Хайх зүйлээ бичнэ үү

"Хүснэ гэдэг үгийн утгыг би одоо ойлгож эхлээд байна."

Хэмнэл бүтээгч Бодьхүү өөрийн "Midnight Shine" шинэ цомгийн нээлтийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-нд хийх гэж байна. Та бүхэн нэгэн үдшийг дуу хөгжимд уусан өнгөрүүлэхийг хүсвэл 20 цагт CUE+ зорин очоорой. Эвентийн тухай дэлгэрэнгүйг ЭНД дарж авах боломжтой ба шинэ цомгийг нь угтан хийсэн ярилцлагаа хүргэе.

-6 дахь шинэ цомгийн нээлтийн эвент болох гэж байна. Та мэдээж өөрөө хөгжмөө сонсгоно. Үүнээс гадна ямар уран бүтээлчид ирэх вэ?

- Энэхүү цомгийн партин дээр залуу рэппер TWO NINETY анхны дуунуудаасаа дуулж сонирхуулна. Мөн Магнолиан, Peace Avenue, Моханик, Two Ninety, DJ Zolooroc нар ирнэ. Тэгээд шинэ цомгийн бүтээлүүдээсээ хүргэнэ.

- Ер нь та багадаа ямар хүүхэд байсан бэ? Одоо хэр өөрчлөгдсөн байна?

-Нэлээн даруухан ноомой, дуу цөөтэй хүүхэд байсан. Доторх хүн минь бараг хэвэндээ байгаа. Гэхдээ томрох тусам хүмүүстэй харилцах хэрэгтэй болно шүү дээ. Тиймээс бага зэрэг ярих ч юм уу, арай задрах гэж оролдож эхэлсэн. Түүнээс биш доторх хүн минь анх ямар байсан тэр хэвээрээ л байгаа.

-Бага байхдаа хөгжим хэр сонирхдог байв?

-Багадаа хөдөө байдаг байлаа. Тиймээс хөгжим ховор байсан. Радио сонсож өссөн дөө. Тэр болгон орчин үеийн хөгжим явахгүй. Хуучны радиогоор чинь дандаа үндэсний,  хуучны дуунууд явдаг байсан.

-Хүмүүс аливаа хүнийг гаднаас нь хараад л “энэ тийм юм сонирхдог, ийм хөгжим сонсдог хүн байна” гэж дүгнэх гээд байдаг. Ер нь ингэж дүгнэх боломжтой юм уу? Танд ийм хандлага ямар санагддаг вэ?

-Би хүнийг хараад шууд дүгнэх боломжгүй гэж бодож байна. Заримдаа санаанд оромгүй хүн санаанд оромгүй хөгжим сонсоод л. Лаг гэгддэг хэн нэгэн жаахан тэнэгдүү хөгжим сонсож л байдаг.

-Дуу хөгжмийн төлөө таны гаргаж байсан хамгийн том золиос гэвэл?

-Би их сургуулиа төгсөөд 2010 онд алт мөнгөний дархны ажил хийж байсан юм. Ажил хийж яваад гэнэт нэг хүнтэй танилцсан. Болдоо гэж "Дунд гол"-ын залуу. Тэр хүнтэй уулзахад намайг "Чи ер нь хөгжмөө хийгээд явсан нь дээр юм байна" гэж хэлж байсан. Тэр үед би ёстой "аймаар" баярлаад, том шийдвэрүүд гаргаад л, ажлаа хүртэл хаясан. 2005 онд хотод ирээд 4 жил оюутан байж суралцах үедээ юу хийхээ мэдэхгүй хэцүү үеүд байж л байсан. Дотор минь гэхдээ "Би бусдаас арай өөр" гэдэг зүйл маш их мэдрэгддэг байсан. 2010 онд Болдоотой танилцаад, түүнийхээ ачаар маш том алхам хийж байсан.

-Ажлаа болиод дуу хөгжмийг сонгох тэр чухал үед өөртөө юу гэж хэлж байсан бэ?

-Би тэр үед дөнгөж энд ирээд байсан. Хөдөө 10 жилдээ хип хоп дуу дуулдаг байлаа. Болдоотой уулзаад тухайн үед баярлаж байсан зүйл нь “Би энэ хүнтэй уулзсанаар надад маш том боломж ирлээ. Энэ хүн олны танил хүнийг мэддэг болохоор би бараг ингээд од болно ‘молно’” гэх бодол байсан. Тэр үед би андерграунд урсгалыг цөөн бүлэг хүмүүст хүргэх нь ямар амттай байдаг талаар ойлгоогүй байсан. Зүгээр шуудхан дуулаад од болох ч юм уу, хөгжим хийгээд од болно гэдэг байсан. Яг үнэндээ тухайн үеийн бодол яг ийм л байсан. Тэгээд аажим аажмаар чанартай юм сонсоод боловсроод ирнэ шүү дээ. Тэгж л олны танил болно гэдэг дэмий юм байна, мөнгө төгрөг миний мөрөөдөл хоёр шал тусдаа юм байна гэдгийг одоо ухамсарласан байх.

