөрсөн даваа гарагт Олон улсын нэр хүндтэй Ройтерс агентлагийн мэдээ гарсныг та бүхэн мэдэж байгаа. Монголын нэлээд олон сайт бүтнээр нь болон хагаслаад орчуулаад гаргасан. Манай нам тодорхой хэмжээний шийдвэрүүд гаргаад, намын дарга нарын шийдвэрийн дагуу намайг намаас хассан. Яригдаж байгаа зүйлүүд бол МУ-ын хамгийн том төсөл болох Оюутолгойн төсөлтэй холбоотой учраас тодорхой хэмжээний тайлбарыг өгөх нь зүйтэй юм.

Мэдээж маш олон хүнд эргэлзээ, хардлага байгаа. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Дээрээс нь манай хууль, хүчний байгууллагууд энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Миний бие АНУ-д оюутан болчихсон. Гэхдээ ийм асуудал гарсан учраас энэ хэргээ эцэслэж дуустал эндээ байна.  

Оюутолгойн төсөл бол 70-100 жилийн настай том төсөл. Энэ төслийг хийсэн хүмүүсийг “Ийм том төсөл хийсэн юм чинь ямар нэгэн байдлаар авлига, хээл хахууль авсан байгаа”, “Энэ төсөл Монголд ямар ч ашиггүй болсон. Тийм учраас энэ хүмүүсийг шалгах хэрэгтэй” гэж олон жил ярьж байна. Оюутолгойн гэрээ байгуулагдаад, хэрэгжээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. 

Би нэг зүйлд маш их баяртай байгаа. Монгол Улсын АТГ, Швейцарийн холбооны улсын Ерөнхий прокурорын газартай хамтран надад эрүүгийн хэрэг үүсгээд зэрэг шалгаж байгаа. Энэ бол эцсийн дүндээ үнэн мөнийг нь гаргаад нэг талдаа шийдвэр гаргах сайхан боломж болж байгаад итгэж байгаа. Яагаад гэвэл манайхан өөрсдөдөө итгэдэггүй. Тийм учраас үнэхээр надтай холбоотой данс, Швейцарийн кредит сервисс банкинд байсан учраас Швейцарийн тал хамтран шалгаж, эцэслэх нь хүмүүсийн эргэлзээг тайлах сайхан боломж гарч байгаад баяртай байна. 

Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Оюутолгойн төслийг Риотинтотой хийсэн хэлэлцээрийг гардаж, удирдаж байсан хүний хувьд хамтрагчтайгаа маргалдах, хардаж сэрдэх зүйлүүд байнга гардаг. Яагаад гэвэл татварын асуудал, Монголын гаралтай түүхий эд, материалыг энэ төсөлд нийлүүлэх гэх мэтчилэн асуудлууд яригдана. 2009 онд энэ төсөл дээр ажилласан хүмүүс Монгол Улсынхаа төлөө чин сэтгэлээсээ, чөмгөө дундартал зүтгэж байж энэ гэрээг хийсэн. Энэ гэрээ сайн гэрээ болсон. Энэ гэрээг сайжруулахын тулд байнгын хэлэлцээр явагдаж байгаа. 2011 онд бид нар энэ гэрээний хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт хийсэн. Би гэрээ, хэлэлцээрийг удирдсанаасаа хойш Монголын хүртэх үр өгөөжийг 2009 онд 3 тэрбум ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлтөөр тэрбум гаруй ам.доллараар сайжруулсан. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлтөн дээр “7 жил тутам хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээ харилцан ашигтай байхаар талууд хэлэлцэх ёстой” гэсэн заалт оруулсан. Энэ хугацаанд 2018 онд болж байгаа Засгийн газар хүүгээ дахин бууруулах талаар, зохистой түвшинд байлгах талаар хэлэлцээр хийж байгаа. Мөн Риотинтогоос татварын өрөндөө татвар дээр торгууль тавьсан. Тэрийгээ төлөхгүй гэдэг асуудал ярьж байгаа. Ийм эдийн засгийн асуудалтай зүйл бол энэ 70 жилийн туршид олон Засгийн газар дамжиж хэрэгжинэ. Тийм учраас энэ гэрээг анх хийхэд үнэхээр хийсэн хүмүүс нь чин шудрагаар Монгол улсдаа ашигтайгаар хийсэн, эсэхэд эргэлзээ тайлахад над дээр болон бусад хүмүүс дээр яригдаж байгаа шалгалтаар бүрэн дүүрэн ил тод болно. Би үүнд баяртай байгаа. 

