Хайх зүйлээ бичнэ үү

Дэлхийн аваргын өмнө би инстаграмд бичсэн зүйлүүдийг уншихгүй байхыг хичээж байсан. Чадаагүй.

“Пёнчан 2018” олимпийн наадмын аварга Алина Загитова Италид болсон уран гулгалтын ДАШТ-д медаль хүртэж чадаагүй билээ. Тэмцээний дараа тэр сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

- Таны ялагдахад ордонд байсан хүн болгон л гайхаж байлаа. Одоо таны сэтгэл бага зэрэг тайвширсан уу?
- Бүхнийг мартмаар байгаа ч толгойд орж ирээд байх юм. Энэ ДАШТ-ийг би ер нь хэзээ ч мартаж чадахгүй байх. Гэхдээ том туршлага боллоо. ДАШТ, энэ жилийн улирал арай гэж нэг юм дууссанд баяртай байна. Бага зэрэг амраад шинэ улиралдаа бэлтгэж эхлэнэ.
- Сэтгэлээр унасан байхад чинь хэн дэмжиж, туслаж байв?
- Дасгалжуулагчтайгаа хамт Милан хотын төвөөр зугаалсан нь тус боллоо. Эцэг эх, хамаатан садангууд минь “Битгий гутар. Дахиад олон тэмцээн байна” гэж бичиж байлаа. Хөгжөөн дэмжигчид минь ч дэмжлэгийн үг бичиж байсан.
- Таныг үзүүлбэрээ дууссаны дараа Москвагаас Спортын сайд Павел Колобков утасдаж, “Алина, бүхнийг март. Чи дэлхийн загварын төв болсон хотод байна. Гарч, дэлгүүрээр зугаал” гэж хэлсэн гэсэн үнэн үү?
- Үнэн. Би гараад дэлгүүр орж, жижиг сажиг зүйлс худалдан авсан. Тэгээд үнэхээр сэтгэл онгойж байгаагаа мэдэрсэн. Дараа нь үзүүлэх тоглолтод ороод алдаагүй гулгасныхаа дараа  сэтгэл бүр уужирсан.

- Миланд та эхний алдаагаа гаргаад дараа нь каскад хийх гэж оролдсон. Хурдаа алдсан байсан болохоор амжилтгүй болох эрсдэл байсныг ойлгож байсан уу?
- Эхний үсрэлтээ амжилтгүй хийсэн ч хөтөлбөрөө алдаагүй дуусгаж байсан удаа надад олон бий. Яагаад Миланд болоогүй гэвэл сэтгэл зүйн хувьд их ядарснаас болсон байх. Олимпийн үеийнхээс илүү хүнд байлаа.
- Сочид түрүүлснийхээ дараа Аделина Сотникова богино хугацааны хөөрлийн дараа гэнэт сэтгэлийн хоосрол мэдэрсэн гэсэн. Тийм болохоор ДАШТ-д оролцоогүй. Харин та Пёнчанаас ирэхдээ юу мэдэрч байв?
- Яг л адилхан даа. Ялгаатай нь гэвэл Аделина олимпийн дараахь ДАШТ-д ороогүй. Миний хувьд дэлхийн аваргад оролцохыг хүссэн хэд хэдэн шалтгаан байлаа. Нэгдүгээрт, би ДАШТ-д өмнө нь орж байгаагүй болохоор туршлага хуримтлуулахыг хүссэн. Гашуун ч гэсэн туршлага авлаа. Энэ ялагдлын ачаар улам хүчтэй болно гэж итгэж байна.
- ДАШТ-д гулгахад хэцүү байсан байх. Хурдан дуусаасай гэж бодож байв уу?
- Бүх тэмцээнд л тэгэж бодогддог. Хурдан дуусаад гэртээ харих юмсан гээд л. Нөгөө талаас би энэ адреналинд дуртай. Мөсөн дээр ганцаараа гараад хүн бүхний харц өөр дээрээ чиглэснийг мэдэрдэг. Энэ мэдрэмж надад таалагддаг.