- "Дурсамжтай аялгуу" гэж хэлэхээр шууд санаанд бууж байгаа дуу тань юу байна?

-"Гэгээн өглөө" ремикс. “Мангар өндөр” кран байдаг даа? 2014 оны зун би тэнд хэсэг ажилласан. Өглөө эрт,  ажил эхлэхээс өмнө нар мандаад ёстой нэг сайхан санагддаг байлаа. Тэр мэдрэмжээрээ би кран дээр компьютерээ тавиад тэр дуугаа хийж байсан. Хотыг яг сэрээж байгаа юм шиг мэдрэмж. Өндөр дээр хөгжим хийхэд сайхан байсан.

 

-“Дунд гол”, "Green zone" гэх мэт газруудад тоглодог, очиж хөгжмөө сонсгодог доо? Бас л дурсамж асуух гэж байна л даа. Хамгийн хачирхалтай орой хэзээ байсан бэ?

-“Green zone” дээр уржнан анх удаа очиж тоглож байсан. Хамгийн эхний парти дээр ерөөсөө ганц ч хүн ирээгүй. Дөрөв тавхан найз минь л байсан. Хоёр дахь удаагийнх дээр нь харин битүү, бараг хүмүүс орж чадахаа байчихсан дүүрэн байсан. Зун хүртэл дандаа битүү байсан. Хоёр дахь партин дээр хүмүүс намайг бүр "аймаар" мэдрээд л. Гадаад хүмүүс ч бас байсан. Хамт зургаа авахуулъя энэ тэр гээд л шал танихгүй хүмүүс хүртэл ирж байсан. Тэр үнэхээр мартагдашгүй байсан.

-Гадаадад ер нь таны сонсогчид хэр их байдаг бол? Тэр тухай сонсож байсан уу?

-Мэр сэр байдаг гэсэн. Мэдээж би бүгдийг нь хянах боломжгүй. Гэхдээ сонсдог хүмүүс байдаг гэж дуулсан. Ямартай ч хамгийн гоё мэдээ нь нэг мундаг гэрэл зурагчин байдаг гээд, тэр нь Монголд өнгөрсөн жил ирсэн байсан. Манай нэг дүү кофе шопд ажилладаг юм. Миний дууг тавьж байсан юм уу яасан юм, тэр үед нь хүрч ирээд "Би Бодьхүүг сонсдог" гэсэн юм байна лээ. Гадаадад их алдартай гэрэл зурагчин гэж байсан. Уг нь уулзмаар байна гэж байсан ч чадаагүй явсан юм шиг байна лээ.

-Та ер нь янз янзын хөгжмийн зэмсэг тоглодог уу?

-Самплер гээд миний хөгжим хийхдээ ашигладаг гол тоног төхөөрөмж бий. Тэрийг л хэрэглэнэ дээ. Би чинь бараг нот мэдэхгүй. Өөр хөгжим бол тоглож чадахгүй. Гэхдээ тоглодог хүнээс дутахааргүй мэдрэмжтэй гэж бодож байна.

-Плэйтайм ч юм уу янз янзын том наадмуудад хэр оролцдог вэ?

-Плэйтаймд орсон ч гэсэн жижиг тайзан дээр нь хүн багатай үед тоглодог болохоор бас нээх сэтгэл хангалуун байдаггүй л дээ. Гэхдээ хамгийн том гэвэл гурван жилийн өмнө Соёл Эрдэнэ хамтлаг шагнал аваад талбай дээр тоглолт болсон. Талбай дүүрэн хүн цуглаад л. Түүний өмнө би тэнд өөрийнхөө Монгол хөгжмүүдийг тавьж байсан. Гэхдээ ард түмэн бол юуг ч анзаарахгүй. Яг юу яваад байгааг нь нээх анзаарч сонсохгүй.

-Анх таныг хөгжим хийж эхэлж байсан үе одоо хоёр хэр ялгаатай болсон байна? Хүмүүсийн хүлээж авах нь ч дагаад өөрчлөгдсөн байх.

-Хүмүүс хааяа ирж хэлдэг л дэ. Би өдөр тутамдаа хүмүүсийг яг яаж хүлээж авч байгааг мэдэрч чадахгүй. Ойлгодог хүмүүс нэлээн их байгаа юм шиг санагдсан ч би тэднийг харахгүй байгаа болохоор хэлж мэдэхгүй л юм. Ер нь цомхон л хүрээнд гэж бодоод байгаа.