Би Монгол Улсын нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалуудыг олон удаа хашиж, хүнд хэцүү шийдвэрүүдийг гаргаж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах хэмжээний оюун ухаан, бизнесийн чадвартай. Хувь хүнд их хэмжээний мөнгө ерөөсөө хэрэггүй. Аз жаргалтай амьдарна гэдэг бол өөрийнх нь хүсэл зоригоос хамаардаг зүйл. Гэхдээ хардах эрх хүн бүхэнд байгаа гэдэг уриан дор улстөрчийнхөө өрсөлдөгчийг зайлуулах, эсвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур болсон ийм том төслийн нэр хүндийг гутаах, зогсоох, оролцогч талыг өөрчлөх гэсэн хүсэл сонирхол бол гадны улс орнууд, компаниудад үргэлж байдаг. Би ганцхан жишээ хэлье, 2009 оны аравдугаар сарын 6-нд энэ гэрээ зурагдсан. 2010 оны аравдугаар сарын 06-нд Станбулд ОУВС-гийн намрын уулзалтан дээр ОХУ Монголд өртэй гэдгээ зарласан. Яг энэ өдөр. Бид нар бүгдээрээ бодох хэрэгтэй. Монгол Улс бол үнэхээр том хоёр хөршийн дунд оршдог. 

Тийм ч учраас бид нар үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолынхоо асуудлыг цэрэг, дайны байдлаар баталгаажуулж чадахгүй. Орчин үед ийм зүйл байхгүй. Тиймээс аливаа улсын үндэснийхээ эрх ашгийг эдийн засгаар, хөгжлийн аргаар баталгаажуулдаг. Тэр ч утгаараа Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 30, 30, 40 гэсэн зарим байдаг. Энэ бол хоёр хөршөөсөө ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, хоёр хөрштэйгөө хийх гадаад худалдааны эргэлт болж өгвөл нийт 100 хувийн 30, 30 хувь байгаасай, 40 хувь нь гуравдагч хөршүүдтэй хийж байж МУ үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо эдийн засгийн аргаар баталгаажуулж чадна гэж үзсэн барим бичигтэй, хууль дүрэмтэй улс. 

Оюутолгойн гэрээ бол гуравдагч улсаас оруулсан Канад, Австрали, Англи улсаас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Энэ бол Монгол улсад юугаараа ашигтай байсан бэ гэвэл Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр энэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс эхлээд Оюутолгой татвараа төлж байгаа. Монголын хамгийн том татвар төлөгч нарын нэг болсон. Маш олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Дээрээс нь маш их ноу-хау, менежментийн туршлагыг Монгол Улсад авчирч байгаа. Дэлхийн хоёр номерийн компани Монголд ажиллаж байгаа нь Монголд бизнес хийж болох итгэлийг гадаадын бүх хөрөнгө оруулагч нарт өгч байгаа. Бид нар шууд мөнгөн дүнгээр үнэлж болохгүй маш олон зүйл байна. Тиймээс Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс нь авлига, хээл хахууль авсан байна, үүгээр далимдуулж энэ гэрээг хүчингүй болгоё, Оюутолгойн НӨАТ талын оролцогчийг сольё гэсэн санал хэнд байх юм бэ? Бид нар цөөхүүлээ. Үнэхээр том хоёр том улсын дунд оршдог. Бид эвтэй байхад л хүчтэй байдаг. Эдийн засгийн хувьд хөгжсөн үедээ л үндэснийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулж чадна. Эх оронч байгаа нь энэ гээд бусад улсруу дайрдаг, бусад улсыг муулдаг байж болохгүй. Эх оронч байна гэдэг бол бусад улстай найрсгаар зэрэгцэн оршоод улс орноо хөгжүүлэх тухай л асуудал. 

