Хайх зүйлээ бичнэ үү

мин

Г.Занданшатар: Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын саналгүйгээр үйл ажиллагаанд нь хууль, тогтоомж гаргахгүй

"МОНГОЛЫН ЭРДЭС БАЯЛАГ-УУЛ УУРХАЙ 2018" хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болж байна.


Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрөө сурталчлах зорилгоор анх удаа “Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Г.Занданшатар чуулга уулзалтад оролцож, хөрөнгө оруулагчдад хандаж үг хэллээ.

“Монгол Улсын эдийн засагт хавар ирж байна. Засаглал сайжирч, хариуцлага жигдэрч, эдийн засгийн өсөлт ч нэмэгдэж байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар төсвийн тэнцэл сүүлийн долоон жилд анх удаа ашигтай гарлаа” гэж тэрбээр онцоллоо. 

Засгийн газраас шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, төрийн бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилт тавьж, энэ оныг “Хариуцлагын жил”-ээр зарласан. Төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй үзүүлэх нь бизнесийн орчныг тогтворжуулахад чухал нөлөөтэй гэлээ.

Монгол Улсын экспортын 80-90 хувийг эзэлдэг эрдэс, түүхий эдийн үнэ өнгөрсөн оноос тогтворжиж, цаашид зарим бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байна. Гэвч Монгол Улсын эдийн засаг дахь түүхий эдийн үнийн мөчлөг дагасан, бие даах чадваргүй, өрөөсгөл, эмзэг бүтцийг засаж, шинэчлээгүй тохиолдолд цаашид хямралд байн байн өртсөөр байхыг эдийн засагчид, санхүүчид сануулж байна.

Тодруулбал, эдийн засгийн бодит өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч 2016 онд 1.0 хувь болж буурч, 2017 онд 5.1 хувь болж өслөө. Хөрөнгө оруулалтын орчин муу байгаагаас гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, гадаад валютын нөөц дундарсантай холбоотойгоор макро эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл учирч, улмаар улсын төсөв, төлбөрийн тэнцэлд хүндрэл үүссэн. Харин өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ нэг тэрбум 500 сая ам.долларт хүрээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл эргээд сэргэж байгаа үзүүлэлт юм. Энэ өсөлтөд танай эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт ихээхэн жин дарж байгаа. Иймд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, тогтвортой байлгах нь холбогдох Төр засгийн байгууллагуудын нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт байх ёстойг гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар онцоллоо.

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээнүүдийн тусган хэрэгжүүлж байна. Тухайлбал:

-  Засгийн газрын дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг шинээр байгуулан ажиллаж байна. Тус зөвлөл нь хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчныг сайжруулж, урт хугацаанд хуулийн хүрээнд тогтвортой хамтарч ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиглэлд амжилттай ажиллаж байна.

-  Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр судалгаа хийж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах, мөн Монгол Улсын Хөрөнгө оруулалтын орчин, шинэчлэлийн бодлого, стратеги хөтөлбөрийн төслийг боловсруулах, лиценз тусгай зөвшөөрлийг хялбарчлах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулан ажиллаж байна. “Цахим шилжилт” стратегийг Засгийн газар өөрөөсөө, төрийн байгууллагуудаас эхэлж хэрэгжүүлнэ. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээний ихэнхийг цахимаар, гар утаснаасаа авдаг болно.

-  Хөрөнгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон нийтийн оролцоог хангах эрхзүйн орчныг сайжруулна. Ингэснээр үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд үнэт цаасаа олон нийтэд гаргах, нээлттэй хувьцаат компаниуд зах зээлд улам бүр нэмэгдэх нөхцөл бүрдэнэ;

-  Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон төслүүдийг урт хугацааны санхүүжилтээр хангах зорилгоор Баялагийн сан - Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар судлаж байна;

-  Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслийн механизмыг хөрөнгө оруулагч нарт тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г байгуулан ажиллуулж эхлээд байна.

-  Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дэргэд “Хууль хяналтын байгууллагуудаас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулах, үндэслэлгүйгээр хорих, хилийн хориг тавих асуудалд хяналт тавих байнгын ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан ажиллуулж байгаа болно.

Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах механизмыг байгуулж ажилласан нэг жилийн хугацаанд багагүй ажлууд хийж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, итгэлийг сэргээх талаар ажиллаж байна.

Тухайлбал, Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтын хамгаалалтын үндэсний тогтолцоог бүрдүүлэх, бодлогын тогтвортой байдлыг дээшлүүлэх хүрээнд Дэлхийн банк болон бусад улс, гадаад улсын элчин сайдын яамд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, тэдний санал хүсэлтийг байнга сонсож, үйл ажиллагаандаа тусгаж, санал гомдлыг Засгийн газар шууд хүлээн авч шийдвэрлэж ирсэн.

Мөн Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг Дэлхийн банк групп, Олон улсын санхүүгийн корпорациас байнга дэмжиж ирсэн бөгөөд Монгол Улс “Дэлхийн Хөрөнгө Оруулалтын Орчныг Шинэчлэгчдийн Нийгэмлэг”-ийн анхны санаачлагч, үүсгэн байгуулагч орноор сонгогдсон нь бидэнд итгэл найдвар үзүүлж буй нэгэн хэлбэр гэж ойлгож хүлээн авч байгаа. Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгон хөгжүүлж төр, хувийн хэвшлийн итгэлцлийг бэхжүүлэх, засаглал, бизнесийн орчныг сайжруулах зорилгоор Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо”-г ЗГХЭГ-ын даргын түшаалаар байгуулсан.

Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо нь төрөөс хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдүүдээс санал авч, тэдний төлөөлөл бүхий хорооны хурлаар хэлэлцүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг мэдээллээр хангах, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэгтэй. Товчхондоо хувийн хэвшил, тэр дундаа хөрөнгө оруулагчдаас саналыг нь авахгүйгээр, сонсохгүйгээр тэдний үйл ажиллагаатай холбоотой аливаа хууль тогтоомж, бодлогын шийдвэр гаргадаггүй байлгахад чиглэгдэнэ. 

Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчид өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах чиглэлд идэвхи, санаачилгатай байж, төрийн байгууллагуудад саналаа хүргүүлэн идэвхитэй хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчид та бүхэнд уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.29
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмнэ
2
2024.03.18
Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцож, саналаа ирүүлсэн байна
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
14
23
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.