-Таны мөрөөдөл, цаашдын хүсэл маш олон хүнд тоглох уу эсвэл таныг ойлгодог хэдхэн хүнд л үргэлжлүүлэн тоглох уу?

-Энэ талаас нь бодож байгаагүй юм байна. Гэхдээ ирээдүйд яах вэ гээд бодохоор хөгшин болсон үед минь миний ач юм уу, миний хүүхдүүд, цөөхөн хэдэн хүн ухаж сонсоод, Монголд тэр үед ийм зүйл хийж байсан юм байна гэж мэдэх. Энэ л миний бодож явдаг зүйл. Ер нь цөөхөн гэдэгтээ л орох юм байна. Хүмүүсийг маш олон болгоно энэ тэр гэсэн зорилго тавьдаггүй.

-Шинэ цомог нь гарч байна. Нийт хэдэн трак багтсан байна вэ?

-10 трак байгаа. Инструментал цомгууд ихдээ 20 трактай байх үе байдаг. Гэхдээ тоо ихсэх тусам анхаарч сонсох нь сул байдаг юм шиг санагдсан. Жишээ нь миний анхны цомог "Рио" 6 трактай. Зургаан дуу гэхээр яг анхаарч сонсох боломжтой юм шиг. Тэгэхгүй хэтэрхий их байхаар төөрөлддөг юм шиг санагдсан. Дараагийн удаа магадгүй 15 ч юм уу арай олон трактай гаргах байх. Үүний өмнөх "Токио" цомог 14 дуу багтсан. Мөн энэ цомгийн нүүр зургийг уран бүтээлч Suren Hash хийсэн. Сүрэнтэй хамтарч ажиллах үнэхээр сонирхолтой байсан шүү, энэ дашрамд баярласнаа илэрхийлье. 

-Цомгийн санаа хэрхэн орж ирсэн бэ?

-2010 оноос хойш бараг долоон жилийн турш өөрийн хэв маягийг олох гэж юм сурч мэдэн, сонсож байгаа хөгжим болгоноо ялгаж салган зам замаар нь сонсох ч юм уу, бүр эд эсээр нь суралцаж ирсэн. Миний өмнөх цомог дээрх бөмбөрийн дуугаралт нэлээн хуучны маягийн. Энэ цомог дээр болохоор зарим хөгжим, жишээлбэл бөмбөрийн дуугаралт клубийн дуугаралтыг авч битүү, цэвэрхэн болгож ашигласан хэв маягтай. Гэхдээ тийм дуугаралт ашиглалаа гээд миний дотроо хүсэж байгаа зүйл алдагдахгүй. Дуугаралт нь өөр болсон болохоос яг хуучны хэв маягтай. Бага зэрэг шинэчлэл хийхийг оролдсон. Гурван сарын өмнө шинэ хөгжим авсан юм. Тэр нь одоо цаг үед бол хамгийн лаг нь гэгдэж байгаа эд. "За би энүүгээрээ нэлээн удаан хийнэ дээ" гэж аваад шинэ дуугаралт хийх боломжтой болсон. Гэхдээ энэ цомгийг хийж дуусаад энэ миний стиль арай биш юм байна гэж бодоод нөгөө хөгжмөө буцаагаад зарчихсан. Саяхан даа, хэдэн долоо хоногийн өмнө л. Ер нь миний урьд нь хийсэн зүйлс л яг миний стиль юм шиг байна лээ. Түүгээрээ голлож ажиллана гэж бодож байгаа. 

-Хүмүүст янз бүрийн цаг үе таалагддаг. Жишээ нь Английн 1800-гаад он, Америкийн 70, 80-аад он гэдэг ч юм уу. Таны хувьд хамгийн дуртай цаг үе?

-1971-ээс 1975 оны хооронд дуртай. Тэр оны хоорондох соул, панк, жазз гэх мэт  хөгжмүүд “тасархай” байсан. Би хамгийн дуртай. 1975 оноос хэтрэхээр арай орчин үеийн болж дуугаралт нь өөрчлөгдөөд, 1960 он руу ороод ирэхээр хэтэрхий хуучны болоод л. Яг тэр хэдхэн жил л гоё байсан.

-Хуучны зүйлс эргэн ирж, дахин эрчийг авч байгаа мэт санагдах болсон. Яг тэр үеийн хөгжим ч юм уу, тухайн үеийн мэдрэмж дахин ирэх боломжтой болов уу? Бас боломжтой бол та өөрийгөө түүний бас нэг давалгаа болно гэж бодож байна уу?