Би Монголын төрд 20 гаруй жил ажилласан. Маш хүнд шийдвэрүүдийг гаргалцаж байсан. Надтай холбоотой ямар нэгэн тендерийн, ямар нэгэн авилгын асуудал урьд нь нэг ч удаа тавигдаж байгаагүй. Их залуу гишүүн байсан учраас эмэгтэй хүнтэй л холбож бичдэг байсан. Оюутолгойн гэрээг зурагдсанаас хойш асар их асуудал намайг тойрох болсон. Үнэхээр элдэв янзаар олон жил хэлүүлэхээр, надад итгэж байсан сонгогчид итгэл алдарч байна. Би маш олон ажлыг өөрийн улстөрийн карьер, нэр төрөөрөө дэнчин тавьж байж олон ажлыг монголын төрийн төлөө зохицуулж байсан. Олон хүн зориглоод хийж чадахгүй байсан. Оюутолгойн гэрээг хүмүүс мэдэж л байгаа. Дөрөв, таван Засгийн газар дамжаад, гурван их хурал дамжаад хийгдэж чадахгүй байсан гэрээ. Ордны өмнөх бунхны асуудал, Чингисийн хөшөөг орныхоо өмнө байрлуулах асуудал. Сүхбаатар, Чойбалсан гуйн шарлыг зөөж байхад миний хажууд нэг ч сайд байгаагүй. Нэг ч УИХ-ын гишүүн байгаагүй. Ер нь бол өөрийнхөө улс төрийн карьераар эрсдэл хийгээд итгэл үнэмшилээрээ энэ улсыг хөгжүүлэхийн төлөө хэн нэгэн хүн золиос гаргаж байж энэ улс орон хөгжинө. Түүнээс биш байнга сонгогч нартаа таалагдаад энэ улс орон хөгжихгүй. Популист амлалт авч, хэрэгжүүлэх тусам энэ улсын хөгжил доройтно. Хөгжлийн асуудал хойшлогдоно. Хэцүү, хүнд шийдвэрүүдийг бид ний нуугүй хэлээд л хийх ёстой. 

Дараагийн асуудал нь Ройтерс агентлаг нэр хүндтэй агентлаг. Гарсан мэдээг нь хүмүүс үнэн гэж хүлээж авдаг. Би тэр мэдээг уншсан. Харамсалтай нь маш их субъектив дүгнэлттэй мэдээ байсан. Та нар уншсан байх. Тэрэн дээр бичигдсэн хоёр тоо үнэн байна. Энэ зүйлийг би ялгаж, салгаж яръя гэж бодож байна.

2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө маш хүнд хугалаад 6 сар орчим хэвтэрт байсан. Тэр хооронд ингээд улстөр байхгүй, өвчтэй байх юм бол би юу хийх ёстой вэ гэж бодсон. Хамгийн сайн чадах зүйл бол мэргэжлийнхээ дагуу олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцааны бизнес хийж чадах юм байна гэж бодсон. Өмнө би бь хүн толгойгоо ажиллуулаад ийм бизнес хийх бололцоотой гэдгийг 1996 онд Германд сургууль төгсөж ирэхдээ 20 мянган дойч маркийн төсөлтэй ирж байсан анхны монгол оюутан. 1996 онд  20 мянган дойч марк бол их мөнгө байсан. Дараа нь би 2001 онд Колумбийн их сургуульд сурахдаа Дэлхийн банк, Японы Засгийн газраас 70 гаруй мянган долларын тэтгэлэг авч байсан. Бүгдийг нь би төсөл бичээд ийм боломж байна гээд авч байсан. Ингээд найз нартайгаа нийлээд, дээрээс нь монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарьт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008, 2009 онд хямрал болсон учраас тэр зээл өгсөн хүн зээлээ бүгдийг нь эргүүлээд авсан. Үлдэгдэл мөнгийг нь 2013 онд бүх данс, компани хаагдахад дууссан. Одоо надад Швейцарьт юм уу ямар нэгэн байдлаар данс байхгүй ээ. Тэр царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол харамсалтай нь 10 жилийн өмнө надад тус болж өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн монгол бизнесмэний дансыг царцаасан байна. Энэ бол Монголын л мөнгө. Тийм учраас олоо энэ үүссэн байгаа хэргийг шийдсэний дараа тэр хүний мөнгийг гаргаж өгөх байх. Ийм л зүйл болсон. Тэгэхээр Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө хувь хүнийхээ, сул гишүүн байхдаа хийгдсэн асуудлыг хөндөж, Оюутолгойтой шууд уялдуулсан мэдээлэл болсноороо Ройтерийн мэдээ маш учир дутагдалтай, маш субъектив байсан. Олон улсад нэр хүндтэй мэдээллийн байгууллагын нэр хүндийг унагаасан мэдээ болсон. Би яагаад тэгж хэлж байна вэ гэхээр тэр мэдээ гарсны дараа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Риотинтогийн хувьцааны үнэ унасан. Энэ хэний ашиг сонирхол вэ, бид бүгдээрээ бодох хэрэгтэй шүү дээ. Тийм учраас энэ зүйлсийг бид нар ялгаж, салгаж ойлгох ёстой. 