- ДАШТ-ий өмнө та олон жил багийн лидер байсан Евгения Медведевагийн байдлыг одоо ойлгож байна гэж хэлж байсан. Одоо улам сайн ойлгосон уу?
- Тиймээ. Цаашдаа ч тамирчин бүр одоо миний мэдэрч байгаа зүйлийг мэдрэх болно. Дэлхийн аваргын өмнө би инстаграмд бичсэн зүйлүүдийг уншихгүй байхыг хичээж байсан. Чадаагүй. Намайг багийн лидер гээд л маш олон хүн бичсэн байсан. Тийм болохоор би сайн гулгах гэж хэт хичээсэн байх. Өөрийн чадахаас илүү сайн гулгах гэж хичээсэн. Энэ үнэхээр том туршлага боллоо. Чадахгүй юмаа хийх гэж хэт хичээх хэрэггүй гэдгийг ойлголоо. Зүгээр л бэлтгэл дээр хийдэг юмаа л хийх хэрэгтэй юм байна.
- Интернет орохгүй байсан нь дээр байж уу?
- Инстаграмд би элдэв юм мартаж, амарч чаддаг. Харин ийм юм болно гэж огт бодсонгүй.
- Цахим сүлжээнээс өөр амрах зүйл байхгүй гэж үү? Юлия Липницкая, Евгения Медведева хоёр зураг зурж, тайвширдаг гэсэн.
- Би туршиж үзсэн. Үнэнийг хэлэхэд надад зурах авьяас байхгүй.
- Дэлхийн аварга Натан Чен анх удаагаа олимпийн аварга Юзүрү Ханюг ялчихаад сэтгэл нь нэг л эвгүй байсан гэж ярьж байсан. Таны хувьд?
- Европын аваргаар анх удаа Женя Медведеваг ялчихаад түүний өөдөөс ч харахад эвгүй байсан. Гэхдээ Женя бол хүчтэй хүн, цаашдаа зорилгодоо хүрэхээр үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
- Та одоо ирэх улирал, удахгүй Японоос ирэх акита нохойны алиных нь талаар их бодож байна вэ?
- Нохой. Амарч дуусаад ирэх улирлын талаар бодно.
- Нохойгоо яаж сургах гэж байна?
- Акита нохой их биеэ даасан гэдгийг би мэднэ. Их бардам нохой тул хүчтэй хүнийг л эзнээрээ сонгодог. Нохой минь намайг сонгоно гэж итгэж байна. Акита нохойны талаар ном уншиж, видео үзэж байгаа.
- Таны хөтөлбөр маш их хүнд үсрэлтүүдтэй. Цаашдаа ч хэвээр үргэлжлүүлэх үү?
- Ер нь бол тийм, гэхдээ дүрэм өөрчлөгдөж магадгүй. Тэр үед дүрмэндээ тохируулаад өөрчлөх байх. Үнэнийг хэлэхэд би энэ талаар огт бодоогүй.
- Шинэ хөтөлбөр хийж байгаа юу?
- Багш нар минь хийчихсэн байгаа. Гэхдээ надад хэлээгүй. Сюрприз гэсэн.
- Ямар хөтөлбөр гэдгийг нь мэдэх гэж хүсч байгаа биз дээ.
- Маш их хүсч байна. Москвад очихоор хэлэх байх.
- Гэртээ хариад шууд хичээлээ хийнэ гэж байсан. Ямар хичээлээс эхлэх вэ?
- Бүгдийг нь хийнэ. Энэ улирал хичээлдээ бараг явсангүй.
- Хаана амрах вэ?
- Миний хувьд хамгийн сайхан амралт бол Ижевскт аав ээж дээрээ очоод буйдан дээр юу ч хийхгүй хэвтэх.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
24
10
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.