-Хуучны зүйлийг арай ч авчирч чадахгүй байх л даа. Гэхдээ хуучны зүйлээс суралцаж авахыг нь аваад, одоо цагт юу өгч чадах вэ гэдэг чухал. Хуучны дуугаралтыг ашиглаад өөрийн дуртай зүйлээ хийж байгаа болохоор миний зүрх сэтгэлээр ороод, сонсогчдын зүрх сэтгэлд таалагдах боломжтой болно. Яг тэр чигт нь хуучны зүйлийг авчраад, дуурайлган хийнэ гэдэг хэцүү. Жишээ нь би 90-ээд оны хип хопд дуртай. Тэр үеийн хип хоп одоогийн трапаас юугаараа өөр юм гэхээр наад захын хөгжмийн дуугаралт. Одоогийн трап зэрэг нь нэг л тийм амьгүй, нэг нэгнээ дуурайсан маягтай байгаа. 1990 онд шал ондоо байсан. Яг хуучны 1960, 1970 оны хөгжмийг ашиглаад, үглэж байгаа ч гэсэн хөгжим нь аялгуулаг, ард талд нь юм өгүүлж байдаг ч юм уу. Бөмбөр нь ч гэсэн янз бүрийн зан араншинтай. Одоо бол яг л адилхан бөмбөрнүүд. Регистр нь цөөхөн хэд. Зүгээр л орилж, мөнгө дуулах ч юм уу. Тиймээс би бас 90 оноос авахыг нь аваад л явдаг. Өөрийн дуртай цохилтыг ашиглаж байгаа болохоор яг адилхан байна ч гэж байхгүй. Миний дотор нэг хэмнэл бий. Түүнийгээ гаргаад л. Жаахан дотогшоо хүн болохоор гоё аялгуунд дуртай. Тиймээс бөмбөр дээр гоё аялгуу нэмээд л явдаг. Тэр чигээр нь ашиглана гэж байхгүй. Харин суралцаад л явдаг даа.

-Бодьхүүгийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө шууд босохгүй ээ. 11, 12 ч юм уу өдөр тийшээ босоод л... Цайгаа ууна. Компьютер асаагаад хажуугаар нь хөгжим тавьж жаахан сонсож байгаад цайгаа уучхаад буцаж компьютер дээрээ сууна. Сүүлийн үед харин өдөр болгон хөгжим хийгээд байж чадахгүй юм. Жишээ нь өнөөдөр ийм юм болж байгаатай адил /ярилцлага өгөөд сууж байгаатай ижил/ зүйл болно. Эвент зохиогдоно. Сет бэлдэх хэрэг гарна. Яг ийм зүйлд сатаарах жаахан дургүй л дээ. Дандаа хөгжмөө хийж амьдарвал сайхан. Даанч Монголд боломжгүй юм шиг. Үе үе DJ хийж амьдрахгүй бол мөнгө төгрөг асуудал болж эхэлнэ. Ихэнх цагийг л ер нь хөгжим сонсоход зориулдаг. Гарч хүнтэй уулзах бол чихэвчээ зүүгээд л гарч явна. Юмнуудаа дуусгаад орой 21 цагийн үед ч юм уу буцаад л чихэвчээ зүүгээд гэр лүүгээ явна. Дахиад компьютер дээрээ сууж "Одоо миний хийх ёстой зүйл юу билээ" гээд гол зүйл рүүгээ орно. Цомгоо дуусгаагүй байвал үргэлжлүүлнэ. Хөгжим хийдэг өдрөө бол үдээс хойш босоод тасралтгүй хөгжмөө сонсож, сампл буюу дээж хайдаг. Тэгээд л бүтэн өдөржин суудаг даа. Аль болох дундуур нь тасалдуулахгүйг хичээдэг. Тасалдаад, сатаарахаар төвлөрч байгаа гоё юм нь байхгүй болчихдог. Яг хийсэн үедээ хэдэн хоногоор ч хамаагүй суумаар санагддаг. Тасралтгүй хийхээр ар араасаа орж ирээд л байдаг.

-TEDx Youth дээр таныг итгэл тавих үед би тэнд байсан юм. Хүүхэд залуучуудад хамгийн их таалагдаж сэтгэл үлдээсэн нь таны яриа байсан. 2 жил өнгөрч. Одоо яг тэр үе шиг дахиад залуучуудад хандаж хэлэхийг хүссэн зүйл юу байна?