Ардчилсан намын хувьд гаргасан шийдвэр нь эмгэнэлтэй. Надаас хэн ч, юу ч асуугаагүй. Англи хэл дээр ч, монгол хэл дээр ч энийг бид нар сэжиглээд шалгаж байна гэсэн дүгнэлт байсан. Шүүхээр асуудлыг шийдэж дуустал хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол бүх ардчилсан нийгмийн ардчилсан улсуудын зарчим. Манай намын удирдлагууд ийм дуулиан, шуугианыг далимдуулаад маш богино хугацаанд намаас хөөж байгаа юм. Надад Сүрмаажав гуайг намын эсрэг бүлэг гээд, 50 онд сэхээтний төөрөгдөл гээд, баруунтан, зүүнтэн гээд олон хүнийг хэлмэгдүүлж байсан гашуун туршлага харагдаж байна. Гэхдээ үүнийг бодох хэрэгтэй. Баярцогтыг ингэж болдог юм байж, “Бүгдээрээ дуугүй байя” гэвэл энэ нь аажуухан явсаар байгаад дарангуйлал болдог юм. Дэлхийн II дайны үед хэлсэн үг бий. Еврейчүүдийг бариад явахад хэн ч дуугараагүй, коммунистуудыг бариад явахад хэн ч дуугараагүй, үйлдвэрчний эвлэлийнхнийг бариад явахад хэн ч дуугараагүй, намайг бариад явахад дуугарах хүн байхгүй болчихсон байсан. Тэгэхээр Ардчилсан нийгэмд бид нар алдаж, оноод, хөгжиж дэвшээд шүүмжлүүлэх юмтай явж байна. Тэгэхдээ үндсэн суурь зарчмаа хамгаалах ёстой. Хамгийн үндсэн суурь зарчим бол хүний эрхийн асуудал, хувийн өмчийн асуудал, шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх тухай асуудал. Энэ асуудлуудыг хавчин боогоод эхлэвэл ардчилсан нийгмийн зарчим ганхана. 

Өнгөрсөн 27 жилийн туршид бид нар нэгдсэн бодлого явуулж чадаагүйд харамсаж байна. 
Би Оюутолгойн гэрээ үнэхээр зөв, ямар ч авлигагүй, шударга гэрээ болсон гэдгийг та бүхэнд харуулна. Энийг би харуулах биш Швейцарь, Монголын хүчний байгууллагууд харуулж чадна. Есөн жил болчихоод байхад энэ асуудал тасрахгүй байна шүү дээ. Одоо энэ төсөл 100 жил болно. 100 жил болох учраас энэ асуудлыг ингэж цэгцлэх нь зүйтэй.

Би 2013 онд УИХ-ын гишүүн байхдаа АТГ-т шалгуулж байсан. Одоо жирийн иргэн болчихоод бас АТГ-т шалгуулж байна. Би хууль хүчний байгууллагад хүндэтгэлтэй хандаж байгаа. Хандах хэрэгтэй гэж үзэж байгаа олон нийтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ өөрийнхөө байр суурийг та бүхэнд нээлттэй, ил тод хүргэнэ” гэлээ.

 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
15
14
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.