-Хэрвээ дахиж тийм лекц тавих юм бол би нэг зүйлийн тухай ярих болно. Тамхи. Хүмүүс тамхинд маш их орж байгаа шүү дээ. Тэгээд бүгд гарах бодолтой. Хэрвээ яг одоо чи тамхи татдаггүй бол хэзээ ч битгий сонирх. Энэ бүр шал хөндлөн зөвлөгөө байх л даа. Гэхдээ би иймэрхүү зөвлөгөө өгөхийг хүсэж байгаа. Миний эргэн тойронд битүү тамхи татдаг хүмүүс байна шүү дээ. Хоёр дахь нь болохоор, юу ч хамаагүй хийдэг, өөр өөр олон зүйлд сатаардаг байлаа ч дуртай зүйл байвал, аргаа олоогүй байлаа ч үнэхээр сонирхож татагдаад байвал тэр чиний хийх ёстой зүйл. Чиний аргаа олоогүй байгаа эсэх хамаагүй, дуртай зүйл чинь чиний сэтгэл хангалуун амьдрах сэдэл. Хамгийн гол нь хүсэл. Зөндөө юм сонирхож байгаа ч хүсэхгүй бол тэр чиний "хүсэх" зүйл биш. Яг юу гэж бүрэн тайлбарлахаа мэдэхгүй юм.

-Танд ер нь ном унших цаг зав гараад байдаггүй байх?

-Тийм. Нэг ч ном уншиж байгаагүй. Жаахан залхуу талдаа л даа. Харин хөгжим тал дээрээ би "аймаар" шаргуу. Бараг донтой юм шиг л.

-Таны утасны плэйлист дээрх хамгийн их сонссон дуу ямар дуу байна?

-Миний хамгийн их сонирхдог нэг продюсер байдаг. Нэлээн андерграунд талдаа. “Damu the Fudgemunk” гэдэг. Хар арьстай, "эрх мэрх" их зүүдэг. Олон жилийн өмнөөс сонссон. Тэр хэдий Америк хар арьстан залуу боловч бусад яг хар арьстнуудаасаа ондоо. Хөгжим хийх, хөгжимд хандах нь цаанаасаа, зүрх сэтгэлээсээ юм шиг санагддаг. Явж явж партин дээр би хар мянган хүмүүсийн хөгжим тавьдаг л даа. Гэхдээ яг “натурал” санагддаг 3 хүн бий. Тэр гурвын бүх цомгийг нь би утсандаа ч юм уу, ipod- доо хийгээд сонсоод явдаг. Би тэднээс маш их суралцдаг. Яаж хийж байна, хэд давхарлаж байж бөмбөрийг ингэж дуугаргаж байна, ямар эффект ашиглаж байна гээд зөндөө их юм боддог. Зүгээр л хүмүүс шиг дуртай дуугаа хийгээд л сонсоод явдаггүй. Харин маш их суралцдаг. Гадуур явж байхдаа ер нь нэлээн л юм болно доо. Хэдэн жил суралцаж ирсэн. Одооноос бол яг өөрийн зүйлээ олчихсон юм шиг санагддаг. Цаашид яг тууштай өөрийн зүйлээ хийх байх.

-Та яг өөрийн стилийг олсон гэсэн. Тэр нь яг юу вэ? Юу гэж нэрлэдэг вэ?

-Монголоор бол "Орчин үеийн аялгуут хэмнэл бүтээгч" гэх юм. Би зүгээр инструментал хип хопийг тэгээд нэрлэчихсэн юм. "Beatmaker", "Instrumental hip hop" гээд гадаадаар нь хэлэхээр нэг тийм халтуурдаад хэлчихсэн юм шиг санагдаад байдаг.

-Бодьхүү юунд итгэдэг вэ?

-Монгол айл болгон будда гэдэг ч юм уу, дунд зэргийн шүтлэгтэй байдаг. Тийм л айлд өссөн. Миний жинхэнэ нэр Мөнхбаатар шүү дээ. 2010 онд Батхүү гээд манай сайн найз өнгөрсөн. Найз бид хоёр хүсэж мөрөөдөж явсан зүйлийг би бараг биелүүлээд явж байгаа гэж санагддаг. Бүр маш бахархалтай. Ямар нэг гоё том зүйл тохиолдох юм бол би бараг найздаа зориуллаа гэж боддог. Бараг найзыгаа шүтдэг ч гэмээр юм уу. Тэгж л бодож явдаг даа. Шашин бол шүтдэггүй.

-Энэ зунаас хүсэн хүлээж байгаа зүйл?

-Одоо яг тийм төлөвлөгөө алга байна. Миний хамгийн гол зорилго бол цаг алдалгүй маш олон цомог хийх. Зун, өвөл нь хамаа байхгүй. Цаг алдалгүй, өдөр бүхэн хөгжим хийж байх нь л миний хамгийн том зорилго. Ер нь энэ насны минь зорилго гэж хэлж болно.

-Хэчнээн цомог гарч байж сая нэг сэтгэл ханах бол?

-Бараг ханахгүй юм байна лээ. Яг хийгээд сонсохоор жаахан залхаж ирээд л. Тэгээд "За яг дараагийн удаа бодож байсан зүйлээ..." гээд дотроо төлөвлөгөөгөө гаргаад, хийгээд байх тусам хуучнаа голоод л. Би хийж чадахгүй болтлоо хийх байх. Тиймээс хязгаар гэж байхгүй. Одоо миний сонсдог нөгөө нөхдүүд болохоор 3 сард бараг нэг цомог гаргаж байна лээ. "Аймаар" хөдөлмөрч. Яаж тэгж амьдраад байгаа юм. Яг тэд нар шиг л үйлдвэрлэх хэрэгтэй байна. Тэр "сингл мингл" дан ганц зүйл ер тоохгүй. Миний сонирхдог төрөл яг цомгоор гаргаж явдаг. Тиймээс бусад хүмүүсээс илүү хөдөлмөрч ч юм шиг. Жил байж байж ганц л цомог бараг гаргадаг шүү дээ зарим амьд хөгжмийн хамтлагууд. Тэгтэл өдөр тутам, шөнө бүр үйлдвэрлэж байдаг гээд л боддоо. Маш ачаалалтай ажилладаг. Ер нь л өөрсдийгөө золиосолсон донтой хүмүүс. 

-Ихэнхдээ уран бүтээл хийдэг, тэр тусмаа таны жанраар хийдэг хүмүүсийг буруу хэвшилтэй байх нь элбэг гэж их ярьдаг. Таны амьдралын хэвшил яг юу юм бэ?

-Яг ийм төрлийн хөгжим хийдэг гадаад хүмүүсийг нэлээн тамхи татдаг ч юм уу, өвс хэрэглэдэг гэж боддог. Тэгэхээр зарим хүмүүс намайг битүү тийм юм хэрэглэж байж хөгжим хийдэг гэж боддог юм шиг байна лээ. Би өвс байтугай архи тамхи ч огт хэрэглэдэггүй. Хөдөөнөөс ирээд оюутан болж, төгсөн төгстлөө энэ талаар ямар ч ойлголтгүй байсан. Тэгээд хүйсийн ялгаа, гей ч гэж ямар утгатай байдгийг мэддэггүй байсан. Хөдөө тэр талаар мэдээлэл бага, хөгжмийн ч мэдээлэл бага. Хотод ямар дуу хит болж байна гэсэн тийм л мэдээ очдог байсан. Би яг тамхи татаж сурах гэж байсан юм. Гэхдээ сайн найзын ачаар, бас аав нь их эсэргүүцээд больсон. Бага байхдаа ямар сонин юм бэ гээд яг сонирхож байхад таслан зогсоож байсан. Архи ч гэсэн сайн найзын нөлөөгөөр сонирхоогүй. Бид архи тамхи ер сонирхоогүй. Үнэндээ ийм зүйлийг бодох цаг ч байхгүй. Шал дэмий, илүү зүйл байхгүй юу. Өсвөр насныхан ийм зүйлсийг ер анзаарах хэрэггүй. Тамхи гэж юу байдаг юм гээд явсан нь дээр. Том болоод яагаад ингэх нь чухал гэдгийг ойлгоно. Зүгээр нэг ханиад тусаад толгой өвдөхөд л юу ч хийж чадахгүй, хямралд ордог. Тиймээс аль болох эрүүл байх хэрэгтэй. Сайн мууг нь сайн ялгах л хэрэгтэй юм байна лээ.

-Юм юм сонирхчих гээд байдаг яг энэ үед нь хүүхэд залуучуудад дуу хөгжим бүрэн тусалж чадах уу?

-Чадна. Гэхдээ орчин үеийн дуунуудын ихэнх нь чанаргүй талдаа байгаа шүү дээ. Зүгээр мөнгө хийхийн тулд лабел нээдэг. Мөнгө, хүүхэн дуулж, нүүр царай сурталчилдаг. Ийм орчинд өсөхөөр чинь бага насны хүүхдүүд шууд л анхнаасаа чанартай хөгжим сонсож чадахгүй. Хажуу хавийн хүмүүс, бидний үеийнхэн л үлгэр дуурайлал үзүүлж сайн мууг ялгахад нь туслах хэрэгтэй. Үгүй бол жаахан хүүхдүүд зурагт радиогоор нийгмийн хогуудыг нь сонсоод л явж байдаг.

-Огт сонирхдоггүй, ойлгож мэдэрдэггүй хэрнээ тийм болж харагдах гэж хичээдэг хүмүүсийн тухай таны бодол?

-Би хоёр гурван жилийн өмнө нэг хөгжмийн групп дээр өөрийнхөө бодлыг бичиж байсан юм. "Чи ямар дуу сонсдог вэ?" гэхээр "Би таалагдсан ямар ч хамаагүй дуугаа сонсдог" гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Би тэднийг шууд өөрийнхөө бодлоор эсэргүүцээд биччихсэн юм. Тийм хүмүүст би үнэхээр дургүй. Яг точный юу хүсэж мөрөөдөж дурлаж явдаг нь тодорхойгүй, тийм зүйл байхгүй ч юм шиг. Яг юу гэж бичиж байснаа мартчихжээ. Иймэрхүү утгатай зүйл л бичсэн. Би нэлээн тууштай хүн. Нэг талаасаа туйлширсан ч юм шиг. Зөвхөн чанартай хөгжим сонсох ёстой. Нэг юм сонсож байгаад өөр юм сонирхоод явдаг барьцгүй байж болохгүй. Тийм хүмүүс надад таалагддаггүй. Тэд нарыг зүгээр тэнд нь л орхих хэрэгтэй. Энэ тал дээрээ намайг нэлээн туйлширсан хүн гэж ойлгоход болно. Гэхдээ энэ нь надад хөгжим хийхэд сайн талтай. Уран бүтээл хийж байгаа уран бүтээлч хүн болохоор би жаахан туйлшрах хэрэгтэй. Нэг зүйлээ маш сайн хийсээр яваандаа тэр нь Бодьхүүгийн стиль болох учраас би хамаагүй үсчиж болохгүй. Би буруу шүүмжилж байж магадгүй л дээ. Яг хөгжим хийдэг хүмүүс биш болохоор таалагдсан юмаа сонсоод л явна байх. Миний хувьд бол үзэл бодол минь туйлшрал байх.

-Таны хөгжмийн клип, дүрс их энгийн, бодролын хэв шинжтэй байх юм. Ямар нэг зүйл заавал өгүүлэхийг хүсдэг үү эсвэл зүгээр л сонгочихдог юм уу?

-Би тэгж сүртэй гүн ханддаггүй. "Бодьхүү энэ дээр чинь ингэж юм хийе" гээд яг хамтрах, видео хийгээд өгөх хүн байдаггүй. Ямар нэг дүрс байвал хүмүүст илүү хүрдэг. Тиймээс би сэтгэл хөдлөлөөрөө, их хурдан сонгоод, хөгжмийнхөө мэдрэмжийг хүргэх гэж дүрс оруулж өгдөг. Түүнээс биш маш их зүйл бодоод, толгойгоо гашилгаж суудаггүй. Тэгээд гарын доорх дүрсүүдээрээ л хийж байна даа.

-Хөгжмөөс гадна чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Ихэнх цагт хөгжим хийнэ. Чөлөөт цагаараа бас хөгжим хийнэ. Илүү дутуу юм нээх сонирхдоггүй. Амрахдаа хааяа кино үздэг.

-Гэнэт, маш эвгүй нөхцөл байдалд орж ирж байсан хөгжмийн санаа байдаг уу?

-Би ихэнхдээ сампл ашиглаж хөгжим хийдэг болохоор энд тэнд явж байхад тэр болгон санаа орж ирэхгүй. Ихэнхдээ чихэвчээр явж байгаа хөгжмөөс "Би яг иймэрхүү мэдрэмжийг гаргаж, хүмүүст хүргэж болно" гэх мэт санаа орж ирдэг. Ихэнхдээ дуу ухаж сонсож байгаад, янз бүрийн гоё хэмнэл сонсож, мэдрэмж авахаараа "Ямар гоё юм бэ" гээд шуудхан хөгжмөө асаагаад оролдож эхэлдэг. Ухаж байхдаа эсвэл пянз сонсож байхдаа "Яг энэ хэсэг нь гоё юм байна" гэдэг ч юм уу, ийм байдлаар л шинэ санаатай таардаг. Нот мэддэг хүмүүс бол гадуур явж байхдаа шууд аялгуу орж ирээд, нот бичээд явдаг. Миний хувьд өөр байдаг л даа.

-Пянз гаргана гэж боддог уу?

-Мэдээж. Би “аймаар олон” пянз гаргахыг хүсдэг л дээ. Гэхдээ миний эдийн засгийн байдал, Монголын маань эдийн засгийн байдалд ч гэдэг юм уу нэг л тохирохгүй. Гадаадад яг надтай ижил төрлөөр хөгжим хийдэг хүмүүс цомог бүрээ пянз, кассет болгож гаргадаг. Гэхдээ миний эдийн засгийн байдал сайн биш болохоор боломж байдаггүй.

-Та шинэ цомгийнхоо хэсгээс анхны сонсогчдод хүргэсэн нэг цомхон гоё эвент зохион байгуулсан. Түүний дараа хөгжмийнхөө тэр хэсгийг өөрчилдөг байж ч гэдэг юм уу бодол орж ирсэн үү?

-Найруулга энэ тэрийг нь дараа жаахан өөрчилсөн. Хөгжмөө хийнэ, компьютер луу оруулна, найруулга хийнэ, микс, эффект, мастеринг хийнэ гээд маш олон үе шаттай үйл ажиллагаа л даа. Одоо бол яг дуусчихсан байгаа.

-Танд юу хамгийн сайхан тайвшралыг өгдөг вэ? Дуу сонсохоос өөрөөр шүү.

-Бороо ороход хамгийн дуртай. Бороо орж байхад хөгжим хийвэл үнэхээр гоё байдаг. Бас баярын өдөр гэрт ганцаараа үлдэх. Жишээ нь цагаан сараар гэрийнхэн айл хэсэж байхад би гэртээ үлдэх гоё. Компьютер дээр юм шивж байгаа тэр чимээг сонсохоор бас нэг төрлийн сэрэл ч юм шиг мэдрэмж төрж, их гоё сонсогдоод, бие арзайдаг. Хөдөө бага байхад бас эмээ юм хайгаад авдраа ухахад их гоё сонсогддог байсан.

-Уран бүтээлч хүмүүст ямар ааш зан заавал байх ёстой вэ?

-Хийж байгаа ч бай, хийх гээд оролдож байгаа ч бай хамгийн эхлээд хүсдэг л байх хэрэгтэй. Хүсэл чинь бүр дэндүү их байх хэрэгтэй. Хийхийг хүсдэг гэж ярьдаг шүү дээ. "Би хиймээр байна. Би хүсдэг" гээд л. Үнэндээ тэр чинь хүсэл биш шохоорхол. Хүсэл гэдэг зүйлийн ард оролдох, зүтгэх гээд олон зүйл бий. Сүүлийн үед би яг энэ хүсэл гэж үгийг ойлгоод байгаа. Яагаад гэвэл надтай "Би хийж сурмаар байна" гэх мэтээр хүмүүс их холбогддог. Заримд нь заагаад өгөнгүүт "хийж мийхгүй". Тэр чинь яг үнэндээ хүсэхгүй байна гэсэн үг. Зүгээр л шохоорхож байсан хүмүүс. Тиймээс маш ихээр хүсэх хэрэгтэй. Дараа нь олон цагаар суух. Тэгээд багахан, багахан ч гэж нэлээн хэмжээгээр туйлшрах. Магадгүй олон нийтэд зориулж юм хийж байгаа бол туйлшрах хэрэггүй л дээ. Олон хүний, массын нүдээр харах болохоор. Хэрэв андерграунд хийж байгаа бол өөрийн хүсэж буй зүг рүү туйлшрах хэрэгтэй. Яг нэг “цэг” мэдрэмжийг барих ёстой.

-Бодьхүүг хамгийн их бухимдуулдаг зүйл юу вэ?

-Яг одоо яриад сууж байгаа шиг олон сатаарах зүйл байгаа. Хөгжим хийхгүй олон хоног болоод ирэхээр "Би ч ёстой миарч байна даа" гэх мэтээр хийж чадахгүй байгаа цаг хугацаандаа "аймаар" харамсаж байна. Заримдаа хөгжим хийдэг гэдгээ ч мартах шахам үе ирдэг.

-Өөрийгөө яг хэзээ, яаж олсон бэ? Эсвэл одоо ч хайсаар явна уу?

Яг энэ жилийн дотор бүрэлдээд, өөрийгөө олж байгаагаа мэдэж байна. Өмнө нь өөрийгөө олох гэж оролдон, толгойгоо гашилгаад, "Би яг хэн юм бэ. Ямар стиль, ямар дуугаралтад дуртай юм бол?" гэж бодож явсаар байгаад олон жил тэмцсэний эцэст өнөөдөр өөрийгөө олсон мэт санагдаж байна. Магадгүй гурван жилийн дараа "өнөөдөр" гээд дахиад ярьж байж магадгүй л дээ. Гэхдээ өөрийгөө олсон мэт санагдаж байна. Энэ мэдрэмж үнэн гэдгийг бас мэдэрч байна. Хөгжим дээр ярих юм бол миний стиль яг бөмбөр л байх. Бөмбөрийн дуугаралтаас би өөрийгөө олдог байх.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2023.04.09 202.55.188.82

баярлалаа 2023

0 Хариулах


Herher 2019.05.10 202.9.45.64

Гайхалтай гүнзгий ярилцлага болжээ.Их үнэн.Нэг тийм амьтай .өөр

0 Хариулах